| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0076/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 2239004580007 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 5 дугаар баг “Сувраа ухаа” гэх газраас хохирогч О.Ц-ын зөв чих дээрээсээ хөндөл, буруу чих дээрээ догол имтэй, сартай ухаа, охин шүдлэн үхэр, зөв чих нь дээрээсээ хөндөл, буруу чих нь мөлүү имтэй, мухар, эрээн нүүртэй хүрэн 2 тооны шүдлэн үхрийг өөрийн үхэр сүрэгтэй нийлүүлэн тууж ирж нууц далд аргаар хулгайлан авч тус сумын 5 дугаар багийн нутаг “Хашаатын дэрс” гэх газарт гэрийнхээ гадаа шөнө нэг тооны шүдлэн үхрийг нь нядалж, маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин нэг үхрийг нь нядлан зарж борлуулан гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч О.Ц-д 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 8 сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Хашаатын дэрс гэх газарт байхдаа иргэн Б.С-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох сартай ухаа зүсний эр бярууг малын хашаа худалдан авсан төлбөрийн оронд Д.Болдхуягт өгч явуулан завшсан, 2021 оны 11 сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Хашаатын дэрс гэх газарт байхдаа иргэн Б.С-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох улаан зүсний охин бярууг өөрийн идшинд хэрэглэн завшиж хохирогч Б.С-д нийт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Бүрт” гэх газраас хохирогч Г.М-ын эзэмшлийн буруу талын чих ац, зөв талын чих өмнөөсөө догол имтэй хүрэн тарлан зүсний үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004580007 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9, 134-136-р хуудас),
Иргэн Д.Отгоны 5949096130 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-13-р хуудас),
Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 183-186-р хуудас),
Шүүгдэгч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч О.Ц-ын (хх-ийн 18-19-р хуудас), хохирогч Б.С-ийн (хх-ийн 91-93, 96-р хуудас), хохирогч Г.М-ын (хх-ийн 140-141, 142-р хуудас), гэрч С.Ганганцэцэгийн (хх-ийн 22-23-р хуудас), гэрч Б.Баатардоржийн (хх-ийн 26-27-р хуудас), гэрч Д.Отгоны (хх-ийн 33-р хуудас), гэрч Д.Болдхуягийн (хх-ийн 107-108-р хуудас), гэрч Д.Болдхуягийн (хх-ийн 107-108-р хуудас), гэрч Б.Баатардоржийн (хх-ийн 154-155-р хуудас), гэрч А.Пүрэвсүрэнгийн (хх-ийн 159-160-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШД-393 дугаартай: “...2 тооны шүдлэн үхэр 2,400,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 38-40-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШД-07 дугаартай: “...2 тооны бяруу 1,400,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 111-113-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД388 дугаартай: “...1 тооны соёолон үхэр 1,800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 174-176-р хуудас),
Вэндо ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХЦ23-01 дугаартай: “...1 тооны соёолон эр үхэр 2,000,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 166-168-р хуудас),
Хохирогч О.Ц-ын “...2 үхрийн хохиролд 2 тооны гүү авсан, А.Д-д гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 217-р хуудас),
Хохирогч Б.М-ын “....хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 193-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандшан багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавалагаа, малын А дансны тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 44, 49, 50, 54, 56-63-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2239004580007 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Д-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн маргаан байхгүй. Холбогдох зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоож, хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Хохирогч нарийн зүгээс хохирлыг барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх талаар аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан. Тийм учраас бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч А.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч А.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 5 дугаар баг “Сувраа ухаа” гэх газраас хохирогч О.Ц-ын зөв чих дээрээсээ хөндөл, буруу чих дээрээ догол имтэй, сартай ухаа, охин шүдлэн үхэр, зөв чих нь дээрээсээ хөндөл, буруу чих нь мөлүү имтэй, мухар, эрээн нүүртэй хүрэн 2 тооны шүдлэн үхрийг өөрийн үхэр сүрэгтэй нийлүүлэн тууж ирж нууц далд аргаар хулгайлан авч тус сумын 5 дугаар багийн нутаг “Хашаатын дэрс” гэх газарт гэрийнхээ гадаа шөнө нэг тооны шүдлэн үхрийг нь нядалж, маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин нэг үхрийг нь нядлан зарж борлуулан гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч О.Ц-д 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 8 сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Хашаатын дэрс гэх газарт байхдаа иргэн Б.С-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох сартай ухаа зүсний эр бярууг малын хашаа худалдан авсан төлбөрийн оронд Д.Болдхуягт өгч явуулан завшсан, 2021 оны 11 сард Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Хашаатын дэрс гэх газарт байхдаа иргэн Б.С-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох улаан зүсний охин бярууг өөрийн идшинд хэрэглэн завшиж хохирогч Б.С-д нийт 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Бүрт” гэх газраас хохирогч Г.М-ын эзэмшлийн буруу талын чих ац, зөв талын чих өмнөөсөө догол имтэй хүрэн тарлан зүсний үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9, 134-136-р хуудас),
Иргэн Д.Отгоны 5949096130 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-13-р хуудас),
Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 183-186-р хуудас),
Шүүгдэгч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг сувраа ухаа гэх малдаа явж байтал манай үхэрнүүд манай сумын малчин Ц-ын үхэртэй нийлсэн байсан. Тэгээд би тэр үед өөрийн үхрээ Ц-ын үхрээс салгахдаа Ц-ын 2 тооны үхрийг өөрийн үхэртэй цуг туугаад гэрлүүгээ аваачсан. Тэгээд тэр шөнөдөө эрээн нүүртэй мухар эр шүдлэн үхрийг нь нядалж, маргааш нь нөгөө сартай ухаа шүдлэн ухаа үхрийг нь нядалсан...Би аймгийн төв орж махны ченж Ганганцэцэг гэдэг хүнд 2 үхрийн махаа зарж мөнгийг өөрийн эх******* Отгоний данс руу хийлгэсэн. Тухайн үедээ би эх*******тээ өөрийнхөө үхрээс үхэр нядалж зарсан мөнгө байгаа юм гэж хэлж байсан. Би
тухайн хоёр үхрийг ганцаараа нядалж зөөсөн... 2021 оны 8 дугаар сарын 20-ны үеэр манай хөдөө гэрт буюу Хэнтий аймаг Мөрөн сум 5 дугаар баг Хашаатын дэрс гэх газарт байрлах гэрт маань манай танил Болдхуяг малын шургааган хашаа зарна гээд ирсэн. Тэгээд би тэр хашаа авсан өртгөндөө Болдхуягт С-ийн “Сартай ухаа бяруу зүсмийн эр бярууг” өгсөн. Энэ үхрийг бол С надад мал харсан ажлын хөлсөндөө 2021 оны намар өгч байсан. 2021 оны 12 дугаар сард Хашаатын дэрс гэх газарт өвөлжөөн дээр байхад С-ийн “улаан зүсмийн охин бярууны баруун талын нүд нь сохроод” сөхөрч унаад явахгүй ядраад байхаар нь би тухайн үедээ С рүү олон удаа залгахад утсаа авахгүй байхаар нь тэр үедээ ажиллаад идшиндээ хэрэглэчихсэн юм.... 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой би гэртээ ганцаараа байж байгаад орой ойролцоогоор 20 цагийн орчимд гэрээсээ баруун урд зүгт байдаг Бүрт гэх газар руу үхэртээ өөрийн цавидар хязаалан мориор явсан. Тэгээд өөрийнхөө үхрийг туугаад явах гэтэл М-ын ногоон хүрэн тарлан үхэр нь манаи үхэрт нийлчихсэн байхаар нь цуг туугаад гэрийнхээ гадаа авчирч хоносон. Тэгээд маргааш өдөр нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр М-ын нөгөө үхрийг ганцаараа гэрийнхээ гадаа нядалж толгой арьсыг нь Хэнтий аймгийн Мөрөн сумын зүүн хойд талд байрлах хогийн цэг дээр хаяж махыг нь Багануур руу очиж ченжид 2 сая төгрөгөөр зарж борлуулж мөнгөө бэлнээр авсан....Би гэм буруугаа хүлээж байгаа учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирээд үхрээ татаад тоолж үзэхэд манай үхрээс 2 тооны үхэр дутуу байсан. Дутуу хоёр үхрийн содон шинж тэмдэг бол нэг нь сартай ухаа охин шүдлэн үхэр им нь бол зөв чих нь дээрээсээ хөндөл буруу чих дээрээ догол имтэй нөгөө нэг үхэр нь бол мухар эрээн нүүртэй хүрэн шүдлэн үхэр им нь зөв чинь дээрээсээ хөдөл буруу чих нь мөлүү имтэй. Үхрүүд мань байхгүй байсан. Манай үхрийн ала болсон газар нь бол Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Сувраа ухаа гэх газраас алга болсон. Тухайн үед манайх үхрээ гол руу гаргахгүй хойш нь буюу Сувраа ухаа гэх газар руугаа гаргаж бэлчээгээд байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас ),
Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...би нийт 20 тооны үхэр А.Д-д аваачиж харуулсан. Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг Хашаатын дэрс гэх газарт нутаглаж байхдаа малыг маань зарж үрсэн... Би Мөрөн сумын иргэн А.Д-д хүлээлгэж өгсөн үхрээс маань зүсээр бол сартай ухаа зүсмийн эр бяруу мөн улаан зүсмийн охин бяруу байхгүй байсан. Им нь бол хэд хэдэн газраас авсан болохоор янз бүрийн имтэй байгаа... А.Д нь миний үхрээс захиран зарцуулах эрх байхгүй. Би харж бай л гэж хэлсэн болохоос биш өөрсдийн хэрэгцээндээ ашигла гэж хэлээгүй... Ер надад бол 2 үхрийг нь бол үхсэн гэж хэлсэн. Бусдыг нь бол санаа зовоод хэлж чадахгүй байна л гэж хэлсэн. Яг яасан талаараа хэлээгүй...өөрийн үхрүүдийн хохирлыг А.Д-с бүрэн барагдуулж авсан. Дутаасан буюу захиран зарцуулсан үхрийн оронд өөр үхэр авсан. Одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 91-93-р 96-р хуудас),
Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Хашаатын дэрс гэх газарт 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үхрээ өөрийн гэрийнхээ гадаа хураагаад зүс тоогоор нь үзэхэд манай үхрүүд бүрэн байсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үхрээ хурааж үзтэл хүрэн тарлан үхэр маань байхгүй алга болсон байсан. Тэгэхээр би Мөрөн сумын нутаг дэвсгэрээр 20 гаран хайгаад үхрээ айлуудын малаар ирж хайгаад олдохгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм...Миний алдсан хүрэн тарлан үхэр маань буруу талын чих ац, зөв талын чих өмнөөсөө догол имтэй...Би алдсан үхрээ 3,000,000 сая төгрөгөөр үнэлж байна...Гомдол санал байхгүй...” (хх-ийн 140-141-р хуудас),
Гэрч С.Ганганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Д нь надад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үдээс хойш 2 тооны үхрийн мах өгсөн. Нэг үхэр нь бол шүдлэн үхрийн мах нөгөө үхэр нь бол дэлэнтэй үнээний мах байсан. Мөн эр үхрийн мах нь хөлдүү бага зэрэг харалсан мах байсан. Тэр хоёр үхрийн гар үүслийн бичиг нь 1401921 гэсэн дугаартай байсан. Харин хоёр үхрийн шалдан мах ирсэн гэдэс арьс толгой нь ирээгүй. Мөн би арьс толгой нь яасан юм бэ гэж А.Д-с асуухад А.Д нь малын гарал үүслийн бичиг авах гээд үлдээсэн гэж хэлсэн...үнээний мах нь 179 кг болсон тэрнээс дэлэнг нь авахад 177 кг болсон үнэ нь бол 1,150,500 төгрөг болсон. Харин нөгөө эр шүдлэн үхрийн мах нь 177 кг болсон мөнгөн дүн 1,239,000 төгрөг болсон. Нийт би 2,389,500 төгрөг болсон. Үүнээс би 200,000 төгрөгийг нь авч үлдсэн. Өмнө нь буюу 2022 оны 11 дүгээр сарын эхээр А.Д нь 200,000 төгрөг авсан түүний мөнгийг суутгасан. Харин үлдэгдэл 2,189,500 төгрөгийг 5949096130 гэсэн данс руу шилжүүлсэн... Надад үхрийн махаа өгөхдөө малын гарал үүслийн бичигийн дугаартай өгсөн болохоор худалдан авсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч Б.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 үхрийн бичиг авсан. Тэр үхэр нь хар зүстэй үхрийн зураг явуулсан тэгэхээр нь би нэг үхрийн бичиг үүсгэж өгсөн...Би А.Д-ийн үхрийн арьс толгой ширийг нь хараагүй над руу зураг явуулсан тэгэхээр нь би тэр зургийг нь хараад үхрийн бичиг олгосон...би энэ талаар мэдээгүй...өмнө надаас 5 адуу, 1 үхрийн бичиг гаргуулан авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Гэрч Д.Отгоны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг Хэнтий аймагт байхад миний 5949096130 тоот данс руу 2 сая 189500 мянган төгрөг орж ирсэн. Тэгээд би нөхрөөс юун мөнгө болохыг тодруулахад өөрийнхөө 2 үхрийг ажилласан юм аа гэж хэлж байсан. Тэрнээс хулгай хийсэн талаар нь би тэр үед мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас),
Гэрч Д.Болдхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ би А.Д-д 10 байр хашаа зарсан. Нэг байр хашааг нь 100-120 мянгаар бодож өгсөн. Тухайн үеийн ханшаар өгч байсан. Харин А.Д нь малын хашаагааа манай аймгийн төв дээрх гэрээс 2021 оны 07 дугаар сарын эхээр ирж авч байсан шиг санаж байна. Харин би модныхоо оронд нь 1 бяруу хоёр хонийг А.Д-ийн гэрээс 20221 оны 08 дугаар сард очиж авсан. Тухайн үед махны ханш өндөр байсан учраас 1 бярууг нь 800,000 бодсон харин хоёр хонийг нь 200,000 бодож авсан. Тэр үед Д-ийн гэрээс буюу Мөрөн сумын 5 дугаар баг Чандганы уурхайн баруун урд талд байх гэрт очиж үхэр хонь авсан... тухайн үед бол би сартай ухаа зүсмийн бяруу авсан, би хоёр бяруу харуулсны нэгийг нь авч байсан. Имийг нь бол санахгүй байна...би тэр талаар мэдээгүй. Нэлээн олон үхэр дундаас барьж өгсөн. Мөн би гэрт нь очиж авсан болохоор хулгайн үхэр гэдгийг мэдээгүй авсан...байхгүй тухайн үед би махлаад зарсан. Тэр үед махны ханш өндөр байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 107-108-р хуудас),
Гэрч О.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны орчим..Д , Пүүжээ хоёр Багануур дүүрэг 5 дугаар хороо нарийны 21-01 тоотод байх хашаанд улсын дугаарыг нь санахгүй байна. Хар өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд 1 тооны үхрийн мах ачиж авчираад худалдаж авах уу гэхээр нь би авна гээд 1 кг-г 8000 төгрөгөөр бодож 250 орчим үхрийн махыг 2,000,000 төгрөгөөр зараад явсан. Тухайн үхрийн арьс болон толгой гэдэс нь байгаагүй. Тэр хоёр махаа өгөхдөө гарал үүслийн гэрчилгээний код өгнө гээд өгөхгүй яваад өгчихсөн...Пүүжээ тухайн махыг манай манай үхрийн мах гэж хэлж зарсан...Би Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Соронз хүнсний дэлгүүрт махны лангуу түрээслэдэг юм. Тухайн лангуун дээрээ тавьж зарсан...би бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн...Д , Пүүжээ нар нь өмнө нь мал мах худалдан борлуулж байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 146-147-р хуудас),
Гэрч Б.Баатардоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг Сэртэн гэх газар эх******* хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би Мөрөн сумын 5 дугаар багийг хариуцсан малын их эмч хийдэг юм. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5 дугаар багийн иргэн А.Д гэх хүн над руу залгаад малын гарал үүслийн бичиг авах гэсэн юм гээд миний Б.Баатардорж гэсэн фейсбүүк хаяг руу Намуун Намуун гэсэн хаягнаас ухаа халзан үхрийн арьс толгой зураг явуулахаар нь би Д дорж гэх хүнд 1331828 гэсэн дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон юм. Тэгээд би сүүлд зургийг нь сайн хартал нөгөө ухаа халзан үхрийн зураг зун авахуулсан үхрийн зураг байсан. Энэ явдлаас хойш би Д дорж гэх хүнд гарал үүслийн бичиг өгөх болгон фейсбүүк чатаар залгаж тухайн малыг арьс толгойг шалгаж өгдөг болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 154-р хуудас),
Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр 12 цагийн үед манай ах Д дорж эх*******ийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумаас манайд ирсэн. Ирзхдээ өөрийнхөө Прүис 20 маркийн авто машин дотроо 1 тооны үхрийн махтай ирсэн байсан. Тэгээд надад “Ах нь хот явж байгаа юм, надад нэг үхрийи мах байгаа энийг Багануур дүүрэгт зарчихаад явья” гэхзэр нь би өөрийн таньдаг найз Сармандах болон түүний ээж Энхцэцэг нартай холбож өгсөн. Тэгээд махаа авж очоод худалдан борлуулсан. Хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй байна. Улмаар тэр хоёр Улаанбаатар хот руу явсан...Өөрийнхөө мах гэж надад хэлсэн. Гарал үүслийн бичигтэй явж байх шиг байсан. Махаа худалдахдаа шалгуулаад зарж байх шиг байсан...Хэнтий аймгийн Мөрөн сумын Хашаатын дэрс гэх газар мал маллаж амьдардаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 159-160-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШД-393 дугаартай: “...2 тооны шүдлэн үхэр 2,400,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 38-40-р хуудас)
Фэйр Валуэшн ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШД-07 дугаартай: “...2 тооны бяруу 1,400,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 111-113-р хуудас),
Вэндо ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ХЦ23-01 дугаартай: “...1 тооны соёолон эр үхэр 2,000,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 166-168-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД388 дугаартай: “...1 тооны соёолон үхэр 1,800,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 174-176-р хуудас),
Хохирогч О.Ц-ын “...2 үхрийн хохиролд 2 тооны гүү авсан, А.Д-д гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 217-р хуудас),
Хохирогч Б.М-ын “....хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хх-ийн 193-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын олон тооны мал хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч А.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх ...эрхтэй...” гэж хуульчилсан, хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хамгаалан хуульчилж баталгаажуулсан. Шүүгдэгч А.Д нь О.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Б.С-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхрийг завшиж 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан, Г.М-ын үхрийг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлүүд болон хохирогч нарт учирсан хохирлууд нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Д нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд.....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч А.Д нь хохирогч О.Ц-д 2,400,000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирогч О.Ц-ын “...2 үхрийн хохиролд 2 тооны гүү авсан, А.Д-д гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 217-р хуудас),
Хохирогч Г.М-д 1,800,000 төгрөгийн хохирол учруулсана бөгөөд хохирогч “....хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй...” (хх-ийн 193-р хуудас),
Хохирогч Б.С-д 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч А.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тусудирдлага болгон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Д нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 54, 56-63-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ам бүл 3, эх******* хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Д-д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэв.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий цавьдар зүсний хязаалан морийг шүүгдэгч А.Д-с гаргуулж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2239004580007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Д-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-д оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2239004580007 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий цавьдар зүсний хязаалан морийг А.Д-с гаргуулж улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн 2239004580007 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР