| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/291 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0016/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218003030491 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй. хувиараа ломбард ажиллуулдаг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** /***/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч ***ыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн ***г боож унаган, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн үед *** гэх хоч нэртэй залуу надаас тамхи гуйгаад байхаар нь 5 ширхэг тамхи өгтөл, надаас дахин би харьмаар байна, надад тамхины мөнгө өгчих гэж хэлэхээр нь би ***д 2000 төгрөг бэлэн өгөөд явуулсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа дахин *** над руу ирээд надаас архи нэхээд байхаар нь миний дургүй хүрээд надад архи байхгүй, чи одоо яв гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед манай нөхөр *** нь машинаас гараад Дархан сумын 4 дүгээр багт байрлах 34 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талын машин зам дээр үл таних залуу болон ***тэй зогсож байсан болохоор нь би машинаас буугаад *** рүү дөхөөд очтол уг үл таних 30 орчим настай эрэгтэй нь манай нөхөр ***ийг ална гэж хэлээд уг залуу баруун гараараа ***ийн хоолойноос нь бариад авсан болохоор нь *** уг залууг өөрөөсөө түлхэж холдуулаад бид хоёр машин руугаа явах гээд алхах гэтэл уг үл таних залуу миний толгой руу гараараа цохиод ална шүү пизда минь гэж хэлээд миний хоолойг хоёр гараараа боосон юм. Тухайн үед би уг залууд боолгуулснаас болоод ухаан алдаж унаад сэрэхэд өмдөндөө шээчихсэн байсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орой 01 цагийн үед *** эгчийн охин *** намайг гэртээ байна, хүрээд ир гэсэн юм. Тэгээд би гэрт нь очиж ***г аваад төмөр замын вагон вокзал руу очоод ***гийн хамт ээж *** аав *** хоёр дээр очно гээд машинаас буугаад очиход нэг танихгүй ах малгайгаа авч шидээд *** эгчийг толгой тус газар руу нэг цохисон. Тэгсэн *** эгчийн нөхөр *** бид нар салгаад бариад авсан. Тэгсэн чинь *** эгч цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд удаагүй байж байхад төмөр замын вагон вокзалын цагдаа юу болоод байгаа юм бэ гээд гараад ирэхэд нь *** эгч би Дарханы цагдаа руу дуудлага өгчихсөн хүлээж байна гэсэн чинь тэр цагдаа яваад өгсөн. *** эгч төмөр замын 11 дүгээр байрны тийшээ хороолол талруу цагдаад чинь заавал барьж өгнө гээд алхаад явсан чинь нөгөө ***г цохьдог залуу чи амжихгүй шүү гээд араас нь очоод чамайг алчихна шүү пизда минь гээд боогоод унагачихсан тэгсэн чинь *** эгч ухаан алдаж унахад бид нар салгаад байж байхад *** эгчийн нөхөр *** уруул аман дээр нь дарж байгаад сэргээхэд *** өмдөндөө шээчихсэн байсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 28-ны орой *** бид хоёр манай гэрт байж байсан. Тэгээд *** өдөр намайг орой ирээд машин бариад өгөөрэй гэж байсан болохоор бид хоёр ***гийн гэрт 01 цаг дөхөж байхад очсон. Тэгээд *** автомашиныг нь бариад төмөр замын вагон вокзал руу очсон. Очиход ***, манай аав ***, ээж *** хоёрын автомашин байна гээд ард нь чигтээ очиж зогссон. Бид нар автомашинаас бууж ирээд алхаад *** эгч, *** ах хоёрын автомашин дээр очиход байхгүй байсан. Тэгээд байж байхад замын эсрэг талд төмөр замын байрны талд эмэгтэй хүн орилсон, ...би замын эсрэг талд байж байгаад нэг харсан чинь ***гийн ээж *** эгчийг хоолойноос нь багалзуурдаад зогсож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*** гэх залуу ***д хандан би чамайг ална шүү гэж хэлээд босож ирээд ***ийг хоёр гараараа заамдаад авсан юм. Тухайн үед *** нь бид нарын хажууд ирсэн байсан бөгөөд *** нь ***аас холдоод явах гэтэл *** нь ***г ямар ч шалтгаангүй хоёр гараараа боогоод унагаасан юм. Ингээд хэсэг хугацааны дараа *** нь өмдөндөө шээчихсэн босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал/,
Гэрч С.***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*** гэх нэртэй залуу надад хандан би чамайг ална шүү гэж хэлээд над руу дайраад баруун гараараа намайг боосон бөгөөд манай эхнэр *** нь миний хажууд ирчихсэн байсан. Ингээд би уг *** гэх залууг өөрөөсөө түлхэж холдуулаад ***гийн хамт машин руугаа алхаж байтал *** гэх залуу араас хүрч ирээд ***гийн толгой руу нь баруун гараараа 2-3 удаа шууд цохиод шууд ***гийн хоолойноос нь хоёр гараараа боосон юм. Тухайн үед би *** гэх залууг ***гаас холдуулах гэсэн боловч би гарыг нь салгаж дийлээгүй бөгөөд удалгүй *** нь ухаан алдаж унахад *** нь холдоод явчихсан. Ингээд *** нь хэсэг хугацааны дараа босоод ирэхэд өмдөндөө шээчихсэн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/,
Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие батлагдсан хуваарийн дагуу 2022 оны 6-р сарын 28-ны өдөр Төмөр замын Дархан өртөөний цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагийг нарийн тодорхой санахгүй ямар ч гэсэн суудлын вагон ирчихсэн байж байхад Дарханы цагдаагийн газрын жижүүрээс утсаар яриад төмөр замын 34 дүгээр байрны хажуу *** дуудлага өгөөд байна, шалгаад өгөөч, манай цагдаа нар дуудлага ихтэй байна гэж хэлэхээр нь 34 дүгээр байрны гадна яваад очиход *** болон түний нөхөр, өөр нэг залуу байсан. Намайг очиход *** нь энэ залуу намайг цохьсон гэж хэлсэн нөгөө залуу нь юм ярихгүй согтолттой, юу яриад байгаа юм бэ эгчээ гээд байж байсан. Тэд нар намайг очиход маргалдаж зодолдсон зүйл байгаагүй, ... ***г орой болгон төмөр замаар явдаг учраас зүс мэднэ, ... ***гийн биед ил харагдах гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай “...***гийн биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ***гийн биед тогтоогдсон дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 7-р сарын 1-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай: “...Шинжээч эмч ***гийн гаргасан 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудас, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентген мөн Энх-Уламжпалт эмнэлгийн эмчийн үзлэг мөн өөрийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь ***гийн биед учирсан тархи доргилт гэмтлийг багажийн шинжилгээгээр нотлоогүй, 2022 оны 07 дугаар сарын 04-ний шинжээч эмч ***гийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй. 2022 онь 06 дугаар сарын 22, 2022 оны 07 дугаар сарын 5-аас 21 өдрүүдэд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудсыг дүгнэлт гаргахад үндэслэхгүй. ***гийн хэлсэн зовиурыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. 1.2. Хэрэв ***гийн биед боолт учирсан гэх шинж тэмдгийг эмнэлгийн байгууллага нотолсон бол Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох жуурмын 2.2.2- т заасан амь тэнссэн байдал буюу 3.3.7-д заасан амьсгалын цочмог дутагдалын хүнд хэлбэр заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах байсан. Эмнэлгийн байгууллага нотлоогүй, хохирогч *** болон бусад гэрчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. 1.3 Дээрх асуултанд хариулт өгөх боломжгүй. 1.4 Хэрэг болсон гэх цаг хугацааны дараах 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудэс, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентген мөн Энх-Уламжпалт эмнэлгийн эмчийн үзлэг эдгээр бичиг баримт нь хөнгөн зэргийн дүгнэлт гарахад шаардлага хангахгүй байна. Учир нь тархи доргилтыг оношлох багажийн шинжилгээ хийгдээгүй байна. 1.5 Шүүгдэгч ***нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хохирогч ***гийн биед хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг нотлох эмнэлгийн бичиг баримт хангалтгүй байгаа тул тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд ***гийн биед хөнгөн гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй. 1.6. Шинжээч эмч ***гийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй, ДНЭ-ийн ЯТТ-ийн эмч, Энх-Уламжлалт эмнэлгийн эмч нар тархи доргилт оношийг яаж үнэлж, хэрхэн тогтоосон эсэхийг тогтоох боломжгүй. 2. Хүний хэлсэн зовиурыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй. Шинжээч эмч өөрийн биеээр тухайн хүний биед үзлэг хийх мөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг тодорхойлолт, багажийн шинжилгээ зэргийг үндэслэн дүгнэлт гарна. 3.4. Шинжээч эмч ***гийн үзлэгт ***гийн биед тархи доргилтын шинж илэрээгүй. Шинжээч эмч *** нь ***гийн авч ирсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. 5. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн гэмтлийн эмчийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Энх-Уламжлалт эмнэлгийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентгений эмчийн тодорхойлолт зэрэг нь үндэслэлгүй байна. Учир нь багажийн шинжилгээ хийгдээгүй байна. 6. Шинжээч эмч *** нь ***гийн биед хийсэн үзлэг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудас, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн гэмтлийн эмчийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Энх-Уламжлалт эмнэлгийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 06- ны рентгений эмчийн тодорхойлолт зэргийг дүгнэлтэндээ бүрэн тусгасан байна” гэх дүгнэлт /2дугаар хавтаст хэргийн 5-8/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 524 дугаартай: “...***гийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээг эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хийх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий зүйлийн 1.3-д зааснаар эмнэлгийн бичиг баримт гэдэгт өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг нь эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан байна гэж заасан байдаг” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 38-41/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар дүгнэлтдээ: “...Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор тус тус заасан байдаг боловч хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна. Хохирогчийн нөхөр С.*** “миний эхнэр ***гийн толгой тус газар ***2-3 удаа цохиод шууд боож унагаасан, улмаар эхнэр *** шууд ухаан алдаж унаад өмдөндөө шээсэн” гэж мэдүүлдэг. *** босож ирээд цагдаа дуудсан гэдэг. Бусад гэрчүүд болох ***, ***, А.*** нарын мэдүүлгээр эхлээд хохирогчийн толгойн дух хэсэгт нэг удаа цохисон улмаар хохирогч би чамд цохиулдаг хэн бэ, би чамайг зүгээр явуулахгүй гэж цагдаа дуудсан. Цагдаа ирээд явсны дараа боож унагасан гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Зохиомол худал мэдүүлэг өгч байгаа нь тодорхой байна. Дуудлагаар нэг цагдаа ирсэн. Тухайн цагдаа “намайг очиход *** ***намайг цохисон гэж хэлсэн. Нөгөө залуу нь юу яриад байгаа юм бэ эгчээ гэж хэлж байсан. Намайг очиход маргалдаж, зодолдсон зүйл байгаагүй. Би орхиод явсан” гэж мэдүүлэг өгдөг. *** эхний мэдүүлэг дээр ***гэдэг хүн хүнтэй зодолдох битгий хэл маргалдахааргүй хүн байсан гэж мэдүүлдэг. Харин хоёр дахь мэдүүлэг дээр хохирогч ***гийн хамаатан учир нөлөөнд нь автаж худал мэдүүлэг өгсөн. Мөн шинжээчийн дүгнэлт дээр баруун мөрөнд гэмтэл учирсан гэж гардаг. Энэ гэмтэл манай үйлчлүүлэгчид хамааралгүй. Хаанаас мөрний гэмтэл гарч ирсэн нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн шалтгаант нөхцөл нь *** гэдэг хүн хохирогч ***г шагийн архи зардаг учир хамаатнаасаа архи авах гэж очсон. ***, *** нар хоорондоо маргалдсан. Маргалдаад байхаар нь ******ыг өмөөрч маргаан үүссэн. Шинжээч нарын гаргасан дүгнэлт үндэслэлгүй гарсан. *** гэдэг хүнийг мөрдөгч нар ээлжлээд та ирээд шүүхийн шинжилгээний байгууллагад өөрийн биеэ үзүүлээч гэж удаа дараа залгасан байдаг. Хохирогч өвдөх нь битгий хэл өөр шүүхэд хэргийн оролцогчоор явж байна гэж утсаар ярихдаа хэлсэн нь тэмдэглэлд авагдсан. Хохирогч гэмтэл авсан өдрийн маргааш өөр ажил хөөцөлдөөд явж байсан. Үнэхээр гэмтэл авсан бол шүүх шинжилгээний газарт өөрийн биеэ ирж үзүүлэх байсан. Цагдаа залгахаар биеэр ирж үзүүлэхгүй байсаар байгаад хувийн эмнэлэг болох “Энх уламжлал” эмнэлэгт 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үзүүлсэн болгож өөрөө зовиураа хэлээд үзүүлсэн байдаг. Өөрийнх нь хэлсэн өгүүлэмжээр эмнэлгийн бичгийг үндэслэж дүгнэлт гаргаж байгаа нь хүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Хүнийг өмдөндөө шээтэл нь боосон бол хүзүүнд нь ором үлдэх ёстой, тийм зүйл хэрэгт байхгүй байна. Дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй. Амбулторын картыг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Тухайн карт дээр 2022 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдөр тус тус үзүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн зүүн мөрний зөөлөн эдийн няцралттай гэсэн эмчийн бичиг байгаа боловч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин эмнэлэгт үзүүлэхээр зүүн мөрний няцрал гараагүй. ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. ...***ыг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Шүүгдэгч ***нь 2022 оны 6-р сарын 28-ны өдөр 23 цагийн орчим “***” гэх бааранд гэрч ***тай танилцан улмаар баар хаасан учир архи худалдан авахаар хамтдаа Дархан сумын 4-р багийн нутагт байрлах төмөр замын вокзал руу очсон, ***гаас архи худалдан авах гэх үедээ ***нь ***гийн нөхөр гэх ***тэй маргалдсан, *** хажуугаас маргаанд оролцож, ***нь ***тай маргалдсан, *** Цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн албан хаагч дуудлагын дагуу очоод зодолдсон шинж байхгүй байсан учраас явсан, цагдаагийн байгууллага ***гийн бусдад зодуулсан гэх гомдол мэдээллийг 2022 оны 6-р сарын 29-ний 02 цаг 25 минутад хүлээн авсан, /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ гомдол мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан Б:***гаас мэдүүлэг авах зорилгоор 2022 оны 6-р сарын 30, 7-р сарын 1, 7-р сарын 4-ний өдрүүдэд удаа дараа дуудсан боловч ирээгүй, /хавтаст хэргийн 17-32, мөрдөгчийн тэмдэглэл/ *** 2022 оны 7-р сарын 4-ний өдрийн 14:56 цагт шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн, шинжээчийн 690 дугаартай дүгнэлт 2022 оны 7-р сарын 6-ны өдөр гарсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Энэхүү үйл баримтын талаар ямар нэгэн маргаангүй байна.
2022 оны 7-р сарын 4-ний өдөр шинжээч эмч ***гийн биед үзлэг хийгээд “баруун мөр орчим эмзэглэлтэй” гэх шинжээс өөр ил харагдах гэмтлийн талаар дурдаагүй атлаа 2022 оны 7-р сарын 6-ны өдрийн “Энх уламжлал” эмнэлэгт үзүүлсэн бичиг, 2022 оны 7-р сарын 6-ны өдрийн толгойн рентгенд гавал ясны өөрчлөлтгүй, хуруу даралтын хам шинж илэрнэ, турк эмээл ердийн, мөрний үе ясанд бүтцийн өөрчлөлтгүй гэх тэмдэглэлийг үндэслэн “тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо” гэж үзэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар “шинжээчийн дүгнэлт гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг”-ийг ойлгоно.
Хохирогч боолгосны улмаас ухаан алдсан гэж мэдүүлсэн боловч Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай шинжээчийн дүгнэлтэд боолгосны улмаас ямар нэгэн ул мөр үлдсэн талаар дурдагдаагүй байна.
Шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах ёстой ба шинжлүүлэгчийн хаа нэгтээ өвдөж байна гэж хэлсний дагуу “эмзэглэлтэй” гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Хохирогч 2022 оны 6-р сарын 29-ний өдөр зодуулсан гэж утсаар гомдол мэдээлэл гаргасан боловч цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад огт очилгүй байсаар 5 хоногийн дараа шинжилгээний байгууллагад очиж үзлэг хийлгээд, үзлэг хийснээс хойш 2 хоногийн дараа гэмтлийн болон уламжлалт эмчилгээний эмнэлэгт очиж үзүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн этгээдийн гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гэм буруутай этгээдийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаардана.
Гэрч ***ын “...*** нь өмдөндөө шээчихсэн босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, цагдаагийн албан хаагч ***ы “...Намайг очиход *** нь энэ залуу намайг цохьсон гэж хэлсэн нөгөө залуу нь юм ярихгүй согтолттой, юу яриад байгаа юм бэ эгчээ гээд байж байсан. Тэд нар намайг очиход маргалдаж зодолдсон зүйл байгаагүй” гэх мэдүүлгүүдээр зодоон, маргаан болсон гэх үйл явдлын дараа цагдаагийн албан хаагч очсон болох нь тогтоогдож байна.
Хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүх эмнэлгийн 690 тоот дүгнэлтэд дурдагдсан “тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлт нь шинжлүүлэгчийн биед үзлэг хийхэд тухайн үед байсан гэмтлийг л тогтоох ба 690 тоот дүгнэлтэд заасан гэмтэл учирсан байсан ч шүүгдэгч ***ын үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл 7-р сарын 6-ны өдрийн рентген зургаар тогтоогдож байгаа “тархи доргилт” гэмтлийг шууд ***ын 6-р сарын 29-ний үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч цагдаагийн байгууллагаас дуудсан цагт очиж шүүх шинжилгээний байгууллагад очиж шинжилгээ өгөөгүй, 5 хоногийн дараа очсон, хохирогч боолгуулсан гэх боловч боолтын улмаас үүссэн ул мөр байхгүй, боолгуулсан гэх үйлдлээс хойш цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, цагдаагийн албан хаагч очиход “өмдөндөө шээсэн, зодуулсан” гэх шинж байхгүй байсан байна.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай: “...Шинжээч эмч ***гийн гаргасан 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэнд 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудас, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентген мөн Энх-Уламжлал” эмнэлгийн эмчийн үзлэг мөн өөрийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан байна. Дээрх дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь ***гийн биед учирсан тархи доргилт гэмтлийг багажийн шинжилгээгээр нотлоогүй, 2022 оны 07 дугаар сарын 04-ний шинжээч эмч ***гийн үзлэгт тархи доргилтын шинж тэмдэг илрээгүй. 2022 онь 06 дугаар сарын 22, 2022 оны 07 дугаар сарын 5-аас 21 өдрүүдэд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудсыг дүгнэлт гаргахад үндэслэхгүй. ***гийн хэлсэн зовиурыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй, ...Хэрэг болсон гэх цаг хугацааны дараах 07 дугаар сарын 06-ны өдрийн 690 дугаартай дүгнэлтэд 2022 оны 07 дугаар сарын 01-ний ДНЭ-н ЯТТ-н хуудэс, 2022 оны 07 дугаар сарын 06-ны рентген мөн Энх-Уламжлал эмнэлгийн эмчийн үзлэг эдгээр бичиг баримт нь хөнгөн зэргийн дүгнэлт гарахад шаардлага хангахгүй байна. Учир нь тархи доргилтыг оношлох багажийн шинжилгээ хийгдээгүй байна” гэх дүгнэлт нь шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангасан, тусгай мэдлэгийн хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй гарсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 524 дугаартай: “...***гийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт нь шинжээч нарт тавигдсан асуултуудад бүрэн гүйцэд хариулаагүй, хэт ерөнхий, “дагзны зөөлөн эдийн няцрал, баруун мөрний зөөлөн эдийн няцрал” гэх гэмтлийг юуг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна.
Шинжлүүлэгч биед нь үзлэг хийх үед хүрсэн газар болгон нь эмзэглэлтэй байна гэж шинжлүүлэгч хэлэх боломжтой ба гадна ямар нэгэн няцрал хөхрөлт, улайлт гэх мэт харагдах гэмтэл байхгүй байхад шинжлүүлэгчийн хэлснээр “эмзэглэл, няцрал” тогтоогдлоо гэж дүгнэх нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий, тусгай мэдлэгийн хүрээнд гаргах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Хохирогч ***гийн эрүүл мэндэд 690 тоот дүгнэлтэд заасан хохирол учирсан эсэх, шүүгдэгчийн үйлдлийн улмаас уг гэмтэл 2022 оны 6-р сарын 29-ний өдөр учирсан эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, цохьсон боосныг харсан гэх Б.*** нь хохирогчийн нөхөр, гэрч А.***, *** нар хохирогчтой садан төрлийн холбоотой, мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218003030491 дугаартай ***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***ыг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч *** нь 2023 оны 2-р сарын 14-ний өдөр С64 гэх шалтгааны улмаас нас барсан, нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ хэрэгт авагдсан, хохирогчийн нөхөр болох Б.***ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 2218003030491 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ***ыг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагаатгагдсан этгээд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД