Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/332

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2023/0309/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000379 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Дархан-уул аймаг дахь *** ажилтай,*******, Дархан-Уул аймгийн ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***

 

Холбогдсон хэргийн талаар:

    

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эзэмшлийн алтан ээмэг алтан гинж зүүж гадуур явж байгаад 16 цагийн үед Дархан сум *** тоотод оршин суух гэртээ ирж алтан ээмэг, гинжээ тайлж ягаан өнгийн дөрвөлжин цаасан хайрцаг дотор хийж жижиг өрөөний хувцасны шкафны голын хаалганы дээд талаасаа 2 дахь тавиур дээр тавьсан. Тэгээд 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед хөдөө яваад 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед хөдөөгөөс ирсэн. Тэгээд 06 дугаар сарын 07-ны өдөр өөр байранд нүүж орох гэж гэрийнхээ ачаа барааг нүүдэл хийхэд бэлтгэсэн. Тэгээд маргааш өглөө нь хувцасны шкаф дотор байсан алтан ээмэг, гинжээ гаргаж зүүх гэхэд байхгүй байсан учраас миний багласан ачаан дотор байж магадгүй гэж бодоод тухайн үед цагдаад хандаагүй юм. Тэгээд багласан ачаа бараагаа бүгдийг нь задлаад шалгаж үзэхэд байхгүй байсан учир цагдаад хандаж байна. ...алтан ээмэг 1,7 грамм дөрвөлжин хэлбэртэй талсттай дундуураа хөндий зайтай, гинж нь бөөрөнхий бөмбөлөг хэлбэртэй граммыг нь тодорхой санахгүй байна. ...Би 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот Мөнгөн завьяа дэлгүүрээс нийт 810,000 орчим төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

Гэрч С.***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дархан сум 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Тоонот хүрээ-2 нэртэй ломбардад зээлийн ажилтан хийдэг. ...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай захирал *** ажилтай байхад 20 цагийн үед цэнхэр өнгийн цамц, бараан өнгийн куртик өмссөн эрэгтэй хүн 1,4 грамм жинтэй алтан ээмэг, 2 грамм жинтэй алтан гинж барьцаанд тавьсан байсныг би ажил дээрээ камерын хяналтын бичлэг үзээд хүмүүсийн барьцаанд тавьсан эд зүйлийн баримттай тулгаж үзээд мэдсэн. Тэр залуу өмнө нь намайг ажилтай байхад үйлчлүүлж байсан, зүс танина. Барьцаанд тавьсан баримт дээр ***/ гэдэг нэрээр барьцаанд тавьсан байсан. ...***гийн ээж гэх эмэгтэй манай ломбардад дээр ирж 1,4 грамм жинтэй алтан ээмэг, 2 грамм жинтэй алтан гинжний барьцааны мөнгө болох 357,800 төгрөгийг манай ломбардад тушаасан. Манай ломбардын зүгээс нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

“Капитал  зууч” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “...Эд зүйлийн өнөөгийн үнэ цэнэ нь 578,000 төгрөг байна” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/,

Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, *** банкны *** дугаарын дансны хуулга, ломбардны зээлийн бичиг /хавтаст хэргийн 06-11/,

Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 08 цаг 30 минутад ажил дээрээ очиж ажлаа хийж байгаад орой 18 цагт ажил тараад Дархан сумын 10 дугаар багт байх Хийморь хотхоны 29 тоотод байрлах өөрийн эзэмшлийн байранд очиж түрээсэлж байсан айлыг байрнаас түрээсийн хугацаа дууссан учраас гарсан эсэхийг шалгах гэж очоод хаалга тогшоод онгойлгохгүй болохоор нь өөрт байсан илүү түлхүүрээр хаалга онгойлгож дотогш ороход гэр эзэнгүй байсан. ...цагаан өнгийн хувцасны шкаф онгойлгож үзэхэд хамгийн дээд талын тавцан дээр ягаан өнгийн ээмэг бөгжний сав байхаар нь хараад хүн ирэх юм болов уу гэж бодоод түр хүлээж байгаад хүн ирэхгүй болохоор нь уг ягаан өнгийн ээмэг бөгжний савыг онгойлгож үзэхэд шар өнгийн мятал ээмэг гинж байхаар аваад гэрээс гарч хаалга түгжээд 380 айлын байранд үйл ажиллагаа явуулдаг Сантайн гэдэг нэртэй хоолны газрын урд талаас таксинд суугаад үйлчилгээний төв өнгөрч таксинаас буугаад Тоонот хүрээ-2 гэх ломбард руу орж ээмэг бөгж авч байгаа юу гэж асуухад авч байгаа гэхээр нь миний байрыг түрээсэлж байгаа айлын гэрээс авсан шар өнгийн метал ээмэг хугацаатай барьцаанд тавиад 360,000 төгрөг бэлнээр аваад үйлчилгээний төв дээр байрлах *** банкны бэлэн мөнгөний машин дээр очиж 280,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** банкны *** дугаарын данс руу хийгээд 80,000 төгрөг бэлнээр өөртөө авч үлдээд үйлчилгээний төв дээрээс таксинд суугаад Дархан сум 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мичид гэдэг нэртэй салон дээр ирж үсээ засуулж дуусаад тэндээсээ гарч гадуур явж архи уусан. ...Миний байрыг түрээсэлж байсан хүмүүсийн дугаарыг мэдэхгүй болохоор би холбоо барьж мэдэгдээгүй байр луу орсон. ...Би уг *** гэдэг хүнд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж байраа түрээсэлж эхэлсэн. ...алтан ээмэг гинж ломбардад барьцаанд тавьсан 360,000 төгрөг одоо надад байхгүй би тэр өдөр би бүх мөнгөөр нь архи уугаад буудлын тооцоо хийгээд дуусгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 45/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэм буруу, үйл баримтын талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***г 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах Хийморь хотхоны 214 дүгээр байны 29 тоотод нэвтэрч хохирогч ***гийн 1,4 граммын хос алтан ээмэг, 2 граммын алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 578,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш буюу 578,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч ***, гэрч ***гийн мэдүүлэг,“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/, шүүгдэгчээс алдагдсан зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, ломбардны зээлийн бичиг /хавтаст хэргийн 06-11/, ***гийн яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч *** “...би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатараас Дарханд ирсэн. Өөрийнхөө байрыг Гэрэлмаа гэх хүнд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр тохиролцсон. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байрыг маань сулласан эсэхийг мэдэх гээд очсон чинь хүн байгаагүй. Би түлхүүрээрээ онгойлгоод орсон. Өрөө тасалгаагаа шалгаад явж байх үед ээмэг, бөгж байхаар нь авчихсан. Тухайн эд зүйлийг ломбардад тавьсан буруугаа ойлгож байгаа” гэв.

 

Улсын яллагч: “...байр эзэмшигч нь банкны төлбөр хэн төлж байгаагаас хамааран эзэмшигч өмчлөгчийн асуудал яригддаг. Ипотекийн зээлтэй холбоотой баримтыг шаардсан боловч Хүрэлхүүгийн зүгээс гаргаж өгдөггүй, прокурор, мөрдөгчийг дуудахад хувийн хэнэггүй байдлаасаа болоод ирдэггүй байсан, тиймээс нотлох баримтын хүрээнд прокурорын зүгээс ***г Эрүүгийн хуулийн тусгай нагийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, өнөөдрийн шүүх хуралдааны үед шинээр гаргасан нотлох баримтуудыг шинжлэн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд зүйлийг хохирогч Гэрэлмаад буцаан өгсөн учраас бусдад төлөх төлбөргүй гэх саналыг шүүхэд гаргаж байна” гэжээ.

 

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэдэгт хулгайлах зорилгоор бусдын орон байранд нууцаар, хууль бусаар, түлхүүр тааруулах, хаалга цонхыг эвдэх гэх гэх мэт аргаар нэвтрэхийг ойлгох ба шүүгдэгч нь орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон тул өөрийн орон сууцанд оршин сууж байсан хүмүүсийг шалгахаар очиж, улмаар хаалгаа тайлахгүй болохоор нь өөрт байсан түлхүүрээр онгойлгож орсны дараа хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

 

*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоот, 2 өрөө, 53.08 м.кв орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан орон сууцны /№ЗГ/ВСС201001010-1 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хавтаст хэрэгийн 62-72/ гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ***г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар ***гийн хос алтан ээмэг, алтан гинжийг хулгайлсан үйлдэл холбогдол, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ алдагдсан зүйлээ олж авсан, хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. ***г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, ***д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД