Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                               Хэргийн индекс: 166/2019/0467/Э/001/2020/0596

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 1718000300474 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ***төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** тоотод оршин суух *** /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *** нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ***тоотод *** ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа *** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144,619,165 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-ийн 225 дугаар хуудас/, гэрч ***мэдүүлэг /2-р хх-ийн 236-237 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-ийн 107 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-ийн 96-97 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 155 дугаар хуудас/, хохирогчийн өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлээс хохирогчийн мэдүүлэг, тайлбар, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн /, 2021 оны 10 сарын  7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /6-р хх-ийн 138-155 дугаар хуудас/, ***түүний зөвшөөрснөөр зарим гэрчүүдтэй нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /6-р хх-ийн 6-135 дугаар хуудас/, барьцаалдан зээлдүүлэх ажиллагааны баримт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, барьцаалдан зээлдэгч нарын нэр шилжүүлсэн 25 хүний машины жагсаалт, гэрч *** зээлийн гэрээ, шинжээчийн дүгнэлт, гэрч *** мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /1-р хх-ийн 1 хуудас/, “Пик ом” аудитын дүгнэлт /1-р хх-ийн 175 дугаар хуудас/, хараат бус аудит “Цэсб” аудитын дүгнэлт /1-р хх-ийн 185 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/, 2018 оны 06 сарын Шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 182 дугаар хуудас/, *** байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүд, нийт *** байгуулсан 14 удаагийн гэрээ, н*** гэх хүний зээлийн гэрээ, зээлийг *** данс руу шилжүүлсэн талаарх баримт, *** 3 удаагийн зээлийн гэрээ, /24-р хх-ийн/, улсын яллагчийн яллах дүгнэлтийн шинжээчийн дүгнэлтийг зөрүүтэй бичсэн хэсэг /5-р хх-ийн/, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хавтастай боть 1-8 хүртэл дугаарласан баримтаас зээлийн гэрээ, албан тоот, “Үүнд: Гүйцэтгэх захирал *** гэж гарын үсэг зурж, тамга дарсан байдаг”, СД-ний бичлэг, “Үүнд: *** нарын дансны хуулга” зэрэг баримтууд, хохирогч *** дансны хуулга, 2017 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар ***дансанд хэдэн төгрөг байсан нь тодорхойгүй, мөн *** дансны хуулгын хураангүй баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Харин хэрэгт авагдсан санхүүгийн шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, харилцан нэгнээ үгүйсгэсэн байгааг дурдах нь зөв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***

***нь 2014 оноос өмнө манай аав, ээжийг таньдаг байсан. Намайг санхүүгийн сургууль төгсөж байхад ***ах надтай уулзаад ахдаа туслаач ах нь авто ломбард ажиллуулах гэсэн юм. Ах нь 30 хувийн ашиг, надад 20 хувийн ашиг өгөхөөр болж тохиролцоод би хамт ажилласан.*** надад 52,500,000 төгргийг өсгөөд өгөөч гээд өгсөн зүйл байхгүй. Надтай хамт ажиллаж байхдаа надтай ямар нэгэн хариуцлага хүлээх талаар гэрээ байгуулаагүй. 2021 онд хийгдсэн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

*** данс руу *** данснаас 61,595,800 төгрөг, өөрийн эзэмшлийн 5055032070 данснаас 21,721,680 төгрөг, нийт 83,317,480 төгрөгийг шилжүүлсэн гэж гаргасан байдаг. Дансны хуулгыг шүүн үзэхэд 353 удаагийн гүйлгээгээр 243,660,970 төгрөгийг *** гэж утгыг бичиж шилжүүлсэн байдаг. Энэ нь *** ломбардны үйл ажиллааг эрхэлж байхдаа ашиглаж байсан дансны хуулгаар харагдана.

*** 5108077975, 5108128989 гэх 2 дансны  шүүгээд үзэхээр дээрх бүх гүйлгээ харагдах болно.

Мөн харилцагчид *** данс руу 152,264,990 төгрөгийг надтай хамааралгүй шилжүүлсэн байдаг. Эндээс харахаар *** данс руу оруулсан мөнгө нь 395,925,960 төгрөг байхад шинжээчийн дүгнэлт 303,808,235 төгрөг гэж дутуу шүүсэн байгаа. Миний хувьд дээрх хугацаанд 306,048,000 төгрөгийн зээл гарсан. Миний өөрийн хувийн данс руу оруулсан 67,155,749 төгрөг, үүнд орлогын баримт бичиж харилцагч нараас авсан мөнгө нь 254,056,640 төгрөг, нийт 321,212,389 төгрөгийг татан төвлөрүүлсэн. Үүнээс бэлэн мөнгөний зээл 43,835,000 төгрөг, данснаас 39,518,200 төгрөг гаргасан. Нийт Энхдалай руу 243,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 327,962,970 төгрөг шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр үйл ажиллагааны зардал 948,800 төгрөг гаргасан байдаг бөгөөд компани тогтмол сар бүр 350,000 төгрөгийн зардал гаргадаг байсан. Энэ нь түрээсийн зардал, бичиг хэрэг, утсаар ярих зардал гэх мэт зардлыг гаргадаг байсан.

Мөн шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээгүйгээр дансны гүйлгээ хийсэн гэж дүгнэсэн байдаг. *** банкны шилжүүлэх эрх байгаагүй, *** ь өөрөө шилжүүлсэн байдаг. 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээл автомат төлөлт гээд 89,740 төгрөгийг хасаж тооцдоггүй, *** зарлагын гүйлгээд гаргасан шинжээчийн дүгнэлт огт байддаггүй тул хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлгийг өгсөн.

 

Тогтоогдсон үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч ***, шүүгдэгч *** нар нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн ***авто машины сэлбэгийн худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусдад хүүтэй зээл олгох, олгосон зээлийн барьцаа болгож автомашины гэрчилгээг тус байгууллагын нэр дээр шилжүүлэн авах байдлаар бусадтай зээлийн гэрээний харилцаанд удаа дараа, тогтмол орж байсан ба ингэхдээ ***нь өөрийн Хаан банк дахь *** тоот дансанд 52,500,000 төгрөгийг байршуулан зээл олгож эхэлсэн бөгөөд дээрх хугацаанд бусадтай зээлийн гэрээний харилцаанд орохдоо бэлэн болон бэлэн бус хэлбэрээр зээлийг өгч, хоорондын бичгээр үйлдсэн гэрээний үндсэн дээр зээлийн хугацааг харилцан адилгүй байдлаар тохиролцож, барьцаатай болон барьцаагүй хэлбэрээр зээлдүүлж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч *** нь *** ХХК-д хөдөлмөрийн гэрээ болон, хөлсөөр ажиллах гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр ажиллаж байсан, хохирогч *** ямар нэгэн хэлцлийн үндсэн дээр түүний өмнө үүрэг, хариуцлага хүлээж ажилласан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн санхүүгийн баримтууд зэргээс тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Энэхүү үйл баримт нь:

 

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 12 дугаар сарын эхээр авто ломбард ажлуулахаар шийдээд *** зээлийн эдийн засагчаар авч ажлуулсан юм. Энэ хооронд татварын хэлтээс авто ломбард ажлуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэхийг судалж үзэхэд ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй болохыг мэдсэн юм. Ингээд үйл ажиллагаа явуулаад байж байхад татварын байцаагч нар хүрч ирээд сар бүр 50.000 төгрөгийн татварыг авдаг байсан. Ингээд 2017.03.31-ий өдөр ***нь манай авто ломбардыг ерөнхийдөө хариуцан ажлуулдаг байсан. Хариуцан ажиллаж байх хугацаандаа зээлийн гэрээг боловсруулж харилцагчидтай гэрээлж надруу гэрээний мөнгөн дүн болон гэрээний дугаар, харилцагчийн дансны дугаарыг мессежээр надруу явуулсны дараагаар би зээл хүсэгчдийн данс руу мөнгийг нь шилжүүлэн өгдөг байсан. ...Хамгийн сүүлд 2017.03.31-ны өдөр *** нь авто ломбарданд 185.000.000 байгаа гэсэн санхүүгийн тайланг гаргаж өгсөн. Уг тайланг надад гаргаж өгөх явцад миний хажууд найз ***хамт байсан. Ингээд би гэрээнүүдийг найз *** хамт хувааж аваад харилцагч нар луу утсаар холбогдоод шалгалтын ажлыг хийхэд ломбардын мөнгийг хувьдаа ашиглаж үрсэн байх сэжиг төрөөд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Үүний дараагаар Пиик ом аудитын газар санхүүгийн материалаа огч урьдчилсан байдлаар 139 751 500 төгрөг тодорхойгүй байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Үүнээс үндэслээд *** гэх эмэгтэйтэй уулзахад *** нь ээжтэйгээ нийлээд барьцаагүйгээр ломбардны мөнгийг бусдад өндөр хүүтэй зээлдэг байж магадгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 118-119/,

 

Хохирогч *** 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /2-р хх 167-174/,

 

*** нараас зээл авсан гэрчүүдээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /1-р хх 121-153, 2-р хх 36-4-р хх 17, 5-р хх 79-101/,

 

Зээл авсан гэрчүүдийг яллагдагч *** нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмлэглэлүүд /6-р хх-ийн 8-136/,

 

 “*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*** ХХК-ийн шийдвэр, “*** ХХК-ийн дүрэм /1-р хх 40-44/,

*** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жагсаалт /2-р хх 50/,

 

Хохирогч *** Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 197-204/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн

“...Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсэгнүүд нь цэнхэр, хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгсэл ашиглан зурагдсан байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 8 дугаартай Боть, 136 дугаартай хуудасны 2 дахь нүүрний зээлдүүлэгчийг төлөөлж гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь *** болон ***нарын гарын үсгийн харьцуулах загваруудтай тохирохгүй байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 6 дугаартай хаагдсан зээлийн материалын 102 дугаартай хуудасны 2 дахь нүүрэнд Зээлдэгчийг төлөөлж гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь *** гарын үсгийн харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 183 дугаартай хуудсанд Зээлдэгч гэсний доод талд зурагдсан гарын үсэг ***гарын үсгийн харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай Ботийн 87 дугаартай хуудсанд Зээлдэгч гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь*** гарын үсгийн харьцуулах загваруудтай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 7 дугаартай Ботийн 138 дугаартай хуудсанд Зээлдэгч гэсний доод талд зурагдсан гарын үсэг нь *** гарын үсгийн харьцуулах загваруудтай тохирч байна гэх 105 дугаартай дүгнэлт /6-р хх 138-143/,

 

Пийк Ом Аудит ХХК-ийн 2017 оны 5 сарын 22-ний 113 дугаартай дүгнэлт /1-хх 175-176/,

ЦЭСБ Аудит ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/139 дугаартай дүгнэлт /1-р хх 184-189/,

 

ЦЭСБ Аудит ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх 193-195/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-240/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-202-208/,

 

2021 оны 12 дугаар 17-ны өдрийн 7 аудиторын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч Ч.Мядагбадам:  

“Шүүгдэгч***нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд *** тоотод “***ХХК-ний нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа ***итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон зээлдэгч нарын мөнгийг завшиж, 144.619.165 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч ***мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг, ***зэрэг нийт 70 хүний мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн долоон хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн шинжээчийн дүгнэлт. Мөн шүүгдэгч *** зөвшөөрсөн нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь хохирогч *** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгүүдийг үрэгдүүлж, завшсан гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол буюу 144,619,165 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж, бэхжүүлсэн шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь хохирогч ***итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдэл бий. Үүнд:

Дөнгөж сургууль төгссөн *** эд хөрөнгө хариуцуулсан бөгөөд номыг нь сонссон хүний хувьд анхан шатны баримтыг хөтлөөгүй, шүүгдэгчид хэтэрхий итгэсэн мөн шүүгдэгчийн шунахайн сэдэл нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

***ХХК-ийн нэрийг яагаад ашигласан бэ? гэхээр тухайн авто машин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахад тухайн компанийн нэрийг ашиглаж, зээлдэгчийн машиныг шилжүүлэн ашиглаж байсан. Мөн хохирогчийн өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “*** нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан” гэж хэлдэг.

Тооцоо огт хийгээгүй гэх асуудалд яригдаж байна. Хохирогч *** нь *** тооцоо хийх гэхээр бүгд зээл гэрээний дагуу байгуулсан гэж үзүүлсэн байдаг.

Иргэн аж ахуй нэгж байгууллага өөрийн өмчийг хариуцуулсан үүрэг хүлээлгэсэн эсвэл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцуулсан хүнийг хэлнэ гэж хуульд заасан байгаа.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх авто машин барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулах эрхийг өгсөн байна. Үүнийг *** гэрээг байгуулж, *** өгсөн данс руу мөнгийг хохирогч *** хийсэн байдаг.

Хохирогч *** мөнгийг лангууны зээлийн гэрээ, авто машин барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа хэлбэрээр гаргаж, эргэлдүүлж, мөн хуурамч гэрээ байгуулан мөнгийг эргэлтэд оруулж ашиглаж байсан мөн гэрчүүдийн мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөн 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан.   

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн тухайд шүүгдэгч *** нь 100% буруу байхгүй. Хохирогч *** нь өөрийн өмч хөрөнгөө ямар ч гэрээ контрактгүйгээр амаар тохиролцон хүнд хариуцуулсан хохирогчийн буруу байна. *** сар болгон тайланд нь хяналт тавьдаг. Жишээ нь *** гэдэг хүн 1 сарын хугацаагаар зээл аваад зээлээ төлсөн байхад *** зээлийг нь хаахгүйгээр сунгалт хийдэг. Тэгээд *** гаргасан тайланг нь хянахад*** гар дээр мөнгө байгаа юм гэж дүгнэдэг. Үүний улмаас хохирогч өөрийгөө хохироох шалтгаан үүссэн юм.

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан 119,932,265 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 7,800,000 төгрөг нийт 127,732,265 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох саналыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэх гэм буруугийн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******:

“Шинжээчийн дүгнэлтэд зааснаар шүүгдэгч ***яллах дүгнэлтэд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ***тоотод ***ХХК-ний нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа *** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон зээлдэгч нарын мөнгийг завшиж, 144,619,165 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн.  

*** гэдэг хүний нэр дээрх компанийг ашигласан *** өөрийг нь гэмт хэрэгт татаж шалгах ёстой санагдаж байна. *** нь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, санхүүгийн анхан шатны баримт ч байхгүй.

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *** холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, *** цагаатгах байр суурьтай оролцож байна. Учир нь прокурор яллах дүгнэлтдээ ***Дархан-Уул аймгийн ***тоотод *** ХХК-ний нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа *** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болон зээлдэгч нарын мөнгийг завшиж, 144,619,165 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан байдаг. Гэтэл ***нь өнөөдөр барьцаалан зээлэх үйл ажиллагаа эрхэлж байгаагүй. ***гэх компани нь авто сэлбэг худалдах үйл ажиллагаа явуулдаг компани болох нь тогтоогдсон. Барьцаалан зээлэх үйлчилгээний “MNS” стандартын журам нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Хэрэв хувь хүн статусаар энэ үйл ажиллагаа явуулж байсан бол хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой байсан ч энэ тухай баримт байхгүй байна. Шүүгдэгч *** зээлийн эдийн засагч үүрэгтэй ажиллаж байхдаа гэж ярьж байгаа хэдий ч түүнийг зээлийн эдийн засагч албан тушаал дээр томилсон тушаал, шийдвэр байхгүй байна. Мөн ***нь хамтран ажиллах хэлцэл, гэрээ огт байхгүй. Мөн итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгө гэж байгаа нь тодорхой биш. Энэ хүнд ямар үүрэг хүлээлгэж байгаа нь тодорхойгүй байна. Тодруулбал *** нь хэдэн төгрөг хүлээлгэж өгөөд зээлийн гэрээ байгуулж, миний данс руу шилжүүлнэ. Хэрвээ зөрчвөл хариуцлага хүлээлгэх тухай ганц ч баримт, амаар ярилцсан зүйл ч байхгүй байна. Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт дээр 52,500,000 төгрөгөөр орлогын эх үүсвэр эхэлж тодорхой хэмжээгээр өссөн гэж дүгнэсэн. Гэтэл ***энэ мөнгийг хүлээлгэж өгсөн тухай нотлох баримт ч байхгүй. Эдгээрээс дүгнэхэд улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нотлох баримт, үндэслэл байхгүй байна...

...Хууль зүйн дотоод хэргийн яам, Сангийн яамны хамтарсан 2017 оны А11441 дугаартай тушаалаар баталсан Санхүүгийн шинжээч шинжилгээ хийхдээ аж ахуйн нэгж байгууллагын даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ гэх мэт баримтуудыг шаардлагатай гэж заасан. Эдгээр баримтууд огт байхгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд Иргэний хуулийг хэрэглэх дээд шүүхийн шийдвэр байдаг. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ. 406 дугаар зүйлийн 406.2-д хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл *** өмчлөлд *** нь өөрийнхөө өмчийг шилжүүлээд захиран зарцуулах эрхийг олгох, үүрэг, хариуцлага хүлээлгэх талаар зааж өгөх ёстой. Энэ талаар тусгасан баримт байхгүй. Тийм учраас итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгө завшсан гэж буруутгах үндэслэлгүй болж байгаа юм. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үндэслэл ч байхгүй гэж үзэж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд холбогдох дансанд шинжилгээ хийхдээ орлого, зарлагын үнийн дүнг нь гурван янзаар бичсэн байдаг. Эцсийн эцэст шинжээчийн дүгнэлтийг үндэслэж ял, шийтгэл оногдуулдаг байхад үндэслэлгүй дүгнэлтээр хүний эрх, эрх зүйн байдлыг ноцтой зөрчих гэж байгаад шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.

***гэдэг хүн Гэрчийн мэдүүлэгтээ би барьцаалах зээлийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ  52,500,000 төгрөг өгсөн гэж хэлдэг. Энэ л нотлох баримт байна. Тэгтэл хохирогч нь би явцын дунд данс руугаа 100,000,000 төгрөг, 35,000,000 төгрөг хийсэн гэж хэлээд байгаа ч энэ тухай нотлох баримт байхгүй. Харин *** 52,500,000 төгрөгийг 400,050,000 орчим төгрөг болгон өсгөсөнд нь баярлалаа гэж *** хэлэх ёстой байх.

Өнөөдөр нотлох баримт шинжлэн судалсан. Тэгэхээр зээлдэгч *** гэрээн дээр жишээ авч яръя. Тухайн зээлдэгч нь 1 сая төгрөгийн зээлийг 14 удаа байгуулахад шинжээчийн дүгнэлтээр 14 сая төгрөг гэж дүгнэсэн байна.*** нь нэг сарын хугацаандаа 1 сая төгрөгөө төлж чадахгүй байсан тул 14 удаа сунгалт хийсэн нь шинээр гэрээ байгуулсан мэт харагддаг. Зээлдүүлэгчийн 1 сая төгрөг нь хэвээрээ байгаа юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд ирүүлсэн баримтад зээлийн гэрээ байхгүй байна гэж  тусгасан. Тэгэхээр санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй тогтоох ямар ч боломж байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим нь хууль ёсны байх, шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй нотолсон байх ёстой. Энэ хоёр зарчмыг огт баримтлахгүй байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Энэ хэргийг буцаагаад ямар ч ач холбогдолгүй.

Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, эцэлсэн шийдвэрийг гаргаж  өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*** 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ***тоотод ***ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар ажиллахдаа *** итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийг завшиж 144,619,165 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьектэд хамаарах ба тухайн этгээдэд  эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг итгэмжлэн хариуцах гэж,

“завших” гэдэг нь итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэнд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг тус тус ойлгох юм.  

 

Шүүхээс тогтоосон үйл баримт буюу “хохирогч *** шүүгдэгч *** нар нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн *** авто машины сэлбэгийн худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан “***ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан бусдад хүүтэй зээл олгох, олгосон зээлийн барьцаа болгож автомашины гэрчилгээг тус байгууллагын нэр дээр шилжүүлэн авах байдлаар бусадтай зээлийн гэрээний харилцаанд удаа дараа, тогтмол орж байсан ба ингэхдээ *** нь өөрийн Хаан банк дахь ***тоот дансанд 52,500,000 төгрөгийг байршуулан зээл олгож эхэлсэн бөгөөд дээрх хугацаанд бусадтай зээлийн гэрээний харилцаанд орохдоо бэлэн болон бэлэн бус хэлбэрээр зээлийг өгч, хоорондын бичгээр үйлдсэн гэрээний үндсэн дээр зээлийн хугацааг харилцан адилгүй байдлаар тохиролцож, барьцаатай болон барьцаагүй хэлбэрээр зээлдүүлж байсан” гэх үйл баримт нь эрх зүйн ойлголт буюу хууль зүйн факт болохдоо хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг нарийвчлан тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь *** ХХК болон, хохирогч ***ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хөрөнгө итгэмжлэх гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь зэрэг хэн нэгэнд эрх, үүрэг бий болгосон хэлцэл, баримт бичиг үйлдээгүй, тэр талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байгааг дурдах нь зөв.

 

Харин хохирогчийн мэдүүлэгт “***цалин өгч ажиллуулж байсан” гэх боловч энэ нь санхүүгийн тайлан /хувь хүний болон хуулийн этгээдийн/, цалин хөлс олгосон талаар санхүүгийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хувь хүний орлогын албан татвар төлсөн зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байгаа тул уг мэдүүлэг нь бусад байдлаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн хохирогч *** бусдад зээлдүүлэх зорилгоор шүүгдэгч ***тодорхой хөрөнгийг итгэмжлэн хариуцуулсан талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хэрэгт авагдсан харилцан зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүд нь зөвхөн “ломбардны үйл ажиллагааг анх *** Хаан банк дахь *** тоот дансанд 52,500,000 төгрөгийн орлого хийж эргэлтийн хөрөнгө бүрдүүлсэн” гэх нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд дансны хуулгаар давхар нотлогдож байна.

 

Монгол Улсын хэмжээнд явуулж буй аливаа үйл ажиллагаа, иргэд, хуулийн этгээд хоорондын эрх зүйн харилцаа нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, дотоодын хууль тогтоомж, тэдгээрийг даган гаргасан эрх зүйн хэм, хэм хэмжээ тогтоосон акт, батлан мөрдөж буй аливаа стандартад бүрэн нийцсэн байх учиртай бөгөөд ингэснээр уг харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, иргэний эрх зүйн харилцаанаас үүдэн гарах гэрээний үүргийн биелэлт, гэм хорын асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг. 

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ” гэж,

8.1.1-т “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” гэж,

 

476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж,

476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж,

477.1-т “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж,

477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж,

477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж тус тус заасан.

 

 Шүүгдэгч *** “*** ХХК болон хохирогч Д.Энхдалай нарын зүгээс бусдад зээлдүүлэхээр ямар нэгэн өмч, хөрөнгө, түүний эрхийг итгэмжлэн хариуцуулж өгсөн гэж үзэх баримт байхгүй байгаагаас тэдгээрийн хооронд бий болсон харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан “Хамтран ажиллах гэрээ”-нээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэх үндэслэлтэй юм.

 

Хамтран ажиллах гэрээ нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээж буй харилцаа бөгөөд уг гэрээг бичгээр болон амаар байгуулж болдог, мөн гэрээний талууд гэрээний хураамжийг мөнгөн хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болох тухай хуульд заасан.

 

Хохирогч *** шүүгдэгч ***нар нь хамтарч ажиллах талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч амаар тохиролцсон нөхцөл байдал, бусдад мөнгө зээлж ашиг олох хамтын зорилгоо хэрэгжүүлж буй идэвхтэй үйлдэл болон нэг талаас *** мөнгөн хөрөнгийг гаргаж, нөгөө талаас *** мэргэжлийн дагуу ажил үйлчилгээ үзүүлэх байдлаар уг харилцаанд оролцсон байгаа нь агуулгын хувьд хуульд үл харшилна гэж үзнэ. 

 

Мөн хохирогч ***шүүгдэгч *** нар нь иргэдтэй зээлийн гэрээ байгуулан хүү тохирч мөнгө зээлдүүлэхдээ нийтэд санал болгосон хүү, зээлийн нөхцөлгүй, тодорхой үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээд байгуулаагүй, хувь хүний болон хуулийн этгээдийн орлогын албан татвар төлөөгүй, ямар нэгэн санхүүгийн тайлан гаргахгүйгээр уг үйл ажиллагааг эрхэлж байсан нь албан ёсны мөнгөн зээлийн үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа зэргийг эрхлэхгүйгээр Иргэний хуульд заасан зээлийн гэрээний үндсэн дээр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулах байдлаар бусдад тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож ашиг олох хамтын зорилгыг хэрэгжүүлсэн гэж дүгнэж шүүгдэгч *** нь бусдын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн субьект биш, тэдний хамтын үйл ажиллагааны явцад гарсан эрсдэл, алдагдалд хүрсэн байдал нь уг гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн гэж тус тус шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр *** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** цагаатгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Хохирогч *** 127,732,265 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч *** өмчлөлийн *** дугаарт бүртгэгдсэн *** нэгж талбарын дугаартай 702м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч *** буцаан олгох нь зөв байна.

 

 

Хоёр. Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 525 дугаартай шүүгчийн захирамжаар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***холбогдох эрүүгийн 1718000300474 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *** цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *** холбогдох 1718000300474 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

3. Хохирогч *** 127,732,265 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн материал 6 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2 хавтас, орлогын тайлан 11 хавтас, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогч*** буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч нь 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд 2019 оны 7 дугаар сарын 25-ны 56 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 525 дугаартай шүүгчийн захирамжаар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ