Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00705            

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01297 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1508 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”,

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгжид холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 41,704,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, Б.Цэнд нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд, Д.Оюунсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, тус яамны харьяа Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгжид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 41,704,577 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01297 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 14,183,123 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгож, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн 2015 оны 09 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 28,586,309 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 228,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1508 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01297 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгжээс 2,419,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,350,232 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгж нараас 53,657.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1508 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн 2015 оны 9 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, шийдвэр, магадлалын зөрүү 11,763,923 төгрөг, 5 хоногийн цалин 865,454 төгрөг, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар 23,800,000 төгрөг, нийт 36,429,377 төгрөгөөр өөрчлөлт оруулуулахаар гомдол гаргаж байна. Магадлалын 9 дэх тал, дээрээсээ 3 дахь хэсэгт “ ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар “Монгол Улсын  олон улсын гэрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл татвар, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байна.” гэж дараах байдлаар буруу дүгнэжээ.

4.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т заасныг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1-д зааснаар Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн хэлэлцээр нь Монгол Улсын олон улсын гэрээнд хамаарахгүй байхад хамааруулж хэрэглэсэн. Санхүүжилтийн хэлэлцээрт “нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэсэн заалт байхгүй байхад байгаа мэт дүгнэсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д “ажлын хөлсөнд хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж заасны дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” сайн дураар төлж ирсэн талаар дурдсан байгаа нь Төсөл хэрэгжүүлэх нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй болохыг өөрөө баталж, өмнөх дүгнэлтээ давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн. Энэ нь тус санхүүжилтийн хэлэлцээрт Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-ыг хэрэглэх ёсгүйг нотолж байгаа болно. Санхүүжилтийн хэлэлцээр нь зээлийн баримт бөгөөд зээлийн хэмжээ, хугацаа, хүүгийн хувь, зээлийн нөхцөл, эргэн төлөгдөх хуваарь, буцалтгүй тусламжийн хэмжээ зэргийг багтаасан байдаг. Аливаа буцалтгүй тусламжид зээлдэгч талын татвар хураамжууд багтдаггүй тул Сангийн яамнаас 2015 онд баталсан “Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг тодорхойлсон 10 дугаар зүйлийн 1.16-д “Гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол ажил олгогчоос ТХН-ийн ажилтнуудад олгох нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн дүнг холбогдох ТЕЗ-ийн төсөвт тусгуулах арга хэмжээг авна” гэж зааснаар нийгмийн даатгалын шимтгэл, хураамж зайлшгүй төлөгдөх нөхцөлийг хангаж өгсөн.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг хэрэглээгүй. Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 5 дугаар зүйл, захиалагчийн үүрэг, 5.2.3-т “захиалагчийн үүрэгт ажил олгогчоос олгох НДШ-ийг төлөх; Сангийн сайдын 196 дугаар тушаалаар батлагдсан дээрх журмын Төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүргийг журамласан 14 дүгээр зүйлийн 1.6-д “Төслийн зохицуулагч нь төслийн бусад ажилтнуудыг хүн амын орлогын албан татвар, НДШ-ийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах Татварын болон Нийгмийн даатгалын албанд шилжүүлэх үүрэгтэй” гэх заалтыг орхигдуулсан. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн үзлэг хийж, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу тодруулбал, буцалтгүй тусламжид багтдаггүй нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг АХБ-ны 2010.12.31-ний өдрийн СOSO/80-170 гэрээт техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас уг төсөлд олгож байгаа 26,64 сая $-ын хөрөнгө оруулалтын 3,6 сая $-д багтааж, зардал бүрийн зориулалтыг маш тодорхой ангилж заасан нотлох баримтуудыг бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр орхигдуулсан.

4.4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл, 5 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын байгууллага болон аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан хувь хэмжээ, журмын дагуу нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэснийг болон 4 дүгээр зүйл, 2.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан “гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, 359 дүгээр зүйлд зааснаар “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа хүн албан журмаар даатгуулна” гэснийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн баримт болох төсөл удирдах гарын авлага, удирдамж, ТЭЗҮ, Сангийн сайдын 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”, түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нэгж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан гурвалсан “Хөлсөөр ажиллах гэрээ” зэрэгт нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, хөлсөөр ажиллагч нар хуулийн дагуу өөр өөрт ногдсон хэсгийг төлөхөөр зохицуулсан зохицуулалтуудыг огт байхгүй мэтээр буруу дүгнэсэн.

4.5. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ны төрийн нарийн бичгийн даргын 2019.07.31-ний өдрийн 243 дугаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар миний хөлсөөр ажиллах гэрээг 2019.08.01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосон нотлох баримт байсаар байтал 2019.07.26-ны өдрөөс 2019.08.01-ний өдөр хүртэлх 5 хоногийн ажлын хөлс 865,454 төгрөгийг олгоогүй шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг хэрэглээгүй нэхэмжлэгчийг хохироосон. Түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” миний хөлсөөр ажиллах гэрээ цуцлах үндэслэл олдохгүй байсан тул Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нэгжээс гэрээнд заасан хугацаанд 2019 оны 6, 7 дугаар сарын ажлын хөлсийг олгохгүй байж, зориудаар дарамт шахалтад оруулсан нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүй гэх үндэслэлд хамаарч байх бөгөөд энэхүү үйлдлээс шалтгаалан өргөдөл бичүүлсэн болох нь миний өргөдлийн утга, өргөдөл бичсэн өдөр 2 сарын ажлын хөлс миний дансанд орсон нотлох баримтуудаар нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлийг хэрэглээгүйгээс болж 2019 оны 8, 9, 10, 11, 12 сарын цалин 23,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн 2015 оны 9 сараас 2019 оны 08 дугаар сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж, нийт 36,429,377 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, Б.Цэнд нар хяналтын журмаар гаргасан  гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1508 дугаар магадлалын “иргэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д ээлжийн амралтын олговор олгохыг даалгаж” шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хөлсөөр ажиллах гэрээний 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг үндэслэн хариуцагч нараас 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, нийт 2,419,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна” гэж үзсэн. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2018 онд нийт 20 хоног амрах ёстойгоос нийт 16 хоног амран, 16 хоногийн амралтын олговор бүрэн олгогдож, амрах ёстой байсан 4 өдрийн амралтыг биеэр эдлээгүй тул 4 өдрийн цалинг бүтэн олгосон нь хөлсөөр ажиллах гэрээний 9.2-т “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж заасантай нийцсэн.

5.2. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019.07.31-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох тухай 243 дугаар тушаалаар 2019.08.01-ний өдрөөс эхлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн үүрэгт ажил нь дуусгавар болсон. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 12 хоног амрах эрхтэйгээс 17 хоног амран, амрах эрхээ бүрэн эдэлсэн нь хөлсөөр ажиллах гэрээний 9.1, 9.2, 9.3 дахь заалттай нийцэж байгааг шүүх үнэлж үзээгүй. Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн 2018, 2019 оны амралтын олговортой холбоотой санхүүгийн баримтыг нотлох баримтаар хэрэгт авагдсаныг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2,  116 дугаар зүйлийн 116.2-т заасантай тус тус нийцэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын ээлжийн амралтын олговор олгохыг даалгасан хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

6. Зохигч эсрэг талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй агуулгатай тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, тус яамны харьяа Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгжид холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоолгох, 41,704,577 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагч нараас 14,183,123 төгрөгийг гаргуулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн 2015 оны 9 сараас 2019 оны 8 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 2,419,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

9. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ны Төрийн нарийн бичгийн даргын 2019.07.31-ний өдрийн 243 дугаар хууль бус тушаалаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” миний хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсанаар 2019.12.31-ний өдөр хүртэлх авах ёстой байсан ажлын хөлс 23,800,000 төгрөгөөр хохирсон. Намайг 2019.08.01-ээр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан атлаа 2019.07.26-ны өдрөөс 2019.08.01-ний өдрийг хүртэлх 5 хоногийн цалинг дутуу бодож, ажлын хөлс 865,454 төгрөг өгөлгүй хохироосон. Хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу 2018 оны 9 хоног, 2019 оны 5 хоног, нийт 14 хоногийн амралтын мөнгө 2,419,200 төгрөгийг олгоогүй. 2015 оноос хойш ажиллаж байх хугацаандаа жилийн эцсээр хийсэн ажлаа дүгнүүлэн 2 удаа А үнэлгээ авсан урамшуулал 2,856,000 төгрөгийг өгөлгүй хохироосон. Гэрээнд заасны дагуу тус төсөл хэрэгжүүлэх нэгж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” миний нийгмийн даатгалын шимтгэлд 24,864,855 төгрөг төлөх ёстой байснаа төлөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүй хохироосон... Иймд Сангийн сайдын 196 дугаар журам хэрэгжиж эхэлсэн 2016.09.01-ний өдрөөс 2019.7.31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэснийг,

хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “... Нэхэмжлэгч нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэзээ гаргасан нь тодорхойгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан нэхэмжлэлээ гаргасан эсэхийг шүүхээс тодорхойлох шаардлагатай... Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019.07.31-ний өдрийн 243 дугаар тушаалыг гаргахдаа Бүс нутгийн ложистикийн төвийн 2019.07.26-ны өдрийн “Өргөдөл уламжлах тухай” 89 дүгээр албан бичиг, ажилтны өргөдлийг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг батлан гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй... Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох асуудлыг шийдвэрлэх нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүрэгт хамаарна... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

хариуцагч Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн нэгжийн зүгээс “... Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2011.01.03-ны өдөр байгуулсан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2011.01.27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан санхүүжилтийн хэлэлцээрийн хавсралт 2-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх татвар, хураамж ороогүй болно... Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т зааснаар Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгж нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нийгмийн даатгалын хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2015 оноос эхлэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Ийнхүү тус оноос эхлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлж байсан болохыг нийгмийн даатгалын хуулбараас харах боломжтой. Хэрэв “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, төсөл хэрэгжүүлэгч нэгж төлөх ёстой гэж анхнаасаа үзэж байсан бол 2015 онд сайн дураараа даатгуулах, мөн тус ажлын байранд ажиллаж байх 4 жилийн хугацаанд өөрийн эрх ашиг зөрчигдөж буй талаар удирдлага болон эрх бүхий байгууллагуудад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байгаагүй байж 4 жилийн дараа нийт ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой гэж үзэж буйг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна, уг гэрээг талууд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т заасны дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул “хөлсөөр ажиллах гэрээ үндэслэлгүйгээр цуцлагдсан болохыг тогтоож, 2019.08.01-нээс хойш төсөл хэрэгжиж дуусах байсан хугацаа буюу 2019 оны 12 сарыг дуусталх хугацаанд олгогдох байсан 5 сарын ажлын хөлс 23,800,000 төгрөгийг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь 2019.07.26-аас 2019.08.01-ний өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул 5 хоногийн ажлын хөлс 865,454 төгрөг нэхэмжилснийг, түүнчлэн Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын зохицуулалтаас үзвэл төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад олгох урамшуулал нь дан ганц ажилтны ажлын гүйцэтгэлээс хамаарахгүй, төслийн хэрэгжилтэд хийсэн жилийн үнэлгээнээс хамааралтай байхын зэрэгцээ урамшуулал олгох асуудлыг Сангийн яам шийдвэрлэх зохицуулалттай байх тул 2016 болон 2018 онд урамшуулал олгогдоогүйд хариуцагч нарыг буруутгах боломжгүй тул 2016, 2018 оны ажлын гүйцэтгэлийн урамшуулалд 2,856,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хөлсөөр ажиллах гэрээнд талууд ээлжийн амралт, амралтын олговор олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д нийцсэн, ажиллуулагч ажиллагчийг гэрээнд заасан хугацаанаас богино хугацаагаар амраасан нь түүнийг ажиллагчид гэрээнд заасан ээлжийн амралтын мөнгөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, нийт 2,419,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж, ажлын хөлсөө бүрэн авч байсан байдал хэргийн баримтаар тогтоогдож байгаа хэдий ч энэ нөхцөл байдал нь ажиллуулагчийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ажил олгогчоос төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, иймд нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд 11,763,923 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, 2015 оны 09 сараас 2019 оны 08 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн.

11. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч нараас 11,763,923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу, учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хэлэлцээр, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн дагуу Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл татвар, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн...” гэж дүгнэжээ.

12. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв, харин дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж үзэв.

13. Учир нь, Монгол Улс (Засгийн газар) болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулагдсан .... Санхүүжилтийн хэлэлцээрийн Хавсралт 3-ын хавсралт 2 буюу “Буцалтгүй тусламжийн хөрөнгийн хуваарилалт, ашиглалт” гэсэн Хүснэгт 2-ийн “АХБ-ны санхүүжилт” гэсэн хэсэгт Нийт нэхэмжилсэн зардлын 100 хувь* гэсний доод талд * тэмдэглэгээний ард “Хүртэгч талын нутаг дэвсгэрт үйлчлэх татвар, хураамж ороогүй болно” гэсэн тайлбар нь тухайн санхүүжилтийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх нэгж, түүний ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөгдсөн буюу төлөхгүй гэсэн агуулгагүй, өөрөөр хэлбэл тухайн гэрээгээр Монгол Улсын хууль тогтоомжоос өөрөөр заасан гэж үзэхгүй  юм. Иймд, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

14. Гэвч ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогч (хариуцагч) бус харин нийгмийн даатгалын байгууллага төлөх бөгөөд тухайн тэтгэмжийг даатгуулагч (нэхэмжлэгч) хуульд заасан журмын дагуу (ажил олгогч болон ажилтны хэн аль нь) нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нөхцөлд шаардах боломжтой. Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 4.1-д “Захиалагч нь ажилтны хөлсөнд сард 4,760,000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан тооцно” гэж, мөн гэрээний 4.2-т “Ажилтанд төлөх ажлын хөлсний төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хуульд заасны дагуу суутган тооцно” гэж заасан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч нь гэрээний 4.1-ийн дагуу авч байсан хөлснөөсөө 2015 оны 9 сараас 2019 оны 8 сарыг хүртэл 4 жилийн турш нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний 4.2, 5.2.3-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутган тооцолгүйгээр ажлын хөлсийг бүхэлд нь өгч байсныг нэхэмжлэгч мэдэж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардалгүйгээр 4 жилийн турш өөрийн сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан атлаа талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсны дараа “хариуцагч гэрээ болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс өөрт нь хохирол учирсан” гэсэн агуулгаар шаардаж буй нь үндэслэлгүй. Тодруулбал, талууд гэрээнд зааснаас өөрөөр буюу нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч суутгалгүйгээр, харин нэхэмжлэгч өөрөө сайн дурын даатгал төлөх байдлаар хэрэгжүүлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчийг “бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан...” гэж буруутгах боломжгүй юм.

15. Иймд, хэдийгээр “... давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.2-т заасныг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй ч, дээр дурдсан (Хянавал хэсгийн 14-т) үндэслэлээр “...хариуцагч гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн тул хохирлыг гаргуулах ёстой...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.4-т заасан гомдлыг хангах боломжгүй. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

16. Түүнчлэн, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй атлаа хяналтын шатны шүүхэд “... 2019.07.26-ны өдрөөс 2019.08.01-ний өдөр хүртэлх 5 хоногийн ажлын хөлс 865,454 төгрөгийг олгоогүй шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг хэрэглээгүй нэхэмжлэгчийг хохироосон... анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 223 болон 224 дүгээр зүйлийг хэрэглээгүйгээс болж 2019 оны 8, 9, 10, 11, 12 сарын цалин 23,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нийт 36,429,377 төгрөгийг хангаж өгнө үү.” (Тодорхойлох хэсгийн 4.5) гэх гомдлыг хангах боломжгүй.

17. Хоёр шатны шүүх зохигчийн хоорондын хөлсөөр ажиллах гэрээний 9.1, 9.2, 9.3 дахь заалтуудыг үндэслэн хариуцагч нараас 2018 оны амралтын дутуу 9 хоногийн мөнгө 1,555,200 төгрөг, 2019 оны амралтын дутуу 5 хоногийн мөнгө 864,000 төгрөг, нийт 2,419,200 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2018 онд нийт 20 хоног амрах ёстойгоос нийт 16 хоног амран, 16 хоногийн амралтын олговор бүрэн олгогдож, амрах ёстой байсан 4 өдрийн амралтыг биеэр эдлээгүй тул 4 өдрийн цалинг бүтэн олгосон нь хөлсөөр ажиллах гэрээний 9.2-т нийцсэн, шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1508 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг...” гэснийг хасаж, “...219.1,” гэсний дараа “497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг...” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 340,097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД