Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0001

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н,

Хариуцагч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн С.Н-д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай үйлчлүүлэгч нь С.Н нь Монгол улсад 23 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан “А” ХХК, “Б к и” ХХК,”Б” ХХК зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад хэвлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөр эрхэлж байсан амьдралынхаа дийлэнх жилүүдэд үйлдвэрийн ажилтан гэдэг нэршлээр өндөр зэрэглэлийн офсет хэвлэлийн компаниудад хэвлэгчээр ажиллаж байсан үйл баримтууд байгаа. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийт ажилласан жилийн баримтууд буюу хортой нөхцөлд ажиллаж байсан. бүх баримтуудаа бүрдүүлж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх буюу 4.3 дахь хэсэгт зааснаар “газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч нийтдээ 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үүнээс 12 жил нь хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлж 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах” гэсэн хуульд заасан эрхийн дагуу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан. Гэвч тус газраас та “А” ХХК-д ажилласан жил нь үйлдвэрлэлийн маршил гэсэн ажлын байрны нэртэй байна. Иймд таны “А” ХХК-д ажилласан жилийг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гэж үзэх үндэслэлгүй гэсэн хариуг амаар өгч тэтгэврийг хөдөлмөрийн хөнгөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалздаг. С.Ннь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хүсэлтээ гаргасан. Энэ зөвлөл нь өөрт заасан чиг үүргийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нарын хооронд гарсан сангийн зөрүүг арилгах зорилгоор хуралдаж тогтоол гаргасан. Ингээд тогтоол гаргахдаа 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5 дугаартай Нийслэлийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын тогтоол гарсан. Уг тогтоолын нэгдэх хэсэгт Сэдэд овогтой Нямсүрэн нь 1996 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2002 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл “А” ХХК-д хэвлэгчээр ажиллаж байсныг Нийгмийн даатгал хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны 77 дугаар тушаалаар батлагдсан тэтгэврийн хөнгөлөлтэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон халуун хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2.22 дахь хэсэгт хөдөлмөрийн хүнд нөхцөлийн хэвлэлийн үйлдвэрийн өндөр оффсет хэвлэлийн хэвлэгч гэсэн ажил мэргэжилтэй үл хамааруулан үүнд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохгүй болно гэсэн. Үүнийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2004 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох газрын дор, хөдөлмөрийн халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт 2004 онд батлагдсан гэтэл иргэн С.Ннь 1996-2002 он буюу ажил мэргэжлийн жагсаалт гарахаас өмнөх цаг хугацаанд “А” ХХК-д хортой нөхцөлөөр буюу хэвлэгчээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “А” ХХК нь хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолтыг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн. Ингэж гаргаж өгөхдөө тус компанид ажиллаж байсан С.Ннь үйлдвэрлэлийн хортой нөхцөлд ажиллаж байсан нь үнэн болох талаарх тодорхойлолтыг 2019 оны 10 дугаар сарын 29-ны 19/253 дугаар хөдөлмөрийн нөхцөлийн тодорхойлолтоор гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлснийг үл харгалзан албан тушаалын нэршлийг баримтлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс иргэн С.Нямсүрэнг тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь эхний нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж хууль бус татгалзал буюу хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Иймд эхний нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг үндэслэн С.Н-д хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Н-тэй холбоотой өргөдөл ирсэн. Би өөрөө тасгийн дарга учир хүлээж авсан. Тухайн үедээ орсон гарсан тушаал байхгүй үйлдвэрийн ажилтан тушаалаараа гомдлын шаардлагын зөвлөл хүсэлт өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч нь “А” ХХК-аас хууль бус хуурамч тушаал нөхөн гаргуулж ирсэн учир Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хуурамч тушаал байна. Нэхэмжлэгчийг хортой нөхцөлд ажилласан гэж тогтоох боломжгүй. Нэхэмжлэгчийн тухайн үед “А” ХХК-д ажиллаж байх үеийн асуудал яригдаж байсан мөн “Б к и” ХХК,”Б” ХХКнарт ажиллаж байсан талаарх нотлох баримт авагдсан байсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийслэлийн Нийгмийн даатгалын газар татгалзсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөл энэ асуудал хүргэгдэж уг зөвлөлийн гишүүн нь “А” ХХК болон “Б к и” ХХК,”Б” ХХКдээр шалгалт хийсэн. Тухайн үед С.Ннь “А” ХХК-д хэвлэгч хийж байсан дээр маргах асуудал гарсан. Гэтэл шалгалтын явцад “Б к и” ХХК, “Б*******” ХХК-иуд дээр хэвлэгч хийж байгаагүй ба үйлдвэрийн дарга хийж байсан. Хуурамч тушаал гаргаж ирсэн нь Нийгмийн даатгалын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр ирж байгаа материалыг харахад 1996 оны 10 дугаар сараас 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, дахин 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 он хүртэл нэхэмжлэгч нь хэвлэгч хийж байгаа нь нотлогдож байгаа. Гэтэл 1998, 1999 онд “А” ХХК-д хэвлэгч бус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Бид шүүх дээр “А” ХХК дээр хортой нөхцөлөөр ажиллаж байгаа дээр маргаж байгаа харин тэтгэвэр тогтооно гэсэн зүйл байхгүй. “А” ХХК дээр болон “Б к и” ХХК, “Б” ХХК-иуд дээр шалгалт хийнэ. 1996 оны 10 дугаар сараас 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2000 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 он хүртэл үйлдвэрийн хэвлэгч хийж байсан дээр маргахгүй. “А” ХХК нь ажиллаж байгаа нөхцөлийн тодорхойлолт хийж өгөхдөө 1998, 1999 онд үйлдвэрийн дарга хийж байсан гэсэн. Иймд манайх хэвлэгч хийж байсан дээр маргах зүйл байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч С.Н тус шүүхэд хандаж “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн С.Н-д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс “...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 22 дахь заалтад ... өндөр офсет хэвлэлийн хэвлэгчээр ажилласан байсанд хамаарна” гэж, хариуцагчаас  “хуурамч нотлох баримт бүрдүүлсэн..” гэж тус тус маргажээ.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолоор С.Нг 1996 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд  -ийн хэвлэлийн үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байсныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2.22, Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн “Хэвлэлийн үйлдвэрийн ......өндөр офсет хэвлэлийн хэвлэгч” гэж заасан ажил мэргэжилтэй үл хамааруулан түүнд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохгүй гэж үзэж, татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар зүйлийн 22 дахь заалтад “Хэвлэлийн үйлдвэрлэлийн бар цутгагч (тугалга хайлагч), өндөр офсет хэвлэлийн хэвлэгч, гараар үсэг өрөгч, боогч, ленотоп машинч, алт дарагч, фото зургийн лаборант”-аар гэжээ.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Н нь “А” ХХК-д 1996 онд “Үйлдвэрийн лаборант, хэвлэгч”, 1997 онд “Торгон хэвлэлийн ажилтан, хэвлэгч”, 1998 онд “Үйлдвэрийн хэвлэгч, Хэвлэх үйлдвэрийн орлогч ахлах” 1999 онд “Үйлдвэрийн дарга”, 2000-2002 оныг хүртэл хугацаанд  “Хэвлэгч”-ээр, 2002-2005 оныг хүртэл “Б К И” ХХК-д “Хэвлэгч”, “Хэвлэгч, үйлдвэрийн мастер”-аар, 2005-2007 оныг хүртэл хугацаанд “Б” ХХК-д “Хэвлэгч”-ээр  тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Мөн “А” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21/214 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн маргаж буй цаг хугацааны үеийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байгаа талаарх тайлбар, тодорхойлолтыг ирүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” 3 дахь хэсгийн 2-т “Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”  гэж хуульчилсан.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн 1996-2002 оныг хүртэл хэвлэгчээр ажиллаж байсан үеийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байгаа эсэхийг бүрэн, зөв тогтоолгүйгээр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хортой нөхцөлд үл хамааруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэн өндөр насны, хортой буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх нь нийгмийн даатгалын байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй ажилласан хугацаа нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах эсэхийг шүүх дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн хуульд заасан болзол шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрх нь Монгол улсын иргэний үндсэн эрх бөгөөд тухайн иргэн хуулиар тогтоосон болзол, шаардлагыг хангаж буй тохиолдолд захиргааны байгууллагаас түүний тэтгэвэр авах эрхийг хязгаарлах эрхгүй.

Иймд нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2заасныг тус тус баримтлан С.Н-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл,    Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах гэж хангаж, үлдэх хэсэг болох “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн С.Н-д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ