Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0075

 

 

 

 

 

 

 

Г.М, А.М нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: Г.М, А.М

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Р.Н, М.М, М.Б, Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв хэмжээгээр зөвтгөх олгохыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжийн А.М, Р.Н, М.М, М.Б, М.М нарт холбогдох хэсгийн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Г.Мт газар олгосон 700 м.кв талбайгаас гуравдагч этгээдүүдийн газартай давхцуулан олгосон 200 м.кв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2024/0844/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М, А.М нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв хэмжээгээр зөвтгөх олгохыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжийн А.М, Р.Н, М.М, М.Б, М.М нарт холбогдох хэсгийн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Гуравдагч этгээд нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Г.Мт газар олгосон 700 м.кв талбайгаас гуравдагч этгээдүүдийн газартай давхцуулан олгосон 200 м.кв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлага гарган тус тус маргасан байна.

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нэхэмжлэгч Г.М, А.М нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн дагуу Г.М, А.М нарын өмчилсөн газрын гэрчилгээг 700 м.кв болгож, зөвтгөхөөс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг 700 м.кв хэмжээгээр зөвтгөж олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжийн А.М, Р.Н, М.Б, М.М, М.М нарт холбогдох хэсгийн давхцалтай хэсгийг хүчингүй болгож,

 2 дахь заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдүүдийн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Г.Мт газар олгосон 700 м.кв талбайгаас гуравдагч этгээдүүдийн газартай давхцуулан олгосон 200 м.кв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай”  бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газарт нэхэмжлэгч бодитоор өөрийн эзэмшил, ашиглалтад байдаг боловч газрын кадастрын зураг болон захирамжаар А.М нарын иргэд мөн өмчилдөг. Иймээс бусдын өмчийн газрыг нэхэмжлэгчид олгох боломжгүй, хажуу тал руу нь 700 м.кв болгож зөвтгөж олгоход нийтийн эзэмшлийн газар байгаа тул боломжгүй нөхцөл байдал болон хуульд заасан үндэслэлийн дагуу өгсөн үндэслэл бүхий хариу юм. Шүүхээс мөн давхцуулан гуравдагч этгээдүүдэд олгосон гэх боловч хавтаст хэрэгт яг аль хэсгээрээ давхацсан талаарх баримт байхгүй. Геодези зураг зүйн ерөнхий газраас өгсөн албан бичгээр давхцал байхгүй анхнаасаа газрын мэдээллийн санд 500 м.кв  болон 514 м.кв гэж зурагдсан байдаг. Гэтэл шүүхээс давхцалтай хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй, хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй бусдын газар өмчлөх эрх рүү халдсан шийдвэр болсон байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

4.1.1. Хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үндэслэлийг тайлбарлахдаа “гуравдагч этгээд А.М нарт өмчлүүлсэн газраас болон нийтийн эзэмшлийн зам, талбайгаас өмчлүүлэх боломжгүй” гэж нэхэмжлэгчийн хүсч буй талбайн хэмжээг нэмэгдүүлж 700 м.кв болгон шийдвэрлэх ямар ч боломжгүй талаар бодит үнэн тайлбарыг хэлсэн байхад шүүхээс хариуцагчийн тайлбарыг илт мушгин тайлбарласан төдийгүй “хууль болон үйл баримтын хооронд уялдаа холбоогүй, илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэлтийн илрэл” гэж хэт өрөөсгөл байдлаар дүгнэсэн шүүхийн энэхүү дүгнэлт нь харин хэрэгт цугларсан нотлох баримтад нийцэхгүй, бодит байдалд биелэгдэх боломжгүй дүгнэлтийг хийсэн. Гуравдагч этгээд  нарт өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжид мөн адил 700 м.кв өмчлүүлсэн боловч газрын хэмжээ багасаж 516 м.кв-аар газар өмчлүүлэх гэрчилгээнд тавьсан байгаа нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “тухайн үед газрын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байсан тул хашаалсан хэлбэрээр шууд 700 м.кв гэж бичиж өмчлүүлдэг практик байсан” гэсэн тайлбарыг шүүх анхаарч авч үзээгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн өмчилсөн газар дээрээ Улсын бүртгэлийн байгууллагад хандаж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч баталгаажуулах зорилготой байсан бөгөөд ингэхдээ газрын хэмжээ өөр өөр байгааг 2023 онд улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа мэдсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан ба ийнхүү мэдсэн гэж үзвэл шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгааг шүүх анхаарч авч үзээгүй, улсын бүртгэлийн байгууллагад хандсан хугацааг мөн шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын захирамж 2003 онд гарснаас хойш өнөөдрийг хүртэл 22 жилийн дараа, эрхээ зөрчигдсөн тухай 2023 онд Улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа мэдсэнээс хойш гэж үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нөхцөл байдлыг анхаарч авч үзэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

4.2.1. Газар өмчлүүлэх харилцаанд “хүсэлт гаргасан дараалал” нь эрх үүсгэх зайлшгүй нөхцөл биш юм гэж дүгнэсэн атлаа “гуравдагч этгээд хүсэлтээ нэхэмжлэгчээс түрүүлж гаргасан, нэхэмжлэгчид газар өмчлөх эрх түрүүлж үүссэн энэ тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр өөрөө логикгүй, зөрүүтэй дүгнэлт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.  Гуравдагч этгээд А.М өөрийн эзэмшиж, ашиглаж байсан газраа түрүүлж өмчлөхөөр хүсэлт гаргасан, харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс сүүлд хүсэлт гаргасан боловч гуравдагч этгээдээс түрүүлж Засаг даргын өмчлүүлэх захирамж гарсан хэдий ч кадастрын мэдээллээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар, байршил, хэлбэр, хэмжээ өөрчлөгдөөгүй, давхцаагүй гэж үзэж хашаалсан хэлбэрээр Нийслэлийн Засаг даргаас өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тус заалтыг баримталж байгаа тохиолдолд хэн түрүүлж хүсэлт гаргасан асуудал яригдах бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээд нэхэмжлэгчээс түрүүлж өмчлөх хүсэлт гаргасан байхад шүүх хуулийн заалтыг хэргийн оролцогч нарт өөр өөр байдлаар буюу хэн нэгэнд ашигтай байдлаар тайлбарлаж, хэрэглэсэн байгааг анхааралдаа авахыг хүсч байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт өмчлүүлсэн хаягжилт болон газрын хэмжээ болон давхцал байгаа эсэхийг хянан шалгах үүрэг нь хариуцагч нар бөгөөд хариуцагч нарын энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх хязгаарлагдах, өмчилсөн газрын хэмжээг багасгаж хохирох ёсгүй гэж үзэж байна.

4.3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

4.3.1. Тухайн нөхцөл байдал дээр 200 м.кв газар нь хий хоосон газар бөгөөд нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 700 м.кв гэж газрын гэрчилгээг зөвтгөнө гэж үзвэл гуравдагч этгээдийн одоо өмчилж байгаа 516 м.кв газраас хасагдах бөгөөд бодит байдалд хэрэгжих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нараас дээрх шаардлага гаргаж байгаа тохиолдолд гуравдагч этгээд нарын өмчилсөн газраас 200 м.кв газар хасагдах болж байгаа бөгөөд энэ үүднээс нэхэмжлэгч нараас шаардаж буй 200 м.кв-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гуравдагч этгээд нарын зүгээс гаргасан болно. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт 2003 оны 413 дугаар захирамжийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр 700 м.кв гэж буруу бичсэн нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт болсон төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Мөн А.М түүний гэр бүлийн гишүүд анх тухайн газартаа амьдарч байсан бөгөөд өөрийн танил Г.Мыг хашаандаа буулган ашиглуулж байсан бөгөөд ийнхүү буулгаж ашиглуулснаас болж маргаан гарах эх үүсвэрийг бий болгосон бөгөөд тухайн үед нэхэмжлэгч, гуравдагч этгээд  нар газрын асуудлаар маргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээр 2004 оны 10 сард шийдвэрлүүлж газрыг 50:50 хувааж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэр нь орон гэр нь шатсанаас үүдэн олгох боломжгүй болсон байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Г.М, А.М нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжийн дагуу нэхэмжлэгчийн өмчилсөн 700 м.кв газрын гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг газрын бодит хэмжээ болох 700 м.кв хэмжээгээр зөвтгөж олгохыг хариуцагч нарт даалгах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжийн А.М, Р.Н, М.М, М.Б, М.М нарт холбогдох хэсгийн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Гуравдагч этгээд Р.Н, М.М, М.Б, Б.М нараас мөн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар Г.Мт газар олгосон 700 м.кв талбайгаас гуравдагч этгээдүүдийн газартай давхцуулан олгосон 200 м.кв хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргажээ.

2.3. Анхан шатны шүүхээс “...хууль зүйн болон бодит баримтын үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг баталгаажуулсан 700 м.кв хэмжээтэй газар нь хуульд нийцсэн, тухайн хэмжээгээр гэрчилгээг зөвтгөж олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь хууль бус, гэрчилгээнд 700 м.кв гэж бичсэн нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн ... Нийслэлийн Засаг дарга 2003 оны 569 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарын газарт давхцуулан гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл болно. Үүнээс гуравдагч этгээд хүсэлтээ нэхэмжлэгчээс түрүүлж гаргасан нэхэмжлэгчид газар өмчлөх эрх түрүүлж үүссэн энэ тохиолдолд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын уг захирамж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчөөгүй ...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хангаж, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, иргэдийн газар өмчлөх эрхийн тэгш байдлыг алдагдуулсан, биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.

2.4. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд нарын өмчлөлийн газраас 200 м.кв талбай бүхий газрыг хасч нэхэмжлэгч нарт олгох байдлаар шууд дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Г.М, А.М нар анх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчийн 18 дугаар гудамж 166 тоот газарт 30х25 хэмжээтэй 700 м.кв газрыг өмчилж авах хүсэлтээ 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар тус газарт 700 м.кв газрыг нэхэмжлэгч нарт өмчлүүлэхээр,

3.2. Харин гуравдагч этгээд Р.Н, М.М, М.Б, Б.М нар анх Чингэлтэй дүүрэг, 17 хорооны сурагчийн 18 дугаар гудамжны 166 тоот газарт 700 м.кв газрыг өмчилж авах хүсэлтээ 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжаар тус газарт 700 м.кв газрыг гуравдагч этгээд нарт өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

3.3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “... тус газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгохдоо газрын талбайн хэмжээг 500.10 м.кв гэж бичилтийн алдаатай гаргасан бөгөөд  уг алдааг зөвтгөж гэрчилгээ олгох хүсэлт гаргасан боловч боломжгүй гэх хариуг өгсөн ... нэхэмжлэгч нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өмчлөх эрхийн захирамж гарсан бол гуравдагч этгээд нарт 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу манайд газар өмчлөх эрх олгосны дараа тус газрыг давхцуулан өмчлүүлсэн ...” гэж,

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... маргаан бүхий захирамжууд дээр 700 м.кв гэж гарсан нь техникийн шинжтэй алдаа, хоорондоо ямар нэг давхцал байхгүй, бодит байдал дээр тус бүр 500 м.кв байгаа учраас 700 м.кв болгож гэрчилгээ олгох боломжгүй ...” гэж,

3.5. Гуравдагч этгээд нараас бие даасан шаардлага, түүний үндэслэлээ  “... бид газар өмчлөх хүсэлтээ түрүүлж гаргасан байдаг ... тухайн үед нь бодит байдлыг зөвтгөөд аль алинд нь зохицуулж өгөх бүрэн боломжтой байсан ... бодит байдал дээр нийт газрын талбайн хэмжээ 1051 м.кв байхад нэг хаяг дээр тус бүр 700 м.кв-ийг эзэмшүүлсэн нь хууль бус тул нэхэмжлэгч нарт манай газартай давхцаж буй 200 м.кв газрыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хууль хэрэглээний тухайд:

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.М, А.М нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар өмчлүүлэх гэрчилгээ олгосон байх боловч “500.10 м.кв, 6601320 төгрөг” гэж, мөн “700 м.кв, 9240000 төгрөг” гэж 2 өөр газрын хэмжээ болон үнэ бичигдсэн гэрчилгээнүүд байгаа нь ойлгомжгүй.

4.2.  Мөн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газрын үзлэг хийсэн байх бөгөөд тус үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны сурагчийн 18 дугаар гудамж 166 тоот хаягт байрлах 38.5х27.30 метр талбай бүхий газар нь нэхэмжлэгч Г.М, А.М нарын хашаагаар 2 айлын газар нийтдээ хашаалагдсан байх төдийгүй гуравдагч этгээд нар нь тухайн өмчлөлийн газар дээрээ амьдардаггүй болохыг тайлбарласан байх бөгөөд уг газрын үзлэгт хариуцагч, гуравдагч этгээд нар оролцоогүй байна.

 4.3. Түүнчлэн нэхэмжлэгч Г.М, А.М болон гуравдагч этгээд Р.Н, М.М, М.Б, Б.М нарын өмчлөлийн нийт газрын талбайн бодит хэмжээ 1016 м.кв болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/985 дугаар албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/1348 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

5. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл “Төрөөс газрын талаар баримтлах зарчим” гээд 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж,

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйл “Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх” гээд 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.

5.1. Дээрхээс дүгнэвэл, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжид нэхэмжлэгч нарт олгох өмчлөлийн газрын талбайн хэмжээг 700 м.кв гэж заасан атлаа газар өмчлөх гэрчилгээнд 700 м.кв болон 500.10 м.кв гэж өөр хоорондоо зөрүүтэй байдлаар тусгасан төдийгүй газрын кадастрын мэдээллийн санд 500 м.кв гэж тус тус оруулсан, мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 569 дүгээр захирамжид гуравдагч этгээд нарт олгох өмчлөлийн газрын талбайн хэмжээг 700 м.кв гэж заасан атлаа газрын кадастрын мэдээллийн санд 516 м.кв гэх зэрэг байдлаар оруулсан байгаа нь хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

5.2. Тодруулбал, нэгэнт хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүд хоорондоо зөрүүтэй, бодит газрын хэмжээ тухайн нөхцөл байдлыг тодруулж шалгалгүйгээр иргэдэд газар өмчлүүлсэн байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргах үндэслэл бий болсон нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, газрын үзлэг зэргээр тогтоогдож байна.

5.3. Энэ тохиолдолд  хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өмчлөлийн газрын бодит нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зарчмын дагуу дахин шинэ акт гаргах нь зүйд нийцнэ.

5.4. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нь тогтоогдсон боловч шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт хэн алинд нь 700 м.кв газар өмчлүүлэх шийдвэр гаргах буюу захиргааны акт гаргахыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

5.5. Өөрөөр хэлбэл, энэ нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх болоод тодорхой үе шаттай хэрэгжих асуудал бөгөөд эдгээр нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн асуудал байх тул маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт, мөн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгүүд болон газар өмчлүүлэх гэрчилгээнүүдийг тус тус дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.6. Давж заалдах шатны шүүхээс уг маргааны үйл баримтад дүгнэлт хийж гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой хэдий ч гуравдагч этгээдүүдэд 700 м.кв талбай бүхий газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамж болон газар өмчлөх гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байх тул цаашид энэхүү маргаан үргэлжлэх буюу эцэслэн шийдвэрлэгдэхгүй байх магадлалтай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 869 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт, мөн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгүүд болон газар өмчлүүлэх гэрчилгээнүүдийг тус тус 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсэг болон газар өмчлүүлэх гэрчилгээнүүд хүчингүй болохыг тайлбарласугай гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА