Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/343

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0338/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Г.Уянга,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 221800380433 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ***төрсөн, 22 настай, эрэгтэй, ***боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар *** тоотод оршин суух хаягтай, урьд

*** /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл *** тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор фейсбүүк цахим хуудсаар  *** нэртэй хаягаас лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Хаан банкин дахь *** дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 3,130,096 төгрөгийн ашиг олсон болох нь:

 

Фейсбүүк цахим хуудасны  *** нэртэй хаягаас лайв, бичлэг хийснийг фото зургаар өгсөн баримтууд /хавтаст хэргийн 16-22 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/, Хаан банкин дахь Б.Төгсбилэгт, *** нарын эзэмшлийн***дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 111-140 дүгээр тал/, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч *** мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй байх тул шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн сард 500,000 төгрөгөөр төлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,130,096 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5,000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,130,096 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . Шүүгдэгч *** мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,130,096 төгрөгийг түүнээс гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГЭРШИХБӨРТЭ