| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/00603/И |
| Дугаар | 181/ШШ2020/01089 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2020/01089
| 2020 04 24 | 181/ШШ2020/01089 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Д.У-ын нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Э.М-т холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б.М, нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Д.У миний бие нь 2009 онд Б.Мтай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 6 дугаар сарын 02-нд хүү М.Сүлд, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд охин М.Индра нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тус тусдаа амьдрах болсон юм. Б.М нь салж явсанаас хойш нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, хүүхдүүдээ ер эргэж тойрдоггүй.
Тэр үеэс хойш хүү, охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торниж байгаа бөгөөд хоёр хүүхдээ би өөрөө авна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү М.Сүлд, охин М.Индра нарт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Өмнөговь аймагт айлын мал маллаж байна. Энэ ажлынхаа завсараар нь барилгын ажил хийдэг. Нэхэмжлэгч Д.У бид хоёрыг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 6 дугаар сарын 02-нд хүү М.Сүлд, 2014 оны 01 дүгээр сарын 16-нд охин М.Индра нар төрсөн.
Би хоёр хүүхдийнхээ эцгийн хувьд хүүхдүүдээ харж хандалгүй яахав, нэгэнт Уранжаргал өөр хүнтэй суусан, өөрийн гэсэн амьдралтай болсон болохоор би хүүхдүүдийн сэтгэлийг үймүүлээд яахав гэж бодоод хүүхдүүдээ эргэж очдоггүй, утсаар ч ярьдаггүй нь үнэн.
Б.М миний бие одоо өөр эхнэртэй болсон нэг хүүхэдтэй бөгөөд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн эд хөрөнгө гэх зүйлгүй, арай ядан л өөрийгөө нэг юм болгож явдаг учир хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй болно.
Иймд энэхүү нөхцөл байдлыг минь харгалзан үзэж тэтгэлэг төлөхөөс чөлөөлж, боломжгүй бол тэтгэлгийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Б.Мт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.М, Д.У нар нь 2009 онд танилцаж хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүү М.Сүлд, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр охин М.Индра нарыг төрүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.У нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Мөнхбаярын Сүлд, Мөнхбаярын Индра нар нь эх Д.Уын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, тус хорооны өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, тус хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-6, 8-9-р хуудас/
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул тэтгэлгийг хуульд зааснаар тогтоох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү М.Сүлд, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин М.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Б.Маас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74.060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Б.М, Д.У нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО