| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2023/1017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1100 |
| Огноо | 2023-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1100
2023 11 03 2023/ШЦТ/1100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Алтанцэцэг,
Улсын яллагч: Э.Мөнхболд,
Шүүгдэгч: О.О, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүүлүү овогт О.Оад холбогдох эрүүгийн 2309 00000 2101 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Г” танхимд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20..... оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж эгч дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн .............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Хүүлүү овогт О.О /РД:................./,
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 891 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч О.О нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К С”-д хохирогч Е.Эгийн хоолойг боож түлхэн эрүүн тус газраас нь базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Е.Эгийн "...Тэгээд би хайж байгаад олоод Наас чамаас асуух юм байна аа хоёулаа гараад юм ярьчхаад ороод ирье гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс аймар муухай харж байснаа би найзыгаа хүлээж байна гэсэн. Тэгэхээр нь би чамаас хоёрхон юм асууна гараад ир гэсэн. Тэгсэн чинь найзыгаа ирэхээр гарна гэж хэлсэн. Тэгээд нөгөө Б гэдэг эрэгтэй найз нь ирсэн. Жинхэнэ нэрийг нь О гэдэг. Тэгээд за найз чинь ирчихлээ гялс гаръя гэж хэлсэн. Тэгээд алхаад явж байсан чинь Б ард над руу аймар хараагаад яваад байсан. Тэгээд Н нь ард байгаа найзыгаа харчхаад буцаад орох гэж байсан. Тэгэхээр нь би гараас нь бариад би чамаас хоёрхон юм асууна гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу аймар сонин хараад явах гэсэн. Тэр үед Б нь миний цээж хэсэг рүү цохиж орж ирээд энэ хүнд чамтай яриад байх юм байхгүй алга бол гичий минь гэж хэлээд түлхсэн. Тэгээд Бг над руу хүч хэрэглэх гээд байхаар нь Н би татаад хацар хэсэг рүү нь цохисон. Тэгсэн чинь Б нь миний 2 гарыг ард чагталж барингуутаа хоолойноос багалзуурдаж бариад чи зүгээр алга болооч дээ гээд аймар олон үгээр хараагаад тэгэхээр нь чи яагаад хоёр эмэгтэй хүний голоор ороод байгаа юм бэ гэхэд чи анхнаасаа цохих гэж байсан биз дээ гээд хэрүүл маргаан үүссэн. Тэгээд Б намайг багалзуурдаад хоолой боогоод байхаар нь хамгаалагч нь ирж салгасан. Тэгээд Б дахиж ирж намайг хоолой боогоод тэгэнгүүтээ гараад явах гэж байхад гараас аймаар чангаар базаж сүрдүүлээд байсан...Н бол миний биед яг халдаж хүрсэн зүйл бол байхгүй. Б буюу О нь хоёр гар чагталж барьж, хоолой багалзуурдаж аймаар хүчтэй базаад байсан. Эрүү хоолой хоёрын голд базаад байсан” гэх мэдүүлэг /хх 32/,
-Гэрч Оийн "...2023 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Э, Х, З нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын зүүн талд "К С" нэртэй газар үйлчлүүлсэн. Тухайн газарт парти болж байсан. Тэр газарт Нтай тааралдсан. Э, Н хоёр уулзах гээд гарцгаасан, би тэндээ үлдсэн. Аймаар удаагүй. О, Э хоёр буцаж орж ирсэн. О нь Эг хараагаад надад хандаж чи энэ гичийгээ эндээс аваад зайлаач ээ гээд элдвээр хараагаад орилж яриад байсан. Тэгээд О нь Эгийн шуунаас нь барьчихсан хоолойг нь багалзуурдаж байсан. Тэгээд Э нь зөрүүлээд хоолойноос нь барьчихсан байсан. Би салгах гэсэн ч О гараас нь тавихгүй байсан, арай гэж гарыг нь тавиулсан. Тэгээд байж байсан чинь хамгаалагч ирээд тэр хоёрыг салгаад гаргасан. Байж байгаад буцаж О орж ирээд Эгийн гараас дахиад бариад чи энийгээ аваад хурдан зайлаач ээ гээд байсан..." гэх мэдүүлэг /хх 45/,
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 08 сарын 29-ны өдрийн 10820 дугаартай "Е.Эгийн биед доод эрүүний баруун талын үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх 47-48 /,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн “...2023.08.26-ны өдрийн 00:42:03 цагт хохирогч Е.Э, Б.Н нар явж байхад араас нь О ирээд Нийн гараас нь татаж байлаа. Хохирогч Е.Э нь Н нүүрэн тус газарт нь цохингуут О нь салгаж болиулаад Эг түлхээд эрүүнээс нь баруун гараараа базсан үйлдлийг харуулав..." гэсэн тэмдэглэл /хх 26-28/ болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хоолойг нь боож, эрүүнээс нь базсан үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.О нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Оюунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Хохирогч Е.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.000.000 төгрөг нэхэмжилснээс 40.000 төгрөгийн баримтыг гарган өгч, шүүгдэгч О.Оаас нэхэмжилсэн байна.
Иймд хохирогч Е.Эд нийт 40.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж шүүх дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оаас 40.000 /дөчин мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Е.Эд олгож шийдвэрлэв.
Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч О.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн ирээдүйн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэж өгнө үү гэжээ.
8. Шүүгдэгч О.Оад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүхээс шүүгдэгч О.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, өөрийн үйлдэлд дүгнэлт өгч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүүлүү овогт О.О /РД:................./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Оаас 40.000 /дөчин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Е.Э /РД:СЩ05212526/-д олгосугай.
6. Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч О.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсаргасан нэг ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ