Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0864 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантантуул

Хэргийн индекс: 128/2025/0813/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0864 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т тус тус баримтлан иргэн Т.Бын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0864 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд: Нэхэмжлэгч Т.Б нь төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан бөгөөд энэ нь төрийн жинхэнэ албанд төрийн үйлчилгээний, төрийн улс төрийн алба аль аль нь хамаарахгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь захиргааны байгууллагын шинжийг агуулаагүй байна гэж дүгнэн улмаар тус санд ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй хэмээн үзсэн байна. Улмаар нэхэмжлэгч Т.Быг Төрийн албанд ажиллаж байсан эсэх талаар Төрийн албаны зөвлөл дүгнэлт гаргах эрхтэй хэмээх дүгнэлтэд хүрсэн байна.  Мөн анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөл хуулиар харьяалуулсан чиг үүргийн хамаарлыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 3.1.2.в-д тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн тусгай, төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Гэтэл анхан шатны шүүхээс төрийн жинхэнэ албан хаагчийн томилгооны үйл ажиллагаанд хяналт тавих асуудлаар хууль зүйн дүгнэлт өгсөн нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлд төрийн үйлчилгээний болон төрийн улс төрийн албан тушаалтны асуудлаар хяналт хийх, дүгнэлт мэдээлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг яагаад нэг гишүүн дангаар гаргах эрхтэй эсэх талаар мөн дүгнэлт хийлгүй үлдээжээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Т.Б нь төрийн үйлчилгээний албан хаагчийн дотоод жишгээс өндөр цалин авч байсан нь төрийг үйлчилгээний албанд хамаарахгүй гэж үзсэн байна. Гэтэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан хаагчдын цалинг байгууллагын гүйцэтгэх захиралын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар шинэчлэн баталсан ба засгийн газрын тогтоолын дагуу батлагдсан төсөвтөө багтаан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод жишгээс дордуулахгүйгээр тогтоосон болно. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.17, 16.5.3-д зааснаар батлагдсан цалинг орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын хөлсийг тогтоох бүрэн эрхтэй байсан байна. Нэхэмжлэгч Т.Б нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд Техник технологийн албаны мэргэжилтэн, Улаан буудайн үйлдвэрлэл, хангамж хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс “...Үйлдвэр техник борлуулалтын албаны нярвын үүрэгт ажилд...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон нь буруу байна.

Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнийг төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасан тухайд: Тус тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэргэлэл”-ийн жагсаалтын 8 дахь заалтад Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын мэргэжилтэн нь төрийн үйлчилгээний албан хаагч байхаар заасан. Мөн тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 9.1.4-д заасан заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 14.1.3-т зохицуулалт нь хэвээр үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд ажилладаг байсны хувьд, мөн Төсвийн тухай хуулийн 4.1.34, 16.4.17, 18.5-д тус тус заасны дагуу төсвийн байгууллага болохын хувьд “Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллага”-д бүрэн хамаарч байна. Иймд нэхэмжлэгч Т.Бын эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод заасны дагуу төрийн албан хаагчид хамаарах тухайд: Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-ыг соёрхон баталсан байдаг. Тус конвенцод зааснаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр томилогдсон этгээд нь цалинтай, эсхүл цалингүй ажилладаг эсэхээс үл хамааран, мөн улсын үйлдвэрийн газар, төрийн байгууллагад ажилладаг эсэхээс үл хамааран “төрийн албан хаагч” гэх статустай байхаар байна.

Эрүүгийн хэргийн шүүхэд төрийн үйлчилгээний албан тушаалд хамааран буюу гэмт хэргийн субъектийн шинжийг хангана гэж дүгнэж буй тухайд: shuukh.mn-д нийтлэгдсэн шүүхийн шийдвэрүүдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан хаагч төрийн албан хаагчид хамаарах эсэх талаар дүгнэлт хийсэн шийдвэр байдаггүй ба зөвхөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албан хаагч төрийн албан, нийтийн албан тушаалтан мөн эсэхэд дүгнэлт хийсэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр байдаг. Нийслэл дэх эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2002004430331 дугаартай хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцсэн байх ба магадлалдаа тусгасан дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 14.1.3-д зааснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан хаагч нь төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах талаар тодорхой тусгажээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгаагүй тухайд: Анхан шатны шүүх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн статусыг “аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн газар” буюу төрийн байгууллага, албан газар биш гэж дүгнэсэн байна. Тухайн байгууллагын статусын тодорхойлох тохиолдолд хуулийн  улсын бүртгэлийн гэрчилгээнд юу гэж бүртгэгдсэнийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2004 оны оны 08 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон улсын бүртгэлийн гэрчилгээнд “Төрийн байгууллагын албан газар, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар” хэмээн бүртгэжээ. Үүний дагуу төрийн байгууллага, албан газар гэдэг нь илэрхий байна.

Нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх тухайд: Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/125 албан бичгээр гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид төрийн албанд 4 жилийн хугацаанд ажилласан гэх статус сэргэх ба улмаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар эгүүлэн томилогдох, цаашид төрийн албанд ажиллахдаа сар бүрийн үндсэн цалингаасаа 4 хувийн нэмэгдэл авах боломж бүрдэнэ. Мөн одоо хүртэл Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх залгамжлагч байгууллага нь төрийн үйлчилгээний албан тушаалд ажилладаг байсныг нь хүлээн зөвшөөрдөг.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/2025/0864 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье”,

3.2. Нэхэмжлэлийн өмгөөлөгч Г.Х “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0864 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь төрийн байгууллага тухайд: Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор Буудай санг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болгон өөрчилж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Улсын Их Хурлаас баталсан “Засгийн Газрын Тусгай сангийн тухай” хуульд заасны дагуу үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар баталсан байдаг. Иймд “Тариалан эрхлэгчдийг дэмжих сан” нь агуулгын хувьд төрийн үйлчилгээний байгууллагын шинжийг бүрэн хангасан төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байсан болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй зөвхөн цалингийн сүлжээний ЗГ-ын тогтоолыг үндэслэж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Уг шийдвэрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд үндэслэн ҮГ-ын тогтоолоор гаргасан бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгохоор заасан байна. Тариалангийн тухай хуульд 2009 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн улсад болон гурилын үйлдвэр нийлүүлсэн буудайн тонн тутамд мөнгөн урамшуулал тооцон олгож болохоор хуульчилсан байдаг. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар урамшуулалд хамрагдах ААН-ийн иргэдийг жагсаалт, урамшуулалын хэмжээг баталж, олгож ирсэн байдаг бөгөөд энэхүү урамшуулалын хэмжээг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож байсан нийт илэрхий баримт байдаг.

Улсын бүртгэлийн байгууллага Тариалан эрхлэлтийг дэмжих санг төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж бүртгэсэн тухайн үеийн хүчин төгөлдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүх анзаарч үзээгүйд гомдолтой байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1.1, 10.1.2, 11.1-д заасны дагуу Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж, төрийн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэж үзэж, улсын бүртгэлийн байгууллагаас “Тариалан эрхлэлтийг дэмжих санг төрийн байгууллага, албан газар ангиллаар бүртгэж, гэрчилгээ бүртгэж, гэрчилгээ олгосон байхад шүүх уг бүртгэлийн хууль ёсны, бүртгэл үнэн зөв байх байдалд дүгнэлт өгөхгүйгээр хэргийн шийдвэрлэсэн. Тариалан эрхлэх сан нь бодитоороо төрийн байгууллагын чиг үүрэг хэрэгжүүлдэг талаар дүгнэлт хийгээгүй. Дээрхээс гадна Тариалан эрхлэх сан нь захиргааны шинжтэй шийдвэр гаргах үйл ажиллагаа эрхэлдэг, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэгт шууд нөлөөлөх захиргааны шийдвэр гаргадаг. Анхан шатны шүүхээс Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-ын агуулгыг үнэлж дүгнээгүй.

Төрийн үйлчилгээний алба нь төрөөс иргэн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүргийг агуулдаг бөгөөд ийм чиг үүргийг төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээд адил тэгш хэрэгжүүлэх боломжтой.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, захиргааны эрх зүйн суурь ойлголтыг агуулгаар нь тайлбарлаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заалт нь улсын төсвөөс санхүүжих хэлбэрийг тодорхойлсон байхад төрийн бодлого хэрэгжүүлэх, захиргааны эрх мэдэл эдэлж байгаа эсэхийг үгүйсгэхг зохицуулалт биш байхад анхан шатны шүүх явцуу тайлбарласан.

Дээрхээс гадна Аж ахуйн тооцооны зарчмыг төрийн албанд хамаарахгүй гэсэн дүгнэлт, цалингийн хэмжээгээр төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах эсэхийг үгүйсгэсэн дүгнэлт зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр баталсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн зохицуулалт болон Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай /2006/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.14-д Тариалан эрхлэлтийг дэмжих сан орсон байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/2025/0864 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Б нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаар албан бичгээр гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Т.Б нь анх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар тус сангийн Техник технологийн албаны мэргэжилтнээр, мөн захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Үйлдвэрлэл, техник борлуулалтын албаны мэргэжилтнээр тус тус томилогдож, хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байжээ.

3.2. Улмаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Т.Быг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3.3. Үүний дараа Т.Б Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад нэр дэвшиж, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түүнийг дэмжсэн боловч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1325 тоот албан бичгээр “... Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажилласан хугацааг төрийн албанд ажилласанд тооцох боломжгүй байгаа нь ... хуульд заасан шалгуурыг хангахгүй байгаа тул буцаав” гэсэн хариу өгсөн байна.

3.4. “Хөдөө аж ахуйн корпораци“ ТӨХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/1186 дугаартай албан бичгээр “Т.Б Хөдөө, аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2012 оны 09 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын хооронд Улаанбуудайн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Хүнс, үрийн буудай хангамж, борлуулалт хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үндсэн цалингийн ТҮ-6 дугаар шатлалаар цалинжиж ажиллаж байсан нь үнэн болно” гэж тодорхойлсон байх ба Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Иргэн Т.Бын гаргасан хүсэлтийн мөрөөр хяналт хийсэн тухай” хяналт, шалгалтын танилцуулгаар “Т.Бын “Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажилласан 52 сарыг төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан гэж үзнэ” гэж дүгнэсний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар Т.Быг тус аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар томилжээ.

3.5. Гэтэл иргэн Э.Тс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан “... Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Орхонтуул сумын Засаг даргаар Т.Б гэх төрийн албанд ажилласан жил хангахгүй хүнийг хууль бусаар томилсон” гэх гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.П Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргад хандан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаар албан бичгээр “... Т.Быг төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгыг дахин хянахыг хүсье” гэжээ.

3.6. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Танилцуулга”-аар “Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг баталсан. Энэхүү ангилал, зэрэглэлд тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан тушаал ороогүй байх тул Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаартай албан бичигт “Т.Быг төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан гэх үндэслэлгүй байгаа тул” гэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Т.Бын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг Төрийн албан тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.5 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлд шилжүүлэх саналтай байна” гэж дүгнэснээр энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Буудай сан”-г “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болгон зохион байгуулж, аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба харин нэхэмжлэгчээс тус санд төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж, албан тушаалын цалингийн ТҮ-6 зэрэглэлээр ажилладаг байсан хэмээн тайлбарлан маргаж байна.

 4.2. Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.8-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.

4.3. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг заасан байх ба үүнд нэхэмжлэгч Т.Бын ажиллаж байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Техник технологийн албаны мэргэжилтэн, Үйлдвэрлэл техник борлуулалтын албаны мэргэжилтэн гэсэн албан тушаалыг нэрлэн заагаагүйгээс гадна “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулахаар Засгийн газрын дээрх тогтоолоор тогтоосон бөгөөд яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллага гэж үзэхээргүй байна.

4.4. Мөн, Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 332 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээ”-д ТҮ-6 зэрэглэлийн цалингийн хэмжээг шатлал тус бүрээр заасан байх ба нэхэмжлэгч Т.Б нь дээрх зэрэглэлийн албан тушаалын цалин авч байгаагүй, тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ажилтан албан хаагчдын албан тушаалын цалин”-ийн 6 дахь баганад зааснаар нэхэмжлэгч Т.Б 820,000 төгрөгийн цалин авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

4.5. Монгол Улсын төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа албан хаагч бүр нийслэл, орон нутаг, төрийн ямар байгууллагад ажиллаж байгаагаас үл хамааран хууль, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 354 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын ангилал, зэрэглэлийн цалин авч ажиллана.

4.6. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т.Бын ажиллаж байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Техник технологийн албаны мэргэжилтэн, Үйлдвэрлэл техник борлуулалтын албаны мэргэжилтэн нь хуульд заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолдоо “... Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн томилгооны асуудалд хяналт шалгалт хийх, тухайн асуудлаар үүрэг даалгавар өгч биелэлт гаргуулах бүрэн эрхэд хамаарах ба төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлд төрийн үйлчилгээний болон улс төрийн албан тушаалтны асуудлаар хяналт шалгалт хийх, дүгнэлт мэдээлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй байна” гэжээ.

5.1. Хариуцагч Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгч Т.Бын Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажиллаж байсанд хяналт, шалгалт хийгээгүй. Харин төрийн захиргааны албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар томилогдохдоо хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд иргэнээс гаргасан гомдлын дагуу хяналт, шалгалт хийж, маргаан бүхий албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ” гэж заасантай нийцэж байна.

5.3. Мөн гомдолдоо “… Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 1.4-д “Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд шийдвэр гаргахдаа хамтын удирдлагын зарчмыг мөрдөж ажиллахаар заасан. Харин Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаар алба бичгээр гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн нэг гишүүн дангаар гаргаж, баталгаажуулсан байна” гэж тайлбарлан маргасан.

5.4. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.5-д “төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, албан хаагчтай холбогдолтой мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргыг мэдээллээр хангах үүднээс Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/1250 дугаар албан бичгийг хүргүүлсэн байх тул маргаан бүхий албан бичгийг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй,  нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0864 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ