Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

хохирогч Б.Батжаргал, Б.Мөнхзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Г.Энхтүвшин,

            шүүгдэгч Л.Буян-Өлзий, Д.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лхагвадорж, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Буян-Өлзий нарт холбогдох эрүүгийн 201619000749 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дүгээр сарын 02-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, 1962 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, Хайрхан зам хоршоонд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр баг 8-2 тоотод оршин суух, онц тээвэрчин цол тэмдэгээр шагнуулж байсан,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Можо овогт Дашдоржийн Лхагвадорж /РД:НЮ62042017/ гэв.

Монгол улсын харьяат, 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, “Гэрэгэ” констракшинд барилгын туслах ажилтай, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 152 байр 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Можо овогт Лхагвадоржийн Буян-Өлзий /РД:НЭ92031813/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Лхагвадорж нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны 2-14 тоотод насанд хүрээгүй Д.Нямцэрэнг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай санаатай учруулсан, мөн тус аймгийн Цагдаагийн газарт ирсэн дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Б.Батжаргалыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Л.Буян-Өлзий нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны 2-14 тоотод дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Б.Мөнхзулыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Буян-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гэртээ ирсэн байсан аав ажлаасаа тарж ирээд ахын чинь эхнэр хүүхдээ гэртээ хаяаад явчихсан юм шиг байна 2-лаа очоод хараад ирье гээд хамт явсан. Тэгээд хаалгыг нь нэлээн удаан нүдсэн чинь хүүхдүүд дуугараад байсан боловч онгойлгоогүй. Тэгсэн хажуу айлын хүн гарч ирээд наад айлд чинь хэдэн хүүхдүүд л байгаа өөр хүн байхгүй гэсэн. Тэгээд ав цонхоор нь харъя гээд явсан би хаалгыгнь нүдээд зогсож байсан чинь аав дотроос нь онгойлгосон. Тэгээд би Гантулга хаана байна гээд дүүгээ хайсан чинь ширээн доогуур нэлээн уйлсан шинжтэй байсан. Тэгээд дүүгээ тэврээд тайвшруулаад сууж байсан чинь хаалга тогшоод 2 цагдаа орж ирээд агсам согтуутавьсан гэж дуудлага ирсэн  гээд та нар одоо гар гэр бүлийн асуудал чинь хамаагүй гээд аавыг минь өчөөд гараад явсан. Тэгэхээр нь эвгүй санагдаад цагдаагийн араас татсан тэгсэн намайг маргааш нь дуудаад би уучлалт гуйгаад хохирлыг төлсөн байгаа гэв.

Шүүгдэгч Д.Лхагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10-18-ны өдөр дүүгийндээ 3 цагийн үед орсон. Манай дүү өнгөрчихсөн юм. Хүний 3 настай хүүг өргөж авсан юм. Эхнэр нь хүүхдээ хаяаад гадуур тэнээд явчихсан байна гэхээр нь эргэж тойрох гээд очсон чинь хаалга нь түгжээтэй. Дотор нь хүүхдүүд уйлаад байхаар нь би полконоор нь ороход хүүхэд нь ширээн доогуур ороод уйлаад сууж байсан. Тэгээд баахан хүүхдүүд байсан эгч нь хаачсан юм бэ гэсэн чинь хөдөө явсан гэсэн. Тэгээд миний уур хүрээд тоглоом нь машин аваад шидчихсэн юм. Тэгээд цагдаа ирээд 2 цагдаа орж ирсэн. Тэгээд би явна явахгүй гээд тийм л юм болсон гэв.

 

Хохирогч Б.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр жижүүрт гарч байсан чинь жижүүрийн 102 дугаарт 60 айлын 14 тоотод дуудлага ирсэн. Тэгээд би жижүүрийн машин дуудаад 60 айлын 14 тоотод яваад очсон. Тэгээд хаалга тогшсон чинь хүүхэд тэвэрсэн залуу хаалга онгойлгож өгсөн. Тэгээд том өрөөнд орсон чинь Лхагвадорж буйдан дээр суучихсан цаана нь бага насны 3 хүүхэд айсан шинжтэй байсан. Тэгээд би дуудлага өгсөн юу болоо вэ гэсэн чинь манай дүүгийн гэр эхнэр нь хүүхдээ хаяаад явчихсан байсан. Та нар олж тогтоох хэрэгтэй байна  гэсэн. Тэгэхээр нь би та ингэж болохгүй гэсэн чинь Буян-Өлзий Мөнхзулыг боочихсон байж байсан тэгээд би чи үүргээ биелүүлж явж байгаа цагдаагийн биед халдаж болохгүй шүү гэсэн. Тэгээд би тэнд байсан хүүхдээс хэн дуудлага өгсөн бэ гэж асуусан чинь би дуудлага өгсөн энэ ах хаалга тогшихоор нь би онгойлгож өгөөгүй. Тэгсэн чинь цонхоор ороод ирсэн гэж байсан. Тэгээд аваад гараад явсан чинь Буян-Өлзий хамт явна гээд суугаад явж байхдаа би Цагдаагийн академид сурч байсан хууль мэднэ гээд байсан. Тэгээд жижүүрт хэлээд эрүүлжүүлсэн тэгсэн намайг Эрдэнэбилэг байцаагч дуудаад мэдүүлэг өггээд би мэдүүлэг өгсөн. Тэгсэн 3 хүүхэд ирчихсэн мэдүүлэг өгөөд зогсож байсан тэгсэн байцаагч намайг наад хүүхдээ дагуулж яваад гар нь оёдол тавиулаад ир гэсэн тэгээд би эмнэлэг ороод оёдол тавиулсан. Тэгээд би эмчээс нь манай саатуулахаас ирсэн хүн хаачсан бэ гэсэн чинь эмч нь айхтар агсам хүн байна лээ агсам тавьж байгаад гараад явсан гэж хэлсэн гэв.

 

Хохирогч Б.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 08-ны өдөр дуудлагаар Батжаргал цагдаатай хамт очсон. Тэгэхэд Буян-Өлзий хүүхэд тэвэрсэн, Лхагвадорж гуай том өрөөнд буйдан дээр орилсон чарласан байдалтай байсан гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

            Насанд хүрээгүй хохирогч Д.Нямцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн 28-дугаар байрны 2-14 тоотод ээжийн төрсөн эгч Баасанжавын гэрт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш амьдарч хичээл сургуульдаа явж байгаа юм. Намайг уг гэрт байхад 2016 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг 00 минутын үед гэрийн хаалга нүдэх чимээ гарсан юм би “хэн бэ” гэхэд нэг эрэгтэй согтуу хүн “Лхагваа байна хаалгаа тайл, Гантулгаа хаалгаа тайл” гэх зэргээр орилоод байсан. Би тухайн үед гэртээ 16 настай эгч Рэнцэнжүгдэр, 22 настай эгч Цэндсүрэн, Баасанжав эгчийн хүүхэд 3 настай Гантулга, 6 настай Өлзийхутаг нарын хамт байсан юм. Тухайн үед бид нар айж байсан тул тэр хүнд хаалгаа тайлж өгөөгүй юм. Тухайн хүн хаалгыг ойролцоогоор 5-10 орчим минут нүдсэн. Тэгээд том өрөөний цонхыг гадна талаас нь нүдэж байгаад болконы цонхны паниар модыг түлхэж гаднаас орж ирээд том өрөөний буйдан дээр суусан. Тэр үед хаалгаар Лхагвадорж гэх хүний хүүхэд нь болох нэг залуу орж ирсэн. Лхагвадорж ах орж ирсэнийхээ дараа “яагаад хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм бэ писданууд минь би энэ гэрт орж ирэх эрхгүй хүн үү” гэх зэргээр агсам согтуу тавьж байгаад хүүхдийн тоглодог хуванцар тоглоом нь машин барьж аваад миний зүүн гарын шуун дээр цохиж эвдэлсэн, мөн эвдэрхий хэсгээр нь миний толгой руу нэг удаа цохисон. Би тэгээд шууд том өрөө рүү ороод буйдан дээр суух үед зурагтын доод хана руу нэг тоглоом нь хуванцар машин болон зурагтын удирдлага аваад шидсэн. Тэгээд Гантулга гэх талийгаач дүүгийнхээ 3 настай хүүхдийг нааш агаа дээрээ хүрээд ир гээд ширээн доороос гараас нь татаж гаргаж ирээд зүгээр хэвийн яриагаар “миний дүү ээж нь хайчсан юм бэ” гэж хоорондоо ярилцаж байх үед гаднаас цагдаа ор ирсэн. Тухайн үед гаднаас 3 цагдаа орж ирсэн ба түүнийг аваад явах гэхэд Лхагвадорж ах явахгүй гээд байсан. Тэр үед түүний хүүхэд нь болох залуу “энэ чинь миний аав, та нар яах гээд байгаан бэ?” гэж хэлээд нэг цагдааг нь хойд талаас нь хоолойг нь боогоод малгайг нь унагаатал ноцолдсон. Тэр үед Лхагвадорж ах нөгөө 2 цагдаа руу дайрч хэл амаар доромжлоод нэг цагдаагийнхан хацрыг урсан юм шиг цус гоожиж байсан. Тэгээд цагдаа нар тэр хоёрыг аваад гэрээс гарсан. Өөр зүйл болоогүй..... Миний хувьд зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

            Гэрч Ч.Цэндсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 10 дугаар сарын 08-ны 20 цаг 00 цагийн үед санагдаж байна гэрийн хаалга нүдэх чимээ гарсан тухайн үед Рэнцэнжүгдэр хаалга дээр очоод “хэн бэ” гэхэд согтуу эрэгтэй хүн “Лхагваа байна хаалгаа тайл, Гантулгаа хаалгаа тайл” гэж орилоод байсан. Бид нар тухайн үед айж байсан тул тэр хүнд хаалгаа тайлж өгөөгүй юм. Тухайн хүн хаалгыг ойролцоогоор 5-10 орчим минут нүдсэн. Тэгээд хэсэг байснаа том өрөөний цонхыг гадна талаас нь нүдэж байгаад блоконы цонхны паниар модыг түлхэж гаднаас  орж ирсэн. Тухайн хүн нь Лхагвадорж ах байсан ба орж ирсэнийхээ дараа том өрөөний буйдан дээр суугаад “та нар хэний хүүхдүүд бэ? нэр усаа хэл, дэвтэр дээр өөрсдийнхөө овог нэрээ бич, мөн миний хэлсэн бүх юмыг бич, та нарыг цагдаад аваачиж өгнө” гэж хэлсэн. Би Лхагвадорж ахад хандаж “Баасанжав эгч ажлаар явсан бид нар гэрийг нь сахиж байна” гэж хэлсэн. Тэр үед хаалга нүдэхээр нь онгойлгож өгөхөд Лхагвадорж ахын хүүхэд нь болох нэг залуу орж ирсэн. Лхагвадорж ах “яагаад хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм, би энэ гэрт орж ирэх эрхгүй хүн үү” гэж хэлээд хүүхдийн хуванцар тоглоом нь машиныг барьж аваад Нямцэрэнгийн гар луу нэг удаа толгой руу нь нэг удаа тус тус цохиж машиныг эвдэлсэн. Тэр үед Нямцэрэн том өрөө рүү шууд яваад орсон. Бид нарыг байхад Лхагвадорж ах зурагтын хана руу нэг тоглоомон хуванцар машин болон зурагтын удирдлага аваад шидсэн. Түүний хүүхэд нь болох нэг залуу болиулахгүй зүгээр хараад зогсоод байсан. Лхагвадорж ахын хүүхэд нь ширээн доороос 3 настай Гантулгыг гаргаж ирээд гал тогооны өрөө рүү ороод “миний дүү ээж нь хаашаа явсан юм бэ? ахдаа хэлчих, хаашаа ажилдаа явсан юм бэ?” гэж хоорондоо ярьж байх үед гаднаас цагдаа орж ирсэн. Гаднаас орж ирсэн 3 цагдаа “та яагаад айлын гэр оронд агсам согтуу тавиад байгаа юм бэ? яагаад цонхоор орж ирсэн юм бэ? , одоо дагаад яв” гэж шаардлага тавихад Лхагвадорж ах “би энэ гэрт орж ирэх эрхтэй хүн та нарыг дагаж явахгүй гээд салаавч өгч хэл амаар доромжилон тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй. Нэг цагдаа нь Лхагвадорж ахын суганаас нь гарыг нь бариад татах үед түүний хүүхэд нь “ энэ чинь миний аав та нар яах гээд байгаан бэ? “ гэж хэлээд нөгөө цагдаагийн хойд талаас нь заамдаж боогоод ноцолдсон. Тэр үед Лхагвадорж ах болон түүний хүүхэд нь 3 цагдаатай ноцолдож байгаад гэрээс гарсан. Гарсаныхан дараа бид нар хаалгаа цоожилсон. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирж гэрт үзлэг хийгээд явсан. Өөр зүйл болоогүй.  .....Миний харсанаар нэг цагдаагийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисоноос болж нөгөө хүний хацар хэсгээс цус гоожиж байсан. Өөр зүйлийг сайн хараагүй тухайн үед ноцолдоод гурвалжин дөрвөлжин юм болоод би дүү нарыг гэмтээчих бий гээд харж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-41-42 тал/,

            Насанд хүрээгүй гэрч Б.Рэнцэнжүгдэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Нямцэрэн, Цэндсүрэн, Гантулга, 6 настай Өлзийхутаг бид нарыг байж байхад 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цаг 00 минутын үед гэрийн хаалга нүдэх чимээ гарсан юм. “хэн бэ” гэхэд ямар нэгэн хариу өгөлгүй хаалга нүдээд байснаа нэлээд хэдэн минутын дараа “Лхагвадорж байна хаалгаа онгойлго, Гантулгаа хаалгаа тайл” гэх зэргээр орилоод байсан. Тухайн хүн ойролцоогоор 5-10 минут хаалга нүдсэн ба хажуу талын хаалганы айлын хүн “наана чинь том хүн байхгүй, хэдэн хүүхдүүд байгаа” гэж хэлсэн. Харин Лхагвадорж ах “Баасанжав хаачив ойрд машин тэрэг нь харагдсан уу? надад ч гражных нь илүү түлхүүр байгаалдаа ороод үзэхэд” гэж ярилцсан. Тэгээд удаагүй байж байснаа том өрөөний цонхыг нүдэж байгаад гал тогооны блоконы цонхоор орж ирээд “би энэ гэрт орж ирэх эрхгүй хүн үү, та нар хэн юм бэ” гэж хэлээд хүүхдийн хуванцар тоглоом аваад Нямцэрэнгийн зүүн гарын бугалга хэсэг рүү 1 удаа, толгой хэсэгт нь 1 удаа цохиж зодсон юм. Тэр үед Лхагвадоржийн хүү нь гадаа хаалга нь дээр байсан бөгөөд Нямцэрэн хаалга онгойлгож өгөх гэж явж байгаад зодуулсан юм. Тэгээд удалгүй гаднаас Лхагвадорж ахын хүүхэд нь орж ирээд том өрөөний ширээн доор байсан Гантулгыг татаж гаргаж ирээд гал тогооны өрөө рүү орсон. Хүүхэд нь Гантулгаас “ээж чинь хаана байгаа юм, хаашаа явсан юм бэ”, хэзээ ирэх бэ? “ гэж асуугаад байсан. Тэр үед би аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгөөд буцаад ирэх үед манай хэдийг цонхны дэргэд зогсоогоод Лхагвадорж ах “хэний хүүхдүүд бэ, нэр усаа цаасан дээр бич бас миний хэлж байгаа үгийг бич, би та нарыг цагдаад өгнө, би энэ гэрт орж ирэх эрхгүй юм уу, би энэ байрыг авч өгсөн, та нар мэдэхгүй байна уу?” гэж хэлээд байж байхад цагдаа хаалга нүдсэн “хэн цагдаа дуудсан” гэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлээд хаалга тайлж өгсөн. Гаднаас 3 цагдаа орж ирээд нэг цагдаа нь “амрыг эрье дуудлага өгсөн айл мөн үү, та яагаад айлд цонхоор нь орж ирээд амгалан тайван байдлыг нь алдагдуулаад агсам согтуу тавиад  байгаа юм бэ” гэхэд Лхагвадорж ах “ би энэ гэрт орж ирэх эрхтэй хүмүүс “ гэж хэлсэн. Тэр үед цагдаа “ та согтуу байгаа юм уу” гэхэд “би уусан ч орж ирнэ, уугаагүй ч орж ирнэ” гэж хэлсэн. Тэр үед би нөгөө цагдаагийн хамт орж ирсэн цонх блоконы хэсгийг харуулсан. Тэгээд цагдаа нар Лхагвадорж ахыг аваад гарах гэхэд тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээд хананаас бариад гарахгүй, элдвээр хэлээд доромжлоод өөрийн хүүхдээ бичлэг хийгээрэй гэж хэлсэн. Харин тэр үед түүний хүүхэд гар утас нь дээрээ бичлэг хийгээд байсан ба цагдаа түүнд хандаж “та бичлэг хийх хэрэггүй цагдаагийн газар очоод юу болсныг нь тодруулна” гэж хэлсэн. Тэгээд 2 цагдаа нь аваад гарах гэхэд үүдэн дээр хаалга хөлөөрөө тулж зогсоод “явахгүй” гээд байсан харин хүү нь хойноос нь очоод нэг цагдааг нь хойноос нь боогоод “наадах чинь миний аав, та нар яах гээд байгаан” гэж хэлээд үүдэн дээр нэг цагдаатай нь муудалцаж малгайг нь унагаагаад хувцасыг нь урсан. Нэг харахад нэг цагдаагийн нүүрнээс нь цус гарч байсан ба тухайн цагдаа Лхагвадорж ахад хандаж “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд 2 цагдаа илбэж байгаад түүнийг гавлаад гарсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-43-44 тал/,

            Гэрч Д.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдэ: Миний хувьд хэрэг гарах үед байгаагүй мэдэх зүйл алга. Гэхдээ 2016 оны 10 сарын 08-ны орой утсаар өөрийн 3 настай хүүхэд Гантулгатай ярихад “ээжээ согтуу хүн хаалга нүдээд байна, та ирэхгүй юм уу” гэж ярьсан юм. Тэр үед манай хүүхдийг харж байсан эгчийн хүүхэд болох Рэнцэнжүгдэр гар утсыг нь авч яриад “Лхагваа ах юм шиг байна жаахан байж байгаад ярья” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 3-4 цагийн дараа холбогдоход Лхагвадорж ахыг цагдаа нар ирээд аваад явсан. Лхагвадорж ах Нямцэрэнгийн гарыг гэмтээсэн эмнэлэг дээр бид нар байна гэж хэлсэн. Тухайн үед би Солонгос улсад байсан ба 2016 оны 10 сарын 10-ны өдөр хугацаанаасаа өмнө нь ирсэн. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-46 тал/,

            Гэрч Ц.Бямбаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2016 оны 10 сарын 08-ны орой аймгийн цагдаагийн газрын саатуулах байрнаас цагдаа утасдаж “танай нөхөр ухаангүй байна, эмнэлэг рүү дуудлага өгөөд явуулсан” гэж хэлсэний дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 103 дээр очиход манай нөхөр ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түүний биед сэхээний эмч тариа хийж байж дээрдсэн. Тэгээд дараад нь гэртээ харьсан юм. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-51 тал/,

            Гэрч Н.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 08-ны оройн 21 цагийн үед “айлд агсам согтуу тавьсан” гэх дуудлагаар цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхзул, М.Мандал, Б.Батжаргал нар иргэн Лхагвадоржийг саатуулах байранд хүлээлгэн өгөөд явсан. Тухайн үед Батжаргал ярихдаа дуудлагын дагуу очиход “эсэргүүцэж миний биед халдлаа” гэж ярьж байсан, түүний нүүр хэсэгт урагдаж цус наалдсан байсан. Харин тухайн үед Лхагвадоржийн биед үзлэг хийж саатуулах гэхэд тавьсан шаардлага биелүүлэхгүй нэлээд согтуурсан, өөрийгөө хянах чадваргүй байсан. Түүнийг саатуулах байранд саатуулаад удаагүй 20-30 минут болсны дараа биеийн байдал нь муудаж эмч Ариунтуяа үзээд “даралт нь тогтворгүй, зүрхний цохилт нь ихэссэн байна” гэсний дагуу цагдаагийн ерөнхий жижүүр танилцуулж аймгийн эмнэлгийн түргэн тусламжийн 103-т дуудлага өгч хүлээлгэн өгсөн. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-53 тал/,

            Гэрч Б.Ариунтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..2016 оны 10 дугаар сарын 08-ны оройн 21 цагийн үед цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхзул, М.Мандал, Б.Батжаргал нар иргэн Д.Лхагвадоржийг саатуулах байранд хүлээлгэн өгөөд явсан. Тухайн үед Батжаргалын нүүрэн тус газраас цус гоожиж байсан бөгөөд ярихдаа “дуудлагын дагуу очиход цохино гэж бодоогүй байхад цохьчихсон” гэж ярьж байсан. Харин Лхагвадорж гэх хүн өөрөө нэлээд хөөрлийн байдалтай, орилсон бахирсан, хэл амаар доромжилсон” байдалтай орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-54 тал/,

            Гэрч М.Мандал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 28 дугаар байрны 2-14 тоотод 2016 оны 10 сарын 08-н өдрийн 20 цаг өнгөрч байхад “иргэн Лхагвадорж нь айлд агсам согтуу тавиад байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн дэд ахлагч Мөнхзул, Батжаргал нарын хамт гурвуулаа дуудлага өгсөн айлд очсон юм.  Тухайн үед уг айлын болконых нь панерыг гаднаас нь түлхэж орсон шинжтэй гэр дотор Лхагвадорж гэх хүн агсам согтуу тавиад байж байсан. Харин гэрт байсан 14 орчим насны 1 эрэгтэй хүүхэд, 16-20 орчим насны 2 эмэгтэй хүүхэд, бага насны 2 хүүхэд байсан бөгөөд бүгд загинуулсан Лхагвадоржоос айсан шинжтэй байсан. Мөн Лхагвадоржийн хүүхэд гэх 25 орчим насны залуу цуг байж байсан. Лхагвадоржийг тухайн айлаас гаргаж цагдаа руу аваад явах гэхэд Лхагвадорж цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан.  Түүнийг Мөнхзул бид хоёр 2 талаас нь сугадаад гарах гэхэд Лхагвадорж суугаад хөлөөрөө тийчлээд байсан. Харин түүний хүү Буян-Өлзий нь аавыгаа явуулахгүй гээд Мөнхзулыг барьж аваад ноцолдоод байсан. Мөн тухайн үед Лхагвадорж цагдаагийн албан хаагч Батжаргалын нүүр лүү 1 удаа гараараа цохиж 1 удаа самардаж татсан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцээд байсан тул иргэн Лхагвадоржийг Батжаргал бид 2 хойд талд нь гавлаад машинд суулгаад цагдаа дээр саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-55 тал/,

            Гэрч Б.Даваазургаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..хаалга нүдэх чимээгээр хаалгаа онгойлгоод хартал Лхагвадорж өөрийн хүүтэйгээ зогсож байсан. Би түүнд хандан “хаалга онгойлгож өгөхгүй байгаа бол дараа болохгүй юу даа” гэж хэлсэн. Харин Лхагвадорж “Баасанжав байгаа юу, машин нь үзэгдсэн үү, гурван сарын хугацаагаар гадаад явсан гэж ярьж байна, хүүхдийнх нь царай алдаад болдоггүй гэж цэцэрлэгийн багш нь хэллээ, энэ хүүхэд манай удмаар овоглодог юм” гэж ярьж байсан. Хаалга ойролцоогоор 4-5 минут нэлээд чанга нүдэж байсан. Мөн тухайн үед Лхагвадорж “би гэрчтэйгээ явж байна”гэж ярьж байсан. Яах гэж тэгж хэлснийг нь ойлгоогүй. Харин удаагүй 2 цагдаа манай хаалгыг тогшиж “дуудлага өгсөн үү” гэж асуухаар нь үгүй гэж хэлсэн. Харин 14 тоот нь аль бэ гэхэд хажуу талын хаалгыг зааж өгсөн. Харин цагдаа 14 тоот хаалгыг тогшоод орох үед Лхагвадоржийн хүүхэд болох залуу Сүхтогоогийн бага өргөмөл хүүхдийг тэврээд хаалга онгойлгож байсан. Тухайн үед тэврүүлсэн жаахан хүүхэд айсан юм уу ямар ч байсан уйлсан байдалтай байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар Лхагвадоржийг аваад явж байгаа харагдсан. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-58 тал/,

             

            Гэрч Т.Уранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн үед иргэн Лхагвадорж гэх хүн нь цагдаагаас 103-ын унаагаар ухаангүй байдалтай орж ирсэн. Түүнийг үзэхэд даралт болон зүрхний үйл ажиллагааны бага зэрэг хэм алдагдалтай байсан. Тухайн үед Жамъянгарав эмч орж ирээд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж зүрхний бичлэг хийж даралт тогтворжуулах эмчилгээ хийсэн. Удаагүй байж байтал сэргээд зүгээр байсан ба амин үзүүлэлтүүд нь хэвийн тогтвортой болсны дараа ар гэрийнх нь аваад явсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-141 тал/,

           

Гэрч Ц.Жамъянгарав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: тухайн үед би хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасаг дээр орох үед Лхагвадорж орж ирээд суусан байдалтай байсан. Лхагвадорж нь уурлаж бухимдсан байдалтай байсан. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би түүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгсөн. Хэргийн талаар мэдэх зүйл алга. Хэсэг хугацааны дараа эмчилгээ хийгээд даралтыг нь буусны дараа ар гэрээс нь хүн аваад явсан. Өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-142 тал/,

 

Шинжээч И.Ганболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 сарын 13-ны өдөр Б.Батжаргалын биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний №514 дугаартай дүгнэлтийг гаргасан болно. Би тус дүгнэлтийг гаргахдаа биеийн бодит үзлэгийг үндэслэн тархи доргилтын үед илэрдэг шинж болох нүдний алимны чичирхийлэлт илэрсэн тул үүнийг үүнийг баримтлан тархи доргилт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг 7-14 хоногт эдгэдэг. Харин зүүн хацарт үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-156 тал /,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-илтгэх хуудас /хх-09-10 тал/,

-хэрэг учралын газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/,

-хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-16 тал/,

-хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-18-19 тал/,

-битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-20 тал/,

-бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-25 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-26 тал/,

 

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №520 дугаар шинжээчийн дүгнэлт  /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актад

1.Д.Нямцэрэнгийн биед зүүн гарын алганд язарсан шарх, зүүн шуунд зулгаралт, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-61 тал/,

 

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №514 дугаар шинжээчийн дүгнэлт  /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актад

1.Б.Батжаргалын биед тархи доргилт, зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-64 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №151 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

1.Шинжилгээнд ирүүлсэн савхин хүрмэнд ханзарсан гэмтлүүд байна.

2.Уг ханзарсан гэмтлүүд нь шинээр үүссэн байна.

3.Ханзралтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэжээ /хх-71 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-72-73 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-75 тал/,

-Л.Буян-Өлзийгийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-101-104 тал/,

-Д.Лхагвадоржийн өвчний түүх /хх-114-115, 119-121 тал/,

-Д.Нямцэрэнгийн эмнэлэг үзүүлсэн оношлогооны болон хохирлын баримтын хуулбарууд /хх-122-126 тал/,

-“Хайрхан зам” хоршооны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар албан бичиг, хавсралт /хх-158-160 тал/,

            -“Ял өөрчлөн сонсгох тухай” прокурорын тогтоол /хх-168 тал/,

            -шүүгдэгч Д.Лхагвадоржийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх- 143 тал/,

            -шүүгдэгч Л.Буян-Өлзийгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх- 144 тал/,

-шүүгдэгч Д.Лхагвадоржийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-84-85 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-86 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин /хх-87 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 -шүүгдэгч Л.Буян-Өлзийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-88-89 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-90 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин /хх-91 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Буян-Өлзийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны 2-14 тоотод дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Б.Мөнхзулыг Лхагвадоржийг цагдаагийн газар луу авч гарах үед нь араас татсан буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

         Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Мөнхзулаас “Л.Буян-Өлзийг чи холдооч гэхэд Буян-өлзий “чамд хамаагүй та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно, би өөрөө цагдаагийн академид 3 жил сурч байгаад гарсан, би наад хууль дүрмийг чинь өөрөө мэддэг  та нарт хамаагүй шүү” гээд байсан. Тухайн үед шаардлага тавихад огт тоохгүй эсэргүүцэж доромжлоод байсан”гэж,

          хохирогч Б.Батжаргалаас “хүү нь гэх залуу ”та нар ингэж болохгүй, би та нарыг ажилгүй болгоно шүү муу пизъданууд минь” гээд бид нарын ажилд саад хийгээд байсан” гэж,

           гэрч М.Мандалаас “түүний хүү Л.Буян-Өлзий нь аавийгаа явуулахгүй гээд Мөнхзулыг барьж аваад ноцолдсон” гэж тус тус мэдүүлсэн.

          Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Буян-Өлзий нь аав Д.Лхагвадоржийг цагдаа нар гавлаад гарах үед явуулахгүй гэж Б.Мөнхзулын араас татсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “ энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь  тогтоогдохгүй байна.

         Өөрөөр хэлвэл яллах дүгнэлтэнд тусгагдсан цагдаагийн алба хаагч Б.Мөнхзулыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь Л.Буян-Өлзий нь түүний шаардлагыг үл ойшоон түүний эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан үйлдэл хийсэн нь нотлогдохгүй байх тул Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Буян-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Харин шүүгдэгч Д.Лхагвадорж нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 28 дугаар байрны 2-14 тоотод насанд хүрээгүй Д.Нямцэрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн тус аймгийн Цагдаагийн газарт ирсэн дуудлага мэдээллийн дагуу очсон цагдаагийн албан хаагч Б.Батжаргалыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батжаргал, Б.Мөнхзул нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Д.Нямцэрэнгийн “...Тэгээд том өрөөний цонхыг гадна талаас нь нүдэж байгаад болконы цонхны паниар модыг түлхэж гаднаас орж ирээд том өрөөний буйдан дээр суусан. Тэр үед хаалгаар Лхагвадорж гэх хүний хүүхэд нь болох нэг залуу орж ирсэн. Лхагвадорж ах орж ирсэнийхээ дараа “яагаад хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм бэ писданууд минь би энэ гэрт орж ирэх эрхгүй хүн үү” гэх зэргээр агсам согтуу тавьж байгаад хүүхдийн тоглодог хуванцар тоглоом нь машин барьж аваад миний зүүн гарын шуун дээр цохиж эвдэлсэн, мөн эвдэрхий хэсгээр нь миний толгой руу нэг удаа цохисон. ...Тухайн үед гаднаас 3 цагдаа орж ирсэн ба түүнийг аваад явах гэхэд Лхагвадорж ах явахгүй гээд байсан. Тэр үед түүний хүүхэд нь болох залуу “энэ чинь миний аав, та нар яах гээд байгаан бэ?” гэж хэлээд нэг цагдааг нь хойд талаас нь хоолойг нь боогоод малгайг нь унагаатал ноцолдсон. Тэр үед Лхагвадорж ах нөгөө 2 цагдаа руу дайрч хэл амаар доромжлоод нэг цагдаагийнхан хацарыг урсан юм шиг цус гоожиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/, гэрч Ч.Цэндсүрэнгийн “  ... Лхагвадорж ах “яагаад хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм, би энэ гэрт орж ирэх эрхгүй хүн үү” гэж хэлээд хүүхдийн хуванцар тоглоом нь машиныг барьж аваад Нямцэрэнгийн гар луу нэг удаа толгой руу нь нэг удаа тус тус цохиж машиныг эвдэлсэн. Тэр үед Нямцэрэн том өрөө рүү шууд яваад орсон. Бид нарыг байхад Лхагвадорж ах зурагтын хана руу нэг тоглоомон хуванцар машин болон зурагтын удирдлага аваад шидсэн. .....Гаднаас орж ирсэн 3 цагдаа “та яагаад айлын гэр оронд агсам согтуу тавиад байгаа юм бэ? яагаад цонхоор орж ирсэн юм бэ?, одоо дагаад яв” гэж шаардлага тавихад Лхагвадорж ах “би энэ гэрт орж ирэх эрхтэй хүн та нарыг дагаж явахгүй гээд салаавч өгч хэл амаар доромжилон тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй. Нэг цагдаа нь Лхагвадорж ахын суганаас нь гарыг нь бариад татах үед түүний хүүхэд нь “энэ чинь миний аав та нар яах гээд байгаан бэ? “ гэж хэлээд нөгөө цагдаагийн хойд талаас нь заамдаж боогоод ноцолдсон. Тэр үед Лхагвадорж ах болон түүний хүүхэд нь 3 цагдаатай ноцолдож байгаад гэрээс гарсан.  .....Миний харсанаар нэг цагдаагийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисоноос болж нөгөө хүний хацар хэсгээс цус гоожиж байсан. Өөр зүйлийг сайн хараагүй тухайн үед ноцолдоод гурвалжин дөрвөлжин юм болоод би дүү нарыг гэмтээчих бий гээд харж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-41-42 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Рэнцэнжүгдэрийн “..Тэгээд удаагүй байж байснаа том өрөөний цонхыг нүдэж байгаад гал тогооны блоконы цонхоор орж ирээд “би энэ гэрт орж ирэх эрхгүй хүн үү, та нар хэн юм бэ” гэж хэлээд хүүхдийн хуванцар тоглоом аваад Нямцэрэнгийн зүүн гарын бугалга хэсэг рүү 1 удаа, толгой хэсэгт нь 1 удаа цохиж зодсон юм. ... Тэгээд цагдаа нар Лхагвадорж ахыг аваад гарах гэхэд тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээд хананаас бариад гарахгүй, элдвээр хэлээд доромжлоод өөрийн хүүхдээ бичлэг хийгээрэй гэж хэлсэн. Харин тэр үед түүний хүүхэд гар утас нь дээрээ бичлэг хийгээд байсан ба цагдаа түүнд хандаж “та бичлэг хийх хэрэггүй цагдаагийн газар очоод юу болсныг нь тодруулна” гэж хэлсэн. Тэгээд 2 цагдаа нь аваад гарах гэхэд үүдэн дээр хаалга хөлөөрөө тулж зогсоод “явахгүй” гээд байсан харин хүү нь хойноос нь очоод нэг цагдааг нь хойноос нь боогоод “наадах чинь миний аав, та нар яах гээд байгаан” гэж хэлээд үүдэн дээр нэг цагдаатай нь муудалцаж малгайг нь унагаагаад хувцасыг нь урсан. Нэг харахад нэг цагдаагийн нүүрнээс нь цус гарч байсан ба тухайн цагдаа Лхагвадорж ахад хандаж “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд 2 цагдаа илбэж байгаад түүнийг гавлаад гарсан.” гэсэн мэдүүлэг /хх-43-44 тал/, гэрч Д.Баасанжавын “...2016 оны 10 сарын 08-ны орой утсаар өөрийн 3 настай хүүхэд Гантулгатай ярихад “ээжээ согтуу хүн хаалга нүдээд байна, та ирэхгүй юм уу” гэж ярьсан юм. Тэр үед манай хүүхдийг харж байсан эгчийн хүүхэд болох Рэнцэнжүгдэр гар утсыг нь авч яриад “Лхагваа ах юм шиг байна жаахан байж байгаад ярья” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 3-4 цагийн дараа холбогдоход Лхагвадорж ахыг цагдаа нар ирээд аваад явсан. Лхагвадорж ах Нямцэрэнгийн гарыг гэмтээсэн эмнэлэг дээр бид нар байна гэж хэлсэн. Тухайн үед би Солонгос улсад байсан ба 2016 оны 10 сарын 10-ны өдөр хугацаанаасаа өмнө нь ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-46 тал/, гэрч Ц.Бямбаагийн “...2016 оны 10 сарын 08-ны орой аймгийн цагдаагийн газрын саатуулах байрнаас цагдаа утасдаж “танай нөхөр ухаангүй байна, эмнэлэг рүү дуудлага өгөөд явуулсан” гэж хэлсэний дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 103 дээр очиход манай нөхөр ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түүний биед сэхээний эмч тариа хийж байж дээрдсэн. Тэгээд дараад нь гэртээ харьсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-51 тал/, гэрч Н.Ганзоригийн “...2016 оны 10 дугаар сарын 08-ны оройн 21 цагийн үед “айлд агсам согтуу тавьсан” гэх дуудлагаар цагдаагийн дэд ахлагч Б.Мөнхзул, Мандал, Б.Батжаргал нар иргэн Лхагвадоржийг саатуулах байранд хүлээлгэн өгөөд явсан. Тухайн үед Батжаргал ярихдаа дуудлагын дагуу очиход “эсэргүүцэж миний биед халдлаа” гэж ярьж байсан, түүний нүүр хэсэгт урагдаж цус наалдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-53 тал/, гэрч Б.Ариунтуяагийн “...Тухайн үед Батжаргалын нүүрэн тус газраас цус гоожиж байсан бөгөөд ярихдаа “дуудлагын дагуу очиход цохино гэж бодоогүй байхад цохьчихсон” гэж ярьж байсан. Харин Лхагвадорж гэх хүн өөрөө нэлээд хөөрлийн байдалтай, орилсон бахирсан, хэл амаар доромжилсон” байдалтай орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-54 тал/, гэрч М.Мандалын “...Лхагвадоржийг тухайн айлаас гаргаж цагдаа руу аваад явах гэхэд Лхагвадорж цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан. Түүнийг Мөнхзул бид хоёр 2 талаас нь сугадаад гарах гэхэд Лхагвадорж суугаад хөлөөрөө тийчлээд байсан. Харин түүний хүү Буян-Өлзий нь аавыгаа явуулахгүй гээд Мөнхзулыг барьж аваад ноцолдоод байсан. Мөн тухайн үед Лхагвадорж цагдаагийн албан хаагч Батжаргалын нүүр лүү 1 удаа гараараа цохиж 1 удаа самардаж татсан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцээд байсан тул иргэн Лхагвадоржийг Батжаргал бид 2 хойд талд нь гавлаад машинд суулгаад цагдаа дээр саатуулах байранд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-55 тал/, гэрч Б.Даваазургаагийн “..хаалга нүдэх чимээгээр хаалгаа онгойлгоод хартал Лхагвадорж өөрийн хүүтэйгээ зогсож байсан. Би түүнд хандан “хаалга онгойлгож өгөхгүй байгаа бол дараа болохгүй юу даа” гэж хэлсэн. Харин Лхагвадорж “Баасанжав байгаа юу, машин нь үзэгдсэн үү, гурван сарын хугацаагаар гадаад явсан гэж ярьж байна, хүүхдийнх нь царай алдаад болдоггүй гэж цэцэрлэгийн багш нь хэллээ, энэ хүүхэд манай удмаар овоглодог юм” гэж ярьж байсан. Хаалга ойролцоогоор 4-5 минут нэлээд чанга нүдэж байсан. ... Харин удаагүй 2 цагдаа манай хаалгыг тогшиж “дуудлага өгсөн үү” гэж асуухаар нь үгүй гэж хэлсэн. Харин 14 тоот нь аль бэ гэхэд хажуу талын хаалгыг зааж өгсөн. Харин цагдаа 14 тоот хаалгыг тогшоод орох үед Лхагвадоржийн хүүхэд болох залуу Сүхтогоогийн бага өргөмөл хүүхдийг тэврээд хаалга онгойлгож байсан. Тухайн үед тэврүүлсэн жаахан хүүхэд айсан юм уу ямар ч байсан уйлсан байдалтай байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар Лхагвадоржийг аваад явж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-58 тал/, шинжээч И.Ганболорын “Би 2016 оны 10 сарын 13-ны өдөр Б.Батжаргалын биед гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээний №514 дугаартай дүгнэлтийг гаргасан болно. Би тус дүгнэлтийг гаргахдаа биеийн бодит үзлэгийг үндэслэн тархи доргилтын үед илэрдэг шинж болох нүдний алимны чичирхийлэлт илэрсэн тул үүнийг үүнийг баримтлан тархи доргилт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг 7-14 хоногт эдгэдэг. Харин зүүн хацарт үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-156 тал / гэсэн мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, илтгэх хуудас /хх-09-10 тал/, хэрэг учралын газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-15 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16 тал/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-26 тал/, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №520 дугаар шинжээчийн дүгнэлт  /хх-61 тал/, №514 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-64 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №151 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-71 тал/, Д.Нямцэрэнгийн эмнэлэг үзүүлсэн оношлогооны болон хохирлын баримтын хуулбарууд /хх-122-126 тал/, шүүгдэгч Д.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Д.Лхагвадоржийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Лхагвадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                                               

Шүүгдэгч Д.Лхагвадоржид ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

             

Шүүгдэгч Д.Лхагвадорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Д.Нямцэрэнгийн хууль ёсны төлөөлөгч Д.Равжих,  хохирогч Б.Батжаргал, Б.Мөнхзул нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирал байхгүй байна.

 

 Битүүмжлэгдсэн эд зүйл болон эд мөрийн баримтын талаар

2016 оны 11 сарын 18-ны өдрийн 300000 төгрөгийн үнэлгээ бүхий ТСЛ зурагт битүүмжлсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагийн тогтоолыг хүчингүй болгож,  

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар тоглоомон машины эвдэрхий, зурагтын удирдлагыг тус тус устгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Лхагвадорж, Л.Буян-Өлзий нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

          1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Лхагвадоржийн Буян-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Шүүгдэгч Можо овогт Дашдоржийн Лхагвадоржийг төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Д.Лхагвадоржийг 1 /нэг/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Лхагвадоржид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6.Л.Буян-Өлзийд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар тоглоом нь машины эвдэрхий, зурагтын удирдлагыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 300000 төгрөгийн үнэлгээ бүхий ТСЛ зурагт битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Буян-Өлзий, Д.Лхагвадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, ялтан Д.Лхагвадорж нь хохирогч Б.Батжаргалд 250000 төгрөг, хохирогч Б.Мөнхзулд 100000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д.Нямцэрэнд 1000100 төгрөг тус тус төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Лхагвадоржид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэхь хэсэгт зааснаар ялтан Д.Лхагвадоржийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 тэнсэгдсэн ялтан Д.Лхагвадорж нь хянан харгалзах хугацаанд Захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Д.Лхагвадоржид танилцуулсугай.

 

13.Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Лхагвадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.Буян-Өлзийд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ