Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

2023.04.26                                   2023/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0095/Э

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Өнөбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н-т  холбогдох эрүүгийн 2139001270153 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Н нь 2018 оноос 2020 оны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мөнх*******эн ХХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа тус дэлгүүрийн бараа материалыг дур мэдэн бусдад худалдан борлуулж дэлгүүрт орох байсан орлого болох 32.963.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирогч Ц.У-д 32.963.000 төгрөгийн хохиролыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгч П.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна...”  мэдүүлэг,

Хохирогч Ц.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2012 онд П.Н-гийг өмнө нь худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай болохоор ажилд авсан юм. Цалин хөлсийг нь тухайн үедээ тохироод тухай бүрд нь өгч байсан ом би өдөр өдөртөө эсвэл 2-3 хоноод бараа материалдаа тооллого хийж гарын үсэг зурж тулгалт хийж явдаг байсан. 2018 оны тооллогоор 12,000,000 төгрөгийн зөрүү дутагдал гарсан юм. Тухайн үед П.Н  уг дутагдлыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Би байранд орж байгаа юм, байраа өөрийнхөө ******* дээр шилжүүлж аваад банканд барьцаалж зээл аваад өр төлбөрийг барагдуулна гэж хэлж байсан. Түүнээс хойш зөрүү таргахгүй ажиллаж байсан мөн дутагдлыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн болохоор итгээд ажиллуулсан юм. Тэгтэл хэд хэдэн удаа бусад аж ахуйн нэгжид хий бичилт хийж өөртөө мөнгө гаргаж авдаг байсан, мөн сарын сүүлийн тооцооны хуудсаа нэгтгэж өгөхдөө миний гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг засварлаж дундаас нь мөнгө авдаг байсныг 2020 оны 04 дугаар сард илрүүлж Н-ийг  ажлаас нь гаргасан. Тухайн үед ажлаас гарахад нь нийт 33,786,720 төгрөгийн дутагдал зөрүү гарсан. Н   нь өр төлбөрийг хүлээн зөвшөөрч удахгүй барагдуулна гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байгаа болохоор өргөдөл гаргасан юм...Манай дэлгүүр 2 худалдагчтай. 20 хоногоор ээлжилж ажиллуулдаг байсан...Би өөрт учирсан 33,786,720 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ....Наранчимэгтэй уулзаад бид хоёр ярилцаж тохиролцоод дээрх мөнгөө 1 жил 6 сарын хугацаанд миний 5959103534 тоот дансанд төлөхөөр тохиролцон нотариатаар орсон учраас энэ мөнгөө л тохирсон хугацаандаа төлж дуусгавал өөр ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгийг хэлмээр байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 35, 40-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хэрэг бүртгэлтийн 213900127 дугаартай хэрэгт  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр эдийн засгийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний байгууллагаас үнэлгээ гаргуулсны төлбөр 800,000 төгрөг нэхэмжлэл ирүүлсэн. Манай байгууллага уг зардлыг мөрдөн шалгах ажиллагааны зардлаас 800,000 төгрөг гаргаж  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд  шилжүүлсэн. Иймд эрүүгийн хэрэгт буруутай этгээдүүдээс мөрдөн шалгах ажиллагааны зардалд гаргасан 800,000 төгрөгийн зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-р хуудас),

Гэрч С.Тогоохүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би "Мөнх Нэрэн" ХХК-ны тамхины бѳѳний цэгийн худалдагч П.Н-гээс 2019 оны 08 дугаар сарын сүүлээр 1.672.600 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга зургаан зуун/ үнэ бүхий тамхи зээлж авсан. Тэгээд би нэлээн удаж зарж борлуулж дуусаад П.Наранчимэгтэй ярьж "Зээлсэн тамхиныхаа мөнгийг өгье" гэхэд "Таны зээлсэн тамхины мөнгийг миний цалин дээрээс суутгасан тул та миний 5935229748 тоот дансанд" шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн...Би П.Н-гийн ээлждээ гарч байхад нь түүнээс зөвшөөрөл авч зээлээр авдаг байсан. Хугацаа боллоо мөнгөө хий гэхээр нь шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р дугаар хуудас),

Гэрч М.Гэсэржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хөдөө маллаж амьдардаг болохоор аймгийн төв рүү тэр болгон орж ирж чаддаггүй юм л даа. Тийм болохоор "Мөнх *******эн ХХК дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан багын найз Энхжаргалын эх******* болох П.Н-тэй утсаар ярьж /ойр зуурын хүнсний зүйл, тамхи/ зэргийг бэлдүүлж мөнгийг нь П.Н-гийн дансанд хийдэг байсан. Тэгээд аймаг орох гэж байгаа саахалт айлынхаа хүмүүст Мөнхбатын дэлгүүр буюу "Мөнх *******эн ХХК" дэлгүүрийн худалдагчаас юм аваад ирээч гэж хэлээд захиж авчруулдаг байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр банкны зээл төлөхөөр П.Н-гээс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж өөрийнхөө дансаар авсан. Тэгээд ноолуураа тушаагаад зээлсэн мөнгөө 03 дугаар сарын 13-ны өдөр буцааж төлсөн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр П.Н-гээс хүүхдийн хадгаламжийн зээл төлөх гээд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 7 хоногийн хугацаатай бэлнээр аваад 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүүд 20,000 төгрөгийн нэмж бодон П.Н-гийн дансанд 1,020,000 төгрөг шилжүүлсэн төлсөн юм. Би нийт 2 удаа П.Н-гээс мөнгө зээлээд буцааж өгч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),

Өндөрхаан итгэл-Аудит ХХК-ын шинжээч аудитор Б.Маналсүрэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 2/03 дугаартай дүгнэлт (хх-ийн 70-80-р хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн дэслэгч С.Содномцогийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаартай:

  1. Хэргийн хавтаст авагдсан худалдагч П.Н-гийн тооцоог дүгнэсэн хуудсаар 13,868,270.00 төгрөгийн дутагдал гарсан болохыг талууд баталгаажуулж гарын үсэг зурсан байна.
  2. “Өндөрхаан итгэл-аудит” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. Учир нь дүгнэлтээр тогтоосон 4 удаагийн тооцоо бодсон баримтын бэлэн мөнгөөр бараа худалдан авсан дүнг 9 удаа засварласан гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоохгүй болно.
  3. Худалдагч П.Н-гийн бэлэн мөнгөөр бараа худалдан авсан дүнг 9 удаа засварлан тооцооны хуудсанд тусгаж 19,095,000.00 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.
  4. Хэргийн хавтаст авагдсан “Мөнх *******эн” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно... гэж заасныг хангаагүй, мөн бэлэн мөнгө тушаасан кассын орлого зарлагын баримтгүй, бараа материалын нягтлан бодох бүртгэлийн хураангуй, дэлгэрэнгүй тайлан, тооллогын бүртгэл зэрэг баримтууд байхгүй байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-д шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх, 10.4.2-т эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх гэсэн шинжилгээний объектын шаардлагыг хангахгүй байх тул шинжээч “Мөнх *******эн” ХХК-д учирсан хохирлыг баримтаар тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 89-91-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч П.Н нь хохирогч Ц.У-д 33,763,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогч Ц.У шүүгдэгч П.Н-тэй хохирол төлж барагдуулах тухай нотариатаар батлуулан байгуулсан гэрээ (хх-ийн 58-59-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Н-гээс 33,763,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-д олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баатар Шинжилгээний байгууллагаас үнэлгээ гаргуулсны төлбөр 800,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэлж байх ба уг хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлж байх тул  шүүгдэч П.Н-гээс 800,000 төгрөгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт олгох зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч П.Н-гийн хүлээн зөвшөөрсөн 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.Н-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2139001270153 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Н-гээс 33.763.000 (гучин гурван сая долоон зуун жаран гурван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.У-д, 800,000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газарт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 2339000000143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР