| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/00415/И |
| Дугаар | 181/ШШ2020/01147 |
| Огноо | 2020-05-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2020/01147
| 2020 05 01 | 181/ШШ2020/01147 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Х-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.Н-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х, хариуцагч Т.Н, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Отгонбаярын Хоролмаа нь 2006 онд Т.Нтай танилцан үерхэж хамт амьдарч байхдаа 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүү Н.Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Н.Анарыг төрүүлсэн.
Бид 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид Баянзүрх дүүрэгт Нармандахын байсан хаягт амьдарч байгаад 2010 оноос Зүүнхараад ирж амьдарсан.
Т.Н нь 2011 оны 7 дугаар сард бага хүү гэдсэнд байхад Улаанбаатар хот руу ажил хийнэ гэж яваад тэр чигтээ ирээгүй. Араас нь ах дүүгээс нь асууж сураглахад хөдөө ажлаар явсан гэдэг байсан боловч нэг удаа утас руу нь залгахад өөр эмэгтэй авч би эхнэр нь байна, чи юу юм гэж намайг хэл амаар доромжлон ална гэж заналхийлсэн.
Би үүнээс хойш хэсэг хугацааны дараа залгахад Нармандах утсаа аваад би та 3 дээрээ очино оо гэсэн. Би 2 хүүгээ бодож хүлээсэн боловч ирээгүй. Сураг сонсоход эхнэр хүүхэдтэй болсон гэсэн. Ингэж явсаар 7 жил болж байна.
Миний бие сүүлийн үед өвдөж байнга эмнэлгээр явж өвчний онош тодорхойгүй хүнд байдалд ороод байна. Нэгэнт Т.Н нь бид З-тай амьдрахгүйгээс хойш одоо гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Хойшид 2 хүүгээ би өөрийн асрамжинд авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Бид хоёр 2016 оны 7 дугаар сард эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлж байсан боловч эвлэрэх боломжгүй гээд дуусгавар болгосон.
Тусдаа амьдараад удсан тул эвлэрэх боломж байхгүй, бидний гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.Хгийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би О.Хтай хамт амьдарч байхад 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүү Н.Т, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Н.Анар төрсөн.
Би өөр хүнтэй гэрлэж охинтой болсон боловч буцаж Хоролмаатай хамт амьдрах гэж үзсэн. Бид хүүхдүүдээс болж хоёр тийшээ болсон. Миний бие 2 хүүдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч Т.Над холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
О.Х, Т.Н нар нь 2006 онд гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, хамтран амьдарч байх хугацаандаа 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүү Нармандахын Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Нармандахын Азжаргал нарыг төрүүлжээ.
Гэрлэгчид хоорондоо таарч тохирохгүйгээс 2010 оноос хойш тус тусдаа амьдарч, хэн аль нь гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн нь зохигчийн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 1,9,19-р хуудас/
2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Нармандахын Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Нармандахын Азжаргал нар нь эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ тус хорооны Ачит бат өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг 2 дугаар багийн нийгмийн ажилтаны тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд тэднийг эхийнх нь асрамжид үлдээхийг эцэг Т.Н нь хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 4-7-р хуудас/
Иймд нэхэмжлэгч О.Х, хариуцагч Т.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Нармандахын Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Нармандахын Азжаргал нарыг эх О.Хгийн асрамжид үлдээн, эцэг Т.Наас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж хүү Н.Түвшинбаяр, Н.Анарыг тэжээн тэтгүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.,14.4.-т заасныг баримтлан О.Х, Т.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Н. Т..р, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н. А нарыг эх О.Хгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Н.Т, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 / суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Т.Наас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан О.Х, Т.Н нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Наас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО