| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0183/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/372 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0183/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2218004790158 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн *** гэх газарт оршин суудаг, урьд
Хөвсгөл аймгийн Сум дундын Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,
Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 8 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07-08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр, *** зочид буудлын 235 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***гийн толгойн тус газар хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар буудалд хоноод маргааш өглөө нь намайг нэг хүн цохиж зодохоор нь би өндийгөөд хартал Хөвсгөл аймгийн харьяат тухайн өдөр цагаан өнгийн дээл өмссөн байсан Энхтөр гэх залуу өрөөнд ороод ирчихсэн байсан, миний толгой тархи руу хөлөөрөө дэвсэж байсныг би мэдэж байна. Тэр үедээ Энхтөр нь шоронгоос гарч ирээд удаагүй байсан учир түүнд гай болоод яахав гэж бодоод энэ талаар хэлээгүй юмаа. ...Ямар ч байсан миний дээрээс өшиглөж зодож байсныг санаж байна. Уг нь янз бүрийн өр авлага, өш хонзон гэж байхгүй. Намайг өөр хэн ч цохиж зодоогүй. Өөр хүн хажууд харагдаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, “...нэг сэрээд би шалан дээр хэвтэж байсан ба дээрээс нөгөө цагаан дээлтэй Хөвсгөлийн залуу миний гэдэс болон толгой руу өшиглөж байсныг санаж байна, тэр үед би өөрийгөө хамгаалах гээд гараараа хааж байсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна нэг мэдсэн чинь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд сэхээний тасагт хэвтэж байсан. ...Миний толгойд гэмтэл учирсан одоо хүртэл эмчилгээ хийлгээд явж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би Дархан сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй зочид буудалд ресейпшнээр гарч байсан. Гэтэл тэр өдөр 12 цагийн үед санагдаж байна гаднаас танихгүй 5 залуу орж ирээд 3 ортой өрөөг 65,000 төгрөгөөр захиалсан ба тэр дунд явсан өөрийгөө Хөвсгөлийнх гэх цагаан өнгийн дээлтэй залуу тооцоог нь хийсэн. ...Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад дээд давхарт хоносон залуучуудаас 3 нь буудлаас гараад явсан ба энэ үед нөгөө цагаан дээлтэй залуу хамт гараад явчих шиг болсон. Учир нь нэг анзаараад харахад алга болсон байсан. Тэгээд би өглөө 07 цагийн орчим дээшээ гарч нөгөө залуучуудын хоносон өрөөнд ороход зодуулсан гээд байгаа залуу цаашаа хараад ганцаараа унтаж байсан, би тэр залууд хандаж чи ганцаараа үлдчихлээ ш дээ тооцоогоо хийхгүй юм уу гэсэн чинь нөгөө залуу дээшээ өндийж хараад за за гэж хэлчхээд буцаад хэвтсэн ба энэ үед нүүр, ам нь зүгээр байсан. Үүнээс хойш удалгүй 08 цаг өнгөрч байхад манай бармен *** Хөвсгөлийн гэх цагаан дээлтэй залуутай уулзаад тооцоогоо нэхэж байгаа харагдсан. Тухайн үед би дээгүүр өрөөгөө шалгаад явж байгаад буцаад нөгөө өрөөнийхөө үүдээр шагайгаад хартал нөгөөх залуу ганцаараа шалан дээр доошоо харсан байрлалтай хэвтэж байсан ба амны орчмоос жаахан цус гарсан байдалтай байсан. Хажууд нь очоод хараад зогсож байтал гэнэт таталт өгөхөөр нь би эмнэлэг рүү дуудлага өгсөн чинь удалгүй эмч нар ирээд түүнийг аваад явсан. ...Ямар учраас гэмтэж бэртсэн талаар би мэдэхгүй байна. Гэхдээ 3 залуу өрөөнөөсөө гараад явсны дараа тэр цагаан дээлтэй залуу буцаад ирчихсэн манай бармен ***тэй хэрүүл маргаан хийгээд байсан. Түүнээс тухайн шөнө тэр өрөөнд зодоон цохион болохоор дуу чимээ сонсогдоогүй. Харин тэр цагаан дээлтэй залуу өрөөнөөсөө хамт орсон хүмүүсээ гаргах гээд хэрүүл маргаан хийгээд яваад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 /,
“...Тэр өдөр надтай хамт гарч байсан *** бид хоёрыг доор сууж байхад дээр хүмүүс чанга чанга яриад маргалдаад байгаа бололтой бас түчигнэх чимээ сонсогдохоор нь *** бид 2 хамт дээшээ гарч *** нарын авсан өөрөө рүү ороход Хөвсгөлийн цагаан, цайвар дээлтэй залуу нөгөө хэдэн залуучуудтайгаа маргалдаад зогсож байсан ба юунаас болж маргалдсан талаар би мэдээгүй, ямар ч байсан *** бид 2 тэдгээр залуусыг хоорондоо хэрүүл маргаан зодоон хийж болохгүй талаар хэлж ойлгуулаад буцаад доошоо буусан. Тэр үед надаас энэ талаар онцолж асуугаагүй учраас би мэдүүлэг өгөхдөө анзаарч яриагүй юм аа. Ямар ч байсан хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан ба чанга дуу чимээ гарахаар нь *** бид 2 тэдгээр залуусын өрөөнд ороход Хөвсгөлийн гэх залуу хамт өрөөнд байсан залуучуудтайгаа маргалдаад зогсож байсан. Намайг хараагүй байхад хоорондоо зодолдсон, үгүйг мэдэхгүй байна. *** надаас түрүүлж орсон болохоор харсан байж магадгүй. Намайг өглөө 8 цагийн үед өрөөнд нь ороход нөгөө залуучууд гараад явсан байсан ба зодуулсан гээд байгаа *** гэх залуу ганцаараа унтаж байсан. Үүний дараахан нөгөө цагаан дээлтэй залуу буудалд ороод ирчихсэн бармен ***тэй муудалцаад зогсож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ өдөр би “***” буудалд барменаар ажиллаж байсан юм аа. Гэтэл 12 цагийн үед танихгүй 5 залуу гаднаас орж ирээд манай 3 ортой 65,000 төгрөгийн өрөөнд орохоор болж тэнд байсан цагаан дээлтэй өөрийгөө Хөвсгөлийнх гээд байсан залуу тооцоогоо хийгээд бүгдээрээ өрөөндөө орсон. Тэгээд тэр цагаан дээлтэй залуу үе үе өрөөнөөс гарч ирээд манай буудлаас 4-5 шил архи авсан. Тэгээд өрөөндөө орж тэд нар бүгдээрээ архидсан. Тэгтэл оройхон нөгөө цагаан дээлтэй залуу согтуу байдалтай дахиж бууж ирээд та нар миний өрөөнөөс эд нарыг гаргаач, би мөнгөөрөө авсан өрөөндөө ормоор байна гэж хэлэхээр нь *** эгч бид 2 тэр залууд хандаж чи ямар тавтиргүй залуу бэ, наад хүмүүс чинь унтаж амарч байна ш дээ гэж хэлсэн чинь тэр залуу буцаж дээшээ гараад дээр өрөөндөө ороод зодоон хийж байгаа бололтой түс тас хийх чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би *** эгчийн хамтаар дээшээ гараад хартал нөгөө цагаан дээлтэй залуу тэнд байсан нэг танихгүй залуутай муудалцаад барьцалдаж аваад зогсож байсан. Харин гэмтсэн гээд байгаа залуугийн хувьд орон дээр унтаж байсан. Тэгээд тэд нарын хэрүүл маргааныг болиулаад *** эгч бид 2 өрөөнөөс нь гарсан. Үүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад дахиад цагаан дээлтэй залуу бууж ирээд эд нарыг манай өрөөнөөс гаргаад өг гээд байсан. Тэр залуугийн хувьд тэр шөнө унтаж амрахгүй өрөө болгоны хаалгыг нүдэж хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, сүүлд 23 тоот өрөөний хаалгыг нүдэж өрөөнд амарч байсан залуутай хэрүүл маргаан хийж зодох гээд дайрч давшилж байхад нь бид очиж салгасан. Тэгтэл миний хажуугийн буйдан дээр ирээд хэсэг сууж байгаа харагдсан ба би хэсэг унтаж амраад өглөө сэрэхэд миний хажуугийн буйдан дээр унтсан цагаан дээлтэй дотуураа шар өнгийн ноолууран цамцтай залуу дээшээ өрөө рүүгээ гарсан ба удалгүй буцаж бөөнөөрөө бууж ирээд гарсан. Харин гэмтсэн залуу нь өрөөндөө ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд тэр залуучууд хэзээд нь буцаж орж ирснийг мэдэхгүй байна ямар ч байсан өдөр болсон байхад буцаад манай буудлаас гараад явж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бид нар гадуур хэсэг явж байгаад эргээд буудлын хажуугаар явахад миний таних хүн таараад уулзсан чинь бас тэр буудалд өрөө авч хоносон байсан. Тэгээд намайг дотроо засах уу гэхээр нь бид нар хамт тэдний авсан өрөөнд орж жаахан архи уусан. Гэхдээ ***гийн унтаж байсан өрөөнд огт ороогүй. ***г хэн цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Сүүлд сонсоход цагаан дээлтэй тэр залуу Хөвсгөлийнх юм байна лээ шоронгоос гарч ирээд удаагүй гэж сонсогдсон. Тэр залууг ***г зодсон гэж *** өөрөө хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би сүүлд ***тай таараад бие хааг нь асууж хэн зодсон талаар асуухад намайг цагаан дээлтэй Хөвсгөлийн залуу зодсон юм аа. Тэр залуу сая шоронгоос гарч ирсэн учраас түүнийг дахиж асуудалд оруулмааргүй байна гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 11 цагийн үед яаралтай тусламжийн тасагт *** гэх хүн ухаангүй таталт өгсөн хүргэгдэн ирсэн. Шинжилгээ хийх үед тархинд гэмтэлтэй байсан. Ингээд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. Анх үзлэг хийхэд баруун нүдний дээд доод зовхи баруун гуянд хөхрөлт няцралт байсан. Одоогоор ухаангүй мэдүүлэг өгөхгүй боломжгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29/,
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний дүү зодуулаад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж очсон өдрийн орой нь би Улаанбаатар хотоос Дарханд очсон юмаа. Намайг очоод удаагүй байхад *** сэхээнээс өөр тасаг руу шилжиж таараад орой бие нь гайгүй болсон үед би дүүгээсээ юу болсон талаар асуухад хэдэн найзуудтайгаа “***” нэртэй зочид буудалд ороод архи дарс ууж хоносон. Тэгээд өглөө нь нэг сэрсэн чинь шоронгоос гарч ирсэн танил залуу намайг зодож толгой тархи руу цохисон гэж надад хэлсэн. Тэгээд түүнийг хаана байдаг талаар асуухад хөдөө гэр нь байдаг гэж байсан. Тэгэхээр нь эмнэлгээс гараад буудлыг нь олж очоод тухайн үед гарч байсан ажилчнаас нь юу болсон талаар асуухад манай дүүг хэдэн залуучуудтай хамт орж ирээд архи дарс ууж хоносон гэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1100 дугаартай “...***гийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ***гийн биед тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. ***гийн биед тогтоогдсон баруун нүдний зовхи зүүн бугалга, баруун гуянд цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ***гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-55/,
Шинжээч эмч Д.Туяагийн “Хохирогч ***гийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал гэмтэл нь баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэлтэй нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Орноос унахад гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл авах боломжгүй. Баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт мохоо зүйлийн олон удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51/,
2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13-14/,
Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...миний санаж байгаагаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу би өөрийнхөө төрсөн өдрөөр Батаясгалантай уулзаж байсан тэр үед *** эрүүл саруул зүгээр явж байсан. үүнээс хойш тааралдаагүй байж байгаад шинэ хорооллын хэдэн найзуудаасаа ***г хүнд зодуулсан талаар сонссон. Тэгээд 2022 оны 12 дугаар сард санагдаж байна би гар утсаар ***тай холбогдож ярьхад найз нь хүнд зодуулсан штээ одоо Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байна гэж хэлэхээр нь хаана хэнд зодуулсан вм бэ гэж асуусан чинь Хөвсгөлийн залуу намайг “***” зочид буудалд байхад зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 3-5/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь хохиогч ***гийн толгой тус газар хөлөөрөө дэвсээгүй, өглөө буудлаас гараад эргэж очоогүйг хорих ял эдлээд гарсан хорих ангийн дэд даргатай тааралдсан учраас нотлоно гэж мэдүүлсний дагуу нэмэлт ажиллагаа хийлгэсэн ба гэрч ***ын “...*** одоогоос 1 сар гарны өмнө, сар өдрийг би сайн санахгүй байна. Намайг Дарханы цагдан хорих байрны ажиллагааг очиж шалгахад тэнд хоригдож байсан, намайг хараад надтай уулзах хүсэлт тавьсан. Би ***тэй уулзахад та бид хоёр “Ундрах” буудлын үүүдэн дээр нэг таарсан даа, та машинтай явж байсан. та машин дотроо загнаад явуулсан даа, тэрийгээ цагдаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Би юу яриад байгаан юм бэ, би чамтай огт таараагүй, битгий балай юм яриад бай гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш надтай таараагүй утсаар ярьсан тохиолдол байхгүй” гэх мэдүүлэг, гэрч ***ийн “...хэсэг унтаж амраад өглөө сэрэхэд миний хажуугийн буйдан дээр унтсан цагаан дээлтэй дотуураа шар өнгийн ноолууран цамцтай залуу дээшээ өрөө рүүгээ гарсан ба удалгүй буцаж бөөнөөрөө бууж ирээд гарсан. Харин гэмтсэн залуу нь өрөөндөө ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд тэр залуучууд хэзээд нь буцаж орж ирснийг мэдэхгүй байна ямар ч байсан өдөр болсон байхад буцаад манай буудлаас гараад явж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 216-217/, Гэрч ***ийн “...Намайг өглөө 8 цагийн үед өрөөнд нь ороход нөгөө залуучууд гараад явсан байсан ба зодуулсан гээд байгаа *** гэх залуу ганцаараа унтаж байсан. Үүний дараахан нөгөө цагаан дээлтэй залуу буудалд ороод ирчихсэн бармен ***тэй муудалцаад зогсож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 213/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол нэхэмжлэлийн талаар:
Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа, хуралд оролцож чадахгүй” гэж мэдэгдсэн, эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ***ийн үүйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгт 2023 оны 04-р сарын 20-ны өдрөөс 2023 оны 06-р сарын 29-ний өдрийг хүртэл 70 хоног, 2023 оны 09-р сарын 05-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 18-ны өдрийг хүртэл 43 хоног, нийт цагдан хоригдсон 113 хоногийг хорих ялын 113 хоногоор тооцон хорих ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 113 хоногийг хорих ялын 113 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, хохирогч *** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД