Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

 

2023.05.01                            2023/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0098/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г-д холбогдох эрүүгийн 2339000000166 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “ Талын овоот ” гэх газраас хохирогч Г.А-ын эзэмшлийн мал усалдаг урт нь 4 метрийн урттай, өргөн нь 60-см-ийн өргөнтэй усны тосгуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-12-р хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-15-р хуудас),

Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш өдөр нь нөхөр бид хоёр өвөлжөөнд үлдээсэн зүйлсийг авна гээд очиход мал усалдаг онгоц байхгүй авч явсан бололтой давхар дугуйтай машины дугуйн мөр байсан. Мөр зүүн урд зүг рүү явсан байсан болохоор мөрийг дагасан боловч олон салаа зам руу нийлсэн тул алдсан. Тэгээд арга ядаад ойр орчмын айлуудаар сураглахад олдоогүй. Үйл явдал болсны дараа хэд хоногийн дараа нөхөр адуундаа явж байгаад нэг худаг дээр очиход манай мал усалдаг төмөр онгоц байхыг харсан гэсэн. Тэгээд худгийн эзнийг худагтай ойр айлуудаас асуухад Цогоо гэдэг хүний худаг гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид хоёр Цагдаад өргөдөл гаргасан...Нөхөр бид хоёр 2019 оны хавар нэг тооны бяруугаар Галхүү гэдэг хүнээс сольж авч байсан гэж санаж байна.....” гэх мэдүүлэг  (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч Ө.Осгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хаваржаа руу нүүсэн. Нүүх үед авч явахад тохиромжгүй гээд малын төмөр болон банзаар хийсэн хашаа, мал усалдаг төмөр онгоц зэргийн маргааш хаваржаанаас буцаж ирээд авна гээд үлдээсэн. Маргааш өдөр нь эх*******ийн хамт өвөлжөөнд үлдээсэн зүйлсийг авна гээд очиход мал усалдаг онгоц байхгүй авч явсан бололтой давхар дугуйтай машиы дугуйн мөр байсан. Машины мөр зүүн урд зүг рүү явсан байсан болохоор мөрийг дагаж яваад аймаг явдаг шороон зам руу нийлээд алдсан. 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр адууны араас явж байгаад нэг худгийн гадаа манай төмөр онгоц байгааг харсан. Худгийн эзнийг ойр хавийн айлуудаас асуухад Цогоо гэдэг хүний худаг гэж хэлсэн. Маргааш өдөр би  тэр худаг байгаа газар руу эх*******ийн хамт очиход нэг танихгүй настай эрэгтэй хүн мал услах гээд байж байсан. Би тэр хүнээс төмөр онгоцыг хаанаас авсан талаар асуухад шороон замын хажууд байхаар нь авсан гэж хариулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Гэрч Г.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Галшар сумын 3 дугаар баг Дөрвөлжин гэх газарт хаваржиж байна. Аав намар малдаа өгнө гээд хүнээс 200 орчим боодол өвс худалдан авч манай хашаанд буулгасан юм. Тэр өвснөөс авна гээд 2023 оны 03 дугаар сарын 12-ны 17 цагийн үед манайд ирээд өвсөө ачаад явсан...Сурагчдын амралт болсон үеэр гэр бүлээрээ хөдөө аавынд очсон. Тэр үед аав надад хүний өвөлжөөнөөс мал усалдаг онгоц аваад ирсэн чинь онгоцны эзэн бололтой залуу ирээд явсан. Тэр хүн цагдаад өгнө гээд явсан гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Гэрч Г.Доржготовын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай аав Г   нь Хэнтий аймгийн төв рүү өвс ачихаар өөрийнхөө эзэмшлийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явсан. Тэгээд явчихаад орой ойролцоогоор 19-20 цагийн орчимд аав над руу өөрийнхөө 98988069 дугаарын утсаар залгаад “машин эвдэрсэн чи ирээд чирч яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би малаа тавьж хонь малаа хотлуулчихаад өөрийн эзэмшлийн 89-69 ХЭҮ улсын дугаартай Passo cete маркийн тээврийн хэрэгсэлтэй аавын байгаа газарт буюу Баянхутаг сумын 2 дугаар багт талын овоо гэх газарт цаг гарны дараа очиход аав машиндаа сууж байсан. Тэгээд би аавын машиныг үзээд араанд нь хийх гэтэл конс нь ажиллахгүй байсан. Тэгээд болохгүй болохоор нь би өөрийнхөө машинаас чирэгч гаргаж ирээд аавын машинтай холбоод чирээд гэр рүүгээ  харьсан. Тэр оройдоо гэрт очоод аав, ээж бид гурав шууд амраад маргааш өглөө нь аав ээж бид хоёр эзэнгүй айлын бууцан дээр усны онгоц байхаар нь тухайн айл нь нүүхдээ хэрэггүй гээд орхиод явчихсан байх гэж бодоод тэр онгоцыг нь авчихсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШД-68 дугаартай дүгнэлт: ...мал усалдаг онгоц 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 45-47-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Л.Г нь хохирогч Г.А-ын усны тосгуурыг хулгайлж 360,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч Г.А нь алдсан эд зүйлээ буцаан авсан болох нь “...төмөр онгоцоо бүрэн бүтэн хүлээж авсан, түлш  200.000 төгрөгийг хүлээн авсан. Л.Г  оос нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болно...” гэх хүсэлт  (хх-ийн 85-р хуудас)-ээр тогтоогдож  байх тул шүүгдэгч Л.Г  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.Г нь хүлээн зөвшөөрсөн хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Г  ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339000000166 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Г  ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Г  ид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                      Л.Г  ид  хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2339000000166  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР