| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
2023.05.26 2023/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0104/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2339000000183 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн 5 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талын төв магистрал зам дээр Д.Ирагийн эзэмшлийн 16-19 ХЭА улсын дугаартай “Toyoto pruis” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давахыг хориглоно”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх, мөн дүрмийн 23.8 дугаар зүйлд “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч П.Э-ийг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч П.Э-гийн эрүүл мэндэд аарцаг ясны цагаригт ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...4.000.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 4-8-р хуудас),
Хохирогч П.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 09 цаг 45 минутад дугаар авч өөрийгөө эмчид үзүүлээд 10 цагийн орчимд эмнэлгээс гараад гэр рүүгээ явж байх үед Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн хойд талын замаар баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гараад уг замын зүүн талын явган хүн явах зориулалт бүхий шороон хэсэгт урд талаас хойд зүгт явж байсан юм...би ганцаараа явж байсан чинь миний зүүн талаас цайвар цэнхэр өнгийн улсын дугаар номерыг нь мэдэхгүй суудлын машин замын хажуу талын боржур дээгүүр давж ирээд нэг удаа мөргөсөн....намайг мөргүүлээд унах үед эрэгтэй хүн харагдсан...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-17-р хуудас),
Иргэний хариуцагч Ц.Ирагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...16-19 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний ******* дээр байдаг...миний машинд үүссэн эвдрэл, гэмтэл байхгүй. Машин маань зүгээр байгаа...хамтран амьдрагч миний 16-19 ХЭА улсын дугаартай Приус 10 маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Гэрч Ц.Ирагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны03 дугаар сарын 31-ны өдөр...миний эзэмшлийн 16-19 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хамтран амьдрагч Д.Б жолоо бариад...долуулаа 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна ирээд...гэр рүү явахаар эмнэлгийн хойд талын хаалгаар гарч засмал замаар явсан...хүүгийн урд талаас зүүн гараараа хаагаад эргэж харах үед машин гэнэт боржур даваад замын хажуу руу орсон ба...замын хажуу талд явган эмэгтэй хүн ганцаараа явж байсан ба түүний зүүн талаас нь машинаараа шүргэчих шиг болоод нөгөө эмэгтэй газар унасан тэр үед Б машинаа зогсоогоод бид хоёр тухайн үед эмэгтэй рүү явж очоод тэр эмэгтэйг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгч зургийг нь авхуулаад эмчид нь үзүүлж уулзсан...тухайн үед анхаарал алдсан л байх гэж бодож байна...Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүүн хойд талын тойрог хэлбэртэй зүүн талаасаа уулзвар бүхий зам дээр болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаартай:
1. П.Э-гийн биед аарцаг ясны цагаригт ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч П.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч П.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “эмчилгээний зардалд нийт 4.000.000 төгрөг хаан банкны 5954338302 дансанд 2023 оны 05 дугаар сарын 18-нд шилжүүлж авсан нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлт (хх-ийн 107-р хуудас) байх тул шүүгдэгч Д.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Б хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шүүгдэгчид оногдуулах торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 даь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2339000000183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР