Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 20

 

Н.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0018/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

                   Прокурор                                       Г.Уянга

                   Хохирогч                                       О.Д-

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Эрдэнэбаатар

                   Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ийн Ц-д холбогдох, 1918004240530 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-ийн Ц-.

Шүүгдэгч Н.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “Дархан зах” дээр иргэн О.Д-ыг түлхэж унагаан эрүул мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

               Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Н-ийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б- овогт Н-ийн Ц-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,0 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.т зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан торгох ялын 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 32 сарын хугацаанд сар бүр 303.030 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 303.040 төгрөгөөр тооцон, нийт 33 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Ц-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.Ц-д анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3., 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Тухайн хэрэг үйл явдал болсон өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө Н.Ц-ыг нөхрийн хамт зах дээр унадаг дугуй зараад байж байхад түүнд туслах ажил хийдэг байсан О.Д- нь согтуу ирж хэрүүл маргаан үүсгэж, түүний нөхөр М.Б-гаас өмнөх өдрийн ажлын хөлс гэж хоёр удаа ирж мөнгө авч явсан бөгөөд гартаа лоом барьж ирээд газар цохиж агсан тавихад нь М.Б- лоом нь булааж аваад контейнертаа хийсэн байдаг.

О.Д- нь мөн тэнд худалдаа эрхэлдэг Д.А- гэгчид агсан тавьж түүнд хөөгдөж явсан байдаг. Ийм маягаар өдөржин тэр хавиар согтуурч явсаар Н.Ц- дээр ирж “Б- ах миний лоом  авмаар байна” гээд түүний контейнер руу нь орох гээд байхаар нь оруулахгүй гээд түлхэхэд нь түүний хувцасны захаар хоолойг нь бооход нь амьсгал нь давчдаад сандрахдаа түүний гарыг түлхэхэд О.Д- арагшаа унасан байна.

Дээрх үйлдлийг гэрч Х.Г- нүдээр харсанаа мэдүүлсэн байдаг.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Монгол улсын Үндсэн хуульд “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж Н.Ц-ын насанд хүрээгүй хүү Б.Т-ээс ээжийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан.,.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ насанд хүрээгүй гэрч Б.Т-ийн мэдүүлэг болох “О.Д- ах ээжийг заамдчихсан байхаар нь би сандраад ээж дээр яваад очиход ээж чи цаашаа байж бай гээд намайг хойшоогоо түлхсэн. Тэгэхэд нь би гартаа байсан гар утасаа газар унагаачихсан.,  гар утсаа аваад эргээд хартал О.Д- ах газар уначихсан байсан..., гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.Ц-ын “хоолойгоо боолгосны улмаас амь насаа хамгаалахын тулд түүнийг түлхэж унагаасан” гэсэн  мэдүүлэг няцаагдаж байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт хийгээгүйн улмаас хэргийг буруу зүйлчилж Н.Ц-д ял  оногдуулж түүний  эрх зүйн байдлыг нь хохироосон гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаж үзэхэд Н.Ц-ын үйлдэл нь өөрийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын тулд хийсэн үйлдэл болох нь тогтоогддог.

Ийм тохиолдолд хүн довтолгооноос өөрийгөө хамгаалж ямар ч хөдөлгөөн хийж болох бөгөөд зэвсэг хэрэглэж өөрийгөө хамгаалах эрхийг ч хуулиар хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл Н.Ц-ын хувьд түүний өмссөн 2 давхар цамцны захаар хоолойг нь бооход О.Д-ын гарыг л цааш нь түлхэсэн  бөгөөд О.Д- нь согтуу байсан учир арагшаагаа унасан.

Хүний амьд явах эрх бол хүн болгоны заяагдмал эрх юм. Амьд явах эрхийг Үндсэн хуулиар бэхжүүлсэн байдаг бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 1.д заасан  “Амьд явах эрхтэй.,...хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байна.

Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд довтолгоон эхэлсэн байхыг шаардахгүй.

Аргагүй хамгаалалтыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн...эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”

- 4.1 дүгээр зүйлийн 2.т Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалтыг хийх эрхтэй,

- 4.1 дүгээр зүйлийн 3.т Аргагүй хамгааллатыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэж заасан нь Н.Ц-ын үйлдэл аргагүйн хамгаалатын хэм хэмжээг зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэсгүй болохыг нотолж байна.

Иймд Н.Ц-д ял халдаасан Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргана уу гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч шүүгдэгч Н.Ц-ын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна., үйлдэл аргагүй хамгаалалт тул хэргийг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү ... гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч О.Д- тайлбартаа:

           Миний бие өвдөж байгаа., Хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай боловч эмчилгээний болон замын зардал байхгүй., хохиролд гэр өгнө гэсэн боловч шүүхээр шийтгүүлсэн өгөхгүй гэсэн., гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн давж заалдах гомдол  үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Ц-ыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр,  “Дархан зах” дээр иргэн О.Д-ыг түлхэж унагаан эрүул мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд  анхан шатны шүүх  түүнийг  дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,0 /арван сая/ төгрөгөөр торгох ял  оногдуулж, ялыг  32 сарын хугацаанд сар бүр 303.030 төгрөгөөр, сүүлийн 1 сард нь 303.040 төгрөгөөр тооцон, нийт 33 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

           Хэргийн  нөхцөл байдлаас  үзвэл хохирогч О.Д- нь “Дархан” зах дээр тэрэг түрж, хүмүүсийн бараа зөөж амьдардаг бөгөөд тухайн үед шүүгдэгч Н.Ц-аас ажлын хөлсөө нэхэж тэдний контейнер дээр архи уусан байдалтай  ирж хөлсөө нэхсэнээс үүдэн  маргалдсан., энэ үед   шүүгдэгч нь  түүнийг түлхсний улмаас О.Д- цементэлсэн  газар  унаад босож ирээгүй байхад нь  захын хамгаалагч ирж  түүнийг өргөж авч яваад цагдаад хүргэж улмаар эрүүлжүүлэх байранд хүргэсэн., эрүүлжүүлэх байранд байхдаа огиулж бөөлжих гэж байхад нь эмч бөөлжилтийн эсрэг тариа хийсэн., мөн 103 дуудаж дахин үзүүлж эм өгсөн., маргааш өглөө нь хохирогч эрүүлжүүлэх байрнаас гараад явж чадахгүй  эрүүлжүүлэхийн ойролцоо  хашаан дотор 2 хоног хэвтэж байгаад сэргэж  гэртээ харьсан., үүний улмаас хохирогчид ...дагз ясны  шугаман хугарал, дагзны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал,  бага тархины зүүн дэлбэнгийн цус хуралт, няцрал... бүхий  хүнд хохирол учирсан үйл баримт болсон байна. 

           Энэ үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн ... би архи уусан нь үнэн., цалингаа авах гэж очсон., гэтэл намайг Ц- эгч түлхэж би унасан., нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байсан., өглөө эрүүлжүүлэхээс гараад явж чадахгүй гадаа 2 хоносон., гэсэн мэдүүлэг /х.хийн 21-23-р хуудас,  анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн/

          Гэрч Эрүүлжүүлэх байрны эмч  Р.Н-гийн  ...тэр хүн бөөлжих гээд огиулаад байхаар нь тариа хийсэн., согтуурлын хэмжээг шалгах гэхэд үлээх чадваргүй байсан., тэгээд 103 дуудаж үзүүлсэн тухайн үед чичрээд салганаад байсан., даралт хэвийн зүрхний цохилт олширсон байхаар нь эм өгсөн ., гэсэн мэдүүлэг., / х.хийн 42-р хуудас /

           Гэрч О.О-ийн ... Д- миний төрсөн дүү., 2019-06-03-ны 15 цагийн үед гэрт ирэхдээ согтуу юм шиг байхаар нь бас архи уусан юм уу гэхэд эгчээ би яг үхлээ гээд хэвтсэн., босохгүй, ярихгүй болохоор нь 103 дуудсан чинь согтуу хүнд үйлчлэхгүй гэсэн.,  тэгээд бөөлжөөд байхаар нь дахиж залгаж байгаад 103 ирээд  22 цагийн орчимд аваад явсан., өглөө нь яаралтай Улаанбаатарт хагалгаанд оруулах шаардлагатай гэж мэдсэн..., гэсэн мэдүүлэг., /х.хийн 38-40-р хуудас/ болон гэрч Х.Г-,  Д.Э-,  Б.Н-, Б.Т- нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-06-14-ний өдрийн 7350 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогджээ.

         Дээрх нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Н.Ц-ын буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирч мэс ажилбар хийлгэсэн., Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт болон, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд  хагалгаа хийлгэж,  хэвтэн эмчлүүлсэн   цаашид Гэмтэл Согогийн  эмнэлэгт  дахин үзүүлэх шаардлагатай боловч эмчилгээний болон замын зардалгүй явж чадахгүй талаар мэдүүлж байгаа., мөн шүүгдэгч Н.Ц- шүүхийн шийдвэрээр хохирол төлбөр эмчилгээний зардалд 305.000 төгрөгийг завсарлага авч төлсөн., түүний өмгөөлөгч нь үйлдлийг аргагүй хамгаалалт гэж мэтгэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдах гомдол гаргасан зэргээс үзвэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан  ял хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

           Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна,  тухайн  хэргийн  нөхцөл байдал, учруулсан  гэм хор, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн эсэх, хохирогчийн гомдол, санал, биеийн эрүүл мэндийн байдал, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

           Иймд шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болохуйц нөхцөл байдал байхад шүүх анхаарч үзээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ..аргагүй хамгаалалт тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н-ийн Ц-д холбогдох, 1918004240530 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

          2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч Н-ийн Ц-д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

          3.Давж заалдах шатны шүүх магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                   Ц.ТУЯА