Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0902/З |
Дугаар | 128/ШШ2020/0008 |
Огноо | 2019-12-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Монгол овгийн О.М, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **б байр, ** тоот,
Боржигон овгийн Одгэрэлийн Аргиун, Баянзүрх дүүргийн ** дугаар
хороо, ** дугаар хороолол, **б байр, ** тоот
Хариуцагч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн
хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Д,
Гомдлын шаардлага:
1. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ды 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0067230 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа, гомдол гаргагч О.М, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагч нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч нараас шүүхэд гаргасан гомдолдоо болон О.Маас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Д Strawberry дэлгүүрийн эзэн О.А /РД:****************/, О.М/РД:Ч****************/ нар хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-т заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0067230 дугаар шийтгэлийн хуудсаар 1500 нэгж/нэг сая таван зуун мянган төгрөг/-ээр торгосон.
Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3-т хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн; бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч иргэнийг торгох санкциар бус хуулийн этгээдийг зөрчил гаргасан гэж торгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэн О.М, О.А нар нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд иргэний хувиар оролцсон бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоогүй.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг mаслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; бүрэн эрхийг байцаагчид олгосон. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч бизнес эрхэлж буй иргэдийн гаргасан алдаа, дутагдлыг албан шаардлагын хүрээнд залруулж зөрчлийг шийдвэрлэх боломжтой байхад шийтгэхийг урьтал болгож хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна.
Холбогдогч нарын зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдээр бус иргэнээр торгуулах саналыг мэргэжлийн хяналтын байцаагчид гаргасан ч түүнийг хүлээж аваагүй.
Гаргасан зөрчил дутагдлаа арилгаж гомдол гаргасан иргэнд илүү цагаар ажиллуулсан хөдөлмөрийн хөлсийг олгосон.
Иймд хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ч.Ды 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0067230 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
... 2019 оны 6 дугаар сараас эхэлж дэлгүүр ажиллуулсан. Уг дэлгүүрийг иргэн н.Ариунболдоос түрээсэлж ажиллуулсан. Тухайн үед завгүй байсан тул 10 хоног худалдагч авч ажиллуулаад ажилласан хоногийн цалинг нь бодож олгосон. Ч.Д байцаагч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр торгосон. Гэрээ байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ аж ахуй нэгжээр торгосон. Бид татварын албанаас Нэмэгдсэн өртгийн албан татвараа хувь хүнээр бүртгүүлж, хувь хүнээр баримт өгдөг. Тиймээс хувь хүнээр торгуулах саналыг тавьсан боловч О.Аы нэр дээр компани байна гэж торгосон. Тухайн компани нь энэ дэлгүүртэй ямар ч хамааралгүй. Татварын тодорхойлолтоор хувь хүн гэдэг нь тогтоогддог. Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тул иргэний гомдлыг шалгадаг. Илүү цагийн цалин олгоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн гомдол ирсэн. Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол хуулийн этгээд, болон хувь хүнийг торгох зохицуулалттай. Мөн би татварын байцаагч биш. Гомдол гаргагч нар хуулийг илт зөрчиж ажиллаж байна. Ажиллаж байгаа хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулаагүй. Тэтгэвэр тэтгэмж авах эрхийг нь зөрчиж байна. Тиймээс хуулиас зайлсхийж байна. Зөрчил гарсан нутаг дэвсгэрт нь шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл хувь хүн гэж өөрсдөө тайлбарлаж байгаа боловч хуулийн этгээдтэй байна. Хувь хүнээр торгуулах гэж надаас гуйсан. Прокурор болохоор энэ хүмүүс хуулийн хариуцлагаас зугтаж байна. Тиймээс хуулийн этгээдийн лавлагаа гарч ирсэн тул хуулийн этгээдээр нь арга хэмжээ авна. Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөв гэж дүгнэсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдол гаргагч О.М, О.А нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ды 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0067230 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Д 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар Strawberry дэлгүүрийн эзэд-д Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.4.3-т заасны дагуу 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэжээ[1].
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно гэж, 10.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т Ажил олгогч: хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж зааснаас үзвэл, ажил олгогч хувь хүн, эсхүл хуулийн этгээд аль нь байж болохоор байх ба хууль тогтоогчоос хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн зөрчилд ногдуулах шийтгэлийн хэмжээг хүнд бол 150, хуулийн этгээд бол 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж ялгамжтай тогтоожээ.
Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрэх ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил гүйцэтгүүлсэн зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон байх боловч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 0067230 дугаартай шийтгэлийн хуудсаар хэнд шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай шийдвэр болжээ шүүх дүгнэлээ.
Тодруулбал, 0067230 дугаартай шийтгэлийн хуудаст холбогдогч ...дэлгүүрийн эзэд О.А, О.М гэж тэмдэглэсэн байх боловч гомдол гаргагч нэр бүхий иргэдийг тухайн дэлгүүрийн эзэн болохыг нотолсон аливаа баримт 1909001440 дугаартай зөрчлийн хэрэгт авагдаагүй дээр дээрх шийтгэлийн хуудаст бичигдсэн 2 хүнийг хоёуланг нь тус зөрчлийн үйлдсэн гэж үзвэл тус бүрт нь шийтгэл ногдуулах нь зөрчилд хариуцлага хүлээлгэх зарчимд нийцэхээр байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20-05/2401 тоот албан бичигт иргэнО.А нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Окей резиденс хотхонд Гүзээлзгэнэ-Strawberry гэр ахуйн дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэхээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна[2] гэсэн байх ба О.А нь дурьдсан зөрчлийг үйлдсэн гэж үзвэл, хуульд заасны дагуу түүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнийг нөхрийн хамт дэлгүүрийн эзэд гэж нэрлээд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа нь зөрчилд үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.
Хэдийгээр гомдол гаргагч О.М, О.А нар нь гэр бүлийн хүмүүс байх хэдий ч эрх зүйн бүрэн чадамж бүхий эрх зүйн харилцааны субьектүүд болохынхоо хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан бие биенээ төлөөлөх боломжгүй байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад О.Аы нөхөр болох О.М-ыг холбогдогчоор тогтоон мэдүүлэг авсан байх ба О.М нь дээр дурьдсан 2 хуулийн этгээд болон ХХК-иудтай ямар харилцаатай болох, уг компаниудад албан тушаал эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02-06-45/42 тоот актаар ...М.Мөнхзаяад илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 56,250 төгрөгийг нөхөн олгохыг Strawberry дэлгүүрийн эзэн О.Ад хариуцуулж[3] шийдвэрлэсэнээс үзвэл, эрх бүхий албан тушаалтан нь зөрчил болон зөрчлийг үйлдсэн гэх субьектийн үйлдлийн хоорондох шалтгаант холбоог тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтод заасан байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад О.М, О.А нарын хамаарал бүхий 2 хуулийн этгээд болох Мон наран жэй Пи болон Файнсис катерер ХХК-иудын лавлагааг[4] авсан байх ба хариуцагчаас энэ хүмүүс ойлгомжтой, хуулийн этгээдийн татвар, нийгмийн даатгалыг далдлах зорилгоор дэлгүүрийг хувь хүнээрээ ажиллуулдаг. Тийм учраас хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан гэж тайлбарлах боловч маргаан бүхий шийтгэлийн хуудаст эдгээр хуулийн этгээдүүдийн алиных нь ч нэр дээр бичигдээгүй, аль хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна.
Зүй нь эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдийн гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд уг хуулийн этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үүрэгтэй атал Файнсис катерер ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Л.Оюунбилэгийг, Мон наран жэй пи ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох О.Аыг уг ажиллагаанд татан оролцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул гомдол гаргагчийн ...бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд иргэний хувиар оролцсон бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж, хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс оролцоогүй гэсэн гомдол үндэслэлтэй байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл, нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Д нь М.М гаргасан Strawberry дэлгүүрт ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, илүү цагаар ажилласны хөлс олгоогүй тухай гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа уг зөрчлийг хүн, хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн эсэхийг нарийвчлан шалган тогтоогоогүйгээс дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн баримт, эрхийн актуудад холбогдогчийг өөр өөрөөр тодорхойлж, улмаар хүнд эсхүл, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй утга агуулгын илэрхий алдаа бүхий шийтгэлийн хуудас үйлдсэн байх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч О.М, О.А нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Ды 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0067230 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 5/тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ