| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 123/2025/0084/3 |
| Дугаар | 221/МА2026/0124 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0124
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Н” ХХК
Хариуцагч “Т” ХХК
Хариуцагч “Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл
Хариуцагч “Т” ХХК-ийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ** тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Бүх тендерээс татгалзах тухай” ** дугаар зөвлөмж, “Т” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/*** дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, TTTXXK/20250*******/**/** дугаартай тендерт оролцсон “Н” ХХК-ийн материалыг дахин үнэлэн “Н” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгуулах, ТТТXXK/20250******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох тендерт “Н” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Т” ХХК-д даалгуулах, “Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоуулах, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалын холбогдох хэсэг буюу ТТТХXK/20250******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох ажлыг хассан хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/*** дугаар тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт 7-д заасан TTTXXK/20250*******/**/** дугаар Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох ажлыг цуцалсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 123/ШШ2026/0015 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, Б.Б
Хариуцагч “Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц
Хэргийн индекс: 123/2025/0084/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Т” ХХК, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо, “Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ** тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Бүх тендерээс татгалзах тухай” ** дугаар зөвлөмж, “Т” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/*** дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, TTTXXK/20250*******/**/** дугаартай тендерт оролцсон “Н” ХХК-ийн материалыг дахин үнэлэн “Н” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгуулах, ТТТXXK/20250******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох тендерт “Н” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Т” ХХК-д даалгуулах, “Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоуулах, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалын холбогдох хэсэг буюу ТТТХXK/20250******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох ажлыг хассан хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/*** дугаар тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт 7-д заасан TTTXXK/20250*******/**/** дугаар Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох ажлыг цуцалсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.5, 30.6. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ** тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Бүх тендерээс татгалзах тухай ** дугаар зөвлөмж, “Т” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/*** дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, TTTXXK/20250*******/**/** дугаартай тендерт оролцсон “Н” ХХК-ийн материалыг дахин үнэлэн “Н” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах, ТТТXXK/20250******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох тендерт “Н” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг “Т” ХХК-д даалгах гэж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/*** дугаар тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгт 7-д заасан TTTXXK/20250*******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох ажлыг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулах, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалын холбогдох хэсэг буюу ТТТХXK/20250******/**/** дугаартай Хөдөлгөөнт шигшүүр худалдан авахад нийлүүлэгчийг сонгох ажлыг хассан хэсгийг тус тус хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
3.1 “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс санхүүжилтийн эх үүсвэргүй болгосон тул тус тендерийн ажлыг явуулах боломжгүй гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн. Тендер шалгаруулалтын ажиллагаанд шалгараагүй оролцогч шүүхэд нэхэмжлэл гаргахаар захиалагч нь төсвийг хасчихдаг тохиолдол олон байна. Энэ тохиолдолд шүүх хянах юм уу, төсвийг нь хасдаг тодотгож өөрчлөх байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргах боломжтой юу гэдэг асуудлаар хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий шийдэл гаргаж өгөхийг хүсэж байна.
3.2 Уг тендерийн төсөв санхүүжилтийг хасах нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, үндэслэл бүхий шалтгаан байгаа эсэх талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд батлагдсан, зарлагдсан, шалгаруулалт явагдсан төрийн худалдан авах ажиллагааны төсвийг хасах, бууруулах эрх хэмжээ хэн нэгэнд олгогдоогүй. Захиргааны байгууллагын хувьд хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдох зарчим үйлчилдэг. Төсвийг хасаж, бууруулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй бол захиргааны байгууллагын төсвийг хасаж, бууруулсан үйл ажиллагаа нь хууль бус юм.
3.3 Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. “Т” ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Хөдөлгөөнт шигшүүр худалдан авах” ТТТХХК/20250****** дугаар, 1,600,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, “Н” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10.2-т заасны дагуу шаардлага хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэл болгон тендерээс татгалзаж байгаа тухай 6 дугаар сарын 09-ний өдрийн 01/*** дүгээр албан бичгээр мэдэгджээ.
4. Улмаар Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг “Н” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/**** дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-д заасныг үндэслэн тендер шалгаруулалтын хянах үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
5. Тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн * дүгээр хурлын тэмдэглэлээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасны дагуу шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй гэж үзээд бүх тендерээс татгалзаж, мөн өдрийн “Бүх тендерээс татгалзах тухай” ** дугаар зөвлөмжөөр “Хөдөлгөөнт шигшүүр” худалдан авах тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Н” ХХК, “Г” ХХК-иудын ирүүлсэн тендерийг хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд шаардлага хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэл болгон ирүүлсэн тендерүүдээс татгалзаж шийдвэрлэжээ.
6. “Т” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгээр “...“Н” ХХК-ийн сүүлийн 3 жилийн ижил төстэй гэрээтэй холбоотой борлуулалтын И баримтад уул уурхайн болон үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, машин механизмын талаар огт тусгагдаагүй байна. Ижил төстэй ажлын мэдээллийг баталгаажуулах нийлүүлсэн техникүүдийг худалдан авсан И баримт, гаалийн мэдүүлэг, лавлагаа, НӨАТ төлсөн баримт зэргийг ирүүлээгүй нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага нотлогдохгүй байна. 2022 оны санхүүгийн тайланд тусгагдсанаар борлуулалтын орлого нь 2,826,922,900 төгрөг байна. Тухайн оны цахим системд байгаа мэдээллээр “Н” ХХК нь Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан Авто баазын барилга нэртэй тендерийг 1,999,916,491 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан. “Т” ХХК-ийн зохион байгуулж байгаа Хөдөлгөөнт шигшүүр худалдан авах тендерт ижил төстэй гэрээний мэдээлэл “Г” ХХК-д Хөдөлгөөнт цохилтот бутлуурыг 2,400,000,000 төгрөгөөр нийлүүлсэн гэрээний мэдээлэл ирүүлсэн. Иймд 2022 оны санхүүгийн тайланд туссан борлуулалтын орлого болон тухайн онд байгуулсан гэрээний мэдээлэл хоёр зөрүүтэй байгаа нь “Г” ХХК-д Хөдөлгөөнт цохилтот бутлуур нийлүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна” гэх үндэслэлээр “Н” ХХК-ийн тендерээс татгалзаж нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн байна.
7. Нэхэмжлэгчээс Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Сангийн яамны 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/**** дугаар албан бичгээр “...Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам хянаж үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн. Танай 2025 оны А/*** тоот албан бичигт шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан байх тул дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу гомдлыг буцааж байна” гэх хариуг “Н” ХХК-д өгчээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “Тендер шалгаруулалтын баримт бичиг гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-д “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-д заасан мэдэгдэл, 7.3-д заасан баримт бичиг, 15.2-д заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан.
9. “Хөдөлгөөнт шигшүүр худалдан авах” Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардана, 1. Батлагдсан төсөвт өртгийн 100 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг 2022, 2023, 2024 онуудад жил тус бүр багадаа 1 удаа нийлүүлсэн байх, 2. Ижил төстэй бараа гэдэгт: Хөдөлгөөнт шигшүүр, уул уурхайн болон үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, уул уурхайн зориулалттай машин механизм нийлүүлж байсан туршлагыг хэлнэ”, 4. Нотлох баримт болох жил тус бүрийн бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх. Мөн гэрээний мэдээллийг баталгаажуулах жил тус бүрийн татварын цахим системээр баталгаажсан И баримтыг тус тус хавсаргаж ирүүлнэ. Дээрх нотлох баримт бичгүүдийн аль нэгийг нь ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж тус тус тусгайлан заажээ.
10. Тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдсан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн * дүгээр хурлын тэмдэглэлд “...Н ХХК нь ижил төстэй гэрээний нийлүүлсэн гэх тоног төхөөрөмж нь Монгол Улсын хил гаалиар орж ирсэн гаалийн мэдүүлэг болон холбогдох бичиг баримт ирүүлээгүй ижил төстэй гэрээ нотлогдохгүй байна гэсэн өмнөх Үнэлгээний хорооны шийдвэртэй ижил саналтай байна” гэсэн байна.
11. “Н” ХХК нь Тендерийн баримт бичигт ижил төстэй бараа нийлүүлэх буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Г” ХХК-тай байгуулсан “Хөдөлгөөнт цохилтот бутлуур худалдах, худалдан авах гэрээ”, Гэрээ дүгнэсэн акт, 2,400,000,000 төгрөгийн И баримт, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Ү” ХХК-тай байгуулсан “Уул уурхайн хөдөлгөөнт бутлуур, шигшүүр худалдах, худалдан авах гэрээ”, Гэрээ дүгнэсэн акт, 1,925,026,453 төгрөгийн И баримт, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Г” ХХК-тай байгуулсан “Хөдөлгөөнт бутлуур худалдах, худалдан авах гэрээ”, Гэрээ дүгнэсэн акт, 1,756,412,089.85 төгрөгийн И баримт зэрэг 2022-2024 оны ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ, баримтуудыг хавсарган ирүүлжээ.
12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй”, 30.6-д “Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд захиалагч энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил, үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно” гэж тус тус заасан.
13. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Үндэсний хорооны гишүүдэд чиглэл өгөх тухай” ** дүгээр тогтоолын 5-д “Т” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Э” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын 2023 оны А/** дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг Засгийн газар танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, “Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд тус тус үүрэг болгожээ.
14. “Т” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 13/*** дугаар албан бичгээр “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ** дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТУЗ-ын хуралд баримтлах удирдамжаар хэрэгцээгүй худалдан авалтаас зайлсхийх зардлыг оновчтой болгох чиглэл өгсний дагуу Компанийн ТУЗ-ийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшээр хангах болсон тул ТТТХХК/20250****** тоот “Хөдөлгөөнт шигшүүр худалдах, худалдан авах” төсөл арга хэмжээг Үйлдвэрлэлийн бодлогын газраас цуцлах санал гарсан тул Бизнес төлөвлөгөө, төсвөөс хасагдсан” талаар Худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Б-д хүргүүлсэн байна.
15. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэрээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2025-2026 оны галлагааны улиралд импортын бэлэн түлшийг (хөх нүүрс) гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, хэрэглэхээр болсон, улмаар “Т” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх хэрэгцээ шаардлагагүй болсон байна.
16. Дээрх 04 дүгээр тогтоол, 13/*** дугаар албан бичигт дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн “Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар, 09 дүгээр сарын 09-ны өдрийн ** дугаар тогтоолууд, Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар, 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/*** дугаар тушаалуудаар тус компанийн 2025 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, ТТТХХК/20250***** дугаар “Хөдөлгөөнт шигшүүр худалдан авах” 1,600,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтыг цуцалжээ.
17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Уг тендерийн төсөв санхүүжилтийг хасах нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, үндэслэл бүхий шалтгаан байгаа эсэх талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. ...хуульд батлагдсан, зарлагдсан, шалгаруулалт явагдсан төрийн худалдан авах ажиллагааны төсвийг хасах, бууруулах эрх хэмжээ хэн нэгэнд олгогдоогүй... Төсвийг хасаж, бууруулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй бол захиргааны байгууллагын төсвийг хасаж, бууруулсан үйл ажиллагаа нь хууль бус юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
18. Иймээс тухайн бараа, ажил худалдан авах хэрэгцээ, шаардлага байхгүй болсон нь захиалагч “Т” ХХК-иас үл хамаарч байх ба захиалагчаас үл хамаарах шалтгаанаар санхүүжилтийн эх үүсвэргүй болж тендер шалгаруулалт цуцлагдсан нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран тендерт шалгарсан оролцогч ажлыг гүйцэтгэх бодит боломжгүй учраас нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
19. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Санхүүжилтийн эх үүсвэргүй тохиолдолд дахин тендерийн үйл ажиллагаа явуулах болон тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглосон энэ тохиолдолд тендерийн аливаа үйл ажиллагааг захиалагч хэрэгжүүлэх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА