Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 61

 

                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

Иргэний нэхэмжлэгч Ц.Наранцэцэг,

Иргэний нэхэмжлэгч М.Одонбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч Э.Буян-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Энхжаргалын Буян-Оршиход холбогдох эрүүгийн 201619000860 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1994 оны 10 сарын 24-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, яс үндэс дөрвөд, эрэгтэй, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах эгч нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3-052 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 474 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Их тугтан овогт Энхжаргалын Буян-Орших /РД:ОЮ94102432/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Буян-Орших нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн иргэн У.Буянжаргалын гэрээс нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс, монгол гутал, дээл, хантааз, хүрэм, хөөрөг 2 ширхэг, гар утас зэрэг эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч Э.Буян-Орших шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай ломбарданд 3 ширхэг мөнгөн аягыг 100 000 төгрөгөөр тавьсан. Одоо хүүн бодогдоод 114900 болсон байгаа гэв.

 

Иргэний нэхэмжлэгч М.Одонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр ажил тараад таксинд явж байсан. Тэгсэн чинь энэ залуу суугаад хөөрөг зарна гээд 100000 гэсэн тэгээд таксины мөнгийг хасаад 73000 төгрөг бэлэн өгсөн. Одоо нэхэмжилж байна гэв.

 

Хэрэг бүртгэлтэнд:

            Хохирогч У.Буянжаргал хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: Манай эхнэрийн дүү Дүрэвдорж гэдэг хүн би хэд хоног мал хараад байж байх хүүхэд хэрэгтэй байна гэж ярьсан юм. Тэгэхэд манай найзын дүү нь гээд нэг залуу байгаа тэрийг тань руу яриулъя гэсэн юм. Тэгээд Буян-Орших гэх залуу манай суман дээр шуудангаар 11 сарын 26-ны үед ирэхээр нь тосож аваад гэртээ мал маллуулахаар түр авч ирсэн байсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эхнэр хүүхдээ аваад хот руу ажлаар яваад Буян-Орших гэх залууг малаар харуулахаар гэртээ үлдээсэн байсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар 06-ны өдөр хотоос гэртээ буцаад ирэх үед гэр эзэнгүй байсан Буян-Орших байхгүй байсан. Тэгээд манай эхнэр авдрандаа юм аа хийх гээд цоожийг нь онгойлгох цоож эвдрээд зүүгээд орхичихсон доторхийг нь үзсэн чинь миний дээл хүрэм, эхнэрийн хантааз, миний хоёр хөөрөг, монгол гутал, мөнгө бүс 3 ширхэг, мөнгөн аяга зэрэг зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би шууд сумын цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед Буян-Оршихыг аваад явчихлаадаа гэж  бодсон. Манай  авдар цоожтой байсан. Буян-Орших гэх хүн манай авдар дотор үнэ бүхий хулгайд алдагдсан эд зүйлүүд байгааг мэдэхгүй байсан. Би Буян-Орших гэх хүнийг таньдаггүй байсан. Манайд мал маллахаар ирээд танилцсан байсан. Өөр ямар нэгэн харилцаа холбоо гэх зүйл байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой утсаар надтай эгчийн бие муудаад байна хот руу явах хэрэгтэй байна би явмаар байна гэхээр нь би хажуу айлынхаа хүнтэй утсаар яриад манайд байгаа хүнд 2 0000 төгрөг өгөөд шууданд суулгаад явуулчих гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Манай охин Нямшар нь алдсан эд зүйлүүдийг үнэлгээний компаниар үнэлүүлсэн байгаа. Тэр үнэлгээгээр үнэлнэ. Би тэр үнэлгээтэй санал нийлж байгаа. Усан картааман хөөрөг нь манай гурван үе дамжиж ирсэн хөөрөг байсан. Нөгөө хөөрөгийг өнгөрсөн жил Улаанбаатар хотоос 80 000 төгрөгөөр худалдан авч байсан. Дээл хүрэм хантааз зэргийг манай эхнэр өөрөө оёсон, монгол гутлыг Улаанбаатар хотоос энэ жилийн хавар 80000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн аягануудыг мөн Улаанбаатар хотоос 2-3 жилийн өмнө худалдаж авч байсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан талаар мэдээгүй. Буян-Орших нь манай гэрээс гар утас алдаагүй. Би тэр гар утсыг Буян-Оршиход өөрт нь өгсөн байсан юм.  Надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан эд зүйлүүдээ бүгдийг нь авчихсан. Харин мөнгөн аягануудаа нэхэмжилж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-22 тал/,

           

Гэрч Г.Галбадрах хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: Би тэр зулуутай одоо энэ ажиллаж байгаа “Гэрэлт Од” төвийн 888 гэх нэртэй бааранд хамт ажиллаж байсан юм. Би дижи хийдэг Буян-Орших хамгаалагч хийдэг байсан. Буян-Орших ерөөсөө тогтвортой ажилладаггүй ажлаасаа нэг гараад буцаж ороод л байдаг байсан. Бид нар хамт ажилладаг байсан болохоор таньдаг байсан. Хааяа манай гэрээр ирээд ганц нэг хоноод л явдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөөнөөс ирлээ танайд очлоо шүү гээд өдөр 12 бил үү 13 цагийн үед утсаар яриад ирсэн.  Ирэхдээ 2 цүнхтэй юмтай 1 үүргэвч үүрчихсэн байдалтай ирсэн. Төв аймгаас ирлээ гэж ярьсан. Төв аймгийн төв юм уу өөр сум юм уу гэдгийг нь хэлээгүй би ч асуугаагүй. Манайд цай ууж хоол идчихээд найз охинтойгоо уулзана гээд 15 цагийн үед гараад явсан. Манайхаас явахдаа цүнхтэй зүйлүүдээ үлдээгээд одтой хөх өнгийн цүнхнээс 2 хөөрөг гаргаж ирээд тэр 2 хөөрөгөө халаасандаа хийгээд бусад зүйлүүдийг нь үлдээгээд явсан. Цүнхнүүд дотор нь тухайн үед юу байсныг би мэдээгүй. Гарч яваад тэр өдрөө ирээгүй. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байхаа Төв аймгаас цагдаа ирээд Буян-Орших хулгай хийсэн байна хулгай хийсэн эд зүйл нь танайд гэрт байна гээд цүнхтэй зүйлүүдийг нь ирж тоолж үзээд аваад явсан. Дараа нь эд зүйлүүдийг нь ирж авсан цагдаа утсаар надад Буян-Оршихыг барьж авсан талаар хэлсэн. Ганц нэг удаа сонин сайхан юу байна юу хийж байна гэх зэргээр утсаар ганц нэг удаа л ярьж байсан. Түүний хөдөөнөөс авч ирсэн зүйлийг нь хулгайн эд зүйл гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Цагдаа ирээд л эд зүйлийг нь гаргаж ирэхэд нь мэдсэн. Цүнхнүүд дотор нь монгол гутал, дээл, мөнгөн бүс, эмэгтэй хүний хантааз зэрэг зүйлс байсан. Урьд ирэхдээ манай гэрт эд зүйл, хувцасаа авч ирж тавьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

           

            Гэрч Б.Нямшар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ..Манай ээж аав хоёр Төв аймгийн Цээл сумын нутагт хөдөө мал дээр байдаг юм. Тэгээд 2016 оны 11 сарын 24-ний өдөр нэг хүн мал маллахаар очсон юм билээ. Надад энэ талаар хэлж байсан. Тэгээд манай ээж аав хоёр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод гэрээ малчин залуудаа үлдээгээд ирсэн байсан ба 12 дугаар сарын 06-ны өдөр буцаад хөдөө гэрлүүгээ явсан юм. Тэгтэл аав ээж хоёрыг хөдөө гэрт нь очиход малыг нь харж байсан малчин залуу нь хамаг эд зүйлийг нь хулгайлаад аваад явсан байсан юм. Энэ талаар манай аав ээж хоёр утсаар хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. 2 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, монгол гутал, монгол дээл, хантааз хүрэм, гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан. Халтар манан хөөргийг 100 000, өв залгамжилж ирсэн картаанан хөөрөг 50.000 сая, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь 800 000 төгрөг, мөнгөн бүсийг 1000000 төгрөг, монгол гутал 150 000 төгрөг, монгол дээл 100 000, хантааз 40000, хүрэм 40000, гар утас 20000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,

 

-Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-03 тал/,

-гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04 тал/,

-хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-10 тал/,

-үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-11 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт  /хх-12 тал /,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13 тал/,

-хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-15 тал/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16-17 тал/,

-барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-18 тал/,

-эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19 тал/,

-Илтгэх хуудас /хх-20 тал/,

-“Харибол” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-31-37 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-39 тал/,

-тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-40 тал/,

-сэжигтнийг баривчлах тогтоол /хх-42 тал/,

-“Сэжигтнээр баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-43-44 тал/,

-“Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” прокурорын санал /хх-45 тал/,

-“Сэжигтнээр цагдан хорихоос татгалзах тухай” шүүгчийн захирамж /хх-46-47 тал/,

 

            -Э.Буян-Оршихыг 2016 оны 12 сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-51 тал/, 2016 оны 12 сарын 21-ний өдөр сэжигтнээр дахин /хх-52-53 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-57 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            -Э.Буян-Оршихын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 474 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа  /хх-59 тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Буян-Орших нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн иргэн У.Буянжаргалын гэрээс нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс, монгол гутал, дээл хантааз, хүрэм, хөөрөг 2 ширхэг гар утас зэрэг эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч У.Буянжаргалын мэдүүлсэн “...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эхнэр хүүхдээ аваад хот руу ажлаар яваад Буян-Орших гэх залууг малаар харуулахаар гэртээ үлдээсэн байсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар 06-ны өдөр хотоос гэртээ буцаад ирэх үед гэр эзэнгүй байсан Буян-Орших байхгүй байсан. Тэгээд манай эхнэр авдрандаа юм аа хийх гээд цоожийг нь онгойлгоход цоож эвдрээд зүүгээд орхичихсон доторхийг нь үзсэн чинь миний дээл хүрэм, эхнэрийн хантааз, миний хоёр хөөрөг, монгол гутал, мөнгө бүс 3 ширхэг, мөнгөн аяга зэрэг зүйлүүд алга болсон байсан. Тэгээд би шууд сумын цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-22 тал/, гэрч Г.Галбадрахын мэдүүлсэн “ ..2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөөнөөс ирлээ танайд очлоо шүү гээд өдөр 12 бил үү 13 цагийн үед утсаар яриад ирсэн.  Ирэхдээ 2 цүнхтэй юмтай 1 үүргэвч үүрчихсэн байдалтай ирсэн. Төв аймгаас ирлээ гэж ярьсан. Төв аймгийн төв юм уу өөр сум юм уу гэдгийг нь хэлээгүй би ч асуугаагүй. Манайд цай ууж хоол идчихээд найз охинтойгоо уулзана гээд 15 цагийн үед гараад явсан. Манайхаас явахдаа цүнхтэй зүйлүүдээ үлдээгээд одтой хөх өнгийн цүнхнээс 2 хөөрөг гаргаж ирээд тэр 2 хөөрөгөө халаасандаа хийгээд бусад зүйлүүдийг нь үлдээгээд явсан. Цүнхнүүд дотор нь тухайн үед юу байсныг би мэдээгүй. Гарч яваад тэр өдрөө ирээгүй. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байхаа Төв аймгаас цагдаа ирээд Буян-Орших хулгай хийсэн байна хулгай хийсэн эд зүйл нь танайд гэрт байна гээд цүнхтэй зүйлүүдийг нь ирж тоолж үзээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/, гэрч Б.Нямшарын мэдүүлсэн “...манай ээж аав хоёр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод гэрээ малчин залуудаа үлдээгээд ирсэн байсан ба 12 дугаар сарын 06-ны өдөр буцаад хөдөө гэрлүүгээ явсан юм. Тэгтэл аав ээж хоёрыг хөдөө гэрт нь очиход малыг нь харж байсан малчин залуу нь хамаг эд зүйлийг нь хулгайлаад аваад явсан байсан юм. Энэ талаар манай аав ээж хоёр утсаар хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. 2 ширхэг хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс, монгол гутал, монгол дээл, хантааз хүрэм, гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан. Халтар манан хөөргийг 100 000, өв залгамжилж ирсэн картаанан хөөрөг 50.000 сая, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь 800 000 төгрөг, мөнгөн бүсийг 1000000 төгрөг, монгол гутал 150 000 төгрөг, монгол дээл 100 000, хантааз 40000, хүрэм 40000, гар утас 20000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/, Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-03 тал/, гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04 тал/, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-10 тал/, үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-12 тал /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13 тал/, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-15 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19 тал/, “Харибол” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-31-37 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39 тал/, шүүгдэгч Э.Буян-Оршихын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Э.Буян-Оршихыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Буян-Орших нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 01 сар 12 хоногийн хорих ялыг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан байна.

Шүүгдэгч Э.Буян-Оршихын хянан харгалзах хугацаа 2016 оны 12 сарын 17-ны өдөр дуусаж байх ба Э.Буян-Орших нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг үлдсэн байна. Энэ нь түүнийг хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт “ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Э.Буян-Оршиход ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан журмаар ялыг хооронд нэгтгэхдээ биечлэн эдлэх ялын хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй  гэж заасныг баримталсан болно.

 

Хохирлын талаар

Иргэний нэхэмжлэгч М.Одонбаярын нэхэмжилсэн 73000 /далан гурван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн нэхэмжилсэн 114900 /нэг арван дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг шүүгдэгч Э.Буян-Оршихоос гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгох нь зүйтэй байна. Харин хохирогч У.Буянжаргал нь  унааны зардалд 160000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

     Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Буян-Орших  нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Их тугтан овогт Энхжаргалын Буян-Оршихыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дах хэсэгт зааснаар Э.Буян-Оршихыг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 /нэг/ сарын ялыг Э.Буян-Оршиход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ял дээр нэмж нэгтгэн Э.Буян-Оршихын бүгд эдлэх ялыг 2 /хоёр/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

 

4.Э.Буян-Оршихыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж ялыг эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Э.Буян-Оршихоос 73000 /далан гурван мянга/-н төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Одонбаярт, 114900 /нэг зуун арван дөрвөн мянга есөн зуун/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт тус тус олгож, хохирогч У.Буянжаргал нь унааны зардал 160000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнийг цагдан хориж эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

         8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Буян-Оршиход цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ