| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0399/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 229
Б.Л-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалтай, 201721000112 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Л нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Л-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Л-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцэлд “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй болсон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх түүнийг засахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчиж хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс Б.Л-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Б.Л-т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ...” гэж заасан бөгөөд уг заалтад хорих ял оногдуулж тэнсэх талаар заагаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс 2015 оны Эрүүгийн хуульд шүүгдэгчид хорих ял оногдуулж тэнсэх талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж болохоор заасан байна.
Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй" гэснийг зөрчиж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр “хохирогчийн үхлийн шалтгаан болсон бөөлжсөний улмаас амьсгалын замд хоолны агууламж орж амьсгал бүтэж нас барсан нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгсэл ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогчийн биед учирсан гэмтэлтэй ямар шалтгаант холбоотойг тодруулаагүйгээс дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөл, зам тээврийн осол хоёрын хооронд ямар шалтгаан нөхцөл байсныг тогтоох шаардлагатай” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт буцаасан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Л нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-39 ХОА улсын дугаартай “Эксел” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Д-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон болно.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн өгсөн “...Хүний бага тархи нь хөдөлгөөний зохицуулж байдаг. Хохирогч бага тархиндаа гэмтэл аваагүй тохиолдолд бөөлжсөө гадагшлуулах боломжтой байсан. Хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийг гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөөгүй. Хохирогчийн бөөлжис нь амьсгалын замын эрхтэн рүү орсноор амьсгал бүтэж нас барсан байх боломжтой. Энэ тохиолдолд амь насыг аврах боломжгүй. Хохирогчийн бага тархинд учирсан голомтлог цус харвалт нь нөлөөлсөн байх боломжтой...” гэх мэдүүлэг, мөн шинжээч эмч Д.Тогтохын өгсөн “...Хүний бага тархи нь булчингийн үйл ажиллагааг зохицуулдаг. Ийм учраас амьсгалын замын булчингийн үйл ажиллагааг ч мөн зохицуулна. Хохирогчийн үхлийн шалтгаан нь амьсгалын замд хоолны агууламж орсноос болж амьсгал бүтэж нас барсан. Энэ нь бага тархиндаа гэмтэл авснаас шалтгаалан булчингийн үйл ажиллагаа суларснаас үүдэлтэй гэж үзэх боломжтой. Бүрэлдэхүүнтэй шинжээч нар шарилд үзлэг хийж улмаар, урьдах дүгнэлт, цогцосны задлан шинжилгээ, эд эсийн шинжилгээ зэргийг харгалзан үзэж дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч нь зам тээврийн ослын улмаас бага тархиндаа гэмтэл авснаас бөөлжиж, улмаар бөөлжис нь амьсгалын замын эрхтэн рүү орсноор амьсгал бүтэж нас барсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөл, зам тээврийн осол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Хэрэгт цугларсан баримтуудаар тухайлбал шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын байцаалт зэрэг баримтуудаас үзэхэд хохирогч нас барсан шалтгаан нөхцөл нь ослын улмаас бага тархиндаа гэмтэл авснаас шалтгаалан булчингийн үйл ажиллагаа суларч улмаар бөөлжсөө гадагшлуулж чадаагүйн улмаас амьсгалын зам хоолны агууламжаар дүүрч амьсгал бүтэлтэд орж нас барсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогч нас барсан шалтгаан нөхцөл, зам тээврийн осол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн, одоо хийгдэх ажиллагаа байхгүй, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагагүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүх Б.Л-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэж, хорих ялыг тэнссэн байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байхад анхан шатны шүүх Б.Л-т оногдуулсан хорих ялыг тэнсэж байгаа нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд хорих ял тэнссэн заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Л-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглээгүй үндэслэл болон шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах болсон хууль зүйн шалтгаан нөхцлийг тайлбарлаж бичээгүй байна.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван сарын дараа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг сонгон хэрэглэх үндэслэл бий болжээ.
Гэтэл анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээгүй хууль зүйн үндэслэлээ тодорхойлж дурдаагүй байна.
Мөн шүүгдэгч Б.Л-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэн хорих ялыг тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өмнөх болон сүүлд гарсан Эрүүгийн хуулиудыг хольж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг тэнсэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зохицуулалтад нийцүүлээгүй зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Л-ын үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч хорих ялыг тэнсэх боломжтой боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэхээс гадна ял тэнссэн үндэслэлийн талаар дүгнэлт хийх учиртай.
Дээрх нөхцөл байдлууд нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хангалттай үндэслэл болно.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогчийн нас барсан шалтгаан болон зам тээврийн осол хоёрын хоорондох шалтгаант холбоо, үр дагаврын талаар дүгнэлт хийх боломжтой байхад уг асуудлыг дахин тогтоолгохоор Б.Л-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 5/06 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Л-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Л-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН