Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 330

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Б.Г нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0370 дугаар магадлалтай, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр 1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.4-т заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрынхаа талаар дахин шинэ акт гаргах хүртэл мөн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газруудаа сайтар судлан үзэж дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 08/01 дүгээр “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0370 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дугаартай “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Бид Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дугаар тогтоолыг илт хууль бус үзэж байна. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны хуралд болон төрийн эрх бүхий дээд байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 11 дүгээр зүйлийн 11.23, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5, 14.6, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11 заалтуудыг зөрчин, өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн эрх мэдлээс хэтэрсэн тогтоол гаргасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заалттай утга агуулгын илэрхий алдаатай, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасанчлан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах акт гаргасан байна гэж улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн эрх мэдлээс хэтэрсэн тогтоол гаргасан гэж үзэж байна. Бид дээрх илт хууль бус тогтоолыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх явцад хариуцагч тал нотлох баримт болгон дээрх тогтоолыг шүүхэд авч ирэхэд уг тогтоолыг мэдсэн. Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заагдсан нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлж өмнө нь өөрийн шийдсэн захиргааны хэргийн нотлох баримт, иргэний хэргийн шүүхэд цугларсан нотлох баримтыг уг хэрэгт авахуулаагүй нь давж заалдах шатны шүүх буруу шийдвэр гаргахад нөлөөлөө гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж шүүхэд гомдол гаргасан мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь хэрэгт цугларсан үйл баримтыг буруу үнэлж, иргэний эрх ашгийг хохироосон байна. Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол нь холбогдох эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй, албан ёсоор мөрдөөгүй байсан учир Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хайгуулын лиценз олгож байсан учраас үнэлж үзээгүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 Хянавал:

Анхан шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг /2002 оны/ хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар “сумын нутаг дэвсгэрээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй /2007 оны 1 дүгээр сарын 09-ний байдлаар “Э” ХХК-ийн Өвөр өлтийн бүлэг орд, Өвөр бүрэгтэйн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бусад/ газрыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэж, “тусгай хэрэгцээнд авсан газрын байршил, аймаг сумын нэр, бүх булангийн цэгийн солбицлууд”-ыг 1 дүгээр, “тусгай хэрэгцээнд авсан газрын үндэслэл, зорилго”-ыг 2 дугаар, “тусгай хэрэгцээнд авсан газрын нэрс”-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталжээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Т” ХХК-иас шилжүүлэн авч эзэмшсэн ашигт малтмалын хайгуулын 10335Х тусгай зөвшөөрлийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Асгатын дархад” нэртэй газрын 4843.62 га талбайд хамаарах “Цэцэнгийн ам, Даянгийн ам, Дойтын бэл, Баг өлт” нэртэй газруудыг нэрлэн зааж Уянга сумын ИТХ-ын дээрх 2007 оны 08/01 тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан, ингэснээр нэхэмжлэгчийн хайгуулын талбай бүхэлдээ уг тогтоолд хамрагдсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч “...ИТХ-ын тогтоол алдаатай, Ашигт малтмалын газарт бүртгэгдээгүй,... хүчингүй  уг тогтоолыг үндэслэн хайгуулын ажил хийлгээгүй” гэж, хариуцагч “...тогтоолыг факсаар болон албан бичгээр хүргүүлсэн нь нотлогдсон” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, уг тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт /тухайн үеийн нэрээр/ Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын даргын гарын үсэгтэй 2007 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 04/03 дугаар, 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 04/16 дугаартай албан бичгээр /эцсийн найруулгыг хийж/ хүргүүлсэн боловч бүртгэх эрх бүхий байгууллага нь “талбайн солбицлууд зөрүүтэй, алдаатай” гэж үзэн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэж аваагүй, тус газарт хүргэгдсэн тогтоолд тусгай хэрэгцээнд байлгах хугацааг 5 жил, харин хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тогтоолд хугацааг 15 жил гэж өөрөөр бичсэн байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсвэл тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан бол шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа зэрэг мэдээллийг Геологи,уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэйг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заажээ.

Түүнчлэн  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг “тусгай хэрэгцээнд авсан”-ыг бүртгэснээр тухайн талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа хориглогдож, уг зорилго нь хангагдах буюу эрх зүйн үйлчлэл үзүүлэхээр байна.

Иймд, шийдвэрлэж буй асуудлын зөрчилтэй буюу тусгай хэрэгцээнд авсан газрын “солбицлууд зөрүүтэй, алдаатай” байснаас Уянга сумын ИТХ-ын 2007 оны 08/01 дүгээр тогтоолд заасан нэхэмжлэгчийн хайгуулын талбайд холбогдох газруудыг ашигт малтмалын хайгуулын 10335Х тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд эрх бүхий байгууллага нь бүртгэж аваагүй учир уг тогтоол анхнаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлж, хэрэгжих боломжгүй байтал хариуцагч уг тогтоолын дагуу нэхэмжлэгчийн хайгуул хийх эрхийг хязгаарласан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх “...тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ...газруудын солбицлын цэгүүд алдаатай буюу зөрчилтэй байгаа нь уг тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу солбицлын алдааг зөвтгөн шинээр батлан гаргах замаар залруулах, ингэхдээ нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал хайх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээсэн шийдвэр гаргах үүрэгтэй” гэсэн зөрчилтэй дүгнэлт хийж, уг хуулийг буруу хэрэглэж Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын 2007 оны 08/01 дүгээр тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь буруу байна.

Тодруулбал, шүүх дээрх дүгнэлтээрээ тусгай хэрэгцээнд авсан газруудын солбицол алдаатай, зөрчилтэй гэдгийг тогтоосон мөртлөө “солбицлын алдаа, зөрчил”-ийг зөвтгөн хариуцагчаас дахин шинэ акт гаргуулах нь эрх бүхий байгууллагаас /АМГТГ/ тухайн үедээ /2007онд/ “бүртгэж аваагүй”-н үр дагаварт нөлөөлөхгүй болохыг, үүнээс гадна уг тогтоолд зааснаар газрыг “тусгай хэрэгцээнд байлгах” 5 жилийн хугацаа дуусгавар болсныг анхаараагүй байна.

Түүнчлэн эрх зүйн зөрчилтэй /бүртгэгдээгүй/ уг тогтоолоор хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайдаа “үйл ажиллагаа” явуулах нэхэмжлэгчийн эрх хориглогдож, улмаар эрх зүйн нөлөөлөл үзүүлсээр байсан тул нэхэмжлэгч “шүүхэд хандах” эрхээ хэрэгжүүлсэн, энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хязгаарлахгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааг баримтлах, уг хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх уг хуулийг буцаан хэрэглэж, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг буруу шийдвэрлэжээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолын “нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 10335Х тусгай зөвшөөрлийн “Асгатын Дархад” нэртэй газрын 4843.62 га талбайд холбогдох хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0370 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын тухай” 08/01 дүгээр тогтоолын “Ч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 10335Х тусгай зөвшөөрлийн “Асгатын Дархад” нэртэй газрын 4843.62 га талбайд холбогдох хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Б.Б-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ