| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/128 |
| Огноо | 2023-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/128
2023.06.07 2023/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0112/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2339000000156 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид тус ангийн харуул хамгаалалтын ажилтан Э.С-ын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар Э.С-ын нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисны улмаас түүний биед дээд, доод уруулын салстад шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ц-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000156 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-4 хуудас),
Хохирогч Э.С-ын (хх-ийн 9-10-р хуудас), гэрч Э.Билгүүний (хх-ийн 13-16-р хуудас), гэрч Д.Мягмар-Одын (хх-ийн 19-21-р хуудас), гэрч С.Хүдэрчулууны (хх-ийн 28-30-р хуудас), гэрч Л.Батжаргалын (хх-ийн 33-35-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас)
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх-ийн 67, 68, 69, 71, 75-105, 106-109-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000156 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутын орчим Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид тус ангийн харуул хамгаалалтын ажилтан болох Э.С-ын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж С-ын нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисны улмаас түүний биед дээд доод уруулын салстад шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан нь үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна..” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай санал нэг байна...Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугийн талаар маргаангүй болно...” гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.С-аас уучлалт гуйсан...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутын орчим Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид тус ангийн харуул хамгаалалтын ажилтан Э.С-ын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар Э.С-ын нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисны улмаас түүний биед дээд, доод уруулын салстад шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023.04.03-ны өглөө хорих ангийн хоригдлын амрах Б-12 тоот орсн дээр завилаад сууж байхад тухайн үед гарч байсан ахлагч ирээд надтай маргалдаад өрөөнөөс гарч явах үед тэр ахлагч С нь нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахлагчаас би уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08:00 цагаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны 09:00 цаг хүртэлх хугацаанд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан чинь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 09:00 цагийн орчимд хоригдлуудын байрладаг өрөөнүүдэд хяналт тавиад явж байхад Б12 тоот өрөөнд нийт 8 хоригдол хэвтээд байхаар босоцгоо ор дэрээ засаж янзалж гэж тэдэнд хэлсэн ба тухайн үед нэг хоригдол орон дээр завилаад сууж байснаа ахлагчаа бид нар гутлаа тайлсан бол хэвтээд байж байдаг ш дээ гэж хэлсэн, тэгэхлээр нь би орой унтаагүй юм уу та нар яагаад унтаад байгаа юм бэ? гэж асуугаад ярилцаад өрөөнийх нь үүдэнд ярилцаад зогсож байхад намайг цохидог хоригдол буюу яллагдагч Б.Ц гэгч нь надад хэлэхдээ би арав гаран жил шоронгоор явчихсан, ихэнхдээ хэвтээд л байж байдаг ш дээ гэж надад хэлэхлээр нь би түүнд та нар амралтад ирээгүй ш дээ, алба хаагчийн тавьсан шаардлагыг яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Б.Ц өрөөнөөсөө гарч ирээд надад хандан та яагаад бид нарыг босгох гээд байгаа юм бэ гэхлээр нь би түүнд ерөнхий жижүүр рүү явъя, би тантай хэрэлдмээргүй байна гэж хоёроос гурван удаа хэлсэн чинь би доошоо буудаг хулгайч биш ээ гэж хэлээд намайг нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон...Би түүнийг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Тухайн үед ээлж хүлээлцэж, тооллого хийх байсан учраас хоригдлуудын амрах өрөөний хаалгыг бүгдийг нь нээж орхисон байсан ба хоригдлууд миний зөвшөөрлөөр өрөөнөөс гарч ирэх ёстой байсан юм. Гэтэл Б.Ц нь миний зөвшөөрөлгүй өрөөнөөсөө гарч ирж алба хаагчийн аюулгүйн тойрогт нэвтэрч ирээд миний биед халдсан...би гомдолтой байна. хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас),
Гэрч Э.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд хоригдлын амрах байрны 2 давхарт Б-13 тоот өрөөний үүдэнд дэд ахлагч Э.С хоригдол Б.Ц хоёр маргалдсан байдалтай зогсож байсан...Гэтэл ахлагчийн өөдөөс дөхөж ирээд баруун гараараа ахлагч С-ын нүүр ам, хэсэгт нь нэг удаа цохисон. Тэр үед ахлагч цохиулаад арагш болсон чинь Ц дахин 1 удаа ахлагч руу дайрах үед нь би голоор нь ороод Ц-ыг барьж аваад болиулсан...Тухайн үед ахлагчийг цохисон хойно амнаас нь цус гарч байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 13-16-р хуудас),
Гэрч Д.Мягмар-Одын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ахлагч Э.С нь хоёр давхарт хоригдлуудын өрөөгөөр хяналт тавьж явсан ба Б-12 тоот өрөө буюу ертөнцийн зүгээр хамгийн урд талаасаа хоёр дахь өрөөний үүднээс намайг гараараа даллан чангаар дуудсан. Тэр үед нь 2 давхарт гараад очсон чинь С нь энэ хоригдол намайг цохичихлоо гээд амнаас нь цус гарчихсан Б-12 тоот өрөөний үүдэнд зогсож байсан ба хоригдол нь Б-12 тоот өрөөндөө зогсож байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21-р хуудас),
Гэрч С.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө бид босоод ор дэр, гутал хувцсаа янзалж байх үед харуулын ажилтан дэд ахлагч Э.С хоригдол Ц гэгчтэй маргалдаад зогсож байсан чинь Ц ахлагч руу гар далайгаад цохих шиг болсон. Тухайн үед тэр 2 манай өрөөний урд талын мухар хэсэгт очсон байсан тул бидэнд сайн харагдаагүй. Харин тэр үед Билгүүн гэх хоригдол тэр хоёрыг хараад зогсож байсан ба тэр хоёрыг салгаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-30-р хуудас),
Гэрч Л.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай харуулын ажилтан дэд ахлагч Э.С нь бидний ажлыг шалгаад ангийн дарга, камер дээр байгаа, ор дэвсгэр юмаа янзал гэж хэлээд хажуу талын өрөөний чигт буюу Б-12 тоот руу өнгөрч байснаа Б-12 тоот өрөөний Ц-ыг дагуулаад хоёр давхраас буу гэж хэлж байсан...харин удалгүй бүх хоригдлыг өрөөнөөс гаргах үед нь харуул хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.С ыг хоригдол Ц нь цохисон гэдгийг нь мэдсэн. Учир нь тэр 2 манай өрөөний булан хэсэгт зогсож байсан ба манай өрөөнд бүрэн харагдахааргүй газарт хоригдол ахлагчийг цохисон...бид нар өглөө бүгд тоонд орж, мөн ахлагч жижүүрээс бууж байсан ба биднийг ор дэрээ янзал, босож өрөөгөө янзал гэсэн шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-35-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Тунгалагтамирын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 171 дугаартай дүгнэлтэд:
1. Э.С-ын биед дээд, доод уруулын салстад шарх, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
“Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Ц нь хохирогч Э.С-ын албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Э.С нь эмчилгээнд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ц-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, нийт 4 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заалтад зааснаар 7 жил 9 сар 6 хоногийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-т зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 71, 75-105-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хохирогчид хохирол учруулсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч Б.Ц нь Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 21 хоног байгаа талаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн ялын тооцооны хуудас (хх-ийн 64-р хуудас)-аар тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч Б.Ц-т Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 21 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2339000000156 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор буюу 30 (гуч) хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар, өмнөх Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 21 (хорин нэг) хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 8 (найм) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 2 (хоёр) жил 8 (найм) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ын цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 2339000000156 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.С нь эмчилгээнд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Ц-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР