Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1056

 

2023       10          24                                   2023/ШЦТ/1056

                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чанцалням даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

Улсын яллагч Б.Баярчимэг,

Иргэдийн төлөөлөгч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Гэд холбогдох эрүүгийн 2311 00000 0834 дугаартай  хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ............................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт С.Г /РД:.................../,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч С.Г нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд нийт 30 удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад 64.178.950  төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 390 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ Капитрон банкны албан бичиг, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 113-116 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /2-р хавтаст хэргийн 161 дүгээр тал/, С.Гийн Худалдаа хөгжлийн банкны хуулга /2-р хавтаст хэргийн 162-164 дүгээр тал, 248 дугаар тал/, С.Гийн Капитрон банкны дансны хуулга /3-р хавтаст хэргийн 31 дүгээр тал, 86 дугаар тал/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг болон С.Гийн Супер апп хэтэвч ХХК-ийн дансны хуулга /3-р хавтаст хэргийн 91-120 дугаар тал/, С.Гийн Төрийн банкны дансны хуулга /4-р хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, С.Гийн Капитрон банкны дансны хуулга /4-р хавтаст хэргийн 187 дугаар тал/, С.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /4-р хавтаст хэргийн 127 дугаар тал/ С.Гийн Капитрон банкны дансны хуулга /5-р хавтаст хэргийн 104 дүгээр тал/, Супер апп хэтэвч ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /5-р хавтаст хэргийн 107 дугаар тал/, Супер апп хэтэвч ХХК-ийн дансны цэнэглэлт /5-р хавтаст хэргийн 118 дугаар тал/, Супер апп хэтэвч ХХК-ийн албан бичиг /5-р хавтаст хэргийн 134 дүгээр тал/, С.Гийн Супер апп хэтэвч ХХК-ийн Капитрон банк ХХК-ийн дансны хуулга /5-р хавтаст хэргийн 187-197 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь түүний гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Гэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

Хууль зүйн ойлголтын хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, эсхүл үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгохоор байна.

Шүүгдэгч С.Г нь залилах гэмт хэргийг 30 удаагийн үйлдлээр үйлдсэн буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш  гэсэн шалгуур шинжийг хангаж байгаа боловч гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн өдөр тутмын наад захын хэрэгцээг хангахад зарцуулсан, эсхүл ашиг орлого олох арга, хэрэгсэл, эх сурвалж болгосон шинжгүй байх тул түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокуророос С.Гэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

3. Харин шүүгдэгч С.Г нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Капитрон болон Төрийн банкны данснуудыг ашиглан валют сольж өгнө, жолооны үнэмлэх гаргаж өгнө зэргээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, нийт 30 удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний буюу 64.178.950 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх үйл баримт тогтоогджээ.

Энэ нь хохирогч У.Гын “...2022 оны 02 сарын 14-ний өдөр би япон улсад байхдаа өөрийн ар гэрийн хүмүүст ээж Бямбатогтохын эмчилгээний зардал болон ар гэрийн хэрэглээний мөнгө болох 3,044,000 төгрөг буюу япон мөнгөөр 11,500,00 иен явуулахаар болсон юм. Тухайн үед японд байгаа монголчуудын групп буюу "JAPAN ZAR" гэх хаягт өөрийн хаягаасаа пост иен солиулна гэх зар оруулсан чинь "G S" гэх хүн над руу Facebook иен солино гэх зурвас илгээсэн юм. Тухайн үед тэр хүн нь өөрөө монгол мөнгө болгоод шилжүүлнэ гэж хэлсэн. Би тухайн хүний хаягт ороод харсан чинь өөрийнх нь зураг болон гэр бүлийн хүмүүстэй авхуулсан зураг зэрэг орсон, ямар нэг эргэлзээ төрөх зүйл байхааргүй хаяг байсан тул этгээд Г гэх хүний өгсөн данс болох япон бичигтэй /0724097/ гэсэн дансанд хийсэн юм. Гэтэл мөнгөө хийгээд нэг хоёр хоносон бөгөөд тухайн үеэс хойш янз бүрийн шалтаг хэлээд хойшлуулсаар байгаад хэд хоносон. 2022 оны 02 сарын 17-ны өдөр надад одоохон хийлээ 5 минут гэж хэлээд миний хаягийг блок хийсэн тул би бусдад залилуулсан гэдгээ мэдсэн юм. Ингээд би энэ тухайгаа өөрийн төрсөн эх болох Бямбатогтоход хэлсэн чинь манай ээж Өвөрхангай аймаг хар хорин суманд цагдаа дээр гомдол гаргаж өгсөн байсан. Би Японд байж байгаад 2023 оны 02 сарын 16-ны өдөр Монгол улсад ирсэн..” гэх мэдүүлэг /5 хх 36-38 / ,

-Хохирогч Д.Өын "... 2022 оны 2 дугаар сард манай эхнэрийн найз нь Япон улсад байдаг байсан юм. эхнэр бид хоёр тэр найзад нь мөнгө өгөх өртэй байсан болохоор тэрийг нь шилжүүлж өгөх гэж байгаад ингээд залилуулчихсан юм. Фейсбүүк цахим орчинд нэг хүнтэй чатаар холбогдоод япон улсын мөнгөн тэмдэгт болох иен худалдаж авахаар болсон юм. Тэр чатаар холбогдож байсан хүн надад "...иен байгаа тэрийгээ японд байгаа хүн рүү шилжүүлчихье, та надад монгол төгрөг ханшаар нь бодоод шилжүүлчих" гэж байсан юм. яг хэдэн иен авах гэж байснаа санахгүй байна ямар ч байсан мөнгөн дүн дээрх 3.287.500 төгрөг болж байсныг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн." гэх мэдүүлэг / 4 хх 78/

- Хохирогч Б.Эын “...Би 2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Швед улсад байхдаа өөрийн хаан банкны 53371................. дугаартай дансанд байсан мөнгөө швед крон болгох зорилгоор фейсбүүк рүү орж зар харахад ямар нэртэй хэрэглэгчээс гэдгийг нь санахгүй байна "Крон өгч төгрөг авна" гэсэн зар байсан. Тэр зар тавьсан хүнтэй чатаар харьцаад крон авахаар болсон. Тэр хүн 2000 крон нийт 560.000 төгрөгөөр надад зарахаар тохироод би өөрийн Хаан банкны данснаас тэр хүний өгсөн төрийн банкны 1034000.................. дугаартай Г С гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 хх 149/,

- Хохирогч Н.Нгийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 30 минутын орчим фейсбүүкийн Orloo-washington-DC групп дээр "N T" гэх хаягаас “доллар солих хүн байна уу" гэсэн зарыг оруулсны дагуу "U N" гэх фейсбүүк хаягтай хүнтэй чатаар харьцаж 930 доллар солиулахаар тохиролцож төрийн банкны 10340006......... тоот "С.Г" гэх эзэмшигчтэй данс руу 2.689.560 төгрөгийг 930 солилцох гэсэн гүйлгээний утгатайгаар 10 цаг 47 минутад шилжүүлэг хийж залилуулсан..." гэх мэдүүлэг /3 хх 123 /,

- Хохирогч Э.Эын "...Би 2022 оны 01 дүгээр сараас эхлэн ОХУ-с бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдан борлуулж байгаа юм. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаан-Үүд, Хиагт гэсэн группэд Монгол улс руу бараа авчрах хүн байна уу гэсэн постыг өөрийн Э.Э нэртэй хаягаасаа оруулсан. Гэтэл над руу удалгүй ямар хаяг гэдгийг нь санахгүй байна, миний хувь чатаар ямар бараа оруулж ирэх бэ? манай ах Улаан-Үүд хотоос том оврын тээврийн хэрэгслээс бараа оруулж ирдэг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь 15 кг барааг хэдэн төгрөгөөр авчрах бэ гэж асуухад 220,000 төгрөгөөр авчирч өгнө гэж хэлээд надад капитрон банкны С.Г гэх хүний 3003006484 дугаарын данс өгсөн. Тэгээд барааг маань 2 хоногийн дотор авчирч өгнө гэж хэлсэн. Тэгээд надад өгсөн дээрх данс руу нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо М худалдааны төвийн орчимд явж байхдаа өөрийн Хаан банкны 500781................ дугаарын данснаас дээрх капитрон банкны данс руу 220,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд тухайн дахиж холбогдоогүй ба маргааш нь фейсбүүкээр холбогдох гэтэл нөгөө фейсбүүк хаягаа ашиглахаа больчихсон байсан юм..." гэх мэдүүлэг /2 хх 103/,

-Хохирогч М.М-гийн "...Би жолооны үнэмлэхгүй, жолооны курст сууж байгаагүй юм. Тухайн үед фейсбүүк цахим орчинд /одоо нэрийг нь санахгүй байна/ нэг хаягаас жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэсэн зар байхыг харсан юм. Тэгээд уг хүнтэй чатаар холбогдоод хэрхэн яаж гаргуулах талаар асуухад "...250.000 төгрөгөөр 14-21 хоногийн хугацаанд жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэж байсан юм. Тэгээд би тэр чат бичиж байсан хүнд итгээд жолооны үнэмлэх гаргуулах санаатай 3 удаагийн гүйлгээгээр нийт 250.000 төгрөгийг дээрх данс буюу 300300............. Г С гэсэн хүний данс руу шилжүүлсэн юм. Эхлээд урьдчилгаа 100.000 төгрөг өгчих гэж авч байсан. Дараа нь мөнгөний хэрэг байна яаралтай мөнгөө өгөх хэрэгтэй байна гэж байн байн яриад байхаар нь үлдсэн 150.000 төгрөгийг хуваагаад өгч байсан юм. Би энэ чат бичсэн хүнтэй огт уулзаж байгаагүй. Фейсбүүк чатаар харилцаад бас утсаар ярьж байсан. Тухайн үедээ 88-аар эхэлсэн утасны дугаар байсан санагдаж байна, одоо дугаарыг нь санахгүй байна. Тэгээд мөнгөө өгчихөөд утсаар ярьж асуухаар "... удахгүй гарна, өнөө маргаашгүй гарна" гэж хэлдэг байснаа сүүлдээ утас нь холбогдох боломжгүй, фейсбүүк хаягаараа намайг блок хийгээд алга болчихсон юм. Ингээд би 250.000 төгрөгөөр залилуулсан..." гэх мэдүүлэг /4 хх 44 /,

-Хохирогч Д.Нгийн "...манай нөхөр Д нь жолооны эрхээ хасуулсан байсан. Хөвсгөл аймгийн нэгдсэн групп дээр Жоохноо билүү нэг фейсбүүк хаягаас "Жолооны үнэмлэх сэргээнэ гаргана" гэсэн утгатай зар байхаар нь өөрийн "Д.Н" гэсэн хаягаасаа чаталсан. Тэгсэн тэр хүн 10-14 хоногт жолооны үнэмлэхийг чинь гаргаад өгнө. 200.000 төгрөг шилжүүлчих гээд надад Капитрон банкны 300300........... гэж данс өгсөн. Тэр данс руу өөрийн Хаан банкны 549605..............гэж данснаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум ........................... тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглан 200.000 шилжүүлсэн..." гэх мэдүүлэг / 5 хх 74/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эий "...Миний төрсөн дүү Гийн У нь Бүгд найрах Чех улсад 2021 оноос ажиллаж амьдарч байгаа юм. Бид хоёр эцэг ондоотой эх нэгтэй ах дүүс юм. Дүү У нь ээж А рүү мөнгө явуулахаар 2022 оны 04 сарын 10-ны өдөр Чех ийн мөнгөн дэвсгэрт болох кроныг монгол төгрөг болгохоор фейсбүүк зарын дагуу U N гэж хүнтэй чатаар харьцаж байгаад тухайн үед Монгол мөнгө хэрэг болоод байсан Д.М гэж хүнд 20,000 крон шилжүүлээд түүний данснаас С.Г гэж хүний капитрон банкны 300300.......... гэсэн данс руу 2,560,000 төгрөг шилжүүлэн өгсөн боловч би өөрөө төгрөгөө авч чадахгүй U N гэж хүн нь блок хийгээд алга болсон гэсэн. Энэ зар нь фейсбүүкийн Чех дэх монголчуудын групп дээр байрлуулсан зар байсан. бөгөөд тэр С.Г гэж хүн 3003-тай дансаараа хүмүүсээс залилан хийгээд байсныг сүүлд мэдсэн юм байна лээ. Дүү маань гадаад улсад байдаг бөгөөд ирж гомдлоо гаргах боломжгүй болохоор элчин сайдын яамаар дамжуулан надад итгэмжлэл явуулсан болохоор дүүгийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэм буруутай хүн цагдаагийн байгууллагад баригдсан гэх тул хохирлоо барагдуулж авахаар хандаж байна...” гэх мэдүүлэг /1 хх 11/,

-Хохирогч Г.Гийн "...2022 оны 4 дүгээр сарын 23-н өдөр О.Б нэртэй фейсбүүк хаягаас 7.000 юань зарна гэсэн пост байсан. Тэгэхээр нь нөгөө залуутай чаталж байгаад 7.000 юанийг 3.360.000 төгрөгөөр авахаар болсон юм гэтэл нөгөө харьцсан хүн маань эхлээд мөнгөө шилжүүлчих дараа нь юанийг чинь шилжүүлэн гэхээр нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар байранд ахын гэмт байхдаа 23 цаг 15 минутад өөрийнхөө Хаан банкны 505819.................. дугаарын данснаас надтай чаталсан хүний явуулсан Капитрон банкны 300300............... дугаарын данс руу 3.360.000 төгрөгийг шилүүлсэн. Тэгээд шилжүүлсэн талаар баримтаа явуултал намайг фейсбүүкээс блок хийчихсэн байсан..." гэх мэдүүлэг /2 хх 56 /,

-Хохирогч М.Дгийн "...2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байсан бөгөөд миний бие өөрийн Австри улсад амьдардаг дүүдээ евро солиулж авах шаардлага гарч фейсбүүк цахим орчинд валют арилжих зарын дагуу О.Б гэх фейсбүүк хаягтай хүн рүү холбогдон евро авах талаараа ярилцаж 1250 евро авахаар болсон. Тухайн үед монгол төгрөгөөр 4.046.000 төгрөг болж байсан бөгөөд тухайн хүн надад Капитрон банкны 300300................ дугаартай данс руу шилжүүлээрэй утга нь К гэж хийгээрэй гэж хэлсэн ингээд би тухайн хүний хэлсний дагуу хийчихээд мөнгө хийсэн талаараа хэлсэн чинь Австрид байдаг хүнийхээ дансыг өгчих удахгүй 10 минутын дотор орно хүлээж байгаарай гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /2 хх 111/,

-Хохирогч А.Нийн "...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би байнга БНХАУ-н мөнгөн тэмдэгт болох юань авдаг хүн рүүгээ яаралтай юань авахаар чат бичсэн боловч хариу өгөхгүй удаад байсан болохоор БНХАУ дахь Монгол оюутнуудын групп дээр юань худалдаж авна гэсэн зарыг байршуулсан юм. Гэтэл Б.О нэртэй фейсбүүк хаягтай хүн миний хувь чат руу орж ирээд юань байна хэдийг авах юм бэ гэж бичсэн. Би тухайн үед яаралтай 1000 юань авах хэрэгтэй байсан болохоор түүнд 1000 юань авна хэдээр өгөх бэ гэж асуутал 1 юанийг 465 төгрөгөөр өгнө гэхээр нь би авахаар болтол надад Капитрон банкны данс явуулсан. Тэгэхээр би тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 12 минутад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр Мөнгөн завьяа худалдааны төвд явж байхдаа өөрийнхөө Хаан банкны 508452.......... дугаарын данснаас С.Г гэх хүний Капитрон банкны 300300........... дугаарын данс руу 465.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хүн нь эхлээд чи төгрөгөө шилжүүлчих дараа нь би юаниа шилжүүлье гэхээр нь төгрөгөө шилжүүлсэн талаараа хэлтэл удахгүй хийлээ, alipay аппликейшн алдаа заагаад байна удахгүй шилжүүлнэ гэж хэлсэн боловч намайг фейсбүүкээс блок хийчихсэн байсан юм. Миний хувьд дээрх хунд өгсөн 465.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.." гэх мэдүүлэг /2 хх 89 /,

-Хохирогч Б.Бийн "...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 хороо, Богд ар хороололд гэртээ байж байхад фейсбүүкээр үл таних Б.Огэх хаягаас һі мөнгө солих уу ханш хэд байгаа вэ? гэж асуухаар нь би хэдэн евро солих талаар асуухад 300 евро солино гэж хэлэхээр нь тэгвэл та монгол дахь дансаа явуулаад евро шилжүүлсэн талаарх баримтаа над руу явуулаарай гэхэд баримтаа явуулсан. Тэгээд монгол дахь данс руу мөнгөө шилжүүлчихээд хэлээрэй гэж хэлэхээр нь утга дээр нь юу гэж бичих талаар асуухад баярлалаа гэж биччихээрэй гэсэн. Тэгээд 2022 оны 05 сарын 15-ны орой 21 цаг 27 минутад 300300.......... тоот капитрон банкны Г С гэх данс руу 910.950 төгрөг шилжүүлээд шилжүүлсэн баримтаа тухайн Б.О гэх хаяг руу явуулсан. Удаагүй байж байтал N O гэх фейсбүүк хаягаас Б.О гэх хүнээр мөнгө шилжүүлсэн одоо төгрөг нь орж ирэхгүй байна гэхээр нь буцаагаад N O гэх хүн рүү 300 еврог нь шилжүүлчихсэн. Тэгээд N O гэх хүнтэй чаталж байгаад бид 2 дунд Б.О гэх хаягтай хүн залилан хийсэн байсныг мэдсэн..." гэх мэдүүлэг / 4 хх 94-95/,

-Хохирогч Э.А ын "...2022 оны 05 дугаар сарын 15-ны 20 цагийн орчимд Австри улсад амьдардаг миний төрсөн дүү Г.Т над руу чатаар залгаад яаралтай мөнгөний хэрэг гараад байна би танд данс өгье та 1.000.000 төгрөг шилжүүлээд өгөөч би евро авах гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхэд дүүдээ орой болчихсон юм чинь найдвартай юм уу, хуучин авч байсан дансаа өгвөл яадаг юм бэ гэхэд энэ хүн найдвартай шилжүүлнэ гэж хэлсэн гээд надад С овогтой Г гэх хүний капитрон банкны данс өгсөн юм. Тэгэхээр нь би уг мөнгийг нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойрог орчим явж байхдаа өөрийн 575200..... дугаарын Хаан банкны данснаас шилжүүлсэн..” гэх мэдүүлэг / 2 хх 70/,

-Хохирогч Д.Уын "...би 2022 оны 08 дугаар сарын 05-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар Alipay зөвлөгөө мэдээлэл гэсэн групп чатан дээр юань авна гэж  оруулахад U-Oгэсэн хаягаас холбогдоод 2000 юань байна гэхээр нь би бүгдийг нь авъя гэж хэлээд 960,000 төгрөг капитрон банкны 300300666666666 тоот данс руу шилжүүлсэн. Удалгүй миний фейсбүүк хаягийг блок хийсэн байсан..." гэх мэдүүлэг /2 хх 243/,  

-Хохирогч Д.Эгийн "...2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хаягийг нь мэдэхгүй байна Чех улсын кроныг төгрөгөөр солино гэсэн зар байсан. Миний охин Ш нь Чех улсад байдаг болохоор охиндоо хэдэн крон явуулъя гэж бодоод нөгөө зар оруулсан хүн рүү чатаар холбогдоод надад 250,000 төгрөг байна. Крон болгоод охин руугаа явуулах гэсэн юм. Крон хэдэн төгрөг байдгийг нь мэдэхгүй байна гэж хэлэхэд та 246,760 төгрөгийг над руу шилжүүлчих би харин таны энэ мөнгөнд чинь тааруулаад кроныг нь шилжүүлээд өгье гээд манай охины дансыг авч харин надад Капитрон банкны 300300........... дугаарын С.Г гэх хүний дансны дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би түүнийг нь тухайн өдрийн 13 цаг 47 минутад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди худалдааны төвийн орчим явж байхдаа өөрийн Хаан банкны 502133.................. дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд охиндоо мөнгө шилжүүлсэн талаар хэлсэн ба түүнээс хойш манай охин руу огт мөнгө ороогүй, харин надтай харьцсан фейсбүүк хаяг нь олдохоо больсон юм..." гэх мэдүүлэг /2 хх 96/,

-Хохирогч Г.Б-Э ийн “...Миний төрсөн дүү Г.Ш-Э нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр над руу интернэт чатаар холбогдож хүнээс 388 евро солиулахаар боллоо. Би танд дансны дугаар өгье, та тэр данс руу 1,200,000 төгрөгийн шилжүүлэг хийгээд өгөөч гэж хэлсэн. Манай дүү өөрөө "Ард Кредит" ББСБ-ын данстай боловч тухайн дансыг нь дүүг явснаас хойш би ашиглаж байгаа бөгөөд түүний дансанд өөрөө ашиглахаар хийсэн байсан мөнгөнөөс 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Капитрон банкны 300300............... дугаарын С.Г гэх хүний дансанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын Их Дэлгүүр дотор явж байхдаа 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлсэн талаараа дүүдээ хэлсэн. Харин дүү маань удалгүй нөгөө хүн нь фейсбүүкээс блок хийгээд алга болчихлоо гэж хэлсэн. Ингээд би өөрөө 1,200,000 төгрөгөөр хохирчихсон байгаад маш гомдолтой байгаа юм..." гэх мэдүүлэг /2 хх 46/,

-Хохирогч Х.Гын “...2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ц надтай холбогдоод “ахаа танд мөнгө байна уу” би энд евро авах хэрэгтэй болоод байна. 230 евро авах гэтэл 714.380 төгрөг хэрэгтэй болоод байна” гэхээр нь би “дансанд нь байгаа миний мөнгөнөөс аваад ашиглачих” гэж хэлсэн...Би өөрийн 714.380 төгрөгийг гаргуулан авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг /3 хх 160/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Дын “...Миний хүргэн болох Бын А нь Турк улс руу миний охин болох Нгийн хамтаар манай охиныг нүдний хагалгаанд оруулахаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр явсан. Турк улсад очоод байж байх хугацаандаа фейсбүүк цахим орчинд O U-O гэсэн фейсбүүк хаягтай чатаар холбогдож, 1000 доллар солихоор тохиролцож Капитрон банкны 300300..... гэсэн тоот данс руу 3.210.000 төгрөг шилжүүлээд залилуулсан байна...” гэх мэдүүлэг /5 хх 93-94/,    

-Хохирогч Ч.Бгийн “...Би Ирланд улсад 2019 оноос хойш их сургуульд сурч байгаа. 2022 оны 09 дүгээр 15-ны өдөр би амарч ирээд буцах болсон бөгөөд эндээс явахдаа өөрт байсан монгол мөнгөөрөө евро худалдаж авахаар болсон.  Ирланд дахь монголчуудын групп дээр O U-O гэсэн хаягтай хүн евро зарна гэсэн утгатай зар байршуулсан байсан. Тэгээд тэр хүн лүү өөрийн Y Ch гэсэн хаягаас чатаар холбогдоод 971.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 530495............ гэсэн данснаас С гэсэн Капитрон банкны 300300....... данс руу шилжүүлсэн...тэгээд эргээд чат бичих гэсэн чинь блоколсон байсан...” гэх мэдүүлэг /5 хх 224/,

-Хохирогч М.Г-ы “...2022 оны 08 дугаар сарын 16-ны 23 цагийн үед манай охин хүргэн 2 над руу интернэт чатаар холбогдож хүнээс 1000 евро авахаар боллоо. Та шилжүүлчхээч гэж хэлээд надад нэг данс өгөхөөр нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа хүргэний Худалдаа хөгжлийн банкны 47200......... дугаарын данс руу өөрийнхөө гар утсаараа интернэт банк ашиглан нэвтрэн орж охины надад өгсөн Капитрон банкны 3003000..... дугаарын С овогтой Г гэх хүний данс руу 3.225.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Миний хувьд охин, хүргэн хоёрынхоо дансыг байнга ашигладаг бөгөөд хүргэний дансанд байсан мөнгө нь миний мөнгө байсан юм. Тэгээд би мөнгө шилжүүлсэн гэдгээ охин, хүү хоёртоо хэлсэн ба удалгүй нөгөө хүн хүргэнийг фейсбүүк хаягаасаа блок хийгээд залилсан байна гэдгийг надад хэлсэн юм..." гэх мэдүүлэг  /2 хх 40/,

-Хохирогч Д.Эын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад фейсбүүк дээр өөрийнхөө Энхбаяр Дэмбэрэл гэх хаягаас доллар худалдаж авна гэсэн зар тавьсан чинь O U-O гэх хаягаас над руу надад 2000 доллар байна гээд чат ороод ирэхээр нь би хэдээр өгөхийн гэсэн чинь 2200 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгээд би гадаад 062126-10274337 гэх хаяг руу 2000 доллар шилжүүлчих, би чиний данс руу монгол мөнгө хийе, чи дансаа явуулчих гэсэн чинь над руу чатаар 300300........... гэх Капитрон банкны данс явуулсан. Би тэр данс руу өөрийнхөө хаан банкны 5119313........ гэх данснаас 4.400.000 төгрөг шилжүүлчхээд өөрийнхөө гадаад дансыг шалгасан чинь доллар ороогүй байсан. Тэгээд би залилуулчихлаа гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /2 хх 145/,

-Хохирогч З.Хгийн "...Би 2022 оны 10 дугаар сарын 02 болон 03-ны өдрүүдэд "Orloo-Washington DC" гэх фейсбүүк группэд өөрийн "З.Х" гэх хаягаас Америкт амьдардаг авга ах Бд хямд доллар авч өгөх гэж "Америкт доллар авч Монголд төгрөг өгнө" гэсэн зарыг байршуулсан. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний "З.Х" гэх хаяг руу хувь чатаар "N T" гэх нэртэй нохой тэвэрчихсэн эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүн "сайн уу 1200 бол байгаа шүү" гэж чат бичсэн. Би хариуд нь "Ні яаж солих вэ, авъя, ханшаа хэдээр бодох вэ” гэж асуутал Надад "3346 төгрөгөөр бодож 1200 доллар өгнө, оройхон уулзаад солих уу?" Гэсэн. Би тэр хүнийг хаана байдаг, мөн аль мужид байдаг талаар асуугаад бас авга ахынхаа байгаа Arlingtond мужыг хэлсэн. Тэгтэл надад "хол юм байна тэгүүл өөр хүнтэй соль доо уучлаарай" гэж хэлсэн. Би тэр хүнд бэлэн юм уу? Аппликейшнээр шилжүүлэх юм уу?" гэж асуусан. Мөн "Zelle байвал сайн байна. Хэрэв байвал Монголоос төгрөгийг нь шилжүүлчихье" гэж хэлсэн. Надад тэр Zelleгээр авч болно гэсэн. Тэгээд надад 1200 долларыг 3346 төгрөгөөр бодоод 4,015,200 төгрөг болно гэж явуулаад надтай уулзаж байгаад солино би өмнө нь ингэж 500 доллар хулхидуулж байсан гэх мэт чат бичсэн. Би тэр хүнд миний фейсбүүк хаяг жинхэнэ шүү гэж хэлсэн ч тэр хүн за даа уулзаж байгаад сольсон дээр юм байна. үнэхээр өөр шилжүүлчихээр өөр хүмүүс байхгүй байна гэж үү дээ гээд байсан. Би тэр хүнд дандаа авья гэсэн хүмүүс орж ирээд байна гэж хэлтэл тэр надад доллароо зарахаар болж Капитрон банкны 300300........... тоот С.Г гэх хүний дансыг явуулсан. Би тэр хүнд итгээд өөрийн гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 501142........... тоот данснаас Капитрон банкны 300300......... тоот С.Г гэх хүний данс руу 4,015,200 төгрөгийг 00 цаг 55 минутад шилжүүлсэн. Тус гүйлгээг хийчихээд скрийн шот хийгээд зургаа тэр хүн рүү чатаар явуултал надад би маргааш дахиад 1000 доллар солих байх шүү гээд 1200 долларыг чинь шилжүүлчихээд скрийн шот хийгээд явуулъя гэсэн. Би за баярлалаа манай ах сэрүүн байгаа гэдгээ хэлээд фейсбүүкээсээ гарчихаад эргээд ороод иртэл намайг блок хийчихсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг  /1 хх 38/,

-Хохирогч Н.Мын "...Миний бие хувиараа хувцас, бараа бүтээгдэхүүний онлайн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд худалддаг. Бараагаа болохоор Швед улсад ажиллаж амьдардаг төрсөн эгч Эгийн охин Хд мөнгө шилжүүлж захиж авчруулдаг. Мөнгөө шилжүүлэхдээ ихэвчлэн фейсбүүкийн "Швед Монголчуудын нэгдсэн групп"-т "Швед улсын крон худалдаж авна" гэсэн зар байршуулж крон худалдах хүн рүү нь мөнгөө шилжүүлдэг. Энэ аргын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х өөрийнхөө фейсбүүк хаягаар дээрх дэх зарын группт зараа байршуулахад "N T" гэсэн фейсбүүк хаягтай хүн "16,000 кроныг 295 төгрөгөөр тооцож худалдана" гэсэн байсны дагуу миний бие өөрийн эзэмшлийн 5011379760 тоот данснаас Э.Хгийн Хаан банкны 589044.......... тоот данс руу 2022 оны 11 дүгээр 25-ны өдөр 7,375,000 төгрөгөөр 25,000 крон худалдаж авахаар шилжүүлсэн бөгөөд Х цаашаагаа "N T" гэсэн фейсбүүк хаягтай хүний хэлсэн Капитрон банкны 300300........... тоот данс руу 16,000 кроныг худалдаж авахаар 4,720,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл нөгөө "N T" гэсэн фейсбүүк хаягтай хүн нь мөнгө шилжүүлсний дараа фейсбүүкээр блок хийгээд алга болчихсон. Ингээд Х бид хоёр тухайн хүнд залилуулсан гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг /4 хх 157-158/,

-Хохирогч М.Хын “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Швед улсад амьдардаг миний төрсөн дүү М.Дчатаар холбогдоод Швед улсын мөнгөн тэмдэгт болох крон хэрэг болчихлоо. Интернэт зар дээр хайтал У Т гэсэн хаягаас крон төгрөгөөр худалдана гэж хэллээ гэсэн... Гэтэл удалгүй манай дүү надад Капитрон банкны 300300....... дугаарын С.Г гэх хүний дансыг өгсөн. Би тухайн үед өөрөө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын орчим явж байсан ба Хаан банкны дүүгийнхээ 500387.......... Дугаарын данс руу нэвтэрч ороод дээрх данс руу 4.800.000 төгрөгийг /16,000/ гэсэн утгатайгаар шилжүүлсэн юм... тухайн данс нь дүүгийн нэр дээр боловч доторх мөнгө нь миний мөнгө байгаа юм. Дүүгээ явснаас хойш би энэ дансыг ашиглаж байгаа юм аа..." гэх мэдүүлэг /2 хх 28/,

-Хохирогч Ц.Тын “...Би тэр үед буюу ОХУ-ын Воронеж хотод оюутан байсан юм. 2022 оны 06 сард сургуулиа төгсөөд монголд ирсэн. Тэр үед сургуулийн төгсөлт болох гээд төгсөлтдөө юм авах гээд рубль авах гэж фейсбүүк цахим орчинд байдаг "Рубль авна, зарна" гэсэн зарын хаягтай групп дээрээс “рубль зарна" гэсэн зар харж байгаад Б.Огэх хаягтай хүнтэй чатаар холбогдож 300.000 төгрөгт тааруулж рубль авахаар тохирсон.  Тэр хүн “мөнгөө эхлээд шилжүүлчих тэгвэл рублийг чинь орос данс руу нь шилжүүлээд өгье" гэхээр нь итгээд шилжүүлсэн. Надад Капитрон банкны 300300......... тоот Г С гэх данс өгөхөөр нь тэр данс руу нь хийсэн. Уг нь тухайн үедээ шууд шилжүүлнэ гэж байсан юм...." гэх мэдүүлэг /4 хх 54/,

-Хохирогч Ц.Агийн "...Охин маань Худалдаа хөгжлийн банкинд 499350..... гэсэн еврогийн данс эзэмшдэг юм. Энэ дансыг би охиноо сургуульд явах үед нь нэр дээр нь нээлгэж өгч байсан. Еврогийн данс болохоор охин бид хоёр л ашигладаг. Охин маань гадаадад байгаа болохоор тэр бүр ашиглаад байдаггүй, намайг ашиглаж бай гээд надад үлдээсэн. Би л уг дансыг нь ашигладаг юм. 2022 оны 12 дугаар сарын 30-ны үед охин маань энд ирчихсэн он гараад буцах гэж байсан болохоор би охиндоо еврогийн дансанд байсан 496 еврогоор Унгар улсын мөнгөн тэмдэгт forint авч өгөхөөр Унгар дах монголчууд фейсбүүк групп чат руу forint авна гэж зар оруулсан юм. Гэтэл тэнд U T гээд хаягтай хэрэглэгч "байгаа шүү" гэж хариу бичсэн. Тэгээд уг хүнтэй чатаар холбогдож еврогоо солиулахаар тохиролцож 49935….. тоот дансанд байсан 496 еврог Капитрон банкны 300300……. тоот Г С гээд хүний данс руу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн юм. Уг хүний данс нь Монгол төгрөгийн данс байсан болохоор 496 евро маань шууд 1.800.000 төгрөг болоод орж байсан. Тэгээд еврогоо шилжүүлчихлээ гээд скрийн шот хийгээд явуулсан чинь тэр чигээрээ хаягаа блоклоод алга болчихсон..." гэх мэдүүлэг /4 хх 65/,

-Хохирогч Д.Агийн "...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Айрес хотхон, 1291-719 тоотод гэртээ байж байхдаа фейсбүүкээр "UK giin MONGOL.Zar" гэсэн зарын дагуу "U T” гэх хаягаар холбогдож Англи улсын "HSBC UK" гэх банк руу 600 фунт шилжүүлэх гээд тохиролцсон юм. Тэгээд би С гэх хүний Капитрон банкны 300300....... тоот данс руу өөрийн Хаан банкны 502318........... тоот данснаас 2,493,600 төгрөг шилжүүлсэн. 1-2 цагийн дараа над руу мөнгө шилжүүлнэ гэсэн чинь шилжүүлэхгүй болохоор нь нөгөө харилцаж байсан хаяг руу ороход зураг нь алга болсон чат нь идэвхгүй болсон байсан. Тэгээд би өөрийгөө залуулсан байна гэж бодоод цагдаад хандаж байна..." гэх мэдүүлэг /3 хх 26/,

-Хохирогч Б.Уын “...2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн .................... тоот гэртээ байхдаа өөрийн фейсбүүк хаяг болох Б.Уар юань зарна гэсэн зарын дагуу Алибабагийн дансаа цэнэглүүлье гэж хэлэхэд тус ulammandakh tsogbayr гэсэн фейсбүүк хаягаас чаталж өөрийн данс болох 5022872914 өөрийн хаан банкны данснаас 300300......... дугаарын дансанд 3.430.000 төгрөг шилжүүлсэн боловч авчихаад намайг блоклоод алга болчихсон...” гэх мэдүүлэг /5 хх 176/,

-Хохирогч Н.Чын "...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Австрали улсад байдаг манай төрсөн дүү болох Гантигмаа нь U Tгэх нэртэй фейсбүүк хаягаас оруулсан 2000 Австрали доллар зарна гэх нийтлэлийн дагуу холбогдож өөрт байсан 4.800.000 төгрөгийг Капитрон банкны 300300........ дугаартай Г эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн бөгөөд тухайн хүн манай дүүгийн мөнгийг аваад анх өгөхөөр тохиролцсон Австрали долларыг шилжүүлээгүй учир би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн..." гэх мэдүүлэг /3 хх 61/,

-Хохирогч Б.Нийн "...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ээж над руу залгаад С.Мах чинь хүнээс валют авахаар болсон байна чи мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлээд надад С.Г гэх хүний Капитрон банкны Дансны дугаарыг явуулсан юм. Би өөрийнхөө болон ээжийнхээ хаан банкны дансыг ашигладаг юм. Учир нь ээж хөдөө мал дээр байгаа болохоор тэнд сүлжээ барьдаггүй. Тэгэхээр нь би интернэт банк ашиглан ээжийн нэр дээр боловч би өөрийнхөө олсон мөнгийг хийж ашигладаг Хаан банкны 550603.......... дугаарын данснаас ээжийн надад өгсөн С.Г гэх хүний Капитрон банкны 300300.............дугаарын данс руу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Олонлог сургууль дотор байхдаа 300.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд шилжүүлсэн талаараа ээжид хэлсэн. Гэвч С.Махад эхлээд төгрөг шилжүүлчих дараа нь би валютаа шилжүүлнэ гэж хэлж мөнгө шилжүүлж авчхаад түүнийг блок хийчихсэн юм. Дээрх мөнгийг би өөрөө олсон мөнгө учраас миний хувьд гомдолтой

байна..." гэх мэдүүлэг /2 хх 78/,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 205 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1 хх 106-107/,

-Капитрон банкнаас албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч С.Гийн 300300.......тоот дансны дэлгэрэнгүй хуулга  /1 хх 113-116, 172-178/

-Төрийн банкнаас албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч С.Гийн 1034000.......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 190-191/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

4. Шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Г нь мөрийтэй тоглоом тоглох зорилгоор цахим орчинд валют сольж өгнө, жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх зэргээр хуурамч зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн Капитрон болон Төрийн банкны дансаар мөнгө шилжүүлэн авч  цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдэж байжээ.

 

5. Залилах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шалгуур болгон гэмт хэрэгт тооцох, эсхүл хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 64.178.950 төгрөгийн хохирол учирсан байх тул хуулийн дээрх хүндрүүлэн шинж хангагдсан байна гэж дүгнэлээ.

 

6. Иймд шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

7. Гэмт хэргийн улмаас хохирогч У.Гт 3.044.000 төгрөг, хохирогч Д.Өт 3.287.500 төгрөг, хохирогч Б.Эод 560.000 төгрөг, хохирогч Н.Нд 2.689.560 төгрөг,  хохирогч Э.Эд 220.000 төгрөг, хохирогч М.Мд 250.000 төгрөг, хохирогч Д.Нд 200.000 төгрөг, хохирогч Ж.Эд 2.560.000 төгрөг, хохирогч Г.Гэд 3.360.000 төгрөг, хохирогч М.Дд 4.046.000 төгрөг,  хохирогч А.Ньд 465.000 төгрөг, хохирогч Б.Бт 910.950 төгрөг, хохирогч Э.Ат 1.000.000 төгрөг, хохирогч Г.Уд 960.000 төгрөг, хохирогч Д.Эд 246.760 төгрөг, хохирогч Г.Бэд 1.200.000 төгрөг, хохирогч Х.Гд 714.380 төгрөг, хохирогч Б.Ад 3.210.000 төгрөг, хохирогч Ч.Бд 971.000 төгрөг, хохирогч М.Гд 3.225.000 төгрөг, хохирогч Д.Эт 4.400.000 төгрөг,  хохирогч З.Хд 4.015.200 төгрөг, хохирогч Н.Мд 4.720.000 төгрөг, хохирогч М.Хд 4.800.000 төгрөг, хохирогч Ц.Тт 300.000 төгрөг, хохирогч Ц.Ад 1.800.000 төгрөг, хохирогч Д.Ад 2.493.600 төгрөг, хохирогч Б.Уд 3.430.000 төгрөг, хохирогч Н.Чд 4.800.000 төгрөг, хохирогч Б.Нт 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

            8. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 10090000........... тоот дансанд  шүүгдэгчээс байршуулсан нийт 5.537.600 /таван сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.Гт 3.044.000 төгрөг, хохирогч Д.Ад 2.493.600 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч С.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргасан бол,

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн оногдуулж байгаа ялын саналаас доогуур торгох ял оногдуулж, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү..”, шүүгдэгчээс “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

10. Шүүгдэгч С.Гэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Шүүгдэгч С.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтэй гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон нийт 261 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Иймд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 3.915.000 /гурван сая есөн зуун арван таван мянга/ төгрөгийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас хасаж шийдвэрлэв.

 

13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт С.Г /РД:.................../-д холбогдуулан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Боржигон овогт С.Г /РД:.................../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн урьдчилан цагдан хоригдсон 261 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 3.915.000 /гурван сая есөн зуун арван таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцон, биечлэн эдлэх ялыг  11.085.000 /арван нэгэн сая наян таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 тоот дансанд  шүүгдэгчээс байршуулсан нийт 5.537.600 /таван сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.Гт 3.044.000 төгрөг, хохирогч Д.Ад 2.493.600 төгрөгийг тус тус олгосугай.

 

        8. Шүүгдэгч С.Г нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

       9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧАНЦАЛНЯМ

 

                                             ШҮҮГЧ                           Б.ДУЛАМСҮРЭН

 

                                             ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН