Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 22

 

С.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0029/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       С.И-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолтой, С-ын И-д холбогдох, 2018000000002 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.И-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт С-ын И-.

Шүүгдэгч С.И- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын *-* тоотод оршин суух иргэн Ш.О-ын гэрт нэвтэрч “Тошиба” маркийн 21 инчийн телевизорыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор:

-Б- овогт С-ын И-г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар Б- овогт С-ын И-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар С.И-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.И-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй, өмнө өр авлагатай байсан учраас зурагтыг авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэж мэтгэлцсэн нь хэргийн жинхэнэ үйл баримттай нийцээгүй үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэнтэй маргаж мэтгэлцэх үндэслэл байхгүй байна.

Харин шүүгдэгч С.И-д ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болно” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар шүүгдэгч С.И- нь 19 нас 10 сар 26 хоногтой, өсвөр насны шүүгдэгч байсан болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаагаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.И- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1., 1.2.т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн эд зүйлийг биет байдлаар буцааж төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.И-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5., 8.7 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.И-д хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагийн арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.И- давж заалдах гомдолдоо:

Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, найз охин болон ар гэрийнхнээсээ ичиж, уучлалт гуйж байна. Би амьдралдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж, тэр тусмаа хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр харамсаж байна. Хохирогч талаас дахин дахин уучлалт гуйж байна. Цагдан хоригдож байх хугацаанд их зүйл ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид зөв амьдарч сурч, ажил хөдөлмөр хийж, зовоосон хүмүүсээ баярлуулна гэж бодож байна. Дахин алдаа гаргахгүй, энэ удаа итгэл үзүүлж хорих ялыг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.И-гийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. С.И- нь өсвөр насны шүүгдэгчид хамаарах юм. Миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэдгээ мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хурал дээр мэдүүлсэн. Мөн хохирол төлбөрийг биет байдлаар бүрэн төлж барагдуулсан. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.И- тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна. Цагдан хоригдох хугацаандаа буруу зүйл хийснээ маш их ухаарсан. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч С.И-г 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 1-6 тоотод оршин суух Ш.О-ын орон байранд хууль бусаар нэвтэрч “Тошиба” брендийн 21 инчийн телевизорыг хулгайлж 120,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч С.И-г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.И-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.И- нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч Ш.О-, гэрч А.Олонбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч С.И-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг зөв зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Гэвч шүүгдэгч С.И- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ харамсаж, хохирогчоос дахин дахин уучлалт гуйж, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, түүний нас, бие, эрүүл мэнд, сэтгэл зүйн онцлог, гэмт хэргийн улмаас учруулсан /хохирлыг/ эд зүйлийг хохирогчид бүрэн бүтэн буцааж өгсөн, төлөх төлбөргүй, цагдан хоригдох хугацаандаа гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг ойлгож ухамсарласан байдал зэргийг харгалзан цаашид зөв амьдарч нийгэмд өөрийн байр сууриа олох, сурч боловсорч мэргэжил эзэмших, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслах зорилгоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч С.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаарт бүлэгт заасан зохицуулалтыг үндэслэл болгон гэм бурууг нь ухамсарлуулж ойлгуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх, амьдралын зөв арга барилд сургах, гэмт хэрэг, зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлэх нь илүү ач холбогдолтой гэж үзээд шүүгдэгч С.И-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаарх холбогдох заалтад өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3., 5., 8.2 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлийн 1.2., 7.3 дугаар зүйлийн 2.т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч С.И-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулахыг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай гэж өөрчлөн, тогтоох хэсэгт:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч С.И- нь тэнссэн хугацаанд шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй гэсэн заалт тус тус нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй,

2.Шүүгдэгч С.И-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Шүүгдэгч С.И-, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ