Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0081

 

 

 

“ГГП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “ГГП” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Гуравдагч этгээд: “Нз” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг  хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 17-ний өдрийн 807 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Мэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0539/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 17-ний өдрийн 807 дугаар шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ГГП" ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргаса   н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

2.Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-г буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа:

2.1.Газрын тухай хуулийн 40.1-д газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлүүдийг хууль тогтоогчоос төрийн нийтийн ашиг сонирхол, газрын зохистой ашиглалт, төлбөрийн сахилга бат-ыг хангах зорилгоор тодорхой, шууд байдлаар зохицуулсан. Тус зүйлийн 40.1.5-д "газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй", 40.1.6-д "газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй" тохиолдолд газар ашиглах эрхийг цуцална гэж хуульчилсан нь эдгээр үндэслэлүүд нь: захиргааны байгууллагад сонголт үлдээсэн диспозитив зохицуулалт бус, харин нөхцөл нь тогтоогдсон л бол эрх цуцлах зайлшгүй үр дагавар үүсэх императив зохицуулалт болохыг илэрхийлж байна.

Эдгээр заалтууд нь агуулгын хувьд бие даасан үндэслэлүүд боловч зорилго, эрх зүйн үр дагаврын хувьд нэг логик систем-д хамаарна. Өөрөөр хэлбэл:

  • газар ашиглаагүй атлаа эрхийг хадгалж үлдээх,
  • газрын төлбөр төлөөгүй атлаа тухайн газрыг ашиглах эрхийг үргэлжлүүлэх явдал нь Газрын тухай хуулиар хамгаалагдсан газрын үр ашигтай ашиглалт, шударга төлбөрийн зарчимд шууд харшилна.

Гэтэл анхан шатны шүүх: Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газрыг ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон атлаа эрх цуцлах нь зайлшгүй гэсэн хууль зүйн үр дагаврыг үл хэрэгсэж, мөн 40.1.5-д заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчлийг "засах боломжтой" гэх хуульд байхгүй шалгуураар хөнгөнөөр үнэлсэн нь хууль тогтоогчоос тогтоосон хоёр өөр боловч адилхан императив үндэслэлийг нэгэн зэрэг сулруулсан, өөрөөр хэлбэл хуулийн нийтлэг логик, дотоод уялдааг алдагдуулсан дүгнэлт болсон байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40.1-д заасан аливаа нэг үндэслэл дангаараа тогтоогдсон тохиолдолд ч газар ашиглах эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл бүрддэг байхад, уг хэрэгт: газрыг 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн хоёр үндэслэл нэгэн зэрэг бодитой тогтоогдсон байхад эрх цуцлах боломжгүй мэт дүгнэсэн нь хууль хэрэглээний илт, ноцтой алдаа гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн тайлбар нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-ийн императив шинжийг үгүйсгэсэн, адил нөхцөл байдалд адил үр дагавар үүсэх ёстой гэсэн хууль хэрэглээний нэгдмэл байдлын зарчмыг зөрчсөн, улмаар захиргааны байгууллагын эрх хэмжээ, хариуцлагыг сулруулсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болно.

Нотлох баримтын үнэлгээний зөрчил Анхан шатны шүүх: сонсох ажиллагааны мэдэгдэл, газар ашиглалтын шалгалтын баримтууд, Хамгаалалтын захиргааны 443 тоот албан бичиг зэргийг иж бүрэн, бодитой үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 34.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0807 дугаар шийдвэр нь хууль хэрэглээний ноцтой алдаатай байх тул тус шийдвэрийн хүчингүй болгож, "ГГП" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1.Нэхэмжлэгч “ГГП” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийн хугацаа сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчийн “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны А/507 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

2.1.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны өдрийн А/507 дугаар тушаалаар[1] “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслээд “ГГП” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 10664 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

2.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ..., 40.1.5, 40.1.6, ...-д заасан үндэслэлээр” гэж,

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д” эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

2.3.Маргаан бүхий А/507 дугаар тушаал гарах үндэслэл болсон Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 оны 443 дугаар албан бичигт[2] “...хавсралтад дурдсан 22 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү”, хавсралтын 3-т “ГГП” ХХК-г хүчингүй болгох үндэслэлийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 гэж дурдан, газрын фото зургийн дор /газар дээрээ хоосон/ гэх тэмдэглэгээг хийжээ.

2.4.Нэхэмжлэгч нь “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай”[3] 2022/41 дугаартай гэрээнд заасны дагуу 2021 оны, 2022 оны газрын төлбөрөө төлсөн болох нь Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 15-22/463 дугаар албан бичгээр ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[4] тогтоогдож байх тул хариуцагчийн “2020 оноос газрын төлбөрөө төлөөгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2.5.Түүнчлэн Налайх дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 01/2066 дугаар албан бичгээр[5] ирүүлсэн “...“ГГП” ХХК-ийн 1260711495 нэгж талбарын дугаараар 2023 онд 2,238,600 төгрөгийн газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн боловч хөрөнгийн ногдлын өөрчлөлтөөр мэдээлэл засварлагдсан”, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 15-22/779 дугаар албан бичгээр[6] ирүүлсэн “...“ГГП” ХХК-ийн газрын 2023 онд үүссэн нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2023 оны А/509 тушаалаар хүчингүй болсныг үндэслэн газрын төлбөрийн нэхэмжлэлийг цуцалсан болно.” гэж тус тус газрын төлбөрийг тогтоох, нэхэмжлэл үүсгэх эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн, нэхэмжлэх цуцлагдсан талаар мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байхад нэхэмжлэгч компанийг газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж шүүхээс буруутгах үндэслэлгүй юм.

2.6.Иймээс анхан шатны шүүхийн “...газар ашиглагч нь хууль болон гэрээний холбогдох заалтын дагуу газрын 2023 оны газрын төлбөрийг алдангийн хамт төлөх эрхтэй, газрын төлбөрийн асуудал хариуцсан захиргааны байгууллагаас 2023 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрт алданги тооцож нэхэмжлээгүй, харин үүсгэсэн нэхэмжлэлийг цуцалсан байх тул газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

2.7.Нэхэмжлэгч компани нь анх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах гэрчилгээ авснаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст хандан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 дугаар албан бичгээр[7] “...2022 оны 5 дугаар сараас төслөө хэрэгжүүлж эхлэх гэж байгаа тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13/2934 дугаар албан бичгээр[8] Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, улмаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Налайх дүүргийн Засаг дарга, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай 2022 оны 06 дугаар сарын 02-ны 2022/41 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”[9]-г байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

2.8.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн өдрөөс эхлэн цуцалсан байх ба энэхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаанд нийтийн хөл хориотой байсан тул нэхэмжлэгчийн гаргасан “...2020-2022-ны хооронд Ковид 19 цар тахлын улмаас талууд газар ашиглах гэрээг байгуулж чадалгүй явж байгаад хөл хорио цуцлагдсанаар үйл ажиллагаа хэвийн байдалд орж 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдсан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

2.9. “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ” 2022 оны 06 дугаар сард байгуулагдсанаас хойш Улсын Дээд Шүүхийн тогтоолд тайлбарласан хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “тухайн газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл бүрдээгүй байна.

2.10.Иймд анхан шатны шүүхийн “хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй” гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэлтэй.

3.Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:

3.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно”,

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан.

3.2.Нэхэмжлэгч “ГГП” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар ашиглах эрхийг сунгах хүсэлт[10] гаргасанд тус яамнаас “...газрын төлөв байдлын улсын чанарын хянан баталгаа хавсаргах” үндэслэлээр татгалзаж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтэд “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/507 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байна” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

3.3.Тодруулбал нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтэд сунгахаас татгалзсан хариу өгсөн байгаагаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагыг өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

3.4.Иймд анхан шатны шүүхийн “…”ГГП ХХК-иас хүсэлт гаргах үед газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гарсан байсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлээгүй байх тул захиргааны байгууллагаас шийдвэрлээгүй асуудлаар буюу газар ашиглах эрхийг сунгах эсэх захиргааны байгууллагын эрх хэмжээнд шүүхээс халдах боломжгүй” гэж үзэн нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дугаар сарын 17-ний өдрийн 807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                  ШҮҮГЧ                                                        М.ЦЭЦЭГМАА

 

       ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 43 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 103-105 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 20-22 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 58-59 дэх тал

[5] Хэргийн 2-р хавтас 19-21 дэх тал

[6] Хэргийн 2-р хавтас 30-31 дэх тал 

[7] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 65-71 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 20-22 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 16-19 дэх тал