Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Шүүгдэгч О.Одгэрэл, түүний өмгөөлөгч Х.Энхтайван /ҮД: 0276/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тугчин овогт Очирбатын Одгэрэлд холбогдох эрүүгийн 201625022968 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэний танхимын зохион байгуулагчаар ажилладаг, ам бүл-3,  2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 622 тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Очирбатын Одгэрэл, РД:ХЙ85082367,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Яллагдагч О.Одгэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Өлзий-Оршихын ¹344 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсэг бүхий 2 итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж улмаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт П.Амардэлгэр, Э.Бярзана нарын газрыг бусдад худалдахаар тус хуурамч итгэмжлэлийг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Одгэрэл нь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 3 сард Ганчимэгт 3 сая төгрөг зээлсэн байсан. 2016 оны 8 сард Ганчимэгээс мөнгөө нэхэхэд 2 гэрчилгээ байна зараад тал мөнгийг нь авчих гэж хэлсэн. Би өртэй, мөнгө нэхэгдээд байсан тул яаралтай зарах хэрэгтэй байсан. Ганчимэгт хүмүүс нь нотариат орж итгэмжлэл хийх боломжтой юм уу гэхэд хөдөө байдаг хүмүүс ирэх боломжгүй, өөрөө мэдээд зохицуул гэж хэлсэн. Би скайнердаж оруулаад хуулбарлаж хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч О.Одгэрэл нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би найз Ганчимэгт 2016 оны 5 дугаар сарын орчимд 3.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд 8 сард мөнгөө авъя гэхэд Ганчимэг нөхрийнхөө, хадам эхийнхээ газрыг 6.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа чамд авах хүн байна уу зарчихвал мөнгийг чинь өгөе гэсэн. Тэгээд надад 2 газрын гэрчилгээгээ өгөөд чи зарчих тэгээд 3.000.000 төгрөгийг нь чи аваад 3.000.0000 төгрөгийг нь эзэн нарт нь өгчих гэсэн. Тэгээд би үнэгүй.mn сайтад зар тавихад нэг хүн залгаад 2 газрыг 6.000.000 төгрөгөөр авъя гэхээр нь Ганчимэг рүү залгаж газар эзэмшигч нь хаана байгаа юм вэ гэхэд хөдөө явсан чи авах хүнд нь газраа өгчих ирэхээр нь нэрээ шилжүүлчихье гэсэн. Асуудал байхгүй өөрсдөө мэдэж байгаа гэсэн. Надад мөнгөний хэрэг байсан учир хугацаа алдахгүйн тулд эгч Гэрэлтуяагийн шатаачих гэж өгсөн цааснуудаас нотариатын тамга тэмдэгтэй итгэмжлэлийг дуурайлгаж хийн нэрээ шилжүүлж болох юм байна гэж бодоод хуурамч итгэмжлэл хийсэн. Тэгээд хуурамч итгэмжлэлээ ашиглан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Их дэлгүүрийн урд талд байрлах нотариат дээр газар худалдаж авах хүнтэйгээ хамт очиж газар шилжүүлэх гэрээгээ хийх гэтэл нотариатч нь хуурамч итгэмжлэл байна гэж хэлээд миний бичиг баримт болон хуурамч итгэмжлэлийг авчихсан. Би өөрийн ажлын компьютерийг ашиглан гаргасан. Намайг хуурамч итгэмжлэл хийсэн талаар хэн ч мэдээгүй. Надад хэн нэгэнтэй хамтарсан зүйл байхгүй ганцаараа хийсэн…” гэсэн мэдүүлэг /хх 47-48 дугаар хуудас/,

Хохирогч Б.Өлзий-Орших нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргын нотариат дээр миний тамга дардасыг хуурамчаар үйлдэж 2 газар шилжүүлэхээр итгэмжлэл хийгээд явж байна гэж тус тойргын нотариатч Баясгалан над руу утсаар холбогдсон. Тэгээд би яваад очтол тэр хүмүүс нь гараад явчихсан байсан. Хуурамч итгэмжлэлийг иргэний үнэмлэхтэйгээ орхиод явсан байсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн прокурор дээр хүсэлтээ аваачиж өгсөн. Миний тамга тэмдэгийг дахин хуурамчаар үйлдсэн явдал нь давтагдсан учир шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Миний дардас, тамга тэмдэг надад байгаа…” гэсэн мэдүүлэг /хх 10, 35-36 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би О.Одгэрэлээс 3.000.000 төгрөг зээлж авсан байсан. Одгэрэл мөнгөний хэрэг гараад надаас мөнгөө нэхсэн. Манай найз Эрдэнэцэг надад хүн зуслангийн газар асуувал надад манай нөхөр, хадам эхийн нэр дээр бүртгэлтэй газар байгаа яаралтай мөнгөний хэрэг байгаа учир хямд зарчихна чи хүнээс асуугаад өг гэсэн. Тэгээд би Одгэрэлд манай найзын ийм газар байна 6.000.000 төгрөгөөр зараад чи 3.000.000 төгрөгийг нь Эрдэнэцэцэгт өгчих гэж хэлсэн. Тэгээд би Одгэрэлд гэрчилгээг нь өгсөн. Өөр надад мэдэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх 11-12 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Бярзана мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манай ээж П.Амардэлгэрийн нэр дээр нэг газар, миний нэр дээр нэг газар байсан. Ээж бид 2 өөрсдийн нэр дээр байдаг газраа зарна гэж байсан тэгээд манай эхнэр Эрдэнэцэцэг Ганчимэгт авах хүн байвал асууж сураглаж байгаарай гэсэн байсан. Бид 2 Одгэрэл гэх хүнд итгэмжлэл хийж өгөөгүй...” /хх 37-38 дугаар хуудас/

 

Гэрч Н.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би нөхөр Э.Бярзана, хадам ээж П.Амардэлгэр нарын нэр дээр байдаг газрыг заруулахаар гэрчилгээнүүдийг Ганчимэгт 2016 оны 7 сард өгч байсан. Одгэрэл гэх хүн өөрийн нэр дээр итгэмжлэлээр авч байгаа талаар мэдээгүй...” /хх 39-40 дүгээр хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №6898 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

3. Шинжилгээнд ирүүлсэн... 2016 оны 08 сарын 22 гэсэн огноотой, “Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт нотариатчийн тэмдэгийн дардсын нөхөх хэсэгт бичигдсэн “2016; 08; 22; 219; 10000” гэсэн ... 2016 оны 08 сарын 22 гэсэн огноотой, “Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт нотариатчийн тэмдэгийн дардсын нөхөх хэсэгт бичигдсэн “2016; 08; 22; 218; 10000” гэсэн шинжилж буй тоон бичвэрүүд нь хөдөлгөөний маяг, бичгийн чадвар, хөдөлгөөний хурд зэрэг ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Б.Өлзий-Оршихын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй байна....5. 2016 оны 08 сарын 22 гэсэн огноотой, “Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт нотариатчийн тэмдэгийн дардсын нөхөх хэсэгт “Нотариатч” гэсний ард... 2016 оны 08 сарын 22 гэсэн огноотой, “Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт нотариатчийн тэмдэгийн дардсын нөхөх хэсэгт “Нотариатч” гэсний ард тус тус хар өнгийн будагч бодис бүхий бичигч хэрэгсэл ашиглан үйлдсэн шинжилж буй гарын үсгүүд нь галиглал, зонхилох хэлбэр, суналт, хөдөлгөөний маяг, бичгийн чадвар зэрэг ерөнхий шинж болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ Б.Өлзий-Оршихын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэжээ. /хх 20-23 дугаар хуудас/    

 

Итгэмжлэл /хх 8-9/, гэрч Д.Очирбатын мэдүүлэг /хх 17/, гэрч Л.Ариунжаргалын мэдүүлэг /хх 18/, гэрч Э.Бярзаны мэдүүлэг /хх 37-38/, гэрч Н.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх 39-40/, гэрч Н.Буяндэлгэрийн мэдүүлэг /хх 41-42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 50/, гэрлэлтийн лавлагаа /хх 51/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 52/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 53-58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Одгэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт орших хорооны байранд иргэн П.Амардэлгэр, Э.Бярзана нарын эзэмшлийн газрыг өөртөө итгэмжлүүлсэн утга бүхий 2 ширхэг итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Өлзий-Оршихын ¹344 дугаартай нотариатын тамга тэмдэг, гарын үсгийг дуурайлган хар өнгийн будагч бодис бүхий бичигч хэрэгсэл ашиглан хуурамчаар үйлдэж, улмаар газрыг бусдад худалдахаар тус хуурамч итгэмжлэлүүдийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Өлзий-Орших, гэрч Г.Ганчимэг, Н.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №6898 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Одгэрэлийг баримт бичиг, тамга, тэмдэг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.     

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” талаар дурдсан, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Одгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тугчин овогт Очирбатын Одгэрэлийг хуурамч баримт бичиг, тамга тэмдэг үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар О.Одгэрэлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /192.000*6/ буюу 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Одгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Одгэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН