Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 201/МА2018/00016

 

Х банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Д.Хд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00341 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Д.Хны давж заалдах гомдлоор Х банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй, Д.Хд холбогдох “Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 15 016 756.02 төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 5 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х банкны Дорнод салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х нь тус банктай 2013.04.03-ны өдөр №1220009000 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж 17 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. Банк зээлдэгч Д.Хны Х банкин дахь дансанд 17 500 000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Д.Х нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 962 135.66 төгрөг, зээлийн хүүнд 6 598 869.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1282.17 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн барьцаанд Хэрлэн сумын 10 дугаар багт байрлах, 49 дүгээр байрны 08 тоот орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрөө төлөхгүй болсон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 14 537 864.02 төгрөг, үндсэн хүүгээс 477 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 935 төгрөг буюу нийт 15 016 756.02 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Д.Хд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар мэдэгдэж байсан боловч үндсэн зээл, зээлийн хүүг графикт хугацаанд төлж барагдуулалгүй зээлийн гэрээг ноцтой зөрчиж байгаа учир зээлийн гэрээнд заасны дагуу банкны зүгээс гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Зээлдэгч Д.Хтай байгуулсан №1220009000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 15 016 756.02 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Д.Хны өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49 дүгээр байрны 08 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-0614003250 дугаарт бүртгэлтэй, 000148601 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хашчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Х нь 2017 оны 10 сараас эхлэн зээлийн төлөлтийг графикт хугацаандаа төлөлгүй зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Энэ үеэс эхлэн манай банкны зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгааг нь сануулж, гэрээг цуцлах тухайгаа амаар болон мэдэгдэх хуудсаар байнга сануулж байсан. Д.Х банктай ирж уулздаггүй, гэрээр нь очиход өөрөө байдаггүй, бид уулзалдаж чаддаггүй байсан. Мөн тэрээр дээрх орон сууцны зээлийн гэрээг байгуулахаас өмнө тус банкнаас бизнесийн зээл авсан байсан бөгөөд уг зээлээ төлөлгүй 2 жил гаруй хугацаа өнгөрч, муу зээлийн ангилалд багтсан байсан. Бизнесийн зээл болон орон сууцны зээл гэсэн энэ хоёр зээлийн харилцах данс нь 5000161263 гэсэн нэг данстай бөгөөд энэ дансанд орж ирсэн мөнгийг банк эхний ээлжинд төлөгдөөгүй, муу зээлэнд нь татаж авдаг. Харилцагч өөрөө аль зээлийг төлөх тухайгаа орлогын мэдүүлэг болон банкны теллерт дэлгэрэнгүйгээр мэдүүлж зээлээ төлөх ёстой бөгөөд дэлгэрэнгүй төлөх тухайгаа мэдүүлээгүй орлого хийсэн тохиолдолд банк муу зээлрүү уг орлогыг шилжүүлэх тухай заалт аль аль зээлийн гэрээнд тусгасан байгаа. Энэ бизнесийн зээлтэй холбоотой нэхэмжлэлийг энэ нэхэмжлэлтэй хамт шүүхэд гаргасан бөгөөд Д.Х уг зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэг хялбаршуулсан журмаар шийдэгдсэн байгаа. Д.Хны төлсөн гээд баримтыг нь хавсаргаж өгсөн 2018.02.15-ны өдрийн 300000 төгрөг, 2018.01.05-ны өдрийн 180000 төгрөгийн орлогууд бүгд бизнесийн зээлд төлөгдсөн байгаа. Д.Хны орон сууцны зээл нь 2013.08.26-ны өдөр жилийн тогтмол 8 хувийн хүүтэй зээлд шилжсэнийг 1220009956 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөлт оруулсан бөгөөд, мөн 2014.12.03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн төлбөрийн сар бүр төлөх графикийг өөрчилж, сар бүр тогтмол 171000 төгрөг байхаар нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Зээл авснаас хойш Д.Х нь зээлийн сар бүрийн төлөлтийг графикт хугацаанаас хожимдуулж төлөөд явдаг байсан боловч 2017 оны 10 сараас эхлээд зээлийн төлбөрөө огт төлөөгүй учраас энэ зээл муу зээлийн ангилалд багтсан тул бид гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг түүнээс нэхэмжилж, шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Энэ хугацаанд Д.Х банктай огт уулзаагүй, зээлээ төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй учраас бид зээлийг хэвийн ангилалд нь оруулах боломжгүй гэж үзсэн. Иймд банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х банкны Дорнод салбараас 2013 оны 4 сарын 03-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 17 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар авсан нь үнэн. 2014 онд миний зээл жилийн 8 хувийн хүүтэй зээлд шилжсэн. Би энэ орон сууцны зээлийг ямар ч зөрчилгүйгээр төлж явсан. Дунд нь ганц нэг сар хожимдуулах зүйл байсан. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэвч 2017 оны 10 сараас эхлэн зээлээ төлөөгүй байсан нь үнэн. Тийм учраас би 2017 оны 10 сараас хойшхи төлөлтийг нэг удаа 180000 төгрөгөөр, нэг удаа 300000 төгрөгөөр төлөөд 2017 оны төлөлтийг дуусгасан гэж бодож байсан. Гэтэл миний төлсөн мөнгийг миний урьд нь тус банкнаас авсан бизнесийн зээлд төлсөн байсан. Би энэ бизнесийн зээлийг хоёр жил гаруй хугацаанд төлөөгүй байсан нь үнэн. Би энэ хоёр зээлийг дундаа нэг харилцах данстай, энэ дансанд орсон мөнгийг бизнесийн зээлрүү татаж авсан гэдгийг сайн ойлгоогүй байсан байна. Би орон сууцны зээлээ зөрчилгүй, сүүлийн 3 сарын төлбөрийг л төлөөгүй байгаа гэж ойлгож явж байсан. Энэ харилцах дансанд л би зээлийн төлөлтийг хийдэг. Гэхдээ би зээл төлөхдөө теллерт нь хэлдэг байсан. Банкны зүгээс нэхэмжилсэн 15 016 756 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин урт хугацаатай зээлийн гэрээг цуцлалгүйгээр зээл төлөлтийг хэвийн ангилалд нь оруулж өгөхийг банкнаас хүсч байна. Мөн орон байраа алдмааргүй байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00341 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х банкны Дорнод салбар болон хариуцагч Д.Х нарын хооронд байгуулагдсан 2013 оны 04 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Хс зээлийн гэрээний үүрэгт 15 016 756.02 /арван таван сая арван зургаан мянга долоон зуун тавин зургаан төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Дорнод салбарт олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Д.Хны өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг,  дүгээр байрны 08 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0614003250 дугаарт бүртгэлтэй, 000148601 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233034 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 233034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Дорнод салбарт олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Х давж заалдах гомдолдоо: “... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан хуулийн заалтын дагуу нэмэлт хугацаа тогтоож үүрэг хүлээлгэсэн асуудал огт байхгүй. Миний бие 2014 оны 12 сарын 15-нд тус банкнаас 15 сая төгрөг зээлж хэвийн төлөлттэй явж байгаад 2016 оны 02 сараас эхлэн төлж чадалгүй зөвхөн ипотекийн 8 хувийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Ямар ч байсан орон байртай болъё, зээлээ төлж байгаад байраа алдахгүй байя гэж бодсон.

Бизнесийн зээл буюу 1220014456 тоот зээлийн гэрээний төлөлтийг нэхэмжилж нэхэмжлэгч Хас банк 2018 оны 02 сарын 01-нд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 259 тоот захирамжаар тус банкинд 18 170 201 төгрөг төлөх болсон.

Миний бие 2017 оны 10 сарын 10-нд 175 000 төгрөг, 2017 оны 11 сарын 20-нд 150 000, 2018 оны 01 сарын 05-нд 180 000, 2018 оны 02 сарын 15-нд 300 000 төгрөг буюу нийт 805 000 төгрөгийг төлөлтийн хуваариа алдсан ч сар сард нь тооцон ипотекийн зээл буюу байрны төлөлтөд хийж байсан. Х банк зээл олгогчид харилцах данс нээж түүндээ байршуулж байгаад зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоход автоматаар татаж ипотекийн зээлийн төлөлтөд шилжүүлдэг. Гэтэл банк энэ үүргээ биелүүлэлгүй миний төлж чадахгүй 2 жил шахуу болсон бизнесийн зээлийн төлөлтөд хийсэн. Үүнээс болоод би ипотекийн зээлээ 2017 оны 10 сараас хойш нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл төлөгдөөгүй онгорхой харагдах болсон. Намайг тус 805 000 төгрөгийг сар сард нь хийж байхад Х банкны ажилтан буюу теллер нь та 2 зээлтэй байна, аль зээлэндээ хийх вэ гэж асууж байсан. Би мэдээж ипотекийн зээлэндээ хийнэ гээд тушаадаг байсан. Өөр дансанд тушааж /шилжүүлэн/ нөгөө зээлийг төлөлтгүй болж байгаа талаар надад мэдэгдээгүй. Би ипотекийн зээлээ төлөөд явж байна гэж бодсон. Энэ талаар ч анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Зээлийн эдийн засагч миний нэр дээрх зээл болох бизнесийн болон ипотекийн зээлийн аль зээлд хийх талаар зээлийн төлөлтийн хугацаанд надаас асуух, сануулах ёстой байсан. Огт төлөгдөхгүй байгаа бизнесийн зээлэнд 4 сарын турш 805 000 төгрөг өөрийн давуу эрхээ ашиглан хийж намайг давхар хохироосон. ... Иргэний хуулийн 226 дугаар зүйлд зааснаар нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал буюу 226.1.2-т зааснаар миний байрны зээл хэвийн үргэлжлэх  боломжтой байсан гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх боломжийг хангаж өгнө үү” гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Д.Х нь хамтран зээлдэгч Б.Бн хамт Х банкны Дорнод салбартай 2013 оны 04 сарын 03-ны өдөр №1220009000 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулж, тус салбараас 17 500 000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сум, 10 дугаар баг, 49 дүгээр байрны 08 тоотын 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалуулжээ. /хх-ийн 8-14 дэх талууд/

Зохигчид нь 2013 оны 08 сарын 26-ны өдрийн 1220009956 тоот 1220009000 гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр хариуцагчийн авсан зээлийн хүү нь жилийн 8 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 16-17 дахь талууд/

Мөн зохигчид нь 2014 оны 12 сарын 03-ны өдөр 1220009956 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр “эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр буюу үндсэн зээл болон хүүгийн нийлбэр нь сар бүр тэнцүү хэмжээтэй байхаар харилцан тохиролцож үүнтэй холбоотойгоор үндсэн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг хавсралтад заасны дагуу өөрчлөв” гэжээ. /хх-ийн 18-21 дэх талууд/

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 2 962 135.66 төгрөг, зээлийн хүү 6 598 869.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1282.17 төгрөг, нийт 9 562 287.29 төлсөн ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

 Нэхэмжлэгч Х банкны Дорнод салбар нь хариуцагч Д.Хыг 2017 оны 10 сараас хойш зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 14 537 864.02 төгрөг, зээлийн хүү 477 957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 935 төгрөг, нийт 15 016 756.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Д.Х нь нэхэмжлэгч  Х банкны Дорнод салбараас 2013 оны 04 сарын 03-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар урт хугацааны ипотекийн зээл авахаас өмнө бизнесийн зээлтэй байсан ба бизнесийн зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас уг зээл нь чанаргүй, муу зээлийн ангилалд орсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч нь бизнесийн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөлгүй 2 жил болсон ба Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00259 дугаар шүүгчийн захирамжаар 18 170 201 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ. /хх-ийн 60 дахь тал/

Гэтэл нэхэмжлэгч Х банкны Дорнод салбар нь хариуцагчид урт хугацааны ипотекийн зээлийг олгохдоо зээлийн эргэн төлөлтийн дансыг, хариуцагчийн өмнө нь авсан бизнесийн зээлийн эргэн төлөлтийн данстай хамт 5000161263 гэсэн нэг данс нээж өгсөн нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг сонгож биелүүлэх эрхийг хязгаарлаж, нэхэмжлэгч банк өөртөө давуу байдлыг бий болгосон байна.

 Түүнээс гадна нэхэмжлэгч тал нь /банкны теллер нь/ хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийг “орлогын маягт” гэсэн баримтын “гүйлгээний утга”-ыг тодорхой бичихгүй “бэлэн орлого, зэт /зээлийн эргэн төлөлт гэж ойлгоно/” гэж бичсэний улмаас хариуцагчийн хугацаа хоцорч  төлсөн ипотекийн зээлийн төлөлтийг чанаргүй, муу зээлийн ангилалд орсон бизнесийн зээлийн төлөлтөнд татаж авсан гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна. /хх-ийн 36, 37 дахь талууд/

Монгол Улсын Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол  үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч тал Иргэний хуулийн дээрх заалтыг зөрчиж, хариуцагчийн зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн сонгох эрхийг хязгаарласан байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 233000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Хны давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 06-ны өдрийн 138/ШШ2018/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Хд холбогдох нэхэмжлэгч Х банкны Дорнод салбарын “Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 15 016 756.02 төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Дорнод салбараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Хы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

           ШҮҮГЧИД                                                              Ж.ДОЛГОРМАА 

                                                                                         З.ЭНХЦЭЦЭГ