Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126 

 

 

2023 оны 11 сарын 01-ний өдөр                     Дугаар 2023/ШЦТ/126                                  ******* сум

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...................д холбогдох ............ тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Биеийн байцаалт: ........ овгийн ..........., 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ....... аймгийн .......... сумын .......... дүгээр баг ........... тоотод оршин суух, урьд ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .................,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ........ дүгээр баг ..............тоотод иргэн Ц.*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад түүний Хаан банкны .......... дугаартай 4.536.281,31 төгрөгийн үлдэгдэлтэй картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, данснаас нь 4.427.700 төгрөгийн гүйлгээ хийж, нийт 4.541.281,31 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.*******  яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би ******* ахын картыг согтуу байхад нь дэрэн доороос нь авсан. Данснаас нь 4.427.700 төгрөгийг үрсэн. Би бэлнээр болон дэлгүүрээс картаар авсан. Сүүлд бэлнээр 3.000.000 төгрөг, 250.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2.750.000 төгрөгийг цалин буухаар өгнө гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 10 сарын 19-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад зам тээврийн осол гаргаад тухайн зам тээврийн осол гаргасны улмаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног баривчлах шийтгэл авч баривчлах байранд байхад ээж, аав, ах, эгч нараас хохирол барагдуулах мөнгийг Өмнөговь аймгийн ******* сум 1-р баг Гурван сайхан 7-46 тоотод байдаг манай нагац Ц.*******гийн дансанд төвлөрүүлж намайг баривчлах шийтгэл эдлээд дуусахад хохирлын мөнгийг бэлэн болгоно гэж хийцгээсэн 5.000.000 гаруй төгрөгийг ............ тоот дансанд төвлөрүүлсэн. Тухайн үед Х.******* гэх залуу манай ахын виза картыг хулгайлж авч яваад виза картанд байсан миний хохирол барагдуулах мөнгийг авч дуусгасан байсан. ...******* ахын дансанд нийт 5.000.000 гаруй төгрөг төвлөрсөн байснаас надад хоол, тамхи, зэрэг зүйлүүд авч өгсөн. Яг хэдэн төгрөг үлдсэн байсныг би мэдэхгүй. ******* ах хэлэхдээ дансны хуулгаа авч үзчихээд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өглөө ******* миний картыг авч яваад бэлэн мөнгөний машинаас 100.000 төгрөг уншуулсан байсан. Тэрнээс хойших гүйлгээг шалгаж нэмэхэд 4.427.700 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар гарган авч ашигласан байсан. ....Миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Надад учруулсан 4.427.700 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой *******, Х.******* бид гурав хамт архи уусан. Дахиад архи авахдаа *******д Хаан банкны виза картаа өгөөд нууц кодыг нь хэлээд явуулсан. Тэгээд авч ирсэн архийг нь хамт ууцгааж байгаад архи дуусчихаар нь дахиад хүн рүү архи захиж авч уусан. Тухайн архины мөнгийг мобайл банкаар шилжүүлсэн. Дансны хуулга дээр 04 цаг 51 минутанд гүйлгээ хийсэн. Тэгээд авч ирсэн архийг ууж дуусгаад амарсан. Энхтулгыг архинд явж ирсний дараа би Хаан банкны виза картаа аваад өөрийнхөө дэрэн доогуур хийсэн байсан юм. Түүнээс хойш виза картаа байгаа байх гэж бодож байтал данснаас мөнгө гарсан мессеж ирэхэд нь виза картаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд ******* руу залгаад миний виза картыг аваад ир гэхэд Ууганаа намайг баривчилгааны мөнгө аваад ир гэсэн тэрийг нь өгчихөөд очлоо, одоо аваад очлоо гэсээр байгаад сүүлдээ утас нь холбогдохоо болиод холбоо барьж чадахаа байсан. Тухайн дансанд дүү Ш.******* зам тээврийн осол гаргасныхаа хохирлыг барагдуулахаар цуглуулсан байсан 5.000.000 гаруй төгрөг байснаас ******* болон ******* миний бие зарцуулаад 4.500.000 орчим төгрөг үлдсэн байсныг Х.******* нь авч хэрэглээд дуусаж байхад нь би виза карт хулгайлж авч яваад үрээгээд дуусгачихсан. Тэгээд дүү *******ын баривчлах шийтгэл дуусаад гарахад хэлж цагдаагийн газар бүртгүүлсэн юм. ....Х.******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 08 цаг өнгөрч байхад намайг сэрэхээс өмнө босоод миний дэрэн доогуур байсан виза картыг хулгайлж авч яваад хамгийн эхэнд 100.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас уншуулсан байгаа юм. Түүнээс хойш дахиад 200.000 төгрөг уншуулж авсан. Дараа нь дэлгүүрүүдээр уншуулж бараа аваад 22 цаг өнгөрч байхад бэлэн мөнгөний машинаас 300.000 төгрөг уншуулж, удалгүй дахиад 3.000.000 төгрөгийг уншуулсан байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнө нь 300.500 төгрөгийг уншуулсан байсан. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед 30,000 төгрөгийг уншуулсан байсан. Сүүлд уншуулсан 30.000 төгрөгийн гүйлгээ нь Улаанбаатар хотод хийгдсэн гүйлгээ байсан. Ингээд нийт ******* миний виза картыг авч явах үед миний эзэмшлийн ............ тоот дансанд 4.536.281,31 байснаас Х.******* нь 12 удаагийн гүйлгээгээр 4.427.700 төгрөгийн зарлага гаргаж 4.427.700 төгрөгийн хохирол учруулсан байсан. Гүйлгээнүүдийг хуулгаар гаргаж өгч хавсаргасан байгаа. Дүү Ш.*******ын хохирлыг барагдуулчихвал надад санал гомдол, хүсэлт байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

Гэрч Р.Элбэгжаргалын мэдүүлэгт: Би Ш.*******ын аав нь, Ц.*******гийн хүргэн дүү нь байгаа. ...Би ......... тоот дансыг 2005 билүү 2006 онд л анх нээлгэж байсан. Тэрнээс хойш тогтмол ашиглаж байгаа. ....Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 10 сард согтуу машин унаж явж байгаад осол гаргачихсан. Түүнээс болоод баривчлах шийтгэл авсан. Тэгээд бид нар ярилцаад хүү Ш.*******ын хохирлыг барагдуулахаар банкнаас зээл аваад хүргэн ах Ц.*******гийн эзэмшлийн ........... тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгсэн чинь Ц.*******гийнд байсан гэх хүн нь картыг нь хулгайлж авч яваад мөнгийг нь үрээгээд дуусгачихсан байна гэж байсан гэжээ. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Гэрч Ц.*******ийн мэдүүлэгт: Би Ш.*******ын ээж нь, Ц.******* нь миний төрсөн ах байгаа юм. Тухайн ........ тоот дансыг би эзэмшдэг, хэдэн онд нээлгэснийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нилээд удаан ашиглаж байгаа. ...Манай хүү Ш.******* нь тухайн үед хүний машин мөргөчихөөд нөгөө хүнийхээ хохирлыг барагдуулах шаардлагатай болоод би хүргэн ахаасаа 1.000.000 төгрөгийг зээлээд хүүгийнхээ хохирол барагдуулахад нэмэр болох зорилготой өөрийн төрсөн ах Ц.*******гийн ........... тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хийсэн юм. Гэтэл манай ах *******гийнд байсан гэх залуу нь ахын маань виза картыг хулгайлаад аваад явчихсан. Дансанд нь байсан мөнгийг нь үрээчихсэн байна гэж байсан. Тэгээд дахиад мөнгө олж хүү Ш.*******т өгч мөргөсөн машины эзний хохирлыг барагдуулсан. ...Тухайн мөнгийг нь авч үрээсэн хүнээс нь мөнгийг гаргуулан өгч хохирлыг нь барагдуулж өгөхийг хүсч байна гэжээ. хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Шүүгдэгч Х.******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой ******* ахын виза картыг авч яваад дэлгүүр ороод архи авч ирээд ******* ахын виза картыг өгөхөд ******* ах виза картаа дэрэн доогуураа хийж байгаа харагдсан. Тэгээд авч ирсэн архиа ууж дууссан. Тэгээд 12 дугаар сарын 14-ний шөнийн 04 цагийн үед таньдаг хүн рүүгээ залгаж архи авч ирүүлээд ******* ах мобайл банкаар тооцоогоо хийсэн. Тэгээд тухайн авч ирсэн архийг ууцгаачихаад амарсан. Би өглөө /цаг хэд болж байсныг мэдэхгүй байна/ сэрэхэд ******* ах унтаж байхаар нь дэрэн доороос нь виза картыг нь авч гараад таксинд суугаад нэг цэгийн үйлчилгээний Хаан банкны АТМ бэлэн мөнгөний автомат машинаас ******* ахын виза картыг уншуулж 100.000 төгрөг, дараа нь дахиж уншуулж 200.000 төгрөг авсан. Тэгээд хаагуур явж юу авсан талаараа бас сайн санахгүй байна. Дэлгүүрүүдээр ороод юм аваад картаар тооцоогоо хийгээд явж байсан санагдаж байна. Тэр оройдоо төвд байхдаа аль АТМ-д карт уншуулж авсныг сайн санахгүй байна /төв хаан банкны АТМ байх гэж бодож, согтуу байсан болохоор зарим зүйлийг нь бас санахгүй байна./ ******* ахын виза картыг уншуулж 300.000 төгрөг аваад, дахиж уншуулж 3.000.000 төгрөг аваад Рояал буудалд орж амарсан санагдаж байна. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13- 14 цагийн хооронд Номин говь дэлгүүрийн урд зогсож байсан Улаанбаатар хот руу явах жижиг тэргэнд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд тэр оройдоо 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод очоод Нарантуул захын зүүн талд буудалд буусан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны 12 цагийн үед унтаж байхад буудлын өрөөний хаалга тогшоод гарах цаг чинь болчихлоо гэхээр нь буудлаас гараад ойролцоо байх цайны газар хоол цай идэж уугаад Нарантуул захын ойролцоо архи уусан. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд архи ууж тэнэсээр байгаад ******* ахын картнаас авсан мөнгийг үрээж дуусгасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. ...Яг хэдэн төрөг байсныг нь би шалгаж үзээгүй. ******* ахын ярьснаар бол тухайн дансанд *******ын хохирол барагдуулах 5.000.000 төгрөг бүрдчихсэн талаар ярьж байсан. Тухайн мөнгөнөөс *******т хоол тамхи зэрэг зүйл авч баривчлах байранд байхад нь өгсөн. Мөн ******* ах, ******* бид нар бас архи авч уусан. Ойролцоогоор 4.500.000 орчим төгрөг байсан байх гэж бодож байна гэжээ. /хавтаст хэргийн 72-74 дэх тал/

“Damno” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн .......... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/

2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хаан банкны албан тоот /хавтаст хэргийн 76 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10/29 дугаартай Голомт банкны албан бичиг /хавтаст хэргийн 77 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Төрийн банкны албан бичиг /хавтаст хэргийн 78 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хаан банкны пос машины лавлагаа /хавтаст хэргийн 80-81 дэх тал/

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 82-83 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 84 дэх тал/

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1.... дугаартай Хас банкны албан бичиг /хавтаст хэргийн 85 дахь тал/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ....... дугаартай албан тоотод Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд *******ын ******* /.........../-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгө, гэрлэлтийн мэдээлэл бүртгэлгүй байна. *******ын Энхтулгын оршин суугаа газрын хаягийн мэдээлэл, гэрлэлтийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагааг гаргаж хавсралтаар хүргүүлэв гэжээ. /хавтаст хэргийн 87-92 дахь тал/

2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн .......... дугаартай Хаан банкны албан бичиг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/

 

2023 оны 01  дүгээр сарын 19-ний өдрийн ......... дугаартай Капитрон банкны албан бичиг /хавтаст хэргийн 98 дахь тал/

 

2023 оны 01  дүгээр сарын 19-ний өдрийн ......... дугаартай Хаан банкны албан бичиг /хавтаст хэргийн 99 дэх тал/

2023 оны 01  дүгээр сарын 18-ны өдрийн ........ дугаартай Төрийн банкны албан бичиг /хавтаст хэргийн 100 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 101-102 дахь тал/

 

Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ........дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хавтаст хэргийн 107 дахь тал/

 

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ....... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 108-110 дахь тал/

 

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ........ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-118 дахь тал/

 

Газар мөчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 120 дахь тал/

 

Х.Энхтулгын эрэн сурвалжлагдсан мэдээлэл /хавтаст хэргийн 122 дахь тал/

 

Ш.*******ын иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 123 дахь тал/

 

Ц.*******гийн иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 124 дэх тал/

 

Шүүгдэгч Х.Энхтулгын иргэний мэдээлэл /хавтаст хэргийн 125 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******ын Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “Х.******* 1,427,700 төгрөгийг хүлээлгэн өглөө. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг авах хүсэлтэй байгаа” гэх хүсэлт /хавтаст хэргийн 126 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Энхтулгын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

 

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

 

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

 

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

 

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ....... дүгээр баг .......... тоотод байрлах иргэн Ц.*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад түүний Хаан банкны ........ дугаартай 4.536.281,31 төгрөгийн үлдэгдэлтэй картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч данснаас 4.427.700 төгрөгийн гүйлгээ хийж, нийт 4.541.281,31 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Ц.*******н мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч Р.Элбэгжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Ц.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, шүүгдэгч Х.Энхтулгын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүгдэгч Х.Энхтулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******т 4.536.281,31 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******н мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, шүүгдэгч Х.Энхтулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******гийн депозит дансны хуулга /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 84 дэх тал/ -ээр  тогтоогдсон.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******т 4.536.281,31 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Х.******* нь 1.427.700 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлсөн, шүүхийн шатанд 2.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******ын хохирол төлбөр хүлээн авсан талаарх хүсэлт /хавтаст хэргийн 126, 146, 150, 151 дэх тал/-ээр нотлогдож байна.

 Хохирол төлбөрийн үлдэгдэл болох 1.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөө илэрхийлж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан болох нь /хавтаст хэргийн 152-153 дахь тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Энхтулгыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******тай  хохирол төлбөрийн талаар маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.*******д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.******* нь .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өмнөговь аймгийн ******* сумын ....... дүгээр баг ......... тоотод оршин суух, урьд  ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн мэдээлэл /хавтаст хэргийн 89-92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 101-102 дахь тал/, .......... дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 104-107 дахь тал/, ......... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ........дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 108-110 дахь тал/, мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-118 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Энхтулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******ын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд “Гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг,

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд: “Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Торгууль оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Шүүх шүүгдэгч ............. хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршгийн шинж, хохирол төлбөрийн дийлэнх хувийг төлж, үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байдал, тус аймгийн ******* сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг 1 жилийн хугацаагаар хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэлээ.  

             Шүүгдэгч Х.******* цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******т төлж барагдуулсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 26 минутад байгуулан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн,  хэрэгт эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........... овгийн .........Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтулгыг “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Х.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.*******т 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөрийг төлж, үлдэгдэл 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөө илэрхийлж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Х.******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ