Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/187

 


                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, 
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн овогт ******* ******* холбогдох 2326002310171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг 48- 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг 28-01 тоотод хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж чулуугаар цохин, нүүр, шанаа, толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хот руу явах гээд захын баруун талд зогсож байсан. Тэгээд ******* манайд хүмүүс цугларчихлаа ирээд хоол идчихээд яв гээд дуудсан. Тэгэхээр нь би ах нь хот руу явах гэж байна гэсэн чинь та манайд хүрээд ир гээд байсан. Тэгээд хүү ирээд намайг авч яваад *******гийнд очсон. Очоод би хот руу явах гэж байгаа юм, хоол идчихээд л явъя гэсэн чинь айлд орж ирчхээд ганц татчихаач гээд архиар шахсан. Тэгээд архиар шахсаар байгаад стаканаар дүүргээд хийгээд өгсөн. Тал талаас шахаад байхаар нь уусан. Тэр стаканаар хоёр уугаад тасарчихсан байна лээ. Маргалдаад байсныг нь сайн санахгүй байгаа. Ямар ч байсан хоёулаа дээр доороо ороод ноцолдоод байсныг санаж байгаа. Эмнэлэгт 220.000 төгрөг, өөрт нь бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Эмнэлэгт байхад нь витамин, гипстэй авч өгсөн. Энэ нь 54.500 төгрөг болсон. Мөн гараа бариулчихвал зүгээр юм байна гээд аймагт 2 удаа бариулсан. Нэг бариа нь 50.000 төгрөг нийт 100.000 төгрөг болсон. Баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлнө. Гэмтлийн зэргийг зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр энэ үйл явдал болсон. Урд өдөр нь хот хооронд явдаг ах нар 2018 оноос хамт явж байгаа байж цагаан сараар гэрээрээ оруулахгүй гээд байхаар нь ах нарыг дуудаад айраг халааж өгөөд бууз жигнэж өгсөн. Тэгээд 1 бууз жигнэж дуусаад байж байсан чинь дахиад хүмүүс ороод ирсэн. Тэгэхээр нь дэлгүүр яваад 1 шил архи, бууз авчирсан. Тэгээд олон хүмүүс байсан чинь 1 шилтэй архиа нэг тойруулаад дууссан. ...өөрсдөө архи авчраад ууцгаагаад байсан. Тэгээд хоол унд хийгээд байж байсан чинь ******* нь цус үзнэ гээд агсраад Эрдэнэбатыг зодох гээд байхаар нь би “ах дүүгийндээ ирчихээд зодоон хийхгүй биз дээ” гэсэн чинь барилцаж аваад гадаа гарч зодолдоно гэхээр нь болиулсан. Тэгээд Эрдэнэбатыг нь Цагаанаа, хоёр аваад явсан. Сүүлд гэрт байж байсан чинь дахиад цус үзнэ гээд Сүрэнг цохиж авахаар нь “ах дүүгийндээ ирчихээд агсраад байх юм” гэсэн чинь намайг ширээн дээр татаад унагаачихсан. Тэгээд болиулаад хүмүүс аваад гарахаар нь би араас нь гараад 00 орох гээд явж байсан чинь чулуутай ирээд цохичихсон. Дээр доороо орж бөмбөрөлдсөн зүйл байхгүй. Би ойчоод босоод ирсэн чинь гар хөдөлж болохгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудах гэсэн чинь миний утас байхгүй байсан. Утсаа хайгаад олоогүй. Тэгээд хажуудаа байсан хүний утсаар залгуулахад дуудаад олдохгүй байсан. Тэр хүнийхээ утсаар цагдаа дуудуулсан. Тэрнээс хойш миний утсыг өгөөгүй. Би хоёр хоногийн дараа сим картаа сэргээлгэсэн. Эмнэлэгт хэвтсэнийг эхлээд даатгалаараа шийдүүлээд явж байсан. Тэгсэн 3 хоногийн мөнгө гээд 210.000 төгрөг тушаа гэсэн. Тэрийг ******* тушаасан. Тэгээд 300.000 төгрөг өгсөн. Тэр нь бензин хийгээд дууссан. Олох байсан орлого 1 сарын 3.000.000 төгрөгөөр тооцоод нийт 18.000.000 төгрөг, дансанд байсан 5.000.000 төгрөг, кальцины мөнгө 48.000 төгрөг, үүнээс гадна хавтаст хэрэгт гаргаж өгсөн бензиний мөнгийг нэхэмжилж байна.” гэв.
  
Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хот хооронд явдаг таньдаг хүмүүсээ гэртээ дуудаж хоол унд хийж өгсөн. Тэгээд хүмүүс ирээд хоол ундаа идээд дуусаж байтал дахиад гаднаас миний таньдаг 5-6 хүмүүс ирсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээс килограммын бууз болон 1 шил архи авч ирээд сүүлд ирсэн хүмүүстээ жигнэж өгөөд идэж ууцгаасан. Тэгээд миний авсан шилтэй архийг хувааж уусан. Дараа нь дэлгүүр яваад 0,75 граммын Соёрхол нэртэй 1 шил архи авч ирээд ууцгаасан. Тэгсэн ******* тэнд байсан хүмүүс рүү асгарч цус үзнэ гээд орилоод Эрдэнэбатыг зодох гээд дайраад байхаар нь Цагаанаа, хоёр Эрдэнэбатыг авч явсан. ******* буцаж манай гэрт орж ирэхээр нь би д дэлгүүр ороод архи аваад ир гээд гаргасан. Тэгсэн удалгүй архи авч орж ирсэн. Тэгээд гэрт Цунзаг, , , Сүрэн, ******* бид хэд архиа уугаад яриад байж байтал ******* агсарч байгаад Сүрэнгийн гэдэс хэсэг рүү гараараа цохихоор нь би гэрт зодоон хийхгүй боль гэсэн чинь ширээний цаана зогсож байсан намайг татаад ширээний хөл хугалаад, тэгсэн тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад гэрээс гарцгаагаад байж байтал ******* над руу чулуу барьж дайраад байхаар нь би зүүн гараараа хаасан чинь миний шуу хэсэг рүү чулуугаар цохиж унагаагаад би газарт унасан байхад миний нүүр, шанаа, толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс *******ыг надаас салгасан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн гар утсаа олоогүй. Тэгэхээр нь би Сүрэнгийн гар утсаар цагдаа дуудсан. ...******* зодуулсны улмаас миний зүүн талын гарын шуу яс хэсгээр хугарсан. Миний гар машин барихаар өвдөөд байгаа. 6 сар болж байж гүйцэд эдгэрнэ гэж эмч хэлсэн. Би эмнэлэгт 05 дугаар сарын 10-нд хэвтээд 05 дугаар сарын 18-нд гарсан. Зүүн гарын шуундаа хагалгаа хийлгэсэн. Би хугарсан гарандаа хамгаалалт 40,000 төгрөгөөр авсан. Тэгээд өвчин намдаах эм тариа, лент марал, таксины мөнгө төгрөг, наашаа ирэх очихын зардал нийлээд 3,000,000 гаран төгрөг болсон. Надад гаргаж өгөх баримт байхгүй. Би урд өмнө нь *******ай хэрүүл маргаан хийж байсан асуудал байхгүй. ******* эмнэлгийн ор хоногийн 220,000 төгрөгийг өгсөн. Эм тарианы мөнгө гэж 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Миний сарын орлого 3,200,000-3,500,000 орчим мянган төгрөг байдаг. Би энэ мөнгөө бүтэн жилээр буюу 12 сараар нэхэмжилнэ. Би өөрийн орлогын дансны хуулгаа гаргаж өгч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,  
 
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* хот хооронд тээвэрт хамт явдаг хэдэн хүмүүсийг гэртээ хоол унд ид гэж дуудаад очсон. Тэгээд ууж идэцгээгээд байж байсан чинь ******* согтчихоод та нар муусайн гуйлгачингууд энэ тэр гээд хэрүүл болсон. Тэгээд ******* ******* хоёр гэрт хоорондоо барилцаж авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь тэр хоёр гэрээс гараад гэрийн гадаа дахиж хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод ноцолдоод байсан. Би тэр хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн. Би тухайн үед ******* *******гийн гарыг цохиж байхыг нь хараагүй. Тэр хоёр хоорондоо ноцолдоод дээр доороо ороод байсан. Тухайн асуудал болох үед Цунзаг, , Сүрэн, *******, ******* бид хэд байсан. Тухайн асуудал болох үед ******* тэнд байсан бүх хүмүүс рүү дайраад хэрүүл маргаан хийгээд байсан. Гэхдээ *******аас өөр хүнтэй бол зодоон цохион хийгээгүй. Тухайн асуудал болох үед *******, ******* нар нэлээн их согтолттой байсан. ...******* архи уучихаараа хүн амьтныг хэл амаар доромжилж хэрүүл гуйдаг хүн байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хүнс бараан зах дээр байж байсан чинь ******* над руу утсаар яриад би бууз хийчихсэн байна ирж хоол идэж айраг уу гэж дуудсан. Тэгээд би *******гийн гэрт очсон чинь , Эрдэнэбат, Сүрэн, ******* нар байсан. Би тэднийд хоол идэж айраг уугаад байж байсан чинь гаднаас , *******, , , нар ирсэн. Тэгээд бид нар архи, пиво ууцгаасан. ******* дахиад дэлгүүр явж архи авч ирсэн. Тэгээд хоол унд идэж байцгааж байгаад , , нар явсан. Тэгсэн ******* ******* нар юм ярьж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлсэн.Тэгсэн *******, ******* нар ширээний хоёр талаас барилцаж аваад ширээн дээр хоёулаа унасан. Тэгэхээр би *******г татаж авч салгаад *******ыг аваад гарсан. Би *******г загнаад та нар яагаад маргалдаад байгаа юм чи одоо амар гэж хэлсэн. Тэгсэн ******* утсаар цагдаа дуудаад байсан. Би тэгэсгээд яваад өгсөн. *******,  ******* нар гэр дотор байхад хоорондоо барилцаж аваад ширээн дээр хоёулаа унасан. Гэрээс гараад гадаа юу болсон талаар бол би мэдэхгүй байна. Тухайн асуудал болох үед Сүрэн, , , *******, ******* бид нар байсан. ******* гайгүй байсан. ******* нэлээн согтуу байх шиг байсан. Намайг байхад *******гийн гар зүгээр байсан. Надаас хойш юу болсон талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, 

Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “1 ширхэг үртсэн шахмал хавтан ширээний хөл зах зээлийн үнэ цэнэ 40,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 24-27 дугаар хуудас/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7235 дугаартай "...*******гийн биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаартай: “... дээрх дүгнэлтэнд дурдсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах гэсэн шалгуур шинжээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн нэмэлт материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-123 дугаар хуудас/, 

Хохирогч *******гийн Хаан банкны депозит дансны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-103 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 104 дүгээр хуудас/, 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 107-112 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаартай тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, 

Шүүгдэгч *******ын Хаан банкны депозит дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 73-96 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/, 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, 

Хохирогч *******гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн  хохирол нэхэмжилсэн 3 хуудас баримт

2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 56-57 дугаар хуудас/, 

2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2326002310171 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг 28-01 тоотод *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж чулуугаар цохин, нүүр, шанаа, толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Ш.хүү, С.Цэрэндорж нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшингийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7235 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. ...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирол хор уршигт хохирогчийн зүгээр баримтаар 747.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 850,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны мөнгө 1 сард 3,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирол төлөгдөөгүй байна. ...*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Хохирогч Б.*******гийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Гэм буруугийн хувьд прокурортой санал нэг байна. ...Энэ үйлд явдлын улмаас хохирогч удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн. Прокурор болон хууль хяналтын байгууллагаас дуусан үед нь ирж очиж байсан. Ирж очихдоо замын машин, таксигаар ирж очиж байсан тул хохирол төлбөрийг ярих нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлыг тооцохдоо ирсэн явсан баримтыг цагдаа, прокуророос дуудсан тэр өдрүүдийг нь тулгаад гаргасан учир энэ баримтууд нь үндэслэлтэй юм. 1,559,000 төгрөгийн прокурорын шатанд хэргийн материалтай танилцаж байхад яг тулгаад гаргасан баримт байгаа. Сүүлд 3 баримт шинээр өгсөн. Энэ нь 234.000 төгрөгийн баримт байгаа. Шинжээчид үзүүлсэн 8.000 төгрөг, кальци 48.000 төгрөг ороод нийт 1.793.000 төгрөг болсон. ...Өмгөөлөгчийн хөлс 850.000 төгрөгөөр гэрээ хийгээд төлбөрөө бүрэн төлсөн. Энэ байдлаар 2.634.000 төгрөг өөрөөс гарсан байна. Миний үйлчлүүлэгч нь охинтойгоо Улаанбаатар хотод амьдардаг. Ямар нэгэн хэмжээгээр орлого олж амьдардаг. Огт зүгээр суудаг хүн биш. Группэд ороогүй. Хөдөлмөрийн чадвартай. Үүнийг юугаар нотолсон гэхээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хоорондох дансны хуулга авчирч өгсөн. Үнэндээ татвар төлсөн баримт байхгүй. Гэхдээ орсон орлого нь дансны хуулгаараа байгаа. Ер нь Улаанбаатар, аймаг хоёрын хооронд явж байгаа жолооч нар татвар төлөөд байдаггүй юм байна лээ. Татвар төлөөгүй гэдгээрээ арга хэмжээ авагдана уу? гэхээс биш олсон орлого нь дансны хуулгаар нотлогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр сарын 3.000.000 төгрөгийн орлоготой гэж дунджийг нь гаргасан. Яг хуваахад өөр тоо гарсан ч дунджаар 3.000.000 төгрөг гэж тооцсон. Хамгийн гол нь ******* наана цаана гээд уулзаад одоо яах гэж байна, цаашдаа ямар эмчилгээ байна гэж асуугаагүй. Эмнэлэгт нэг хэвтүүлж ганц хоёр эм авч өгчихөөд сураггүй болсон. Тэгэхээр энэ хэрэгтээ  ямар үнэлэлт дүгнэлт өгч байгаа байдал нь харагдаж байна. Хохирлын хувьд эрүүл мэнд, цалин хөлс, наашаа цаашаа явсан зардлын хохирлуудыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогч ******* нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Би хохирлоо гаргуулмаар байна. Ажилгүй байсан үедээ хүүхэдтэйгээ хоёулаа байдаг. 6 сар болоод гараа эдгэчихвэл ажилдаа явна” гэсэн. 

Шүүгдэгч ******* нь “Би гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Сарын орлогыг 3.000.000 төгрөгөөр дунджийг нь гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

          Шүүгдэгч “...******* нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг 28-01 тоотод хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж чулуугаар цохин, нүүр, шанаа, толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 
                          
Хохирогч Б.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр энэ үйл явдал болсон. ...Тэгээд хоол унд хийгээд байж байсан чинь ******* нь цус үзнэ гээд агсраад Эрдэнэбатыг зодох гээд байхаар нь би “ах дүүгийндээ ирчихээд зодоон хийхгүй биз дээ” гэсэн чинь барилцаж аваад гадаа гарч зодолдоно гэхээр нь болиулсан. Тэгээд Эрдэнэбатыг нь Цагаанаа, хоёр аваад явсан. Сүүлд гэрт байж байсан чинь дахиад цус үзнэ гээд Сүрэнг цохиж авахаар нь “ах дүүгийндээ ирчихээд агсраад байх юм” гэсэн чинь намайг ширээн дээр татаад унагаачихсан. Тэгээд болиулаад хүмүүс аваад гарахаар нь би араас нь гараад 00 орох гээд явж байсан чинь чулуутай ирээд цохичихсон. Дээр доороо орж бөмбөрөлдсөн зүйл байхгүй. Би ойчоод босоод ирсэн чинь гар хөдөлж болохгүй байсан” гэсэн мэдүүлэг,

 Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.*******гийн “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хот хооронд явдаг таньдаг хүмүүсээ гэртээ дуудаж хоол унд хийж өгсөн. ...тэгсэн ******* тэнд байсан хүмүүс рүү асгарч цус үзнэ гээд орилоод Эрдэнэбатыг зодох гээд дайраад байхаар нь Цагаанаа, хоёр Эрдэнэбатыг авч явсан. ******* буцаж манай гэрт орж ирэхээр нь би д дэлгүүр ороод архи аваад ир гээд гаргасан. Тэгсэн удалгүй архи авч орж ирсэн. Тэгээд гэрт Цунзаг, , , Сүрэн, ******* бид хэд архиа уугаад яриад байж байтал ******* агсарч байгаад Сүрэнгийн гэдэс хэсэг рүү гараараа цохихоор нь би гэрт зодоон хийхгүй боль гэсэн чинь ширээний цаана зогсож байсан намайг татаад ширээний хөл хугалаад тэгсэн тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад гэрээс гарцгаагаад байж байтал ******* над руу чулуу барьж дайраад байхаар нь би зүүн гараараа хаасан чинь миний шуу хэсэг рүү чулуугаар цохиж унагаагаад би газарт унасан байхад миний нүүр, шанаа, толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс *******ыг надаас салгасан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн гар утсаа олоогүй. Тэгэхлээр нь би Сүрэнгийн гар утсаар цагдаа дуудсан юм. ...******* зодуулсны улмаас миний зүүн талын гарын шуу яс хэсгээр хугарсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,  гэрч “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* хот хооронд тээвэрт хамт явдаг хэдэн хүмүүсийг гэртээ хоол унд ид гэж дуудаад очсон. Тэгээд ууж идэцгээгээд байж байсан чинь ******* согтчихоод та нар муусайн гуйлгачингууд энэ тэр гээд хэрүүл болсон тэгээд ******* ******* хоёр гэрт хоорондоо барилцаж авсан тэгэхлээр нь би тэр хоёрыг салгасан чинь тэр хоёр гэрээс гараад гэрийн гадаа дахиж хоорондоо барилцаж аваад дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан удалгүй цагдаа ирсэн. ...*******аас өөр хүнтэй бол зодоон цохион хийгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч “...2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хүнс бараан зах дээр байж байсан чинь ******* над руу утсаар яриад би бууз хийчихсэн байна ирж хоол идэж айраг уу гэж дуудсан тэгээд би *******гийн гэрт очсон чинь , Эрдэнэбат, Сүрэн, ******* нар байсан. ...Тэгсэн ******* ******* нар юм ярьж байгаад хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлсэн тэгсэн *******, ******* нар ширээний хоёр талаас барилцаж аваад ширээн дээр хоёулаа унасан тэгэхлээр би *******г татаж авч салгаад *******ыг аваад гарсан тэгээд би *******г загнаад та нар яагаад маргалдаад байгаа юм чи одоо амар гэж хэлсэн Тэгсэн ******* утсаар цагдаа дуудаад байсан би тэгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар тогтоосон Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7235 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 
 
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Хохирогч ******* нь 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзээд олох байсан орлого 1 сарын дунджаар 3.000.000 төгрөгөөр тооцож нийт 18.000.000 төгрөг, өөрийн дансандаа байсан  бөгөөд эмчилгээнд зарцуулсан гэх 5.000.000 төгрөг,  Улаанбаатар хотоос цагдаа, прокурорын дуудсан цагт ирэх, шүүх хуралд ирж очсоны зардалд 1,793,000 төгрөг, кальци авсан 48,000 төгрөг, шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөг, тухайн хэрэг үйлдэгдэх  үед эвдэрсэн ширээний хөл 40.000 төгрөг, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд алга болсон гэх  А-32 загварын  гар утасны үнэ 680.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 850.000 төгрөг нийт 26.419.000 төгрөгийг нэхэмжилсэн. 

Хавтаст хэрэгт авагдсан гэм хорын хохиролтой нотлох баримтуудыг шинжлэн судлахад хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан кальци авсан баримт, шатахууны баримт нийт 14 ширхэг 669.140 төгрөгийн баримт мөн шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулсан 8.000 төгрөг, ширээний хөл хугарсан үнэлгээ 40.000 төгрөг, Шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж  өгсөн 3 ширхэг 236,000 төгрөгийн шатахууны баримт нийт 953.140 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлагыг хангасан баримтууд байна гэж үзэж, гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаас 953,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 839,860 төгрөгийг баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
 
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 221.000 төгрөг, 300.000 төгрөгийг баримтгүй өгсөн, мөн витамин 50,000 төгрөгөөр авч өгсөн,  бариачаар 100,000 төгрөгөөр бариулсан нийт 671.000 төгрөгийг төлсөн талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хохирогч ******* нь үүнийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг хохирогчид 671,000 төгрөг төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед 300,000 төгрөгийг баримтгүй өгсөн байх тул 953.140 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 300,000  төгрөгийг хасаж тооцоод үлдэх 653,140 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ,
  
Хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 3.000.000 төгрөгийг 6 сараар тооцож 18.000.000 төгрөг, өөрийн дансандаа байсан  бөгөөд эмчилгээнд зарцуулсан гэх 5.000.000 төгрөгийг дараах үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:   
Хохирогч *******гээс хавтаст хэрэгт 2 сараас 5 сар хүртэлх дансны хуулга авагдсан байгаа хэдий ч энэ нь ажилгүй байсан хугацааны олох байсан орлого гэдгийг нотлох боломжгүй байна. 6 сараас хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн дансанд орлого ороогүй талаар дансны хуулга гаргаж өгөөгүй, мөн хувиараа хөдөлмөр эрхэлж сар бүрийн орлогодоо татвар төлсөн тухай баримт байхгүй байх тул  эргэлзээтэй байна гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. 5.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй байх тул мөн  хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. 

Хохирогч ******* нь дээрх хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэлээс гар утасны үнэ 680,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч ******* хохирогч *******гийн гар утсыг авсан гэдэг нь тогтоогдоогүй энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.  Өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагын тухайд эрх зүйн туслалцаа авах эсэх нь хохирогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд үүнийг хохиролд тооцож шүүгдэгчид үүрэг болгох үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510-д зааснаар шүүгдэгч *******аас 653.140 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч *******д 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны Хаан банкны шилжүүлгийн баримт, хохирогч *******гийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
  
Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн, хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан үзээд *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, уг зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоолгох, шүүгдэгч *******т урьд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдуулах” гэсэн дүгнэлтийг, 
 
Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч *******гээс хохирол төлбөрийнхөө баримтуудыг сайн гаргаж чадаагүй. Мөн татвар төлсөн баримт байдаггүй. Ийм нөхцөл байдлуудаас хохирлын хувьд гомдолтой байгаа. Хохирогч нь эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон нь үндэслэлтэй. ...Сая шүүх хуралдаан завсарлаад ирж очсон зардал, шүүхээс тогтоосон зургаан зуун хэдэн мянган төгрөгийн хохирлыг шүүгдэгч өөрөө 1.000.000 төгрөг төлсөн байна. Гэхдээ шүүхээр ингэж байж 1.000.000 төгрөг төллөө. Ер нь хохирол нь үүгээр тогтохгүй байгаа. Хохирогчийн хувьд хохирол төлбөр дээр гомдол саналтай гэсэн байр суурьтай байгаа. Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг нь дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч ******* нь  өөрөө өөрийгөө өмгөөлж “Би энд тэнд очиж барилгын ажил хийдэг. Тэгээд тээвэр хийж амьдралаа залгуулдаг болохоор үүнийг харгалзан үзээд  торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
 
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна. 
 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ******* *******ыг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хохирогч *******д  1,671,000. төгрөг төлсөн.  Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.*******гийн нэхэмжлэлээс гар утасны үнэ, өмгөөлөгчийн хөлс нийт 1,530,000 төгрөг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлого 18,000,000 төгрөг, дансанд байсан мөнгө гэх 5,000,000 төгрөг, нэхэмжлэлийн баримтгүй зөрүү 839,860 төгрөг нийт 23,839,860 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай. 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР