| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0279/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/361 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0279/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Гэрч ***, ***,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, ***нарт холбогдох эрүүгийн 2318000000312 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *** өдөр Улаанбаатар хотод төрсеи, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “*** ажилтай, ам бүл 4, *** хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** РД:/***/,
2. Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, “*** ажилтай, ам бүл 5, *** хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** РД:/***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэзсгэрт үйл ажиллагаа явуулах "***" Төрийн өмчит хувьцаат компанийн үйлдвэрийн засварын граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан метталлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн ***улсын дугаартай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачиж үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- н 15/, “***" төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/841 дугаартай албан бичиг, хавсралт гэрэл зураг /хх-н 18-19/, хохирогч ***мэдүүлэг /хх-н 23/, гэрч *** мэдүүлэг/хх-н 27 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг/хх-н 32-33/, гэрч *** мэдүүлэг /хх-н 35-37/, гэрч ***ын мэдүүлэг /хх-н 39/, гэрч ***: мэдүүлэг/хх-н 29-30/, Капитал зууч" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46/, “***” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 54-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед тээврийн хэрэгслийг засаж дуусаад, шалгаж үзэхээр механикч ***ын гар утас руу нь чанга яригч дээр нь тавиад ***, *** нарын хажууд залгаж асуухад *** “*** рүү ярьж хэлээд өөрсдөө шалгачих би постод ажилтай байна” гэж хэлсэн. Ингээд би дотроо өөрсдөө шалгаж байгаа юм чинь гээд ашиглахгүй удаж байгаа төмөр утсыг машинд ачиж, төмөр бэлтгэх цехэд тушаагаад мөнгө болгоод байгууллага дотроо хувцасны өрөөндөө засвар хийхэд хэрэглэх бодолтой байсан. Би анх ажилд орохдоо харуул хамгаалалтын цехэд ажиллаж байсан. Тээврийн хэрэгслийг бүгдийг гарж, ороход нь шалгадаг байсан болохоор авч гарах талаар огт бодоогүй, шалгахаар нь сандарсан даа мэдэхгүй гэж хэлсэн” гэж,
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Авто машиныг засварлаж байхад гарааш дотор хуулсан 2 дугуй төмөр утас байсныг байгууллагын төмөр авах цэгт өгчих үү гэж хэлэхээр за тэгье гээд гарааш дотор байсан 2 ширхэг дугуй хэлбэртэй төмөр утсыг старекс машины арын ачааны хэсэгт ачсан. Удаагүй жолооч ***, ***, *** нар хөдлөөд хяналтын хэсэг рүү явсан. Би юу болсон талаар мэдээгүй, *** ирээд гараашнаас старексийн ард ачсан зүйлийн мэдээд асуудал болсон гэж хэлсэн” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “П.***, *** нар нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ***ийн харуул хамгаалалтын албанаас дотоод албан бичиг ирсэн. Тухайн албан бичигт шар өнгийн старекс автомашин эд зүйл ачиж гарах гэж байна гэдэг мэдээлэл ирсэн. Үүний дагуу албаны шалгалт хийсэн. Энэ шалгалтаар хүрээнд тухайн үед байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан. Хяналтын 5 дугаар постоор гарах гэж байсан тээврийн хэрэгслийн ард хөнгөн цагаан ороосон төмөр гарч ирснийг хураан авсан” гэж тус тус мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ***, ***нар нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар багийн нутаг дэзсгэрт үйл ажиллагаа явуулах "***" ТӨХК-ийн үйлдвэрийн засварын граж дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан метталлыг байгууллагын эзэмшлийн ***улсын дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачиж, улмаар үйлдвэрийн бүсээс гарах үед харуул хамгаалалтын ажилтан тээврийн хэрэгслийн тээшийг шалгаж тухайн хөнгөн цагаан металлыг хураан авч, үйлдвэрт хүлээлгэж өгсөн” үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н15 дугаар тал/,
- ***" төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/841 дугаартай албан бичиг, хавсралт гэрэл зураг/хх-н 18-19 дүгээр тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***"...Намайг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байтал харуул хамгаалалтын албаны дарга Д.*** "Үйлдвэрийн 5 дугаар постоор ***улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслээр 250 кг хөнгөн цагааныг нэвтрүүлэхээр завдсан" утга бүхий албан бичгийг хуулийн хэлтэст ирүүлсэн. Миний бие дээрх албан бичгийн дагуу холбогдох ажилчид болох авто тээврийн албаны механик инженер ***, авто тээврийн албаны жолооч Д.***, авто тээврийн албаны мотор тохируулагч Н.***, хүнд машин механизмын засварчин ***, оператор Д.*** нартай уулзаж болсон явдлын талаар тодруулж тайлбарыг авахад Д.*** нь "2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө катын зааланд байж байхад ***, *** нар нь дугуй хэлбэртэй эд зүйлийг ***улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгслийн арын ачааны хэсэг рүү ачиж байгааг харсан ба тухайн үед жолооны хүрд дээр жолооч *** сууж байсан гэж тайлбар өгсөн. Үүний дагуу ***, *** нараас тайлбарыг авахад "Бид хоёр холбогдох засвар үйлчилгээг хийсэн ба тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эд зүйл ачсан үйлдэл хийгээгүй ба засвар үйлчилгээ хийсэн гэх ***улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгслийг жолооч *** унаж шалгаж үзэхэд нь бид 2 хамт машинд явсан ба хяналтын 5 дугаар постоор гарах гэтэл харуул хамгаалалтын ажилтан бидний сууж явсан машиныг шалгаж үзэн арын ачааны хэсгээс эд зүйл гаргаж ирсэн тухайн эд зүйлийг хяналтын постоор нэвтрүүлэх албан бичиггүй байна гээд авч үлдсэн. Тухайн тээврийн хэрэгслээс гарч ирсэн эд зүйлийг ямар учиртай хэн, хэзээ ***улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд ачсан болохыг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Харин жолооч *** нь "Намайг ажилтай байхад *** механик ***улсын дугаартай шар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн байгаа унаж үзээд шалга" гэж хэлсэн. Тэгээд катын граж дээр явж очиход ***, *** нар машин асаачихсан байсан ба би шууд машинд суугаад жолоодон шалгаж үзэхээр хяналтын 5 дугаар постоор гарах гэтэл харуулын ажилчин тээврийн хэрэгслийг зогсоож улмаар шалгалт хийж арын ачааны хэсгээс дугуй хэлбэртэй эд зүйлийг буулгаж хураан авсан. Миний бие ямар учиртай эд зүйл тухайн тээврийн хэрэгсэлд ачсан байсныг мэдэхгүй байна" гэх тайлбарыг өгсөн. Иймд манай байгууллагаас тухайн тээврийн хэрэгсэлд авч явсан буюу хяналтын постоор гаргах гэж байсан 250 кг хөнгөн цагааныг хураан авч ***, ***, *** нарыг шалгаж өгөхийг хүсэж цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн катын засварын граж дотор байсан техникийн эд зуйл байгаа юм. Би ***ийн өгсөн тайлбарын дагуу ***, ***, *** гурвыг үгсэн тохиролцож байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гаргах гэж байсан гэж сэжиглэж байна...." гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар тал/,
- Гэрч Д.***ийн: "...Намайг катын граж дотор байх засварчдын өрөөнд байж байгаад гарах гэтэл манай ажпын хувцастай 2 хүн шар старекс машины арын ачааны хэсэг рүү дугуй хэлбэртэй зүйл өнхрүүлж хажууд нь аваачиж байсан хамтдаа ачааны хэсэг рүү өргөж ачиж байсан. Би тухайн үед харахдаа засварчин *** ахыг маш сайн харсан ба андуурахааргүй таньсан. Харин хажууд нь байсан нь *** байсан уу эсхүл *** байсан уу гэдгийг хараад таньж чадаагүй юм. Яагаад гэвэл ***, ***, *** гурав хамтдаа шар старекс машинд засвар хийж байсан юм. Шар старексийн ард дугуй хэлбэртэй зүйлийг ачиж байхад миний харснаар хоёр хүн л байсан ба нэг ***той хамт *** эсхүл *** байсан гэж би бодож байна. Тэр өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө гэвэл ***, ***, *** гурав *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байхыг би харсан. Удалгүй дахин харахад нэг хүн нь байхгүй байсан ба *** ах нэг хүнтэй хамт машины ард дугуй хэлбэртэй эд зүйлийг өргөж ачиж байсан. Тэр хүнийг би хараад таньж чадаагүй ба хамт засвар хийж байсан ***, *** хоёрын нэг нь гэж бодож байна. Харин хамт байсан нэг хүн хаашаа гарч явсан хаана байгааг нь хараагүй..." гэх мэдүүлэг /хх-н 27 дугаар тал/,
- Гэрч Н.***гийн: "...Би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг өнгөрч байхад ээлжээ буюу тус өдрийн хийж гүйцэтгэх ажлын зааварчилгааг засварын мастер *** авч шар өнгөтэй старекс маркийн автомашины форсунк солих болсон. Тэгээд мастераас авсан зааварчилгааны дагуу том гражид байсан шар өнгөтэй старекс машиныг асааж миний бие жолоодсон ба тухайн үед ***, *** нартай хамт катын граж руу явж очсон. Бид гурав хамтдаа старекс маркийн машины форсункыг сольж дуусаад байж байтал катын гражийн гадна байсан 22-01 улсын дугаартай трайлер машинд жолооч Батсайхантай хамт засвар үйлчилгээ хийх болоод би гараад явсан ба 10-15 минутын болсон. Тэгээд намайг катын граж руу буцаж орох үед жолооч *** ирээд *** бид 3 хамтдаа форсунк сольсон гэх шар өнгөтэй старекс маркийн автомашиныг шалгаж үзэхээр явж байтал хяналтын 5 дугаар цэг дээр харуул хамгаалалтын ажилтан бид нарыг зогсоож тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд бидний сууж явсан старекс маркийн автомашины ачааны хэсэгт бөөрөнхий хэлбэр дүрстэй машины дугуйнаас том хэмжээтэй 2 ширхэг эд зүйлийг гаргаж ирсэн ба Тухайн эд зүйлийг хяналтын цэгээр нэвтрүүлэх зөвшөөрөл байхгүй байсан болохоор хяналтын цэг дээр хураан авч үлдсэн гэж би хувьдаа ойлгосон. Удалгүй манай байгууллагын хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэх 30-35 орчим насны эрэгтэй хүн надаас ямар учиртай эд зүйлийг хяналтын 5 дугаар цэгээр нэвтрүүлэх гэж байсан талаар асуусан ба би тухайн шар өнгөтэй старекс маркийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн талаар хэлж харин тухайн тээврийн хэрэгслийн ачааны хэсгээс гарч ирсэн эд зүйлийн талаар мэдэхгүй болох талаараа тайлбар өгсөн. Миний мэдэж байгаагаар бид гурав хамтдаа тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэгт засвар үйлчилгээ хийсэн. Би тухайн цаг мөчид катын гражны гадна байх автомашинд засвар үйлчилгээ хийхээр гарсан ба намайг гарсан хойгуур ямар үйл явдал болсон талаар би хэлж мэдэхгүй байна. Миний бие ***оос "Ямар учиртай эд зүйл машинаас гарч ирэв" гэж асуухад "Хойд төмрийн цэг дээр аваачиж өгөх гэж байгаад мартсан байна" гэх зүйлийг хэлсэн. Би хэзээ машинд ачсан талаар нь би асуугаагүй *** ч яриагүй. Жолооч ***ийг механик *** унаж үзэж Шалгах чиглэл өгсний дагуу ирсэн ба *** бид хоёр засвар үйлчилгээ хийсэн хүмүүс болохоор цуг явж шалгаж үзэх ёстой байсан. Тэр үед *** вер автомашины эд ангийг нэг бүрчлэн задлах ажил хийж байсан тул хамт яваагүй. Би тухайн машины урд хэсэгт засвар үйлчилгээ хийх байсан учир арын ачааны хэсгийг шалгаж үзээгүй байсан тул эд зүйл байсан эсэхийг мэдээгүй. Хяналтын цэг дээр очиход машинаас гарч ирсэн эд зүйлийг *** төмрийн цэгт өгөх гэж байсан юм гэж ярьж байсан учир ***ийг тухайн машины ард ачсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-н 32-33 дугаар тал/,
- Гэрч Д.***ийн: "...Тухайн өдөр би ээлжийн жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж байсан ба над руу 11 цагийн үед гэж санаж байна засварчин *** над руу утсаар залгаад "Та хаана явж байна, шар старекс машинд засвар хийж порсункыг нь сольчихлоо унаж шалгаж үзэх хэрэгтэй байна гээд механик ***т хэлэхэд өнөөдөр таныг ажилтай байгаа буюу ***ийг унаж үзээд шалгачих гэж хэлсэн" гэх зүйлийг надад хэлсэн. Тэгээд намайг катын гражид явж очин дотогш орж үзэхэд ***, *** хоёр машины урд талын хэсгийн эд ангийг боож байсан ба засвар хийсэн гэх шар старекс маркийн машин асаалттай байсан. Тэгтэл гаднаас *** орж ирсэн ба би моторчин ***г "Миний хажууд урд суугаад өөрөө сайн мотороо сонсоорой" гэж хэлээд тухайн машиныг асаалттай байсан болохоор нь арын ачааны хэсэг болон дотор талын хэсгийг шалгаж үзэлгүй жолооны хэсэгт сууж жолоо барихад хажууд ***, *** нар хамт суусан. Харин *** катын граж дотор өөр ажил хийгээд үлдсэн юм. Тухайн үед *** надтай утсаар ярьж засвар үйлчилгээ хийсэн шар старексийг унаж шалгаж үзэх хэрэгтэй байгаа талаар механик ***т мэдэгдэхэд таныг дуудаад унаж шалгаад үзчих өөрөө ажилтай завгүй байна гэж хэлсэн гэхээр нь би ***ид итгээд механик ***тай холбогдож намайг ***улсын дугаартай шар старекс машиныг шалгаж үз гэж хэлсэн юм уу гэж асууж тодруулаагүй болон тухайн тээврийн хэрэгслийг унаж шалгахдаа дотор гадна талд ямар нэгэн эд зүйл ачсан болон өөр эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж үзээгүй нь миний буруу. Тээврийн хэрэгслийг шалгаж үзэхээр катын гражид очиход шалгаж үзэх ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан ба унаж үзэхэд бэлэн гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслийг шалгаж үзэлгүй жолоодсон юм. Тэгээд жолоодох үед арын хэсэгт эд зүйл ачсан эсэхийг мэдээгүй. Механик *** яг надтай өөрөө холбогдож дээрх тээврийн хэрэгслийг шалгаж үзэх талаар ажпын чиглэл өгөөгүй ба засварчин ***ийн хэлсэн үгэнд итгэж л тээврийн хэрэгслийг унаж явсан юм..." гэх мэдүүлэг /хх-н 35-37 дугаар тал/,
- Гэрч ***ын өгсөн “Миний бие 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 40 минутад ажил дээрээ очиж тухайн өдөр ажиллах ажилчдад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг дэвтэрт бичиж ажилчдад уншиж танилцуулан гарын үсэг зуруулдаг ба ажилчид 08 цаг 30 минутад ажилд гардаг. Тэгээд шуурхай үйлчилгээнд ашигладаг байсан *** улсын дугаартай старекс маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэхээр моторчин ***д засварчин ***той хамтран дээрх хөдөлгүүрийн 1 дүгээр цилиндрийн порсункыг сольж тавьж ашиглахад бэлэн болгох машины зааварчилгааг өгсөн ба ***, *** нар манай өрөөнөөс дээрх машиныг асаахаар түлхүүр, аккумлятор авч гараад том гражид байсан ***ДАУ улсын дугаартай старекс маркийн тээврийн хэрэгслийг асаагаад катын гражид байрлуулан Засвар үйлчилгээ хийх гэж байгаа талаараа мэдэгдчихээд гарсан. Удалгүй *** над руу "Ахаа шар старексийг гарахад нь шалга гэж хэлээрэй юм гаргаж байна" гэх мэдээллийг өгсөн юм. Тэгээд би харуулын албатай холбогдож ***ДАУ улсын дугаартай засвар хийгдсэн тээврийн хэрэгслийг гарах үед нь заавал шалгаарай гэж хэлсэн. Тэгээд 11 цаг 27 минутад *** над руу залгаад Машиндаа засвар үйлчилгээ хийгээд болчихлоо, гэмтэл арилсан эсэхийг одоо шалгах хэрэгтэй байна жолооч ***ээр шалгуулчих уу" гэж асуухаар нь би дотроо эмэгтэй жолооч техник тал дээр муу байх гэж бодоод "За түр хүлээгээд байж байгаарай би өөрөө очиж шалгана" гэж хэлчхээд утсаа таслаад хэсэг хугацааны дараа хяналтын 5 дугаар цэгийн хяналтын камерыг хартал ***ДАУ улсын дугаартай шар старекс маркийн машин очсон шалгуулж арын ачааны хэсгээс 2 дугуй хэлбэртэй эд зүйлийг буулгаж байгаа дүрс бичлэг харагдсан. Тухайн өдөр *** надтай холбогдож засвар хийгдсэн ***ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож шалгаж үзэх талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Засварчин ***гийн утасны дугаараас дуудлага ирсэн ба миний утсаар ярьж байхдаа анзаарч сонсоход ***гийн хоолой байсан буюу надаас машин засах зааварчилгаа авсан гэдэг утгаараа надтай өөрөө холбогдож ярьж байна гэж бодсон. Түлшний порсунк гацсан гэх эвдрэлийн оноштойгоор 2023 оны 04 дүгээр сарын 21- ний өдөр түр ашиглах боломжгүй сэлбэг, засвар үйлчилгээ хийгдэх болж зогссон байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа дээрх тээврийн хэрэгслийг засах зааварчилгааг ***д өгч байсан ба тухайн үед засвар хийхэд гацсан порсунк дотроо хугарч үлдэх байгаа эрсдэл гарч ирсэн. Иймд ярилцаж байгаад арга зам шийдэлд хүрээд дараа засах болж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 39 дүгээр тал/,
- Гэрч ***өгсөн "... Миний бие 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өглөө 08 цагт засварчдадаа зааварчилгаа өгсөн. Тэгтэл механик *** надтай ярилцаж "***, *** хоёрын ажил бага байгаа бол шар старекст засвар үйлчилгээ хийлгэж болох уу" гэж асуухад нь зөвшөөрсөн. Тэгээд 10 цагийн орчимд гэж санаж байна механик ***, албаны дарга *** бид гурвыг хамт өрөөндөө сууж байтал дарга *** гэнэт гурвуулаа хамт катын граж явъя гэж хэлсэн ба тухайн үед бид хамт катын граж дээр явж очиход шар өнгийн старекс граж дотор зогсож байсан. Тэгээд ***, *** хоёр "Сая машин шалгах гээд хяналтын 5 дугаар постоор гарах гэтэл харуул зогсоогоод машин шалгахад машины араас эд зүйл гараад ирлээ. Бид нар одоо ямар зүйлд холбогдоод байна бид нар тухайн эд зүйлийг ёстой мэдэхгүй юм байна гэх зүйл хэлж ярьж байсан. Маргааш едер нь ***, ***, *** тус тусад нь ганцаарчилж уулзаж болсон явдлын талаар асууж тодруулахад "Мэдэхгүй ээ, бид нар шар старекс машины ард ачсан байсан эд зүйлийг мэдэхгүй байна бид нар хэлмэгдчихлээ" гэх зүйл хэлж ярьж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ард ачсан байсан эд зүйл нь манай байгууллагад 2017 онд ашиглаж байсан цэнхэр базагч болох техникийн соронзон генератор доторх эд анги ба тухайн генератор нь 2017 онд катын граж дотор байрлуулсан гэж намайг 2020 онд 04 дүгээр сард шилжиж ирэхэд д байж байсан. Би өөрийн хариуцсан засварчидтай хамт, эсхүл хийсэн ажпын талаар зургийг баримтжуулан ажпын дотоод групп байрлуулахыг шаарддаг. Сүүлд 202- оны 04 дүгээр сард засварчидтай хамт катын граж доторхыг цэвэрлэсэн буюу граж доторх сэлбэг эд зүйлүүдийг эмхэлж цэгцлэх ажил хийсэн. Тэр үед хуучин цэнхэр базагч техникийн соронзон генератор хэвийн байсан ба тухайн үед байрнаас ч хөдөлгөөгүй өвөр хэмжээ том, хүнд эд анги юм. Тухайн катын граж доторх эргэн тойронд шар старек маркийн тээврийн хэрэгслийн ард ачсан байсан гэх дугуй хэлбэртэй 2 ширхэг хөнгөн цагаан дамар ороомог болох эд анги харагдаагүй. Сэжигтэй этгээдүүд дээрх эд зүйлийг генератор дотроос авахаар эртнээс бэлдсэн байж болзошгүй гэж бодож байна. Миний бие тухайн үед механик *** бид 2 хамт нэг өрөөнд сууж байсан ба засварчин ***, *** руу залгаад "Засвар хийчихлээ, машин унаж үзэж шалгах хэрэгтэй байна үйлчилгээний машины жолоочийг дуудаад өгөөч гэх зүйлийг хэлэхэд *** намайг хүлээгээд түр байж бай" гэж хэлсэн ба утсаар ярихдаа чанга яригч дээрээ тавьж ярьсан тул би сонссон м. Механик *** жолооч ***т шар өнгийн старекс маркийн ***ДАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох талаар зааварчилгаа өгөөгүй гэж бодож байх ба 2023 оны 05 дугаар сарын 15-ны өглөө шар старекс байсан гэх том граж хяналтын камертай ба харин ***, ***, *** нарын засвар хийсэн гэх катын граж хяналтын камергүй. Би засварчдыг машин байсан том граж дотор засвар үйлчилгээ хийсэн гэж бодож байсан ба тухайн машиныг асааж катын граж руу явах болсон талаараа надад мэдэгдээгүй. Би 2023 оны эхээр хуучин сэлбэг анги болох гадаа контейнерын орчим хэсгийг цэвэрлүүлж дуусаад ашиглах боломжгүй болсон төмрийн хаягдлыг хариуцсан албан хаагчаас нь асууж тодруулан дотооддоо буюу төмөр бэлдэх цехэд урьд өмнө тушааж тодорхой хэмжээний хувийг үйлдвэр авч ажилтан үлдсэн хувийг нь авч ундаа, тамхины мөнгөө олдог байсан гэх хуучин ажилчдын ам дамжсан яриаг тухайн үед ярьж байсан. Тэрнээс албан ёсоор байгууллага доторх эд зүйлийг тушааж мөнгө олох боломжтой гэж хэлээгүй. Тухайн үед катын гражаас шар старекс маркийн машинд ачсан байсан эд зүйлийг хэн нэгэн ажилтан албан тушаалтан надтай холбогдож ашиглах боломжтой эсхүл ашиглахгүй байгаа талаар холбогдож асуусан хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-н 29-30 дугаар тал/,
- "Капитал зууч" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн "... Үнэлгээнд хамрагдаж буй дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг байна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн “... Үнэлэгдэж буй эд хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 06 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 31,007,812 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 54-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***, ***нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдэхэд завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “П.***, *** нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” Төрийн өмчит хувьцаат компанийн үйлдвэрийн засварын гарааш дотор байсан дугуй хүрдэнд ороосон 250 килограмм 750,000 төгрөгийн үнэ бүхий хөнгөн цагаан металлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байгууллагын эзэмшлийн ***улсын дугаартай старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачиж үйлдвэрийн бүсээс авч гарахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг бүртгэх ажиллагааны явцад бүрдүүлж, цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна.
Тус гэмт хэргийн улмаас “***” ТӨХК-д 750,000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн бөгөөд тухайн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогч гэрч Д.***ийн мэдүүлэг, гэрч Н.***гийн мэдүүлэг, гэрч Д.***ийн мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, гэрч ***мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн цуглуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчөөгүй тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Нэгдүгээрт хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэмт хэргийг шинжийг хангасан байдаг. Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй нь түүнд хүрэхийг ойлгож ухамсарлаж, энэ үйлдлээ таслан зогсоох, төгсгөөгүй байвал энэ нь хулгайлах гэмт үндсэн шинж гэж ойлгож байна. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргийг харахад нэг зүйл тодорхой байна. ***ийн дотоодод хэрэглэж болох журам батлагдсан байна. Энэ журмаар төмрийн хаягдлыг ангилан ялгаж, ажилтнууд дотроо тушааж болдог гэх журам үйлчилдэг гэдэг асуудлыг ажилтнууд бүгд мэдэж байна.
Хоёрдугаар асуудал нь нэр бүхий гэрчүүд болох ***гийн мэдүүлгээр бол *** нь тухайн төмрийг хойно авч очиж тушаах гэж байсан гэдгийг хэлсэн байдаг. Тухайн төмрийг хаягдал мөн эсэхэд өмгөөлөгч хууль зүйн дүгнэлт хийхээс илүүтэйгээр төмөр тушааж болдог юм байна.
Гуравдугаар асуудал нь хүсэл зоргийн илэрхийлэл нь тухайн үйлдлийг хийж байгаа хүн гарах эрх зүйн үр дагварыг маш сайн тооцоолсон байна. Гэтэл ***, *** нар хамт эсвэл *** байхгүй, *** байхгүйгээр тухайн эд зүйлийг үйлдвэрийн хашаанаас гаргаж байгаа бол энэ нь субъектив буюу гэмт хэрэг үйлдэх шууд санаа сэдэл болно. Улсын яллагчаас эл үйлдлийг хийхийн тул машин механизм ашигласан гэж зүйлчилсэн байна.
Энэ хэрэгт хамааралгүй жолооч ***, моторчин *** нарын хүсэл зоригийн илэрхийллэээр машиныг хашаанаас гаргаж шалгах гэж байсан үйлдэл байна.
Тэрнээс *** тухайн машиныг гаргасан байлаа гэхэд эд зүйлийг ганцаараа буулгах боломжгүй байсан. Хэрвээ мэдэгдэх, мэдэхгүйгүйгээр буулгах үйл баримт явагдаж байгаа бол үүнийг гэмт хэрэг гэдгийг шүүгдэгч нар маш сайн ойлгож мэдэж байгаа. Манай үйлчлүүлэгч анх ажилд орохдоо *** ТӨХК-д ажил орохдоо харуул хамгаалалтын ажилтнаар ажилд орсон тул хэрхэн шалгадагийг маш сайн мэдэх хүн. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн эд зүйл старекс машины ард ил байсан гэдэг. Түүнийг хэн ч шалгах боломжтой зүйлээр өөрийгөө эрсдэлд оруулан байж гарах гэж байсан эсэх дотоод итгэл үнэмшэлээр бодох л асуудал байна. Нууж болох боломжтой зүйл биш том оврын эд зүйлийг ***, *** нарт мэдэгдэхгүй буулгах боломжгүй, мөн нарийн хяналт шалгалт харуул хамгалалтаар шалгуулахгүй гарах боломжгүй байна. Иймээс шүүгдэгч нар тухайн эд зүйлийг хулгайлан ашиг олох, өөртөө давуу байдал бий болгохын тул хулгайлах гэмт хэргийг хийсэн эсэх нь эргэлзээ бүхий байна.
***гийн хувьд хэд хэдэн зүйлийг хэлдэг. Үүнд механикч *** ***ийг дуудаад старексийг шалгах даалгавар өгсний дагуу машиныг шалгахаар гарсан гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан байгаа. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн ***ын мэдүүлэг маш их ач холбогдолтой гэж үзвэл би очиж шалгана битгий шалга гэж хэлсэн зэрэг нь мэдээллийн эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь хулгайлах гэмт хэрэг байгаагүй гэх үйл баримтад дүгнэлт хийж мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байгаа.
Хэрвээ шүүгч бүрэлдэхүүн боломжгүй гэж үзвэл хулгайлах зорилгын сэдэл харагдах бол эдгээр хүмүүсийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дэх хэсэгт зааснаар завших гэмт хэрэг байх боломжтой гэж харж байгаа учраас үүнд дүгнэлт хийж ашигтайгаар зүйлчилж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг үйлдэх үе шатыг тодорхойлохдоо гэмт хэрэгт бэлтгэх, завдах, гэмт хэрэг төгсөх гэж ангилан тухайн үе шат бүрийд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ өөр, өөр байхаар Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.
Завдалтын обьектив шинж нь “субьектийн үйлдэл нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх”, “Халдлагын зүйлд хор уршиг учрах бодит заналхийлэл учрах”, “тухайн гэмт хэргийн үйлдлийн шинжийг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх”, “гэмт хэрэг төгсөөгүй нь субьектийн хүсэл зоригоос гадуур үйлдэл таслан зогсоогдсон байх” гэсэн эдгээр дөрвөн шинж байна.
Эдгээр завдалтын шинжээс шүүгдэгч ***, ***нарын үйлдэл нь “тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн үйлдэл байх” гэсэн шинжийг агуулсан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч ***, ***нар нь тухайн эд зүйлийг тээврийн хэрэгслийн тээшинд ачиж үйлдвэрийн бүсээс гарах боломжгүй гэдгийг урьдчилан мэдэж байсан болох нь тогтоогдож байгаа учир шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “...***ийн харуул хамгаалалтын ажилтан гарч, орж байгаа бүх тээврийн хэрэгслийг байнга үзлэг шалгах хийх журамтай. Гарч, орж байгаа машины хойд тал, урд талыг нь шалгаад гаргадаг. Хүн бүр мэднэ. Өөр зүйл гаргахаар бол зөвшөөрөл аваад гардаг гэх мэдүүлэг,
Гэрч Н.***гийн: “...Тухайн үед 3 сард хуучин катын гараашийг цэвэрлэж байхад манай мастер хэлж байсан... Хойд төмөр бэлтгэх цехэд тушааж, хувь тооцож авдаг гэж хэлж байсан... Уг нь *** механикч руу залгаад чанга яригч дээр нь тавьсан байсан, Тэгээд биднийг хамт байхад механикч жолооч Д.***ийг дуудаад шалгуул гэж хэлсэн... Хүч шаардаж шалгах хэрэгтэй байсан тул хашаанаас гарсан, Хашаанаас гарч шалгахыг ***т би хэлсэн, *** огт тэгж хэлээгүй... Үйлдвэрийн хашаанд орох гарах үед байнга үзлэг шалгалтыг хийдэг Би өөрөө машиныг засварласан учир гаргаж шалгах санаа гаргаж, Механикч *** зөвшөөрөл өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч ***ын: “Бүх орсон гарсан машиныг шалгадаг байх. Би тэр албаны хүмүүсийн хариулах зүйлийг хариулахгүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Завдалт нь гэмт этгээд үйлдэл болон гэмт санаагаа хэрэгжүүлсэн боловч бодит байдал дээр түүний хүсэж байсан гэмт хэргийн хохирол, хор уршиг бий болоогүй байдгаараа төгссөн гэмт хэргээс, гэмт хэргийн обьектив талын шинжийг шууд хэрэгжүүлж эхэлсэн байдгаараа гэмт хэрэгт бэлтгэх үе шатаас тус тус ялгагдана.
Гэмт хэрэгт завдах үед субьект тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн үйлдэл хийж байдаг бол бэлтгэх үед ирээдүйд гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хийж байдаг.
Шүүхээс тогтоосон үйл баримтын хүрээнд шүүгдэгч ***, ***нар нь тухайн эд зүйлийг байгууллагын эзэмшлийн ***улсын дугаартай Хьюндай Старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачсанаар шүүгдэгч нарын үйлдэл зогссон бөгөөд үүний дараа тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийсэн, үйлдвэрийн бүсээс гарах чиглэлийн хөдөлгөөнд оролцсон нь шүүгдэгч нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Д.***, Н.*** нарын үйлдлээр хийгдсэн болох нь тогтоогдож байна.
Харин шүүгдэгч нар нь дугуй хүрдэнд ороосон 250 килограмм хөнгөн цагаан металлыг үйлдвэрийн бүсээс гаргаж хулгайлах гэмт хэргийг үйлдэж төгсгөхөд шууд чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ” гэж заасан.
Гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлсэн гэж гэмт этгээд үйлдлээ хялбар хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй идэвхтэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Гэмт хэрэгт бэлтгэх нь “гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн нөхцөлийг бүрдүүлсэн байх”, “гэмт хэргийн хор уршиг учраагүй байх”, “бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас зогсоогдсон байх” зэрэг шинжээр гэмт хэрэгт завдах, төгссөн гэмт хэргээс ялгагдаж байдаг.
Шүүгдэгч ***, ***нарын үйлдэл нь тухайн эд зүйлийг байгууллагын эзэмшлийн ***улсын дугаартай старекс загварын тээврийн хэрэгслийн багажинд ачсанаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн буюу хулгайлах үйлдэл хийх нөхцөлийг бүрдүүлж, тухайн эд зүйлсийн байршлыг өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд хэдийгээр гэмт хэрэг үйлдэхээс өмнө шүүгдэгч нар үүрэг оролцоог хуваарилаагүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоор нэгдсэн байгаа нь шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч нар нь тухайн хөнгөн цагаан металлыг ачихад үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь гэрч Д.***, Н.***, ***, Д.Батбуян нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***, ***нар нь 250 килограмм хөнгөн цагаан металлыг үйлдвэрийн бүсээс гаргаж хулгайлах гэмт хэргийг үйлдэж төгсгөхөд шууд чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийсэн болох нь тогтоогдохгүй байгаа тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан “машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг”-т завдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч ***, ***нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан “машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг”-т завдсан гэж үзэхэд эргэлзээ үүсэж байгаа тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, ***нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч ***, ***нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно.” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ***ийн зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, П.***ын зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоож шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
2.Хохирол, хор уршиг:
Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдлийн улмаас хохирогч хуулийн этгээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч ***, ***нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***нарыг тус бүр 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч П.***т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч ***, ***нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, ***нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ