| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 121/2025/0023/3 |
| Дугаар | 221/МА2026/0072 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2026/0072
Г.Ж-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.А
Гомдлын шаардлага: “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Аын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01209** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0021 дүгээр шийдвэр
Гомдол гаргагч: Г.Ж
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.А
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагч Г.Ж, түүний өмгөөлөгч Л.Л, хариуцагч Б.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 121/2025/0023/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Г.Жгаас Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Аад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Аын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01209** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Ж-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01209** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн.
2/ Зөрчлийн хэрэгт авагдсан шинжээч эмчийн дүгнэлтийг буруу үнэлсэн.
Гомдол гаргаж байгаа этгээдийн хүсэлт:
Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлэх, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 01209** дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийтгэл оногдуулах, гэрч Н.Гаас нэмэлт тайлбар гаргуулах, сумын Эрүүл мэндийн төвийн жолооч А.Д, БОЭТ-ийн дотрын зөвлөх эмч Б.Х, БОЭТ-ийн гемодиализын тасгийн эрхлэгч Д.Ц нараар сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүх, бусад холбогдох материалуудад нэмэлтээр дүгнэлт гаргуулах, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн дүгнэлтийг мэргэжлийн эмчээр дахин тогтоолгох хүсэлттэй байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2025/0021 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Гомдол гаргагч Г.Жгаас Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Аад холбогдуулан “тус байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01209** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2.1. Маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01209** дугаартай шийтгэлийн хуудсаар Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч Г.Жг “...мэргэшсэн эмчийн тусламж үзүүлээгүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 1,000,000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулжээ.
2.2. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, гомдол гаргагчаас “...2025 оны 07 дугаар сарын 27-ноос 2025 оны 07 дугаар сарын 28-нд шилжих өдөр сумын Эрүүл мэндийн төвд 24 цагийн жижүүр эмчийн үүргийг хууль журамд заасны дагуу хариуцлагатай гүйцэтгэж тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Д.Пд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, дараагийн жижүүр эмч, мөн тухайн өвчтөнийг хариуцсан эмчлэгч эмч болох уламжлалтын эмч н.Бд өвчтөний биеийн байдлыг танилцуулж БОЭТөвд тээвэрлэх саналыг гаргаж хүлээлгэн өгсөн. ...эрх бүхий албан тушаалтан нь тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх хүмүүсийг гэрчээр асуухгүйгээр зөвхөн нэг талыг баримталж шийтгэл оногдуулсан...” гэж, хариуцагчаас “...эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, авсан арга хэмжээ хангалтгүй, зайлшгүй хийгдэх шинжилгээ төлөвлөөгүй, хийгээгүй, ...мэргэшсэн эмчийн зэрэглэл ТҮЭМ 7-р цалинждаг атал Д.Пд үзүүлсэн тусламж үйлчилгээ, онош, шээлгүүр тавих гардан үйлдэл хийгээгүй, шинжилгээнд гол үзүүлэлт сахрыг хянаагүй, мэргэшсэн давуу байдлаар эмчилгээний тактик өөрчлөөгүй, сэтгэц нөлөөт опийн бүлгийн эмийн фармаковжиланс буюу эмийн тун, хэмжээ, үл нийцлийг тооцоогүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
3. Анхан шатны шүүхээс “...Г.Ж эмчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өвчтөний биеийн байдалд ямар нөлөө үзүүлсэн, өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг мэргэжлийн шинжээч дүгнээгүй, ...сумын эрүүл мэндийн төв нь хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар холбогдогч сумын эрүүл мэндийн төвийн эмч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг тогтоохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж зөрчил нь тогтоогдсон эсэхийг шалган шийдвэрлэх шаардлагатай байхад нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус...” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан.
5. Энэхүү маргааны тухайд, эрх бүхий албан тушаалтнаас зөрчилд холбогдогч Г.Жг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу “...тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн...” зөрчил гаргасан хэмээн үзэж маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Д.П нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт ирэхэд эмч Б.Б өвчний түүх нээж, сувганцрын завсрын эдийн өвчнүүд, чихрийн шижин гэх үндсэн болон дагалдах оноштойгоор 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд тухайн өвчтөнд эмч Б.С 24, 25-ны өдрүүдэд, эмч Г.Ж, Б.Б нар 28-ны өдөр, эмч М.Э 29-ний өдөр тус тус үзлэг хийж, лабораторийн шинжилгээг 23, 24, 28, 29-ний өдрүүдэд тус тус авч, эмчилгээ хийсэн зэрэг үйл баримтууд “үзлэгийн тэмдэглэл, эмчилгээ, хоол сувилгааны заалтыг тэмдэглэсэн өвчний түүх, мөн талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож буйгаас үзэхэд зөрчилд холбогдогч сумын эрүүл мэндийн төвийн эмч Г.Жг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
6. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд мэргэшсэн эмчийн эрх, үүргийг зааж, тус зүйлийн 22.1-д “Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 22.1.1-д “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих” гээд, тус зүйлийн 1-д “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
7. Дээрхээс үзэхэд, зөрчилд холбогдогч Г.Жг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар түүнд шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, ...-д тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасантай нийцээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Г.Ж эмчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өвчтөний биеийн байдалд ямар нөлөө үзүүлсэн, өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг мэргэжлийн шинжээч дүгнээгүй. ...хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг тогтоохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж зөрчил нь тогтоогдсон эсэхийг шалган шийдвэрлэх шаардлагатай байхад нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэх дүгнэлт зөв байна.
8. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН