Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 46

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгч П.Шижир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн П.Шижирт холбогдох эрүүгийн 201719000034 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1975 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрэвбаатарын Шижир /РД:НЬ75042163/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч П.Шижир нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн иргэн Ш.Монголхүүг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийнхээ урд талын пойлонд хонио хариулж явж байхад нь бүдүүн бургас модоор толгой нүүр гар руу нь цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч П.Шижир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Ш.Монголхүү хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийнхээ урд талын пойлонд хонио эргүүлээд явж байтал саахалт айлын авгай Шижир нь морьтой давхиж ирээд мэнд усгүй бүдүүн бургас модоор нүүр, толгой, баруун гарын шуу руу цохиж зодсон. Чи зүгээр байгаач би хонио эргүүлээд явж байна гэхэд пизда минь зүгээр байгаарай та нарыг өөдөн гаргахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд манай хонийг гэр рүү хэсэг тууж байгаад гэр рүүгээ яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод эхнэр Нэргүй хөрш айлын Туяа нарт болсон явдлыг ярьж цохиулсан газраа үзүүлээд сумын эмнэлэгт очиж Аня эмчид үзүүлсэн. Танд хэлэх гэтэл таныг Төв аймаг руу хэсгийн төлөөлөгч нарын сургалтанд явчихсан гэж цагдаа Хүрлээ хэлэхээр нь гэр рүүгээ буцаад явсан. Шижир юунаас болж зодож цохих болсныг мэдэхгүй байна. Манай эхнэр Нэргүй, Шижир хоёр саяхан хэрэлдэж маргалдсан. Тэрнээс болсон байх гэж бодож байна. Шижир бид хоёр урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан. Яагаад хэрэлдэж маргалдах болсон гэхээр нөхрийгөө манай эхнэртэй хардаад байдаг юм. Шижир намайг бүдүүн бургас модоор цохиж зодсон.  Шижир намайг бүдүүн бургас модоор нийлээн хэдэн удаа цохиж авсны дараа нь чи болиоч гэж хэлээд барьж явсан шилбүүрийнхээ хуйгаар цээж рүү нь нэг удаа ороолгож авсан. Шижир надаас уучлалт гуйж ирсэн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Тэрнээс Шижир намайг ямар нэгэн хэлбэрээр дарамт шахалт үзүүлж байгаад эвлэрээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-15 тал/,

 

Гэрч С.Нэргүй хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 20-ны өдөр гэрийнхээ гадаа үхрийн баас арилгаж байтал Шижир орилж хашиграад манай нөхөр дээр очиж байгаа харагдсан. Гэрээс 500 метрийн затай байсан болохоор Шижирийг юугаар цохиж байгаа нь харагдаагүй гар нь савчаад байгаа харагдсан. Нөхрийгөө гэртээ ирэхээр нь Шижир яагаад чамайг зодож цохиод байгаа юм бэ гэхэд бүдүүн модоор цохиж зодсон гээд биеэ үзүүлсэн. Тухайн үед хамрын баруун хэсэгт шалбарчихсан, баруун гарын шуун хавдчихсан байсан. Тэгээд сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлсэн. Нөхөр бид хоёр гэртээ болон гадаа зодолдож нүдэлцэх юм болоогүй. Манай хөрш айлын Туяа эгч хамт харж байсан. Монголхүү тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Одоогоос 2 жилийн өмнө Шижир бид хоёр эхнэр нөхрөө хардаад хэрэлдэж маргалдаж байсан. Тэрнээс хойш таарамж муутай болж юм л бол хэрэлдэж маргалдах болсон”  гэсэн мэдүүлэг /хх-17 тал/,

 

Гэрч М.Туяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Хашигчаад байх чимээ гарахаар нь гэрээс гарч хартал гэрийн урд талын пойлонд Шижир хонио туугаад явж байгаа харагдсан. .. Монголхүү дээр очоод хашигчаад ямар нэг зүйлээр цохиж байгаа харагдсан. Тэгээд Шижир, Монголхүү хоёр хонио туугаад хоёр тийшээ явсан. Монголхүү гэртээ ирэхээр нь гэрт нь ортол Монголхүү Шижир намайг модоор зодоод гээд цохиулсан газраа үзүүлсэн. Хамрын баруун талаас цус гарчихсан харагдсан. Удалгүй Монголхүү машинаа асаагаад сумын төв явж цагдаад хэлнэ гээд явсан. Шижир, Монголхүүг ямар нэгэн зүйлээр цохиж байгаа бололтой гар нь гозогноод байгаа харагдсан. Тэр хоёр гэрээс 500 метрийн орчим зайтай байсан болохоор юугаар цохиж байгаа нь сайн харагдахгүй байсан. Монголхүү болохоор Шижир намайг модоор цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-18 тал/,

 

-хохирогч Ш.Монголхүүгийн Төв аймгийн Аргалант сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-2 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-12 тал/,

-эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-13 тал/,

 

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны   2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №20 тоот актад:

1.С.Монголхүүгийн биед зүүн чихний ард, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, уруулын дээр зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт ттогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-20 тал/,

 

-компьютерт томографийн шинжилгээ /хх-22 тал/,

-фото зураглал /хх-33-34 тал/,

-хохирогч С.Монголхүүгийн Төв аймгийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-37 тал/,

 

            - П.Шижирийг 2017 оны 01 сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх-26 тал/, 2017 оны 01 сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-29 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

            -  П.Шижирийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-30 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Шижир нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн иргэн Монгол хүүг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрийнхээ урд талын пойлонд хонио хариулж явж байхад нь бүдүүн бургас модоор толгой нүүр гар руу нь цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ш.Монголхүү, гэрч С.Нэргүй, М.Туяа нарын өгсөн мэдүүлэг, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №20 тоот акт, шүүгдэгч П.Шижирийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

Шүүгдэгч П.Шижирийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч П.Шижирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Хохирогч Ш.Монголхүү нь шүүгдэгч П.Шижиртэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч П.Шижир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвбаатарын Шижирыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн П.Шижирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Шижир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бургасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          5.П.Шижирт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Шижирт оршин суугаа газраас гадагш яваж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ