Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/01444

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Г д СӨХ

 

Хариуцагч: Ё Э

 

346,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С

хариуцагч Ё.Э

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г д СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг тоотод оршин суугч Ё.Э нь СӨХ-ны 2019 оны 1 сараас 12 сар, 2020 оны 1 сараас 3 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд СӨХ-өөс төлбөр төлөх талаар мэдэгдэл хүргүүлэх, шаардлага тавихад төлөхгүй өгөхгүй гэх ба сүүлийн 8 жил дараалан шүүхэд нэхэмжлэгдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар нэхэмжлүүлэн төлж СӨХ-нд хүндрэл учруулахын зэрэгцээ бидний ажлыг үл хүндэтгэн үзэж байна. Үүнээс өмнөх хугацааны төлбөрийг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан 2018 оны 12 сар хүртэлх төлбөрийг төлж дуусгасан болно. СӨХ-ны лифт 24 цагаар ажиллаж, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол үзүүлж, дээвэр инженерийн шугам сүлжээний засварыг бид оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй шуурхай шийдэж ажиллаж байхад ингэж төлбөрөө төлөхгүй хүндрэл удаж байгаа нь биднийг үл хүндэтгэж байна. Иймээс дараахи СӨХ-ны төлбөрүүдийг нэхэмжлэн, гомдол гаргаж байгаа тул төлбөрүүдийг бүрэн төлүүлэх талаар арга хэмжээ авч СӨХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү. Үүнд 2019 оны 1 сараас 12 сарын төлбөр 273,480 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 3 сарын төлбөр 68,370 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг нийт 346,350 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 гаруй жил Ё.Эоос СӨХ-ны төлбөрөө нэхэмжилж байна. Тэтгэвэр авдаг хүн байж сард хэдэн төгрөг хэл амгүй төлөөд байж болно. Энэ хүн Монгол улсын иргэн байж шүүхийн ажлыг хэдэн жил хүндрүүлж байна. Ё.Э нь би мөнгөө өгсөн гэж, дээврээс ус гоожоогүй байхад гоождог гээд булзааруулдаг. 2019 оны 1 сараас 2020 оны 1-3 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 341,850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бичиг баримтуудаа нотариатаар батлуулахад зардал 4,500 төгрөг болсон. Иймд нийт 346,350 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зун болж байгаа учир хийж гүйцэтгэх ажил их байна.

Хариуцагч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С СӨХ-ны дарга хийгээд арван хэдэн жил өнгөрч байна. Барилга барих гэж байгаа компанийн хүмүүсээр дээврийг нь янзлуулъя гэж ярьж байгаад янзлуулсан. Гэтэл би янзалсан, би нэхэмжлэх эрхтэй гэдэг. Бороо орохоор л дээврээс ус гоождог. Засвар хийж өгөөч гэхээр хийдэггүй. Хувь хүнд хандахад 1,000,000 төгрөгөөр засвар хийнэ гэсэн. Дээврийг түлхүүрдэж цоожилдог. Түлхүүрээ өгөөч гэхээр алга болсон гээд яваад байдаг. СӨХ-нд ажилладаг хүмүүсийг загнадаг, архи уухаар нь архи уулаа гээд цалинг нь өгөхгүй хөөгөөд явуулчихдаг. Манай байранд жижүүр хийж байсан хүн тэгж хэлсэн. Гэтэл энэ хүн нэхэмжлэл гаргахаараа нэхэмжлэгч болоод би дуудагдсанаараа хариуцагч болдог юм уу?, дээврээс ус гоожиж байгаа эсэхийг харуулахаар шүүгчийн туслахыг явуулж болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Г д СӨХ нь хариуцагч Ё.Эод холбогдуулан 2019 оны 1-12 дугаар сар, 2020 оны 1-3 дугаар сарын дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 341,850 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг нийт 346,350 төгрөг гаргуулахаар шаарджээ. Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч СӨХ нь дээвэр засдаггүй, бороо орохоор дээврээс ус гоождог, хувь хүнээр засуулъя гэхээр засуулдаггүй гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 13, 14 дүгээр байрны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээг Г д СӨХ-нд хариуцуулж 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрчилгээ олгосон байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгч нараас тухайн орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж тодорхойлсон бөгөөд заавал гишүүнчлэлтэй гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч Ё.Э Г д СӨХ-ны гишүүн, төлбөр төлөх үүрэг бүхий этгээд юм.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.

 

Дээрх үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй юм. Хариуцагч Ё.Э нь 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрөө төлөөгүйгээс шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/00803 дугаар шийдвэрээр тогтоогдов.

 

Хариуцагч нь 2019 оны 1-12 дугаар сар, 2020 оны 1-3 дугаар сарын төлбөрт 341,850 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдсон, уг төлбөрийг төлөөгүй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд засвар хийдэггүй үндэслэлээр дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй гэж үзнэ. Үүрэг гэдэг нь нийгмийн өмнө, бусдын өмнө, аливаа иргэний өөрийнхөө өмнө хүлээх хариуцлагын мөн чанарыг илэрхийлдэг бөгөөд үүргээ биелүүлээгүй бол уг үүрэгтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх /эдлэх/ үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Эоос дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 341,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нотариатын зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хуульд заасан шаардлага ханган гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүрэгтэй холбоотой гарах зардал тул уг зардлыг хариуцагчаар гаргуулах үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлээс нотариатын зардал 4500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ё Эоос 341,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г д сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 4,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,040 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ё.Эоос улсын тэмдэгтийн хураамжид 10,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г д СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.