Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,

             Улсын яллагч М.Мөнхтайван,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Намхай овогт ******* *******т холбогдох 2326000570133 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ******* аймагт жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар баг 12-1213 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Намхай овогт ******* ******* /РД:*******/,

           Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хурд авто угаалгын газрын орчимд иргэн гээсэн Самсунг А51 загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/, насанд хүрээгүй хохирогч “...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 30 минутад хичээлээ тараад 1 дүгээр сургуулиас 9 дүгээр хорооны чиглэлд гэр рүүгээ явж байгаад баруун 4 зам өнгөрөөд 1 уулзвар өнгөрсний дараа утас байхгүй болсныг мэдсэн. Тэгээд тэндээсээ гэртээ хариад цагдаагийн газар руу явсан. 2023 оны 2 дугаар сарын сүүлээр буцааж авсан. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. ...Гар утсаа олсон болохоор надад ямар нэгэн саналд хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-18/, гэрч “...2022 оны 11 дүгээр сард хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна тэр өдөр машин угаалгах ажилтай гараад явж байгаад *******ын гэрт очсон чинь ******* ээжтэйгээ хамт байсан. Тэгээд бид 2 Өвөрхангай аймгийн 12 дугаар багаас *******ын гэрээс гараад хүнсний үйлдвэрийн хойд талын машин угаалга орох гээд уулзвараар эргэх гэсэн чинь ******* зогсож бай гэхээр нь зогссон чинь гарч яваад нэг утас оллоо гээд ороод ирсэн. Тэгээд *******ыг хүнс бараан зах дээр буулгаж өгөөд би захын ард байдаг угаалгын газар машинаа угаалгасан. ...Тухайн гар утсыг ******* аваад машинаас буусан” гэсэн мэдүүлэг /хх-66/, Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/12 дугаартай “1 ширхэг Самсунг А51 загварын гар утас 450,000 төгрөг” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 21-24/,  2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “*******аас гаргаж өгсөн Самсунг А51 загварын гар утсыг хураан авав.” гэсэн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/,  2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Би өөрийн гар утсаа гэрээр нь болон загвар, өнгөөр танина” гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 12/, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Самсунг А51 загварын гар утас 1 ширхгийг хүлээлгэн өгөв” гэсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/,  Мобиком корпораци ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/10986 дугаартай “35710192402664 кодтой утсанд ашигласан 85180196, 99250431 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” хавсралт “85180196 Баярсайхан Батчулуун, РД:ЙЮ98081114, 99250431 Цэрэнсодном *******, РД:ЙГ93091714" гэсэн албан бичиг /хх-ийн 41-42/, 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “*******аас гаргаж өгсөн Самсунг А51 загварын гар утсанд үзлэг хийсэн” гэсэн эзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Намхай овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Намхай овогт ******* *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Намхай овогт ******* *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

  7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР