Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 24

 

Е.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс: 166/2019/0471/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       Е.А-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Лхамсүрэн

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолтой, Е-ын А-т холбогдох, 1918004530494 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Е.А-ын өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Ш- овогт Е-ын А-.

Шүүгдэгч Е.А- нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх гэх газарт нийт 134.35м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 193.42 м2 талбайд хиймэл нуур үүсгэж байгаль экологи эдийн засагт 578.061 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ш- овогт Е-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаа зүйлийн 1.т заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Е.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.4.т зааснаар шүүгдэгч Е.А-т тэнссэн хугацаанд алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийх, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахыг хоригпох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Е.А- нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч нь хохиролд төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2019 оны 11 дүгээр 13-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий усан буу, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий МАЗ автомашин, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотор зэргийг улсын орлогод оруулж, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн үнэ бүхий экскаватор, 13.000.000 /гурван сая/ төгрөгийн чиргүүл зэргийг битүүмжлэлээс чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Е.А-оос 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Е.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Е.А-ын өмгөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь: хэсгийн

7. Битүүмжилсэн техник хэрэгслүүд нь гэм буруутай хүний өмчлөлд байгаа эсэхийг тогтоохгүйгээр шууд улсын орлогод оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөнд гомдолтой байна.

Тухайн хуульд гэм буруутай этгээдээр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэсэн. Шүүгдэгч А-ын хувьд учруулсан хохирол 1,606,560.86 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашин нь Алтан-Дорнод ХХК-н эзэмшилд 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс бүртгэлтэй байгаа Тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрчлөгдөөгуи хэвээр байна. Дээрх автомашиныг зарах талаар тухайн компанийн ажилтан М-, Е-той ярилцаж байсан боловч албан ёсоор шилжүүлсэн гэрээ байхгүй. Е- нь тухайн байгууллагад түр ажиллаж байсан. автомашиныг Е-д шилжүүлсэн худалдсан баримт байхгүй. Хэрэв Е-ын эзэмшлийнх гэж үзсэн тохиолдолд энэ нь А-т огт хамааралгүй. МАЗ машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ х/х 94 тал/.

Автотээврийн Үндэсний Төв-ийн тодорхойлолтод Е.А-ын өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. /х/х-ийн 132 тал/

Summoto маркийн шар өнгийн экскаватор нь Хараатын Тээл ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд түүнийг засуулахаар Шарын гол руу явуулсан захирал Санжаасүрэнгийн гарын үсэгтэй баримт хавтаст хэрэгт байна.

1, 2 сая төгрөгийн үнэ бүхий дизель моторыг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Эсенээс түр хэрэглэхээр гуйж авсан талаар гэрч Эсений мэдүүлэг хавтаст хэргийн 26, 27 талд байгаа.

3 сая төгрөгийн үнэ бүхий чиргүүлийн өмчлөгч нь иргэн Амгаланбаатар болох нь техникийн тодорхойлолтоор тогтоогдсон.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7-д 15 сая төгрөгийн үнэ бүхий экскаватор, 3 сая төгрөгийн чиргүүл зэргийг битүүмжпэлээс чөлөөлсүгэй гээд,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-оос 18,000,000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл дээрх хуулийн заалтад битүүмжлэлээс чөлөөлсөн тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай хүнээс гаргуулж улсын орлого болгох заалт байхгүй.

Шүүгдэгч Е.А- хууль бусаар газрын хэвлийд халдсан гэм буруутай боловч газрын хэвлийд халдахад ашигласан тээврийн хэрэгслүүд түүний өмчлөлд огт байхгүй. Өөр бусдын өмчлөлд байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох байгууллагын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шууд тээврийн хэрэгслүүдийг хураан авч улсын орлогод оруулсан. Түүнчлэн зарим тээврийн хэрэгслийн үнийг Е.А-оос гаргуулж улсын орлого болгосонд гомдолтой байна. иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолд хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Е.А-ын өмгөөлөгч Р.Лхамсүрэн тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч газрын хэвлийд хохирол учруулсан нь тогтоогддог. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан маз машин нь түүний хувийн өмчлөлийн хөрөнгө биш юм. Тухайн машин нь “Алтан Дорнод” компани өмч болох нь тогтоогддог. Харин тэр машиныг худалдаж авахаар түүний эцэг тус компаний нягтлан бодогчтой ярилцаж байсныг Ё.А- худалдаж авсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Анхан шатны шүүх хууль зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм. Тухайн экскавотор нь Хараатын тээл гэх компанийн өмч болох нь хавтаст хэрэгт авагдсан гэтэл тэдгээрийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан текник хэрэгслийг хурааж авна гэж хуулинд заасан байдаг ба харин тухайн текник хэрэгсэл нь түүний өмч байх ёстой гэдгийг зөрчсөн. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Е.А- тайлбартаа:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм зүйл дахиж хийхгүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх түүнд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байдаг. Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авдаг ба харин өөрийн эзэмшлийн биш бол үнийн дүнг гэм буруутай этгээдээс гаргадаг хуультай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Е.А-ыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн эх гэх газарт нийт 134.35м2 талбайд зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 193.42 м2 талбайд хиймэл нуур үүсгэж байгаль экологи эдийн засагт 578.061 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Е.А-ын үйлдэл тогтоогдсон, түүнийг үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, шинж зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан хэдий ч шийтгэх тогтоолд заасан хуулийн шаардлага, бичвэр, дараалал зэрэгт шүүгч хайхрамжгүй хандсанаас шийтгэх тогтоол гарснаас хойш залруулга хэдий ч зарим алдааг засаагүй байна.

Тухайлбал: Тодорхой тохиолдолд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан тусгай ангид заасан хариуцлагыг оногдуулах ёстой.

Гэтэл 09 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэжээ, мөн тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгчид тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоохдоо хуулийн бичвэрийг мөн буруу бичжээ.

Түүнчлэн шийтгэх тогтоолоор хураан авсан тээврийн хэрэгслийн нэг бүрийн онцлох шинж, улсын дугаар зэргийг бичээгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ хүндрэл төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна.

Цаашид ийм төрлийн алдааг гаргахгүй ажиллахыг анхааруулж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Е.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашин “Алтан дорнод” ХХК-ийн эзэмшил боловч Е.А- түүнийг худалдаж авсан нь гэрч М.Баттөмөрийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзээд уг авто машинийг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Гэтэл 16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашины техникийн гэрчилгээгээр автомашины эзэмшигч “Алтан дорнод” ХХК ба эзэмшилд өөрчлөлт орсон тэмдэглэгээ байхгүй байгааг шүүх хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зорилтыг хангаж чадаагүй байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Е.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашиныг “Алтан дорнод” ХХК-с худалдаж авсныг гэрчилсэн мэдүүлгийг батлах ямар нэгэн өөр баримт  байхгүй тул  энэхүү “мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй” гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “…гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухай гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа бол тээврийн хэрэгслийг үнэлж, үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар” заасныг үндэслэн шүүгдэгч Е.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-82 УББ улсын дугаартай МАЗ маркийн автомашиныг “Алтан дорнод” ХХК-ны эзэмшилд байдаг тул түүнийг үнийг шүүгдэгчээс гаргуулахаар тухай заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж байна.

Шүүгдэгч Е.А-ын өмгөөлөгч Р.Лхамсүрэн Гэм буруутай этгээдээс бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй тохиолдолд битүүмжилсэн эд зүйлийг хохирол барагдуулах зорилгоор хураан авдаг. Миний өмгөөлөд байгаа шүүгдэгч бусдад учруулсан хохиролоо барагдуулсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн эд зүйлүүдийг хураасан нь буруу гэж давж заалдах гомдол гаргажээ.

Гэм буруутай этгээд эрүүгийн хэргийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглсан бол тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэх бодитой аюул заналыг бий болгодог тул тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэн тухай хуулийн зарчимд нийцэх тул өмгөөлөгч Р.Лхамсүрэнийг давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дугаар заалтыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2019 оны 11 дүгээр 13-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор битүүмжилсэн МАЗ автомашины үнэ бүхий 6.000.000 /зургаан сая/ төгрөг гэснийг хассугай,

-шүүгдэгч Е.А-оос 18.000.000 /арван найман сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгож гэснийг 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулсугай гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                            ШҮҮГЧ                                    Ц.ТУЯА

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР