Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0486

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0486

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: М  ХХК 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц улсын байцаагч Д.О,

Гуравдагч этгээд: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Э,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.Д, О.Ө, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагч Ш.Ццахимаар/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, иргэдийн төлөөлөгч Б.Т /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэхүү зөрчил оногдуулахдаа хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар шийтгэл оногдуулсан байдаг. Бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар хэрэглэгчийн эрхийг хохироох гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Ингэхдээ гомдол гаргагчийг багц шилжүүлж, хэрэглэгчтэй холбоотойгоор хуучин хэрэглэгчийн багцыг ахиулахдаа хэрэглэгчийн эрхийг хохироосон тул 20 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл бид яагаад шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл гурав дахь хэсэгт үндсэндээ хэд хэдэн нөхцөл хуульд заасан байгаа. Багцыг манай зүгээс хэрэглэгчдэд хууран мэхлэх, төөрөгдөх, хүч хэрэглэх замаар тулгасан зүйл байхгүй. Гомдол гаргагч нь багцын үйлчилгээг шийдвэрлэж шинээр багцын үйлчилгээг гаргахдаа хэрэглэгчдэд утсанд нь мессеж хүргүүлэх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх зэргээр иргэдэд мэдээллийг хүргэсэн байдаг. Ингэхдээ 30 хоногийн хугацаатайгаар хүргүүлж байсан. Гомдол гаргагч нь харилцаа холбооны салбарын шинэчлэлттэй холбоотойгоор техникийн шинэчлэл зайлшгүй хийх шаардлага үүссэн, танилцуулах, хэрэглэгч нарт хүргэж байсан. Шинэчлэлттэй холбоотойгоор шаардлага үүссэн. Яагаад шинэчлэлт хийх шаардлага үүссэн бэ гэхээр харилцаа холбооны салбар нь хурдацтай хөгжин өсөж байгаа. Өмнө нь хэрэглэж байсан тоног төхөөрөмж нь бүрэн хангах чадваргүй болсон тул шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага үүссэн байдаг. Шууд шилжлээ гээд өмнөх тоног төхөөрөмжийг шууд унтраагаад шинэ дээрээ үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш. Аажим аажмаар хэрэглэгчийг шилжүүлж хуучин төхөөрөмжөө шилжүүлдэг. Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн багцыг шилжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Хариуцагч нь иргэдээс гомдол гаргасан гэдэг үндэслэлээр шалгаад шийтгэлийн хуудсыг оногдуулсан.

Тус шийтгэлийн хуудас оногдуулахдаа хэд хэдэн үндэслэл буруу байна гэж манай зүгээс үзэж байгаа. Хууль талаас 3 үндэслэлийг тухай бүрд ахлах байцаагч нь шалгаагүй. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь яаж хууран мэхэлж багц шилжүүлсэн, төөрөгдүүлсэн, яаж хүч хэрэглэсэн байна гэдгийг шалгаад ийм учраас ингэсэн байна гэж нарийн шалгаж тогтоосон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь шийтгэлийн хуудас оногдуулах эрхтэй этгээд эсэх нь мөн үү гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан эрхтэй этгээд биш байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.1.10 дугаар хэсэгт хуулиар харьяалуулсан зөрчил шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авах эрх нь байдаг боловч Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тусгайлан заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 6.10 дахь хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйл мөн 6.16 хэсэгт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зөрчлийг шалгах эрх нь давхардмал байдаг боловч шийтгэл оногдуулах эрх нь хууль хэрэглээний хувьд хэн оногдуулах талаар анзаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь дараах нийлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Үүнээс үзэхэд мэргэжлийн хяналтын байцаагч шийтгэл оногдуулах эрхтэй юм байна гэж үзэж байгаа.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон бол үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд оногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллага буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь улсын байцаагчид байсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрх хохироосон гэдэг үндэслэлийг шалган тогтоож дээрх 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байна гээд холбогдох шийтгэл оногдуулах саналыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хүргүүлэх эрхтэй байсан байна.

Хэрэв хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа бол хэрэглэгчийн эрхийг сэргээх ёстой байдаг боловч гэтэл ямар нэгэн байдлаар хэрэглэгчийн гомдол гаргасан эрхийг сэргээсэн зүйл байхгүй. Энэ талаар ч хариуцагч өөрөө тайлбарладаг. Хуулиар хэрэглэгчийн эрхийг хохироосон байна гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах хариуцагчид эрх байсан. Иймд энэ шийтгэл оногдуулах эрхтэй этгээд нь бол биш гэж үзэж байгаа.

Хуульд заасан хууран мэхлэх, хүч хэрэглэх, төөрөгдүүлэх гэдэг гэрээ байгуулсан гэж шийтгэлийг оногдуулахдаа яг ямар тохиолдлоор хүч хэрэглэсэн гэдгийг нотолсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тайлбар байдаг. 41 дүгээр тогтоолоор тайлбарласан тайлбар одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолын 1.4-д хүч хэрэглэх талаар бие мах бодийн хүчирхийлэл хийхэд чиглэсэн идэвхтэй үйлдлийг хэлнэ гэсэн байдаг. Гэтэл манай зүгээс хүч хэрэглэсэн үйлдэл огт гаргаагүй. Харин ч хэрэглэгчийн эрхийг дээрдүүлэх санал тавьсан байдаг. Хэрэглэгчийн эхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ авах тухай саналыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хариуцагчийн зүгээс хүргүүлсэн үү гэвэл үгүй байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт тусгасан баримт байхгүй мөн хариуцагч талаас тайлбарладаггүй.

Иймд манай зүгээс хуульд заасан дээрх үндэслэлүүдээр хохироосон зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 10 иргэн гомдол гаргасан гэдэг түүний 4 нь багцыг ахиулсан нь таалагдахгүй байна гэсэн байдаг. Гэтэл нийгмийн хүрээ шаардлагын хувьд багц хэрэглэдэг нийт хэрэглэгчийн 80 хувь нь зөвхөн сүлжээндээ үнэгүй яриад давхар мессеж бичихдээ нэмэлтээр төлдөг. Энэ нь тухай багцаас илүү үнээр давж төлбөр төлдөг байсан. Тэгэхээр нийтлэг 80 хувьдаа санал болгосон багц бөгөөд ингэснээр хэрэглэгчийн илүү төлдөг зардлыг хянаж өгсөн баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн баримтуудаас харж болно. Техник төхөөрөмжтэй холбоотой асуудлуудыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маань тайлбарлах байх. гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдол гаргагчийн хувьд хэд хэдэн үндэслэл ярьж байна. Гомдол гаргагч нь хүч хэрэглэсэн талаар нотлоогүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзсэн байх гэж найдаж байна. М ХХК-ийн захирлын тушаал байдаг. Тус тушаалын дагуу бүх хэрэглэгчийн багцыг шинэчлэх шаардлагатай гэсэн тушаал байдаг. Энэ тушаалыг биелүүлэхээр багцыг шилжүүлэх үйл ажиллагаа 02 дугаар сарын 01-ний өдрөөс 30 хоногийн дотор гэх тушаал гаргаж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байдаг.

Хүч хэрэглэх гэдэг нь Монгол улсын үгийн тайлбар толиос харахад өөрийн хүч чадлын илүү гаргах л гэсэн үг байгаа. Эрүүгийн хуулиар тайлбарлах гээд байх ямар ч шаардлага байхгүй. Яаж илүүг гаргаад байгаа юм бэ гэвэл аж ахуй нэгж нь өөрт байгаа үйлчилгээний төрөл бүрт өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа бол хэрэглэгч нарт зайлшгүй мэдэгдэх ёстой. Мэдэгдэх хугацаа гаргаж өгөх ёстой. Үнэхээр систем шинэчлэх шаардлагатай байсан юм бол яагаад системийн шинэчлэлт гэдэг нэрэн доор бүх хэрэглэгч нарын хэрэглээний багцыг өөрчлөх хэрэгцээ гарсан юм бэ?

Хоёрт. Манай шийтгэл оногдуулж байгаа үйл ажиллагаа нь эрх бүхий албан тушаалтан биш гэдэг зүйл яригдаж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах чиг үүрэгтэй. Энэ биелэлтийг хангах хүрээндээ холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Энэ хүрээндээ өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Өрсөлдөөний тухай хуульд байцаагчийн тухай эрхийг тусгайлсан заасан байдаг. Үүний дагуу холбогдох хянах ажлыг зохион байгуулаад үр дүнд үндэслээд шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулж Зөрчлийн тухай хуулийн 12.3-д заасан тухайн аж ахуй эрхлэгч нь хэрэглэгчид хүч хэрэглэсэн замаар хүч үзүүлэн хууль бус гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр холбогдох арга хэмжээг авч зохион байгуулсан байгаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д маш тодорхой заасан байдаг. Энэ зүйл заалтын хүрээнд л ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар хуулийн хэрэглээний асуудал гарч байгаа гэдэг байдлаар мушгих гуйвуулах байдлаар тайлбарлаж байгаа нь буруу байна.

Гэрээнд заасан үндэслэл шаардлага нь хууль бус байжээ гэдэг асуудлаар тайлбар хийгээгүй гэж тайлбарлаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл дээр маш тодорхой заасан байгаа. Хэрэв гэрээнд нэмэлт өөрчлөлт орох үндэслэл үүсэж байгаа бол зайлшгүй хэрэглэгчээс зөвшөөрөл авсан байх ёстой. Мөн тодорхой хэмжээнд зөвшилцсөн байх ёстой. Мэдээж багцыг өөрчилж байгаа үйл ажиллагаа нь гэрээнд өөрчлөлт оруулж байгаа л үйл ажиллагаа. Түүнээс биш ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр, Эсхүл үнийн дүнг өөрчлөхгүйгээр өөрсдийн процессыг өөрчлөөд байгаа зүйл биш. Техникийн үйлчилгээ үзүүлэх зардлыг хэрэглэгчийн нуруун дээр үүрүүлэн, улмаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа зүйлээ хүч хэрэглэх огтоосоо биш гэж тайлбарлаж байна. Харилцан зөвшилцөх гэж байгаа нэрийн хэрэв нэг сарын дотор хариу хүргүүлэхгүй бол ойролцоо багцаар өөрчилж байгаа гэдэг нь гэрээний 2 талын харилцан зөвшилцөж байгаа үйл ажиллагааг байхгүй болгож байгаа юм. Өөрийнхөө давуу талыг ашиглан багцаа шинэчилж байгаа. Гомдол гаргагч нь 1990 оноос хойш харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд. Ийм асуудалд маш туршлагатай хуулийн этгээд боловч нийт сая хэрэглэгчийн багц өөрчилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа.

Мөн гомдол гаргагч тал нь хэргийн материалтай танилцаагүй байна. Учир нь 10 хүнийг сонгож аваад зөвшилцөх байдлаар байна. 4 хэрэглэгч нь л таалагдахгүй гэсэн байна гэдэг тайлбар тавьж гуйвуулан ярьж байна. Бид тухайн 10 хэрэглэгчийн нөхцөл байдлыг нь тандан судлаад ажлыг хийсэн. 5 хэрэглэгч нь байгууллагын хэрэглэгч байсан бол 5 нь хувь хэрэглэгч байсан. Тухайн хэрэглэгч нар нь яаж ашиглах талаараа ч мэдээгүй. Юу болоод байгааг мэдээгүй байсан. Ийм хэрэглэгч нар байсан. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар 4 хэрэглэгчээс гомдол ирсэн ба энэ 4 гомдол нь 10 хэрэглэгчээс тусдаа гомдол юм. Тус 4 иргэний нэг нь би барс зах дээр худалдаа эрхэлдэг хүн. Миний дугаар бол борлуулалтын үйл ажиллагааг шийдэж байдаг хүн байгаа юм. Байнгын чөлөөтэй ярьдаг л багц хэрэгтэй байгаа. Түүнээс биш байнга чөлөөтэй ярьдаг багцыг байхгүй болгоод оронд нь интернет ашигладаг, мессеж бичдэг төрөл рүү шилжүүлсэн. Энэ шилжүүлээд байгаа нь миний шаардлагыг хангахгүй байна. Миний хувьд утсаар ярих нь л чухал байдаг болохоос биш интернет ашиглах нь ямар ч шаардлагагүй. Энэ 4 хэрэглэгчээс гэрчийн мэдүүлэг авч өмнө нь ажилласан байдаг.

Та бүхэн ч гэсэн энэ талаар мэдээлэлтэй байгаа гэж найдаж байна. Гол нь гомдол гаргагч зүгээс хэрэгтэйгээ сайн танилцаарай. Хэргийн үйл баримтаа сайн ойлгох хэрэгтэй. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч үлдсэн зүйлийг нь сайн ярих байх гэж бодож байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Техникийн шинэчлэлт хийж байгаа болохоор багц шинэчлэгдэж байгаа гэсэн. Энэ бол зөвөө. Гэхдээ багцаа шинэчилж байгаа гэдэг үндэслэлээр хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа нь хууль бус. Яагаад хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа вэ гэхээр Хохирсон гэдгийг тогтоогоогүй гэж байна. Зөрчлийн тухай хуулийн 10.2.3-д заасан зөрчил нь бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, хүч хэрэглэх аргаар худалдаалсан гэж байдаг. Энэ зөрчил нь хийсэн үйлдлээрээ төгсөж байгаа болохоос биш хохирол байхыг шаардахгүй байна. Иймд заавал хэрэглэгчийн эрхийг дээрдүүлэх шаардлага байхгүй. Боломжгүй заалт байна.

Хүч хэрэглэсэн гэдгийг бие мах бодид заавал физик үйлчлэл очихыг хэлдэг гэх Улсын дээд шүүхийн тайлбар яриад байна. Гэхдээ хүч хэрэглэх гэдгийг заавал явцуу тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэг талын хүсэл зориг байна. Нөгөө талд хэрэглэгчийн хүсэл зориг байгаа. Гомдол гаргагч нь гэрээний чөлөөт байдлын зарчим их ярьдаг. Гэтэл гэрээний тэгш байдлын тухай ярихгүй байна. Хэрэглэгчийн санал бодлыг харилцан тохиролцох талаар тусгахгүйгээр манайх шинэчлэл хийж байгаа шууд солино гэж тулган шаардсан мэдэгдэл хийгээд багц сольсон нь хүч хэрэглэсэн үйлдэл болж байна. Хэрэглэгч нь ямар ч өөрийн эрхээ хангах ямар ч боломжгүй байсан.

Бид нар мэдэгдсэн. Сонин радио, хэвлэл мэдээлэл гээд байгаа. Тэр ч бүү хэл мессеж явуулсан гэдэг боловч яг ямар мэдэгдэл болон ямар мессеж явуулсан тэр талаараа хангалттай ярьсангүй. Ийм ийм багц сонгоорой, сонгохгүй бол ийм хугацаанд шинэчлэл хийнэ гэдэг мэдээлэл өгсөн байгаа болохоос биш энэ багц нь ийм давуу талтай. Үүгээр ингэнэ тэгнэ гэсэн зүйл байхгүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2-т заасан авах гэж байгаа бараа үйлчилгээний талаар мэдээллийг бүрэн хангагдаагүй гэж үзээд байгаа. Тэр мэдээллийг нь гомдол гаргагч нь хэрэглэгчдээ өгч чадаагүй байна. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа үндэслэл болоод байна. Шийтгэлийн хуудас оногдуулсан гол үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2.3-д заасан заалт. Гэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад мэдээлэл авах эрх, өөр бусад хэрэглэгчийн эрх хөндөгдсөн байна. гэв.

Гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн 3-д зааснаар М ххк -д 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг прокуророос хянаад хэвээр үлдээсэн болно.

Гомдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг нээх тогтоолд ...хэрэглэгчийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа тул бичсэн нь үндэслэлгүй гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ гэж хуульчилсан. Энэ нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах үндэслэл ба харин зөрчил ил тодорхой тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шууд шийтгэл оногдуулах ойлголт юм.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж тогтоох, шаардлагатай учраас хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээн, тогтоолд хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж бичсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн зөвхөн таамаг төдий, урьдчилан дүгнэж, шийтгэл оногдуулсан гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд нотлох баримтад хамаарах зүйлүүдийг тусгаж өгсөн ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж эрх бүхий албан тушаалтан үзсэн байна. Гомдол гаргагч гомдолдоо төрийн хяналт шалгалтын хугацааг хэтрүүлэн шалгасан талаар дурджээ. Гэтэл бид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргасан асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдлыг хэлэлцэж байгааг дурдмаар байна.

Зөрчлийн хэргийг нээхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд ажлын 3 хоногт шийдвэр гаргах талаар тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн, байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн, мөн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийдвэр гаргахаар тодорхой хуульчилж өгсөн.

Эрх бүхий албан тушаалтан төрийн хяналт шалгалтын явцад зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй, хуулийг зөрчөөгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж хуульчилсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн 3-д зааснаар М ххк корпораци ХХК-д 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээх саналтай байна. гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Гомдлын шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Би 15-16 жил М ххк корпораци ХХК-ийн дугаарыг ашиглаж байгаа. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдсон учир хариуцагч талын байр суурийг дэмжиж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн, хэрэглэгчдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэсэн үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй гэж, хариуцагчаас багц хооронд шилжүүлэхдээ өөрт байгаа хүч чадлынхаа илүүг ашигласан, хэрэглэгчдийн саналыг аваагүй, мэдээллээр хангаагүй, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэж тус тус маргажээ.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хариуцагч маргаж буй шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлээ зөвхөн хүч хэрэглэсэн зөрчил гаргасан гэж үзэж шийтгэлийн хуудас гаргасан гэж тодруулсан болно.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дараахь зарчмыг баримтална гээд 4.1.1-д зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, 4.1.2-т хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, 4.1.3-д хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх гэж тус тус заажээ.

Дээрх хуулиудын үзэл баримтлал болон зарчмаас дүгнэвэл аж ахуйн нэгжээс хэрэглэгчийг хохироосон, хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, хүч хэрэглэсэн, буруу мэдээллээр хангасан, мэдээлэл авах боломжийг хязгаарласан үйлдэл, эс үйдэхгүй гаргасан тохиолдолд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой байна.

Гэтэл гомдол гаргагчаас хэрэглэгчийн өмнө хэрэглэж байсан ярианы багцуудыг шилжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэж, уг үйл явцын талаар хэрэглэгчийн гар утсанд цахим шуудан илгээж, өөрийн цахим хаягт байршуулж, мөн өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонины 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт мэдээлэл байрлуулжээ.

Тухайн мэдээлэлд: Хуучин багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох талаар, багц шинэчилсэн хэрэглэгчиддээ 3 төрлийн урамшууллаас сонгох боломжийг, багц сольж амжаагүй хэрэглэгчийг 2019 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй хамгийн ойр дүнтэй шилжүүлэхийг анхааруулжээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний /20026270 дугаар/ 4 дүгээр зүйлийн 4.3-д Үйлчилгээ үзүүлэгч нь зах зээлийн нөхцөл байдал, төрийн байгууллагын шийдвэрийн улмаас үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ тохиолдолд хэрэглэгчид ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө дараах хэлбэрийн аль нэгээр мэдэгдэнэ. Үүнд:

4.3.1-д Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад боломжид сувгаар /утас, факс, цахим хуудас/, 4.3.2-т Үйлчилгээний салбар болон вэб хуудас гэжээ.

Мөн гэрээний 4.4-д хэрэглэгч нь ийнхүү мэдэгдсэнээс хойш өөрчлөгдсөн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх эсэх ажлын 10 хоногийн дотор мэдэгдээгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн саналыг буюу нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын өөрчлөлттэй танилцаагүй, мэдээгүй нь төлбөр төлөх үүрэг болон бусад үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.

Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг хэрэглэгчийн өмнө хэрэглэж байсан ярианы багцуудыг шинэ үйлчилгээнд шилжүүлэхдээ хүч хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь гомдол гаргагчаас үйлчилгээний чанарыг сайжруулах, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор хэрэглэгчиддээ дээрх үйлчилгээг санал болгож, мэдээллийг боломжид бүх хувилбараар хүргэж, товлосон хугацаанд багцаа солиогүй хэрэглэгчийг шинэ үйлчилгээний хамгийн ойр дүнтэй багцад шилжүүлснийг хүч хэрэглэсэн, хүч чадлынхаа давуу байдлыг ашигласан гэж хариуцагчаас зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал гомдол гаргагчаас шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжийг хэрэглэгчиддээ бүрэн хангалттай байдлаар хүргэсэн, хэрэглэгч тухайн мэдээлэлтэй танилцаагүй, судлаагүйд гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тогтоосон хугацаанд багцаа солиогүй хэрэглэгчийг дээрх мэдэгдэл, гэрээнд заасны дагуу шинэ багцад шилжүүлснийг зөрчил гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нөхцөл таалагдаагүй, эсхүл хохиролтой гэж үзсэн тохиолдолд ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг бусад үүрэн холбооны оператор компаниудаас сонголт хийх боломжтой бөгөөд гомдол гаргагчаас хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй, хүч хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Монгол хэлний их тайлбар тольд хүч хэрэглэх гэдгийг хүч чадлынхаа илүүг ашиглах гэж тайлбарласан байх боловч хууль зүйн утгаараа Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн иргэдийн төлөөлөгчөөс шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч шүүх дээрх үндэслэлүүдээр түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Иймд гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12.9, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ш.Ц улсын байцаагч Д.О нарт холбогдох хэргийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нарын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА