| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0798/З |
| Дугаар | 221/МА2026/0093 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0093
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0899 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0798/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0899 дүгээр шийдвэрээр: Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.7, 8.2 дугаар зүйлийн 3.3, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. ...шүүхийн шийдвэрт Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “захиалагч барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалт “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” зэрэг хуульд заасан тодорхой нөхцөлүүдийг үндэслэн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй нь хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10 дугаар заалтад Засгийн газар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг батлах эрх олгосон ба уг эрхийн хүрээнд 2021 оны 213 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг баталсан байна. Уг дүрмийн 7.2 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжид Барилгын ажлын зөвшөөрөл нөхөж олгохыг хориглосон байх тул шүүхийн шийдвэр буруу гэж үзэж эс зөвшөөрч байна.
3.3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд нөхөж олгохыг хориглосон зохицуулалтыг хуулийн хүчин төгөлдөр биш гэж үзэж байгаа нь ямар нэг эрх зүйн актаар тодорхойлогдоогүй гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0899 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага болон бодит үүссэн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ..., 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж тус тус заасантай нийцээгүй байна.
4. Учир нь анхан шатны шүүх дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан дүгнэлт хийлгүйгээр “...нэхэмжлэгчийн барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хариуцагч хүлээн авсан боловч түүнийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхигдуулсан, хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаанаа ...барилга угсралтын ажлаа эхлүүлсэн байсан тул нөхөн олгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна, …хариуцагч тухайн татгалзаж буй үндэслэл, нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэйг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан, захиргаа энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх ба нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд барилга угсралтын ажлаа эхэлсэн байсан эсэхийг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
5. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг болох барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 1264/2025 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл-ээр тус тус батлагдсан. ...Нэхэмжлэгч компанийн зүгээс Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд тус тус заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл авахаар шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрдүүлэн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/2025-183 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг тус тус зөрчсөн хууль бус эс үйлдэхүй...” гэж,
Хариуцагчаас “...барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахаар бол барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл хуульд заасан хугацаагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоор байтал холбогдох зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажиллагаа явуулсан, ...барилга байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй талаар “Э” ХХК-ийн төлөөлөлд биечлэн мэдэгдсэн ба албан бичгээр хариу авах шаардлагагүй гэсэн тул албан бичиг төлөвлөж өгөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхээс эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулж, холбогдох баримтыг цуглуулж дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
6. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна гэж, 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана, 28.2.1-д барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, 28.2.2-т барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт; 28.2.3-т зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 28.2.4-т байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, 28.2.5-д гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах гэж, 28.3-т Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана, 28.4-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана, 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно, 28.6-д Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно гэж тус тус заажээ.
7. Хариуцагчаас 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хавсарган ирүүлсэн баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газарт ирүүлсэн гэх 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болон 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий 2 хүсэлт авагдсан, мөн тус хүсэлтэд дээрх хууль, журамд зааснаар шаардагдах баримт бичгийг хавсаргасан эсэх, нийт хэдэн хуудас, ямар баримт бичгийг хавсаргасан талаарх мэдээлэл байхгүй, мөн хариуцагч байгууллагын хүсэлтийг хэзээ хүлээн авсан бүртгэл тодорхойгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдээс хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж хэзээнээс эхлэн тооцож маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхой бус байна.
8. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болон 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий хүсэлтүүдийн яг аль хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буйг тодруулах, мөн тус хүсэлтдээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргахаар заасан холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэт хавсаргасан эсэх, хариуцагч захиргааны байгууллагаас хэдний өдөр тус хүсэлтийг хавсралт хэдэн хуудас баримт бичгийн хамт хэрхэн хүлээн авч, эрх бүхий ямар албан тушаалтан тус хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ямар албан тушаалтанд хэзээ, хэрхэн мэдэгдсэн талаарх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулж, талуудын маргаж буй дээр дурдсан үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.
9. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус эсэхийг тогтоохын тулд хариуцагч захиргааны байгууллагын холбогдох баримтуудад бичиг баримтын үзлэг хийж дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулах шаардлагатай. Энэ нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд зайлшгүй хийх шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байх атал анхан шатны шүүхээс дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулалгүйгээр шаардлагатай баримтууд хэрэгт авагдсан хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөвтгөж, хэвээр нь үлдээх үндэслэлгүй байна.
10. Хэдийгээр хариуцагчаас хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэж маргаагүй хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хүсэлтийг хүлээн авсан мэргэжилтэн судалж үзээд барилгын ажлыг эхлүүлсэн байсан тул зөвшөөрлийг олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан, ...энэ талаарх баримтыг тухайн хариуцсан хэлтсээс одоогоор надад гаргаж өгөөгүй, тодруулах боломжтой” гэж, нэхэмжлэгчээс “...2025 оны 07 дугаар сарын 30-нд хүсэлтээ өгөх үед барилгын ажлаа эхлүүлээгүй байсан бөгөөд хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байсан тул 2025 оны 08 дугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн, ...одоо барилгын ажил 20 орчим давхар дээрээ явж байгаа...” гэж тус тус зөрүүтэй байдлаар тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд хүсэлт гаргах үед бодит байдал дээр барилга ямар шатандаа явж байсан, одоо ямар шатанд явж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.
11. Учир нь дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдалтай холбоотой аливаа баримт хэрэгт авагдаагүй байгаа энэхүү тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн тус хүсэлт нь хууль ёсны эсэхэд дүгнэлт өгч, хариуцагч захиргааны байгууллагад “...барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулах”-ыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.
12. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч талаас “...Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.5-д Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан ба гомдол гаргагч компанийн хүссэн барилгын ажлын зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.3.3-т заасны дагуу энгийн зөвшөөрөлд хамаарахаар байх тул хуулийн дээрх зохицуулалтаар зөвшөөрөл олгосонд тооцохоор байна, …213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2 дахь заалтыг баримтлан татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй...” хэмээн маргаж буйг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
13. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох” асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Барилгын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, харин Зөвшөөрлийн тухай хуулиар ерөнхийлөн зохицуулалт хийсэн байх тул маргаан бүхий энэхүү тохиолдолд Барилгын тухай хуулийг баримтлах нь зүйтэй тул “…хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй учир зөвшөөрсөн гэж үзээд барилгын ажлаа эхлүүлсэн, одоогоор барилгын ажил 20 орчим давхар явж байгаа, … Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7.2 дахь заалтыг баримтлан татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй” гэх тайлбарыг үндэслэн уг маргааныг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь холбогдох баримтын хүрээнд шүүхийн шийдвэрээр тогтоогдох учиртай.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” бол гэж заасны дагуу нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0899 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН