Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Насанд хүрээгүй хохирогч О.Нямбаяр,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч А.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Аюурын Баясгаланд холбогдох эрүүгийн 201619000710 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1973 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2 , ээжийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар Бургасын 2-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 7 сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн Бүүвэй овогт Аюурын Баясгалан /РД:НМ73021516/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Баясгалан нь ялтай байх хугацаандаа Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Бургастын 3-1 тоот хашаанд 2016 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө О.Нямбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч А.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А.Баясгалан миний бага охиныг авч суусан. Тэдний дундаас нэг хүүхэд гарсан. Гэхдээ албан ёсны баталгаатай гэр бүл биш. А.Баясгалан архи их уудаг. Уусан үедээ агсам согтуу тавьдаг. Миний охиныг байнга зовоож дарамталдаг. Хэрэг гардаг орой хохирогчийг яах аргагүй Баясгалан цохисон. Гомдол саналтай байна эмчилгээний төлбөрт 300000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг орой А.Баясгалан ах орж ирээд үгийн зөрөөгүй намайг цохиж зодсон. Би Баясгалан ахыг гараар нь таньсан. Гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

 

ХЭРЭГ БҮРТГЭЛТЭНД

            Гэрч О.Нямгэрэл хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 10-11 шилжих шөнө унтаж байхад шөнийн 03 цагийн үед ээж хаалгаа гээд манай дүү Нямбаяр гэрийн хаалга цохисон. Тэгээд ээж босоод хаалга онгойлгоход Нямбаяр Баясгалан намайг зодчихоод зугтаачихлаа гэсээр нүүр ам нь цус болчихсон, уруул нь хавдсан байдалтай гэрт орж ирсэн.Тэгээд ээж бид хоёр Нямбаярын нүүр амыг нь цэвэрлээд гэртээ унтуулсан. Манай дүү О.Нямбаяр гэрийн хажуу талын богоончигт унтаж байсан. Нямбаяр эхлээд шүд уначихсан байна гээд эхлээд тэгж байснаа дараа нь хөдөлсөн байна гэж байсан. Нямбаяр эмнэлэгт үзүүлээд гарч ирэхдээ 5 оёдол тавиулсан гэж байсан. А.Баясгалан бид хоёр 2015 оны 04 дүгээр сараас эхлэн гэр бүл болно гээд нэг гэрт орсон. Тэгээд таарч тохирохгүй болохоор ирэн очин байдаг. Би энэ  оны 07 дугаар сарын 08 өдөр төрсөн бөгөөд нялх хүүхэдтэй болохоор хамт амьдрах гэсэн боловч А.Баясгалан архи уугаад агсам тавиад байхаар нь гэртээ орчихсон юм. Тэгээд тэрнээс болоод А.Баясгалан над руу уурласан уураа манай дүүд гаргасан байх. Мөн өмнө нь Баясаа энэ Нямбаяр өдий насны болчихоод аижл төрөл хийгээд эхийгээ аваад явчихмаар юм. Зүгээр тамхи татаад байж байх юм аа гэж хэлж байсан. Хэрэг гарсны дараа Баясгалан өөрөө надад танай хүргэн танай хүргэн Доржоо өдөр нь Нямбаярыг хайгаад яваад байсан зодсон байлгүй гэж байсан. Тэгэхээр нь би Доржоо ирэхийн хувьд өдөр ирсэн гэж Баясгаланд хэлсэн. Угаасаа тухайн өдөр Нямбаяр төмсний ажил хийж байгаад орхиод явчихсан Доржоо ах хайгаад гэрээр хэд хэдэн удаа ирсэн. Гэхдээ Нямбаяр өөрөө Баясгалан зодсон гээд байгаа юм чинь Баясгалан л зодсон юм байлгүй” гэсэн мэдүүлэг /хх-17 тал/,

           

            Гэрч М.Улам-Өрнөх хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ..2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баясгалангийн гэрийн гадаа Цэнхэрээ ах бид гурав 2,5 литрийн Боргио пиво 2 савыг 17 цагийн орчимд хувааж уугаад Баясгалан, Цэнхэрээ хоёр Цэнхэрээ ахын төмсийг ачина гээд баруун гээд үлдсэн. Би хонио хашихаар явчихаад буцаад ирэхэд тэр хоёр байхгүй байсан. Тухайн үед Баясгалан өөрийнхөө гэрт амьдарч байсан. Тэр орой бид хоёр тааралдаагүй. Дээд талаараа хар савхи, цоохор олон кармаатай өмд, хар хромон гуталтай байсан. А.Баясгалан тэр шөнө хэдэн цагт манай хадам ээжийн хойд талын байшинд  орж унтсаныг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өглөө тэр байшинд унтаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-20 тал/,

 

            Гэрч А.Отгонжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би тухайн шөнө Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах ээжийнхээ гэрт ээж, нөхөр, 2 хүүхэд эгчийн хүүхдийн хамтаар хоносон. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны орой манай нөхөр Улам-Өрнөх ирэхгүй удаад би 23 цаг 30 минутын орчим болтол нөхрөө унтахгүй хүлээсэн. Тэгж байтал манай нөхөр 00 цагийн үед ганцаараа орж ирсэн. Тэгээд удалгүй араас нь хүн гутлаа чирээд гэрийн үүдэнд байдаг амбаарын хаалга хэд хэд татаад гэрийн хойд талын байшин руу орсон. Баясгалан ах гутлаа чирээд явдаг учраас би тухайн хүнийг Баясгалан ахыг байна гэж бодсон. Маргааш өглөө нь би 07 цаг өнгөрч байхад сэрээд хойд талын байшинд ороход Баясгалан ах ээжтэй цай уугаад сууж байсан. Тийм болохоор манай Баясгалан ах гэрийн хойд талын байшинд тухайн шөнө хоносон гэж бодож байна. Тэгээд байж байхад Цэцгээ авгай ирээд ээж чинь байна уу миний дүү гэсэн. Тэгээд ээжтэй чинь уулзмаар байна гэсэн ээжийг дуудаад ээж уулзахад Цэцгээ танай Баясаа чинь шөнийн 03 цагт хүрч ирээд Нямбаярыг зодчихсон байна би цагдаад мэдүүлнэ гэж ээжид хэлсэн байсан. Тэгээд ээж маань манай нөхрийн хамтаар Баясгалан ахыг загначихаад Цэцгээгийн гэр лүү явсан. Тэгээд гэрт нь ороход Цэцгээ авгай харуулахгүй хашигчаад байсан гэж манай нөхөр хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-21 тал/,

           

            Гэрч Ш.Будрагчаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед манай хүргэн Улам-Өрнөх гэртээ орж ирсэн. Тэгээд удалгүй манай хойд талын байшингийн үүдэнд байдаг төмөр тачигнаад дуу гараад хүн орж байх шиг байсан. Тэгээд маргааш өглөө нь 06 цагт үхрээ саах гээд босоод манай хүүхэд А.Баясгалан ганцаараа унтаж байсан. Тэгээд үхрээ саагаад дуусаж байхад Баясгалангийн хадам ээж Цэцгээ намайг дуудаад манай хүүхэд Нямбаярыг Баясгалан зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь Улам-Өрнөхийн хамт очоод юу болсон талаар асууж тодруулаад юу болсон юм бэ? хүүхдийг чинь үзий гэхэд Цэцгээ та үздэг хардаг юм уу, эмч юм уу танд үзүүлэхгүй үздэг газар нь үзүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-23 тал/,

 

            Гэрч Т.Сүхбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “..А.Баясгалан 2016 оны 09 дүгээр сарын 10-ны орой харуй бүрий болж байхад орж ирээд хоол идээд гарсан. Бага зэргийн архи уучихсан байсан. Тухайн үед А.Баясгалан эхнэртэйгээ муудалцсан гээд хоёр гурван өдөр архи уусан байсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь цагдаа Бат-Эрдэнэ А.Баясгаланг хайгаад надаас ирж сураад явсан. Тэрнээс хойш хэдэн хоног А.Баясгалан үзэгдэхгүй алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-25 тал/,

           

            Гэрч А.Сүрэнцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  ..2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө О.Нямбаярын ээж манай гэрт орж ирээд А.Баясгалан манай Нямбаярыг гадаа богоончигт унтаж байхад нь шөнө зодчихоод явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дуу чимээ гарвал бид нар сонсмоор юм гэхэд хөнжлөөр нь дарж байгаад зодчихоод явсан байна гэж хэлж байсан. Мөн О.Нямбаяр 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зүгээр байсан бөгөөд 09 дүгээр сарын 11-ний өдөр А.Баясгалан шөнө намайг зодсон гээд манай гэрээр орж ирсэн бөгөөд намайг харахад шанаа нь хавдчихсан байсан. Г.Оюунцэцэгийн гэрт өдөр нь ах дүү нар нь ирээд байж байгаад оройдоо буцаад явцгаасан. Оюунцэцэг эгчийн гэрт охин Нямгэрэл нь 2 хүүхэдтэйгээ мөн О.Нямбаярын ах Туулай хүү нар хоносон өөр гадны хүн байгаагүй. А.Баясгалан Нямбаярын эгч Нямгэрэлтэй суусан. Тэрнээс өөр ямар харилцаатай талаар мэдэх зүйл алга байна. Энэ хоёрын хооронд өш хонзон өр зээл байдаг эсэхийг мэдэхгүй. Би Нямгэрэлтэй нээх юм ярьдаггүй. Харин Оюунцэцэг эгч манай гэрт орж ирээд А.Баясгалан, Нямгэрэл хоёр хоорондоо муудалцаад гээд ер нь ярьдаг юм. Одоогоос 10-аад хоногийн өмнө би ахындаа байж байхад А.Баясгалан намайг дуудсан. Тэгэхээр нь би яасан юм бэ? гээд гарахад би угаасаа Нямбаярыг зодоогүй Нямбаярын ах Доржоо Нямбаярыг хаа байна зодно гээд танай гэрээр ороод гарсан гэж манай эхнэр надад хэлсэн. Чи цагдаад очоод тэр талаар нь хэлээч гэж байсан. А.Баясгалан худлаа үнэн яриад хэргээ хүлээхгүй гээд гадуур яриа гаргаад яваад байгаа байхаа. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө Нямбаярын хүргэн ах Доржоо манай гэрээр орж ирээд Нямбаярыг хаашаа явсан талаар асууж байсан. Гэхдээ Доржоо бол Нямбаярыг зодох хүн биш байгаа юм. Харин А.Баясгалан архи уусан үедээ шөнө орой 00 цаг 01, 02 цаг болсон ч хамаагүй хаалга нүдээд байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-27 тал/,

 

            Гэрч  С.Адъяаболд хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:  Тухайн өдөр би төмсөө хураагаад байж байхад А.Баясгалан над руу яриад юу хийж байна гэхээр нь би төмсөө хурааж байна гэж хэлсэн. Тэгээд Баясгалангаас төмс ачиж өгөх хүн байна уу гэхэд надаас гадна нэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд би авахаар Баясгалангийн гэрт хүргэн Өрөвдөөгийн хамтаар пиво уугаад байж байсан. Тэгэхээр нь би 2.5 литрийн савтай пиво авч өгөөд хамт хувааж уугаад бүрэнхий болоод хүргэн нь хонио хашина гээд явсан. Тэгээд байж байтал манай эхнэр, хадам аав хоёр ирээд төмс ачих оройтлоо гэж хэлээд намайг аваад Баясгаланг манай хадам загнаад үлдээгээд явсан. Би Баясгалангаас 20 цагийн орчим салсан байхаа тухайн үед яг харанхуй болох гэж байсан. А.Баясгалан тухайн өдөр гайгүй согтолттой байсан бөгөөд ямар хувцастай байсныг огт ажиглаагүй. Бид нар хашааныхан хойд талд уусан бөгөөд тухайн үед эхнэр нь байгаагүй байхаа. Баясгалангийн хүргэн мөнгөөр юм хийдэг гээд дарханы тухай болон морины тухай ярилцаж байгаад салсан” гэх мэдүүлэг /хх-28/

 

Гэрч Н.Доржнямбуу хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ “Би тэр өдөр найз Төмөрчөдөрийн хамтаар Жаргалант сумын Бууралын 1-р баг рам гэх газар архи ууж байгаад шөнө 00 цагийн үед зам дээгүүр орилж явж байгаад сумын цагдаад байригдаад Цагдаагийн хэсэг дээр сууж архиа гаргаж байгаад шөнө 03 цагийн үед гэртээ харьж унтсан. Нямбаяр манай эхнэр Бүжинхүүгийн төрсөн дүү байгаа юм. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон, өр зээл байхгүй. Би Нямбаярыг зодуулсан талаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нямбаярын гэрийхнээс мэдсэн бөгөөд тэд нар Нямбаярыг өнгөрсөн шөнө гадаа богоончикт унтаж байхад Баясаа зодчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэр зодсон байна, яаж Баясаа гэдгийг мэдэж байгаа юм бэ гэж асуухад Нямбаяр өөрөө Баясаа ахыг таньсан Баясаа байсан гээд хэлж байна лээ гэсэн.  Би тэр шөнө цагдаа дээр байж байгаад гэртээ хариад унтсан. Тухайн үед Нямбаяр манай төмсийг хураах ажил хийж байсан. Надад Нямбаярыг зодох ямар нэгэн шалтгаан байхгүй. Тэр өдөр Нямбаяр төмсний ажил хийхгүй алга болчихоор нь ажилд авч явах гэж өдөр нь Нямбаярын гэрээр хэд хэдэн удаа очсон. Гэхдээ би шөнө орой Нямбаярын гэрээр очоогүй. Намайг Нямбаярын гэрээр очоогүй гэдгийг Төмөрчөдөр гэрчилнэ” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

 

Гэрч А.Төмөрчөдөр хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Тэр шөнө Доржнямбуу бид хоёр архи уучихсан Жаргалант сумын Буурлын 1-р багийн нутагт явж байгаад Доржнямбуугийн гэрт очиж унтсан. Бид 2 цагдаагийн хэсгээс 03 цагийн үед гараад шууд Доржнямбуугийн гэрт очиж хоносон. Тэрнээс өөр газар луу огт яваагүй” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

            -О.Нямбаярын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03 тал/,  

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,

-Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг бургастын 3-1 тоот хашаанд байрлах төмөр бүхээгт 2016 оны 09 сарын 11-нд шилжих шөнө О.Нямбаяр нь зодуулсан гэх хэргийн материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08 тал/,

-Нас тоолсон тэмдэглэл /хх-14 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12752 тоот актад

1.О.Нямбаярын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-32 тал/,

-Соронзон үелзүүрт томографийн оношлогоо /хх-35 тал/,

-гэмтэл согог судлалын үндэсний төв /хх-36 тал/,

-хохирлын баримт /хх-37-38 тал/,

-Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний 1167 дугаар албан бичиг /хх-51 тал/,

-Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-54 тал/,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоол /хх-56-58 тал/,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол /хх-60-61 тал/,

-согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-69 тал/,

-Илтгэх хуудас /хх-70 тал/,

 

            -А.Баясгалангийн 2016 оны 10 сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх-45 тал/, 2016 оны 10 сарын 20-ны өдөр яллагдагчаар /хх-49 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            -А.Баясгалангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 7 сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа  /хх-74 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч А.Баясгалан нь ялтай байх хугацаандаа Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Бургастын 3-1 тоот хашаанд 2016 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө О.Нямбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Нямбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нямгэрэл, М.Улам-Өрнөх, А.Отгонжаргал,Ш.Будрагчаа, А.Сүрэнцэцэг, Н.Доржнямбуу нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг бургастын 3-1 тоот хашаанд байрлах төмөр бүхээгт 2016 оны 09 сарын 11-нд шилжих шөнө О.Нямбаяр нь зодуулсан гэх хэргийн материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-08 тал/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №12752 дугаар акт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч А.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Баясгалан нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд ялтай байх үедээ гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч А.Баясгалан нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч А.Баясгаланд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт “энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан журмаар ялыг хооронд нэгтгэхдээ биечлэн эдлэх ялын хугацааг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй”  гэж заасныг баримталсан болно.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч О.Нямбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын төлбөрт 300000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан шатахууны зардалын 30000 төгрөг, эмчилгээний зардалын 150000 төгрөгийн баримт тус тус авагдсан байх тул шүүгдэгч А.Баясгалангаас 180000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэгт олгох нь зүйтэй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй 120000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Баясгалан нь 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь  зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бүүвэй овогт Аюурын Баясгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар А.Баясгаланг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 сарын баривчлах ялыг А.Баясгаланд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн А.Баясгалангийн бүгд эдлэх ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Баясгаланд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан А.Баясгалангийн урьдчилан цагдан хоригдсон 1  хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар эмчилгээ, унааны зардал 180000 төгрөгийг ялтан А.Баясгалангаас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэгт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэгийн нотлох баримтын шаардлага хангаагүй 120000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

         8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Баясгаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ