Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00461

 

“А Б” ХХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01377 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2061 дүгээр магадлалтай,

“А Б” ХХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

“О” ХХК, Ц.Д, С.С нарт холбогдох

264,603,779.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “А Б” ХХК-ийн эрх хүлээн авагч нь “О” ХХК, Ц.Д, С.Снарт холбогдуулан 264,603,779.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01377 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Д, С.С, О ХХК нараас 264,603,779.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Бны Эрх хүлээн авагчид олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Дийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 104 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 402 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч О ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 0000000000 дугаартай, 2016 онд 15 жилийн хугацаагаар олгогдсон 134 м.кв газрын тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Д, С.С, О ХХК нараас 1,551,168 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2061 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 551 168 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль зөрчсөн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч “А Б” ХХК-д хариуцагч Ц.Дийн өмчлөлийн 763,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ү-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үйлдвэрчний эвлэлийн гудамж, 104 тоот хаягт байрлах 402 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч “О” ХХК-ийн эзэмшлийн 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын бүртгэлийн 0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 4а байрны зүүн талд байрлах 134 м.кв газар зэрэг нийт 833,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, нэхэмжлэгчээс 245,000,000 төгрөгийг жилийн 22.20 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлж, 2018.12.21-ний өдөр 2107005276 тоот зээлийн гэрээ, 2107005276 тоот барьцааны гэрээг байгуулсан байдаг. Хариуцагч нар гэрээний дагуу хүлээсэн үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлж, зээлийн төлбөрт 45,387,029.98 төгрөгийг төлж байсан боловч цартахал дэгдсэнтэй холбоотой улс оронд үүссэн урьдчилан тааварлашгүй, давагдашгүй нөхцөл байдлын улмаас эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн. Нэхэмжлэгч “А Б” ХХК-д нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж, хойшлуулж өгөх хүсэлтийг хариуцагч нарын зүгээс гаргаж байсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Давж заалдах шатны шүүх “...талууд зээлийн гэрээний 1.9, 1.10-т зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй...” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “А Б” ХХК нь улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн гэрээг дангаар цуцалж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөх гэрээний хугацаа болоогүй байхад нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг хоёр шатны шүүх ханган шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 264,603,779.17 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагад нь иргэний хэрэг үүсгээгүй атлаа хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 264,603,779.17 төгрөг гаргуулж “А Б”-ны эрх хүлээн авагчид олгож, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно. Түүнчлэн хоёр шатны шүүх хариуцагч нарын өмчлөл, эзэмшлийн 833,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, 264,603,779.17 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зээлдэгч нарын эрх ашгийг зөрчсөн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх хүрээнд хэргийг хянан хэлэлцээд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “А Б” ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч “О” ХХК,  Ц.Д, С.Снарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 264,603,779 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар 50,968,380 төгрөгийг буцааж төлсөн, цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсон, төлөлт хийх хугацааг сунгуулахаар А Бинд хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй, гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 239,382,358 төгрөг, хүү 25,187,691 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,728 төгрөг нийт 264,603,779 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар заахдаа Иргэний хуулийн 451, 156, 157, 174, 175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018.12.21-ний өдрийн зээлийн гэрээгээр “А Б” ХХК нь 245,000,000 төгрөгийг, жилийн 22,20 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, хариуцагч нар зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлд Ц.Дийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “О” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалсан, зээлдэгч нар нийт 45,387,029.98 төгрөгийг төлсөн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр,  зээлдүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, хугацаа тогтоож байсан ч хариуцагч нар төлбөрийг төлөөгүй болох нь нотлогдсон талаарх шүүхийн хууль зүйн  дүгнэлт зээлийн гэрээний 5.2.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцжээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...цар тахал дэгдсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа доголдсон тул зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргасан байхад банк шийдвэрлээгүй байдалд шүүх дүгнэлт хийгээгүй, гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад банк гэрээг дангаар цуцалсан нь үндэслэлгүй, шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн нэг шаардлагад үүсгэсэн атлаа хоёр шаардлагаар шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нь зээлийн төлөлтийг хойшлуулах талаар А Бинд хандсан гэх байдлыг баримтаар нотлоогүй. Хариуцагч нар 2019.10.20-ноос хойш төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс үүрэг биелүүлэх хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй, нэхэмжлэгч гэрээг цуцалж 2020.03.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэл хариуцагч нар 76,452,583 төгрөгийг төлөхөөс 45,387,029 төгрөгийг төлж, 31,065,554 төгрөгийн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн” бол гэрээг цуцална гэж зааснаар гэрээг цуцлах үндэслэл бий болсон, үүнээс хойш хариуцагч нар төлөлт хийгээгүй тул гэрээг цуцлахгүй гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Зээлийн гэрээний 1.9, 1.10-т зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон буюу үүргийг хэсэгчлэн биелүүлэх хугацааг тохирсон тул гэрээний ерөнхий хугацаа дууссан эсэхээс үл хамаарч, хариуцагч дээрх хугацаанд үүргээ биелүүлэх, үүргээ зөрчвөл нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой байна.

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ /хх-33/ зээлийн үүрэг хангуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн хэдий ч нэхэмжлэлд 2 шаардлага тусгагдсан, талууд нэхэмжлэлийн бүх шаардлагад мэтгэлцсэн учир энэ нь шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй, давж заалдах шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэжээ. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/01377 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2061 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 1,552,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД