Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

             Улсын яллагч Ц.Нэргүй,

             Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ******* ******* холбогдох 2326000000147 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

             Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, овогт ******* ******* /РД:*******/.        

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц О.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн малын бэлчээрийн асуудлын улмаас маргалдан улмаар гараараа толгойн тус газар нь 1 удаа цохиж, нүүр тус газар нь мөргөн унагасны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, хохирогч ын “Тус өдөр саахалт айл О.*******ын малтай манай мал нийлсэн байхаар нь малаа салгачихаад явж байсан чинь араас О.******* мотоциклтой хүрч ирээд хурга яасан гээд надаас мал нэхээд намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь шилбүүрийн модоор цохисон. Тэгээд намайг мотоциклоос буух гэж байхад ирээд цохих шиг болсон. Тэрнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд газар унасан байсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Гэртээ ирсэн хойно араас ирээд хэрүүл өдөөд чаддаг юм бол чи намайг алаадах гээд байсан. Тэгэхээр нь би шууд гэр лүүгээ яваад орсон. Эхнэр Долгормаа *******тай хэрэлдэж байгаад явуулсан юм шиг байна лээ. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн асуудал дээрээс өмнө нь хэд хэдэн удаа хэрэлдэж л байсан.” гэсэн мэдүүлэг /хх-6/, гэрч “...2023 оны 05 дугаар сарын 14-ний өглөө манай нөхөр хониндоо яваад 11 цагийн үед гэртээ ирэхдээ хамраас нь цус гарсан, дух нь хавдчихсан, хувцас нь цус болчихсон ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад *******тай зодолдсон гэсэн. Тэгэхлээр нь цусыг нь угаах гээд ус хийгээд байж байтал ******* хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр Амаржаргалтай барилцаж авахаар нь би дундуур нь ороход тэр хоёр салаад ******* мотоцикл дээрээ мордоод яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-23/, гэрч “...2023 оны 05 дугаар сарын 14-ний өглөө манай нөхөр ******* малдаа яваад ирэхдээ хамраас нь цус гарсан, дээл нь цус болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Амаржаргалтай муудалцаад зодолдсон гэсэн. Малын бэлчээрийн асуудлаас болж муудалцсан юм шиг байсан. Өмнө нь хоорондоо зодолдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-27/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “...Үзүүлэгч ын биед баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн 263 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-33-34/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

            Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Энэ хэргийн улмаас хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч О.******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч овогт ******* *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

 Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ******* *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ******* *******ыг  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР