| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/128 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* холбогдох 2326001760153 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа түүхий эдийн газарт ажил эрхэлдэг, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн, ******* сумын 11-р багийн 118-04 тоотод оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд багтааж 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт Энхбаяр, /регистрийн дугаар *******./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн орчимд иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун хөл рүү нэг удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “баруун шилбэний ясны бяцарсан хугарал, зүүн шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, хохирогч ******* “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнс барааны захын гадна ачаа буулгаж өгөөд ядраад байхаар нь дэлгүүр ороод "Хараа" гэх нэршилтэй 200 граммын архи аваад ганцаараа уучихаад Миний сүлжээ дэлгүүрийн хойд талын будаа гурил зардаг контейнерын дэргэд явж байхад Баяраа гэх залуу хүрээд ирэхээр нь тоглоом хийгээд ачаанд орох уу, өмнө ачаа зөөдөг байсан байж гээд тоглоом хийгээд зууралдаад цэнхэр амбаарын урд хавсрах гэж байгаад миний хөлийг өшиглөөд газар унасан. Тэгээд намайг унагаачихаад Баяраа цаашаа явсан. Би босож чадахгүй байхаар нь Баяраа гэж араас нь дуудахад Баяраа сонсолгүй яваад өгсөн. Удалгүй ******* ах ирээд босооч гэхээр нь миний хөлийг Баяраа ийм болгочихлоо түргэн дуудаад өгөөч гэхэд ******* ах түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Бид хоёр 3 жилийн өмнөөс эхэлж танилцсан, найз нөхдийн холбоотой грүшиг хийдэг байсан. Ээж нь бид хоёрт хоол цай хийж өгөөд нэг нэгийгээ сайн таньдаг юм. Тухайн үед хэрүүл маргаан үүссэн асуудал байхгүй, зодоон цохион хийгээд нэг нэгнийгээ тоглоод миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/, гэрч ******* “...Би хүү Болдбаатарын хамт хоёулаа амьдардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өглөө хүү Болдбаатар гэрээсээ 07 цаг өнгөрөөгөөд гарсан. Өглөө бүр 07 цаг өнгөрөөгөөд зах руу гардаг юм. Зах дээр ажил олдвол грушиг хийдэг. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орой гэртээ ирж хоноогүй, утсаар ч яриагүй. Манай хүү гар утасгүй болохоор утсаар яриад байдаггүй юм. Согтуу байсан ч гэртээ ирж хонодог хүүхэд байгаа юм. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн үдээс өмнө Баяраа гэх хүүхдийн ээж Цэнд гэх хүн манай гэрт ирээд танай хүүгийн хөл хугарчихсан эмнэлэгт хэвтэж байна гэнэ. Манай хүү Баяраатай тоглож байгаад унасан гэнэ. Бид нар сая л мэдлээ, танд хэлэх гэж ирлээ гэж хэлсэн. Хоол цайг нь бид нар зөөе, та битгий санаа зов гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө эмнэлэг рүү яваагүй. Болдбаатарыг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд ороход нь очсон. Болдбаатар надад Баяраа бид хоёр тоглож байгаад намайг тонгорчихсон юм гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Би хажууд нь байгаагүй учраас ямар асуудал болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/, гэрч Б.*******ийн “...Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Төв захын баруун талд явж байхад Миний сүлжээ дэлгүүрийн хойд талд засмал замын хажууд ачаа зөөдөг Болдбаатар хэвтэж байхаар нь очсон. Баруун хөл нь гэмтсэн хэвтэж байхаар нь эмнэлэг рүү дуудлага өгсөн. Болдбаатар нь ачаа зөөж өгдөг хүн байгаа юм. Баяраа гэдэг залуу хөл ийм болгосон гэж хэлсэн, өөр юм хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаартай “...******* биед баруун шилбэний ясны бяцарсан хугарал, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ..” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-25-р хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хүнс барааны захын “Сангийн далай” хүнсний дэлгүүрийн хяналтын камераас CD-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 345 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР