| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/00804/и |
| Дугаар | 184/ШШ2020/01640 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2020/01640
2020 05 14 184/ШШ2020/01640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж-1 тоот хаягт байрлах, “Ү” ХХК /рд:2693/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ү /рд:Л0389/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,423,469.15 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Г.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Энхбаяр, хамтран зээлдэгч Б.Ү нар 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Ү” ХХК-тай дугаар №2909004865 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд 6,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй буюу сарын 1.9 хувийн хүүтэй, жилийн 4.56 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй буюу сарын 0.38 хувийн хүүтэйгээр цалин барьцаалсан зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар 7,423,469.15 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлдэгч Л.Энхбаяр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан нь баримтаар тогтоогдсон. Иймд иргэн Б.Үд банкны холбогдох хууль журмын дагуу зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Зээлдэгч нь зээл төлөх сонирхолгүй, зээлийн гэрээ зөрчигдсөн, мөн зээлийг зориулалтыг буруу ашигласан тул иргэн Б.Үгоос зээлийн гэрээний дагуу төлөх 7,423,469.15 төгрөгийг гаргуулж “Ү” ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Үг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар төрсөн эх Г.Лхамсүрэн буюу намайг тогтоосон. Тэрээр дээрх мөнгийг зээлийн гэрээний дагуу аваагүй. Хамтран амьдрагч Л.Энхбаяр нь зээлж авсан бөгөөд Б.Үг гарын үсэг зураад өг гэж гуйсан гэсэн. Б.Ү нь юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгох чадваргүй хүн. Үнэндээ Б.Ү нь хүүхэд байх үеэсээ эхлэн сэтгэцийн эмгэгтэй, оюуны хомсдолтой, тархины өвчтэй хүүхэд байсан бөгөөд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдах чадваргүй юм. Уг зээлээс Б.Ү нэг төгрөг ч аваагүй, 5,000,000 төгрөг ч тоолох чадваргүй хүн юм. Мөн хамтран амьдрагч Л.Энхбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. “Ү” ХХК-аас Л.Энхбаярын зээлийн үлдэгдлийг төл гэж шүүхэд өгсөн. Би охин Б.Үтой хамт амьдарч байгаа бөгөөд сарын орлого бага тул бидний амьжиргаанд хүрэлцдэггүй. Би өөрөө тархины хавдартай болсон. Зээлийг нь төлөх чадваргүй гэсэн үг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ү” ХХК нь Б.Үд холбогдуулан зээлийн төлбөр 4,973,908.93 төгрөг, хүү 2,258,139.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 191,420.93 төгрөг, нийт 7,423,469.15 гаргуулахаар шаардаж, үндэслэлийг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Л.Энхбаяр нас барсан тул Б.Үгоос хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гаргуулна гэжээ.
Хариуцагч шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй, зээлийг авч хэрэглээгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч “Ү” ХХК нь Л.Энхбаяр, хариуцагч Б.Ү нартай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр №2909004865 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 6,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй буюу сарын 1.9 хувийн хүүтэй зээлдүүлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-14/
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, эсхүл гэрээ байгуулах үед хариуцагч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгоогүй гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6-д заасан үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлдэгч Л.Энхбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч, хариуцагч Б.Үгоос Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ. /хх-50/ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид байхаар заажээ.
Талуудын байгуулсан гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах тогтмол орлогоор төлөх, банк Л.Энхбаярын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Банк зөвхөн Л.Энхбаярын цалин орлогын хэмжээг үндэслэн зээл олгосон нь түүний харилцах болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-14-19/ Харин хамтран зээлдэгч болох хариуцагчтай холбоотой ямар нэг баримт зээлийн хувийн хэрэг авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтлөх, 2 дахь хэсэгт зээлийн хувийн хэрэг нь зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, зээлийн ашиглалт шалгасан материал, зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл зэрэг бүрдүүлбэртэй байхыг шаардсан. Улмаар Монголбанкнаас баталсан Өр, орлогын харьцааг тооцох аргачлал ёсоор иргэд хамтран зээл авах тохиолдолд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн нийт зээлийн сарын төлбөр, тэдгээрийн нийт татварын дараах сарын орлогыг ашиглан өр, орлогын харьцааг тогтоосны үндсэн дээр зээлдэгчид олгох зээлийн хэмжээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргах учиртай.
Түүнчлэн Л.Энхбаярын дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэсэн, зээлийг Л.Энхбаярын харилцах дансанд шилжүүлсэн, гэрээнд заасны дагуу түүний 2909004589 тоот данснаас зээлийн төлбөрийг суутгаж байжээ. Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч зээлийг хүлээн аваагүй, өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагчид зээлийн үүргийг хамааруулах боломжгүй.
Иймээс хариуцагч Б.Үүрийнтуяа нь зээлдэгч Л.Энхбаяртай ижил түвшний үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй тул “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Үд холбогдох 7,423,469.15 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг баримтлан “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Үд холбогдох 7,423,469.15 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,725.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН