Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Б.Мягмарсүрэн,

хохирогч, шүүгдэгч О.Гантулга,

шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарт холбогдох эрүүгийн 2215001040056 дугаартай 163/2023/0191/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бадрах овогт Ганболдын Дэмбэрэлдорж, Булган аймгийн Сайхан суманд 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, ОРА металл хязгаарлагдмал хувьцаат компанид дулааны оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эрэгтэй, РД: ГЗ92032412.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Оюун-Эрдэнийн Гантулга, ** аймгийн Батсүмбэр суманд 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, ** дугаар хорооны *** тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/726 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 25 настай, эрэгтэй, РД: НБ97103012.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Оргил" гэх амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Гантулгатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа биед нь халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Гантулга нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Оргил" гэх амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001040056 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Оргил" гэх амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Гантулгатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Гантулга нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Оргил" гэх амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн өгсөн: Тухайн шөнө Гантулга гэх залуу бид хэдийг гэртээ байж байхад гаднаас хашхирч орж ирээд манай найз Өнөрөөг алгадсан. Тэгээд Мягмарсүрэн яагаад эмэгтэй хүнийг алгадаж байгаа юм гэсэн. Тухайн үед гэрт Өнөрцэцэгийн нөхөр Анхаа, Ариунаа, манай эхнэр бид хэд байсан. Би эхнэртэйгээ гэртээ үлдсэн. Гадаа эмэгтэй хүмүүс муудалцаад хашхиралдаад байсан. Тэгээд манай эмэгтэйчүүд 20-30 орчим минутын дараа орж ирээд бүгдээрээ явъя гэхээр нь эхнэртэйгээ хамт гэрээс гарахад араас нэг залуу татаад авсан. Тэгэхэд нь би эргэж харах гэхэд дээлний бүсэн дээр гишгээд унасан. Тэгээд манай эхнэр намайг босгоод, тэр залууг өөр залуу аваад явсан гэх мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гантулгын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: Би тэр өдөр хоёр найзыгаа авах гээд очсон. Гэтэл Өнөржаргал утсаа хайгаад олохгүй байсан. Тэгээд хамт утсыг нь хайсан. Би нээх юм уугаагүй байсан. Өнөрцэцэг нэлээн муудсан байсан. Энэ залуу гаднаас шууд орж ирсэн. Би нар яг гэрээс гарах гэж байхад хаалган дээр тулаад яаж байгаа юм гээд Өнөрөөг шууд алгадаад авсан. Тэгээд гадаа гарч зодолдоод миний хамар хугарсан. Би өмнө нь хамрын хагалгаанд ороод сайн эдгээгүй байсан. 3.000.000 гаран төгрөгөөр хагалгаанд орсон. Одоо дахиад хагалгаанд орно тэрийгээ нэхэмжилнэ, энэ залуу дараа нь 2 дахь удаагаа буюу нуруу нь зүсэгдсэн байхдаа гэрт орж ирэхдээ шалан дээр халтирч унасан гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Г.Дэмбэрэлдоржийн үйлдсэн гэмт хэргийн талаар:

1. Хохирогч О.Гантулгын өгсөн: …Манай байрлаж байсан гэрийн ар талын гэрт хэсэг хүмүүс амарч байсан ба бид нарыг гэрээс орж гарах болгонд тэр гэрийн хэдэн залуус хэл амаар өдөөд байсан. Тэгээд орой 21-22 цагийн хооронд хойд гэрийн сааралт дээлтэй залуу надтай маргалдсан. Тухайн үед Билгүүн, улаан дээлтэй залуу хоёр салгасан, зодоон цохион болоогүй. Тэгээд удалгүй Энхжаргал гэрээс бие засахаар гарсан тэгсэн чинь хойд гэрийн залуус гадна байсан ба Энхжаргалыг “гичий, нохой, янханаа аваачээ” гээд орилоод байсан. Тэгээд л маргаан эхэлж  Алтан-Очир бид хоёр тэр залуучуудтай зодолдоод гурав дөрвөн залуучууд нь зугтаад явсан... Гэртээ орж ирээд сууж байтал Билгүүн чиний нуруунаас цус гараад байна гэхээр нь хувцсаа харахад дүүрэн цус болсон байсан. Тэгээд өөрсдийн машинаараа эмнэлэг явсан. …Нийт 6 оёдол тавиулсан. Миний бодлоор миний биед халдсан хүнийг саарал дээлтэй залуу гэж бодож байна. Ер нь тэр залуу л надтай анхнаасаа л маргалдаад байсан. …Намайг хутгалдаг залуу саарал өнгийн дээлтэй байсан. …Тухайн үед миний үүдэн нэг шүд маань хугарсан. Тухайн гэмтлийг хэн учруулсан гэдгийг би мэдэхгүй байна. Энэ шүдтэй холбоотой надад ямар нэг гомдол санал байхгүй. …Би 2022 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт байрлах Оргил гэх амралтын газарт амарч байхдаа хүмүүстэй маргалдаж хүнд хутгалуулсан. Тэгээд тэр өдрөө буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үүрээр Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж дээр өөрийн биеэр очиж хутгалуулсан шархандаа оёдол тавиулсан. Тэгээд тэндээ байж байгаад 10-аас 11 цагийн орчимд эмнэлгээс гараад Улаанбаатар хот руу найз нарын хамт хөдөлсөн. Тэгээд шууд Улаанбаатар хот руу ороод манай ах Тэмүүлэн намайг тосож аваад Цэргийн төв эмнэлэг ороод Орхон аймагт оёулсан нуруун дээрх хутгалуулсан шархны оёдлыг задалж, цэвэрлэн ах маань өөрөө шинээр дахиж оёдол тавьсан. Тэгээд би гэртээ хариад гэрээр эмчилгээ хийлгэж шархаа эдгээсэн. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-45, 54-55 дахь тал),

2. Гэрч О.Өнөржаргалын өгсөн: “...Тэгээд бид нар явах гээд байж байтал гаднаас танихгүй эмэгтэй орж ирээд шууд намайг баруун гараараа миний духны зүүн талын хэсэг рүү цохисон. Тэгээд би тэр хүүхэнтэй барьцалдаад гэрээс гартал тэр хүүхний нөхөр бололтой цээж нүцгэн өндөр залуу гарч ирээд намайг шууд цохиод авсан. Тэгтэл Мягмарсүрэн намайг цохисон залуутай эмэгтэй хүн цохилоо гээд барьцалдаад авсан. Гэтэл урд гэрээс 2 хүүхэн, гарч ирээд надтай 3 эмэгтэй ноцолдоод байсан...  Дэмбэрэлдорж саарал дээлтэй байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал),

3. Гэрч Х.Сарнайгийн өгсөн: “Арай содон хувцастай нь Дэмбэрэлдорж байсан ба саарал дээлтэй байсан, Эрдэнэчимэг улаан пиджактай, Өнөржаргал эрээн цамцтай байсан, Анхпүрэв хар цамцтай байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал),

4. Гэрч Д.Батаагийн өгсөн: “...Тэгтэл шөнийн 02 цагийн орчимд хүмүүс маргалдаад хашхиралдаад байхаар нь би босоод амарч байгаа хүмүүс дээр очтол хоёр тусдаа амарч байсан хүмүүс хоорондоо маргалдаж зодолдсон байсан. 1 дүгээр гэрт амарч байсан залуучуудын нэг нь нуруундаа дээрээс доош нь яригдсан байдалтай цус гарсан байсан. Тухайн үед нуруундаа зүсүүлсэн залуу “саарал дээлтэй залуу намайг ийм болгосон, олж ална” гээд хашхираад байсан. Тэгээд хүмүүс тарцгаасан. Тэгтэл төрсөн өдрөө тэмдэглэсэн эмэгтэй нэг найзтайгаа үлдэж гэрт үлдээсэн зүйлээ авсан. Тухайн эмэгтэй манай нөхөр маргалдсан. Тэгэхээр нь салгаад машиндаа суулгасан гэж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-99 дэх тал),

5. Гэрч А.Алтан-Очирын өгсөн: …Тэгээд орой 8 цагийн үед ард талын амралтын гэрт 20 гаран хүн ирээд Гантулга бие засах газрын хажууд маргалдаж байхаар нь очиж болиулсан. Тэгээд дараа нь манай гэрт танихгүй согтуу хүн орж ирээд маргалдаж байгаад гараад явсны дараа Гантулга гараад явсан. Удалгүй  гэрийн гадаа хүмүүс маргалдаж байхаар нь би гэрээс гараад харахад Гантулга руу дөрвөн залуу дайраад байхаар нь очоод салгаад Гантулгатай хамт гэрт нь оруулж өгсөн чинь гэр дотор байсан нэг залуу Гантулгатай барилцаж аваад байхаар нь би салгаж болиулаад гэр лүүгээ ороод байж байтал Гантулгын зүүн ард далан дээр нь цус болоод цамц нь сэмрээд нэлээн их цус гарсан байсан. Тэгээд тэр шөнөдөө эмнэлэг орж хоноод маргааш өглөө нь хотод ирсэн. …Гантулга зүүн гарын шуунаас тохой хүртэл том загасны шивээстэй баруун мөр дээрээ залбирсан гарын жижиг шивээстэй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

6. Гэрч Э.Нарангэрэлийн өгсөн: …тухайн өдөр буюу тэр зодоон болдог өдөр манай нөхөр Мягмарсүрэн хүмүүстэй зодолдоод хүмүүс бужигналдаж байхад тэр дунд нь Дэмбэрэлдорж байсан. Тухайн үед Дэмбэрэлдорж нь дээл өмссөн байсныг санаж байна. ...Манай нөхрийн хамрыг гэмтээсэн цээжин дээрээ шивээстэй залуу “тэр саарал дээлтэй залуу хаана байна, тэр саарал дээлтэй залуутай чинь учраа олмоор байна, хэн намайг хутгалсан бэ” гээд тэр саарал дээлтэй залууг хайгаад байсан. Тухайн үед хайгаад байсан саарал дээлтэй залуу нь Дэмбэрэлдорж байсан юм шиг байна лээ. …Тэр дунд ганцхан дээлтэй хүн байсан ба тэр нь Г.Дэмбэрэлдорж юм байна лээ”, ...Бид хэд төврүү буцах гэж байхад тэр дээлтэй залууг эхнэр нь гуйгаад манай нөхрийг төв рүү цуг аваад явчихаач гэхээр нь цуг авч явсан. Тэгээд замдаа явж байхдаа тэр дээлтэй залууг Дэмбэрэлдорж гэдэг нэртэй болон төрсөн өдрийн эзэн гэдгийг мэдсэн юм. ...Одоо ер нь дам сонсоод байхад тэр Дэмбэрэлдорж гэх залуу л анхнаасаа тэр урд гэрийн манай нөхрийг зоддог хүмүүстэй муудалцаж маргааныг эхлүүлсэн юм шиг байна лээ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 236-237 дахь тал),

7. Гэрч О.Билгүүний өгсөн: …Тухайн өдөр Гантулгатай зодолддог хүн бол дээлтэй байсан. Гантулга тэр дээлтэй залуутай заамдалцчихаад салахгүй байхаар нь би очиж салгаж байсан. ...Тэдний гэрт хутга мэс болон шалан дээгүүр нь хагарч бутарсан шилтэй зүйл байгаагүй. Тэр нар бид нартай муудалцахаас өмнө хоорондоо муудалцаад хамаг юмаа тараагаад буцаагаад цэвэрлэсэн юм шиг байсан. Гэр рүү нь ороход тухайн үед шал нь цэвэрхэн арчиж шүүрдсэн байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 239-240 дэх  дахь тал),

8. Гэрч Б.Тэмүүлэнгийн өгсөн: …Гантулга нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны үе шиг санаж байна. Манай эмнэлэг дээр ирэхдээ зүүн далныхаа доод хэсэгт хатгагдсан шархтай, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд шархандаа оёдол  тавиулсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь би хатгагдсан шарх нь зүүн далны доод хэсэгт байсан тул цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн эсэхийг нягтлахаар рентгенд үзүүлэхэд нэвтрээгүй байсан тул шархыг цэгцэлж ариун боолт хийж эм уух, ариун боолт хийх талаар зөвлөгөө өгч тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 247-248 дахь тал),

9. Гэрч Г.Уянгын өгсөн: …Ямар ч байсан үүдэн 2 билүү 1 шүд нь унасан байсан. Нэг шүд нь хөдөлсөн ба зодоон хийсэн гэж нэг залуу цустайгаа холилдсон орж ирж байсан. Унасан шүд нь таллаж унасан байсан байх. …Тухайн шүдний хугарал нь шинэ цус гоожсон байсан гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал),

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн: О.Гантулгын биед нуруунд зүүн далны доод хэсэгт сорви, дээд баруун зүүн талын нэгдүгээр шүднүүд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүдийн дээд баруун ба зүүн талын нэгдүгээр шүднүүдийн хугарал нь тухайн үедээ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, нуруунд зүүн далны доод хэсэгт сорви нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Нуруунд зүүн далны доод хэсэгт сорви, дээд баруун ба зүүн талын нэгдүгээр шүднүүдийн хугарал гэмтлүүд нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал),

11. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №528 дугаартай О.Гантулгын биед гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтийн 2-р заалтад тодорхой бичсэн байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Нуруунд үүссэн сорви нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй ба хутга, архи шил гэх мэт зүйлийн аль нь болохыг тогтоох боломжгүй... нуруунд зүүн далны доод хэсэгт нум хэлбэрийн, улаан ягаан өнгөтэй 8,7 см урттай, арьсны түвшингээс овгор, хатуу сорвитой байсан байна. Тухайн сорви нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй ба тухайн хүнийг ямар байрлалд үүссэн байхыг тогтоох боломжгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 146-147, 243 дахь тал),

12. Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс гаргуулан авсан яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгчдийн бүртгэлийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь, 1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал),

13. Яллагдагч Г.Дэмбэрэлдоржийн өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө болон эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр найз нөхдийн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй амралтын газарт очсон. Нийтдээ 10 гаран хүн очсон. Бид нар гадаа хөгжим асааж бүжиглэж байхад урд талын гэрт байсан үл таних залуу дуугүй байгаач пиздануудаа, наад хөгжмөө унтраа гэж орилохоор нь хэсэг хугацааны дараа хөгжмөө унтраатал урдаас гурван залуу ирсэн. Тэгэхээр нь би уучлаарай гэж хэлээд хөгжимнийхөө дууг багасгасан. Тэгтэл Гантулга гэх залуу нь төрсөн өдрөө гэр орондоо тэмдэглээч гэхээр нь амралтын газар чинь ярьж, хөөрч, дуулж, бүжиглэх гэж ирдэг юм байгаа биздээ гэхэд манай найзууд боль боль гээд больцгоогоод гэр гэртээ орсон. Удалгүй манай найзууд явж эхэлсэн ба шөнийн 1 цагийн орчимд шивээстэй Гантулга гэх залуу орж ирээд манай эмэгтэй найз болох Өнөрөөг шууд алгадсан. Тэгэхэд Мягмарсүрэн эмэгтэй хүнийг цохилоо гээд Гантулгатай барьцалдаад гараад явсан. ...Эхнэрийг гэр ороход Гантулга гэх залуу нь намайг хэн шаачихваа гээд орилоод байсан гэсэн. Мөн тэр саарал дээлтэй залуу намайг цохисон, тэрийг алнаа гээд орилоод байсан гэж хэлсэн. ...Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч өөрийгөө хянах чадвартай байсан. Гантулга гэх залуу нь манай найз Өнөрөөг алгадсан. Мөн Анхаагийн найз Мягмарсүрэнг хамар руу нь цохиж гэмтээсэн байсан. Өөр зодоон болоогүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дахь тал),

 

О.Гантулгын үйлдсэн гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 26-ны шөнө эхнэр Нарангэрэл, хуурай ах Мөнхтогтохын хамт Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй амралтын газраас найз Анхпүрэвийг авахаар очсон. Бид нар Анхпүрэвийн байгаа гэрт ороод буцаад гарах гэж байтал өөр гэрт амарч байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирсэн ба нэг эмэгтэй нь ална гэж орилоод Анхпүрэвийн эхнэр Өнөрцэцэгийг нэг удаа алгадсан. ...цээж нүцгэн нэг эрэгтэй хүн ирээд Анхпүрэв, Өнөрцэцэг нарыг алгадсан.  Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гэхээр нь бид нар явлаа гэж хэлтэл намайг боохоор нь би зөрүүлж боогоод унагаагаад дээр нь дараад суутал араас хоёр эрэгтэй намайг татаж унагаагаад гурвуулаа нийлж намайг зодсон. Тэгээд намайг манай эхнэр Нарангэрэл, Мөнхтогтох ах нар салгасан. Хамраас цус гарч, хавдаж амьсгалахад төвөгтэй байсан. ...Надтай эхэлж маргалддаг би нэрийг нь мэдэхгүй бага зэрэг туранхай биетэй шар царайтай цээж нүцгэн баруун эсвэл зүүн яг аль мөрөн дээрээ болохыг нь санахгүй байна шивээстэй мөн гаран дээрээ шивээстэй залуу миний хамар луу нэг удаа өшиглөсөн түүнээс болоод би нүүрээ дараад доошоо харсан. Тэгтэл миний нуруу хөл, гар зэрэг лүү зөндөө өшиглөсөн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50, 58-59 дэх тал),

2. Гэрч Ч.Эрдэнэжаргалын өгсөн: Тухайн үед найзуудын хамтаар Булган аймгийн Орхон сумын нутагт байдаг амралтын газарт очсон. ...Гантулга намайг шил юм уу ямар нэг юмаар зүсчихлээ гэхээр нь хартал Гантулгын нуруу хэсэгт зүүн захын доод талын арьс нь сөхөгдсөн гурвалжин хэлбэртэй зүсэгдсэн байсан, ер нь том зүсэгдсэн байсан. Тухайн үед эмнэлэг, цагдаа дуудахад ирээгүй. Тэгээд Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүлээн авах дээр Гантулга, Билгүүн, Алтан-Очир бид нар очиж оёдол тавиулахад Орхон аймгийн Цагдаагаас хүн ирээд Булган аймгийн харьяалал байна гээд яваад өгсөн. ...Гантулгын өөрийнх нь хэлж байгаагаар саарал дээлтэй залуу хутгалчихлаа гээд байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дэх тал),

3. Гэрч О.Билгүүний өгсөн: ...Гантулга нэг залуутай зодолдож байсан намайг очиж салгахад Гантулгатай ноцолдож байсан залуугийн хамраас цус гарч байсан. ...Яг цохисныг нь хараагүй. Тэр танихгүй залуу Гантулга хоёр хоёулхнаа маргалдаж ноцолдоод байсан. Миний бодлоор Гантулга цохисон байх. ...Тухайн өдөр Гантулгатай зодолддог хүн бол дээлтэй байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-95, 116, 239-240 дахь тал),

4. Гэрч Э.Нарангэрэлийн өгсөн: “...Би уг хүмүүсийг танихгүй. Яг манай нөхрийг цохиж байсан хүн бол цээж нүцгэн байсан. Манай нөхрийг цохиж байсан хүн цээжнийхээ зүүн талд хөхөн дээрээ од шиг шивээстэй байсан. ...Дараа нь нөхөртэйгөө ярихад цээж нүцгэн шивээстэй залуу миний хамар луу өшиглөсөн гэж хэлж байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109-110, 236-237 дахь тал),

5. Гэрч О.Өнөржаргалын өгсөн: Би одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан цээж нүцгэн, цээжин дээрээ шивээстэй залуу Мягмарсүрэнг цохиод байсан. Яг хаана нь цохиж зодож байгаа нь харагдаагүй, тухайн үед харанхуй байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал),

6. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “... Таньж олуулах ажиллагаанд 1-3 дугаарласан гэрэл зургийг ашиглан хамар луу нь өшиглөсөн хүнийг таниулахад 2 дугаартай гэрэл зураг буюу О.Гантулгын зургийг зааж энэ миний нүүр лүү өшиглөж хамрыг гэмтээсэн хүн байна гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Гэрэл зургуудын байрыг өөрчлөн таниулахад мөн адил 3 дугаарт байрлуулсан О.Гантулгын зургийг заасан гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 31-37 дахь тал),

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 304 дугаартай шинжээчийн: “Б.Мягмарсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, цээжинд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал),

8. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн өгсөн: “Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын нуруунд үүссэн зөөлөн эдийн гэмтэлтэй шууд холбоотой 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал),

9. Яллагдагч О.Гантулгын өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би Улаанбаатар хотоос найз Алтан-Очир, Энхжаргал, Мягмарсүрэн нарын хамт ирээд Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт ирсэн. Биднийг амралтад ирэхэд манай хөлсөлсөн гэрийн хажуу талд 9-10 залуучууд байсан. 00 ороход заавал тэдний гэрийн хажуугаар явж таарч байсан. Тухайн үед Энхжаргал утсаар яриад мод руу орсон. Гэтэл тэр залуучуудын нэг нь энэ гичийгээ аваачээ гэж хашгирсан. Тэгээд бид нар гэрээс гарч нөгөө гэрийн залуучуудтай маргалдаж эхэлсэн. Зодооныг яг хэн эхлүүлсэнийг сайн санахгүй байна. Би яг гэрийн шонгийн доор залуучуудтай зодолдож тэр залуучууд намайг унагааж байгаад баахан өшиглөсөн. Тэгээд Алтан-Очир намайг татаж босгоод дахиад үргэлжлүүлэн нөгөө залуучуудтайгаа зодолдсон. Тэгээд гэр гэр лүүгээ орцгоосон. Гэрт ороод галын хажууд сууж байтал Алтан-Очир намайг хараад чи наад нуруугаа яачихсан юм гэхээр нь хартал хутгаар зүсүүлээд ярагдсан байсан. Тэгээд зодолдсон залуучууд дээр очоод та нар хутгалсан байна гэхэд нь 5-6 залуу нь машиндаа суугаад зугтсан. Тэгээд түргэн тусламж ирэхгүй болохоор нь Орхон аймаг руу явж эмнэлэг орсон. Намайг бид нартай зодолдсон залуучууд дунд байсан саарал дээлтэй, махлагдуу залуу хутгалсан гэж бодож байгаа. Манай найзууд болох Алтан-Очир, Мягмарсүрэн нар бас тэр саарал дээлтэй залуу хутгалсан байх гэж хэлсэн. Харилцан зодолдож цохилцсон учраас би хэн нэгнийг зодож цохисон талаар хэлж мэдэхгүй байна. Гэрлийн шонгийн дор байхад би нэг залууг газарт унасан байхад нь өшиглөсөн. Бөөн зодоон болж байсан учир би нүүр хэсэг рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-165 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Гантулга, Б.Мягмарсүрэн, гэрч О.Өнөржаргал, Х.Сарнай, Д.Батаа, А.Алтан-Очир, Э.Нарангэрэл, О.Билгүүн, Б.Тэмүүлэн, Г.Уянга, Ч.Эрдэнэжаргал нарын өгсөн мэдүүлэг, О.Гантулгын биед учирсан гэмтлийг зэргийг тогтоосон Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 528 дугаартай дүгнэлт, Б.Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтлийг зэргийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 304 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” гэх амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Гантулгатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа биед нь халдан зодож үзүүр иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр эрүүл мэндэд нь нуруунд зүүн далны доод хэсэгт сорви, дээд баруун зүүн талын нэгдүгээр шүднүүдэд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Гантулга нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Оргил" гэх амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, цээжинд 1 тооны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Гантулгын эрүүл мэндэд нуруунд зүүн далны доод хэсэгт сорви, дээд баруун зүүн талын нэгдүгээр шүднүүдэд хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч О.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, цээжинд 1 тооны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 528, 304 дугаартай дүгнэлтүүдэд нэрлэн зааж, шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч О.Гантулга нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Харин шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж, хохирогч О.Гантулгын биед гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцсэн бөгөөд хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Гэртээ орж ирээд сууж байтал Билгүүн чиний нуруунаас цус гараад байна гэхээр нь хувцсаа харахад дүүрэн цус болсон байсан. Тэгээд өөрсдийн машинаараа эмнэлэг явсан. …Нийт 6 оёдол тавиулсан. Миний бодлоор миний биед халдсан хүнийг саарал дээлтэй залуу гэж бодож байна. Ер нь тэр залуу л надтай анхнаасаа маргалдаад байсан. …Намайг хутгалдаг залуу саарал өнгийн дээлтэй байсан” гэх, гэрч О.Өнөржаргалын өгсөн: “...би тэр хүүхэнтэй барьцалдаад гэрээс гартал тэр хүүхний нөхөр бололтой цээж нүцгэн өндөр залуу гарч ирээд намайг шууд цохиод авсан. Тэгтэл Мягмарсүрэн намайг цохисон залуутай эмэгтэй хүн цохилоо гээд барьцалдаад авсан гэтэл урд гэрээс 2 хүүхэн, гарч ирээд надтай 3 эмэгтэй ноцолдоод байсан...  Дэмбэрэлдорж саарал дээлтэй байсан” гэх,  гэрч Х.Сарнайгийн өгсөн: “...Арай содон хувцастай нь Дэмбэрэлдорж байсан ба саарал дээлтэй байсан, Эрдэнэчимэг улаан пиджактай, Өнөржаргал эрээн цамцтай байсан, Анхпүрэв хар цамцтай байсан гэх, гэрч Д.Батаагийн өгсөн: “...Тэгтэл шөнийн 02 цагийн орчимд хүмүүс маргалдаад хашхиралдаад байхаар нь би босоод амарч байгаа хүмүүс дээр очтол хоёр тусдаа амарч байсан хүмүүс хоорондоо маргалдаж зодолдсон байсан. 1 дүгээр гэрт амарч байсан залуучуудын нэг нь нуруундаа дээрээс доош нь яригдсан байдалтай цус гарсан байсан. Тухайн үед нуруундаа зүсүүлсэн залуу “саарал дээлтэй залуу намайг ийм болгосон, олж ална” гээд хашхираад байсан, Тэгээд хүмүүс тарцгаасан. Тэгтэл төрсөн өдрөө тэмдэглэсэн эмэгтэй нэг найзтайгаа үлдэж гэрт үлдээсэн зүйлээ авсан. Тухайн эмэгтэй манай нөхөр маргалдсан тэгэхээр нь салгаад машиндаа суулгасан гэж байсан” гэх,  гэрч Э.Нарангэрэлийн өгсөн: ...Тухайн үед хайгаад байсан саарал дээлтэй залуу нь Дэмбэрэлдорж байсан юм шиг байна лээ. …Тэр дунд ганцхан дээлтэй хүн байсан ба тэр нь Г.Дэмбэрэлдорж юм байна лээ” ...Бид хэд төврүү буцах гэж байхад тэр дээлтэй залууг эхнэр нь гуйгаад манай нөхрийг төв рүү цуг аваад явчихаач гэхээр нь цуг авч явсан. Тэгээд замдаа явж байхдаа тэр дээлтэй залууг Дэмбэрэлдорж гэдэг нэртэй болон төрсөн өдрийн эзэн гэдгийг мэдсэн юм. ...Одоо ер нь дам сонсоод байхад тэр Дэмбэрэлдорж гэх залуу л анхнаасаа тэр урд гэрийн манай нөхрийг зоддог хүмүүстэй муудалцаж маргааныг эхлүүлсэн юм шиг байна лээ” гэх, гэрч О.Билгүүний өгсөн: Тухайн өдөр Гантулгатай зодолддог хүн бол дээлтэй байсан гэх, хохирогч Мягмарсүрэнгийн өгсөн “...Бид нар Анхпүрэвийн байгаа гэрт ороод буцаад гарах гэж байтал өөр гэрт амарч байсан 3 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирсэн ба нэг эмэгтэй нь ална гэж орилоод Анхпүрэвийн эхнэр Өнөрцэцэгийг нэг удаа алгадсан... гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Гантулгын өгсөн: Надтай хамгийн ойр, хамгийн их маргалдсан хүн нь саарал дээлтэй хүн. Түүнийг ганцхан дээлтэй болохоор нь содон гэж хэлээгүй, тэнд мөн улаан дээлтэй залуу байсан. Тэр хүн түрүүлж яваагүй. Эхлээд Дэмбэрэлдорж нар цагаан юм уу саарал өнгийн Сонота-6 машинаар түрүүлж явсан. Улаан дээлтэй залуу харин маргааныг салгаад тайлбарлаад учраа олсон. Мягмарсүрэнгийн найз миний он жав байсан. Нуруу зүсэгдсэний дараа би маргалдах гэж гэр лүү орохдоо халтирч унасан гэх, хохирогч Мягмарсүрэнгийн өгсөн “...Өнөржаргал нэлээн муудсан байсан. Энэ залуу гаднаас шууд орж ирсэн. Би нар яг гэрээс гарах гэж байхад хаалган дээр тулаад яаж байгаа юм гээд Өнөрөөг шууд алгадаад авсан. Тэгээд гадаа гарч зодолдоод миний хамар хугарсан. ...энэ залуу нуруу нь зүсэгдсэн байхдаа буюу гэрт хоёр дахь удаагаа орж ирэхдээ шалан дээр хальтирч унасан” гэх мэдүүлэг зэрэг нь тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн “...би О.Гантулгын биед гэмтэл учруулаагүй, түүнтэй нэг л удаа маргалдсан дахин маргалдаагүй, зодолдоогүй, гэрийн шалан дээр хальтирч унахдаа нуруугаа шилэнд зүссэн байх...” гэх мэдүүлгийг үгүйсгэж, няцаасан, шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзэв.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй. 

Уг гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсний улмаас шалтгаалан гарсан байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан.

Хохирогч О.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,

хохирогч Б.Мягмарсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би өмнө нь хамрын хагалгаанд ороод сайн эдгээгүй байсан. 3.000.000 гаран төгрөгөөр хагалгаанд орсон. Одоо дахиад орох шаардлагатай болсон тул энэ хэмжээний мөнгийг  нэхэмжилнэ” гэх хэдий ч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Иймд шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч О.Гантулга нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас, шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь гэм буруу дээр маргаж, цагаатгах байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 1 дүгээр хавтаст хэргийн 170-174 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь Булган аймгийн Сайхан суманд 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1-10 тоотод оршин суудаг, ОРА металл хязгаарлагдмал хувьцаат компанид дулааны оператор ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

1 дүгээр хавтаст хэргийн 183-206 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн газрын цахим хайлтын системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Гантулга нь Төв аймгийн Батсүмбэр суманд 1997 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны Ботаник центр 3-16 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдаж зодолдсон/, учруулсан хохирол, хор уршиг, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг тэдний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр, О.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт амаар илэрхийлснийг тус тус тэмдэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бадрах овогт Ганболдын Дэмбэрэлдорж, Боржигон овогт Оюун-Эрдэнийн Гантулга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга  нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтан нарт торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга  нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, О.Гантулга нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Гантулга гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.Мягмарсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ