| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0190/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/196 |
| Огноо | 2023-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******,
иргэний хариуцагч Д.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******өд холбогдох эрүүгийн 2315002810200 дугаартай, 163/2023/0190/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* аймгийн ** суманд 1969 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын 13 дугаар баг 27 дугаар гудамжны 24 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн *** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 54 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумаас Улаанбаатар хотын чиглэл рүү зорчихдоо ******* улсын дугаартай Тоёота приүс-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг Оросын булаг гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, түүний урд засмал зам дээр мотоцикл жолоодож явсан Ш.ыг араас нь мөргөж, дайрсны улмаас түүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315002810200 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумаас Улаанбаатар хотын чиглэл рүү зорчихдоо ******* улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг Оросын булаг гэх газарт асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас түүний урд мотоцикл жолоодож явсан Ш.ыг араас нь мөргөж, дайрсны улмаас Ш.ын амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******иийн өгсөн: Харанхуйд гэрлээ татаж явсан. Хойд талын 2 давааг давахад маш их харанхуй болоод машины нягтрал ихтэй байсан. Урдаас ирж байгаа машинуудын гэрлийн гялбаанд явж байсан. Гэнэт урд мотоциклтой хүн байхаар нь зогсоох арга хэмжээ авсан ч амжаагүй мөргөсөн. Тэгээд бууж очоод бариад авахад цус гарч байсан болохоор нь утсаа аваад түргэн тусламж, цагдаа дуудсан. Миний буруу, маш их харамсаж байна. Тэр цагаас хойш надад маш хүнд байгаа. Би өчигдөр хохирогч нартай уулзахдаа та нар яамаар байна?, юу хүсэж байна тэрийг чинь төлнө гэж хэлсэн. Хохирол дээр 13.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн. Буяны ажилд очоод эхнэртэй нь уулзаад юу өгөх вэ? гэж уулзахад оршуулгаа өөрсдөө хийгээд зардлыг нь дараа нь гаргуулна гэхээр нь би ажил явдалд ороод буцсан. Цаг үргэлж нүдэнд харагдаад байна. Хэрэг хийчихсэн болохоор олон юм яриад яахав, өөрөө хариуцна гэсэн. Хууль хяналтын байгууллага дуудахад цаг бүрт нь ирж байсан. Гэм буруугаа зөвшөөрч байна. Та нараасаа уучлалт гуйя. Өчигдөр бид Эрдэнэтэд уулзсан. Эгч *******, түүний хүргэн, охинтойгоо ирсэн байсан. Би тэдэнд ах нь түрүүлж дуугарахгүй, өмгөөлөгч авахгүй, бид эвтэй байж байгаад шийдүүлэхгүй бол хэцүү байдалд орлоо гэдгээ хэлсэн. Хүүхдийг яах гэж байна гэхээр нь та нар яах саналтай байна гэж асуусан. Тэгэхэд 10.000.000 төгрөгөөр хадгаламж нээж өг гэсэн. Тэгээд надад бэлэн 1.000.000 гаран төгрөг байна, үүгээр эхлээд нээж байх уу тэгээд мөнгөө нэмж хийе гэж хэлсэн. 1.000.000 төгрөгөөр нээхгүй, ядаж 5.000.000 төгрөгөөр нээлгэнэ гэсэн. Яг цаг тулсан болохоор шөнийн 22 цаг хүртэл хүмүүс рүү яриад 2.000.000 төгрөг нэмж бүрдүүлсэн. Орой тарахдаа адаглаад 5.000.000 төгрөг олъё гэж тохироод шөнө хүнээс асуусан ч олдоогүй. Хүмүүс рүү мөнгө асууж утсаар ярихаар эргээд яръя гэж хэлээд чимээгүй болдог. Яг одоо бэлэн 3.000.000 төгрөгтэй байгаа талаараа өглөө хэлсэн. Тэгтэл очиж байж болно гээд хариу хэлээгүй байна. Одоо ч 3.000.000 төгрөгийг өгөхөд бэлэн байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын өгсөн: Дүү маань 7 дугаар сарын 7-ны өдөр нас барсан. Тэр үед би хамт байгаагүй, маргааш нь хөдөө гэрээсээ ирсэн. Намайг ирэхэд манай бэр бүгдийг нь зохицуулсан байна лээ. Бид хэд хотоос ирдэг болохоор итгэхгүй задлан дээр нь очиж харсан. Ээж маань 83 настай хүн байгаа. Энэ хүнтэй маргааш нь уулзсан. Бид хэд их зөөлөн хандсан. Нэгэнт ийм юм болсон, миний буруу, уучлаарай гээд өөрөө хүрээд ирэхээр янз бүрийн юм болоогүй. Ажил явдал дуустал манайхаар явсан. Тэрнээс хойш байнга утсаар яриад мөнгө төгрөг өгөөд яваад байсан. Сүүлийн үед чимээгүй болсон чинь ажлаа хийж байгаа гэсэн. Миний дансаар мөнгө нь орсон. 8 дугаар сарын 24-ний өдөр 49 хоног нь болсон ба 2 хоногийн өмнө ******* мөнгө өгөөд буяныг нь хийсэн. Талийгаачийг өнгөрснөөс хойш би байнга ирж байна. Цагдаа дуудах болгонд л ирээд дүүгийнхээ гэр орноор нь орж байгаа. Дүү маань 12 настай хүүхэдтэй. Хүү нь одоо гэртээ орж чадахгүй байнга айлаар яваад байгаа. Одоо түрээсийн байранд амьдарч байна. Ээж маань уйлаад сууж байгаа. Энэ хоёрыгоо бодож байна. Өчигдөр бид хэд Эрдэнэтэд уулзсан. Сэтгэл санааны хохирол авна. Хүүхдийг нь бодож байна. Хүүхэд нь байнга аавыгаа яриад байна гээд 10.000.000 төгрөг дансанд байршуулах юм бол зохицъё гэсэн. Энэ хүн 1.000.000 төгрөгтэй ирлээ гэхээр нь бид зэвүүцсэн. Өглөө над руу залгаад 3.000.000 төгрөг байна яах уу гэхээр нь очиж байгаад болъё гээд ирсэн. Дүү маань өнгөрсөн нь харамсалтай байна гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.*******ын өгсөн: ******* миний машинаар явж байсан нь үнэн. Бид нэг гэр бүлийн хүмүүс тул хохирлыг хоёулаа барагдуулж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн сумын нутагт байрлах Оросын булаг гэх нэртэй газар байх асфальтан 2 эгнээ бүхий зам байв. ...Зам дээр саарал өнгийн ******* улсын дугаартай приүс-30 загварын тээврийн хэрэгсэл байх бөгөөд “А” цэгээс ертөнцийн зүгт зүүн зүгт 23 метрийн зайд эрэгтэй хүний цогцос байв. Уг цогцос нь доош харсан байрлалтай, толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байрлалтай, толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан, зүүн гар биеийн доод, баруун гар тохой хэсгээр хагас нугарсан, 2 хөл өвдөгний үеэр хагас нугарсан, нүүрний зүүн хэсэг зам руу харсан, нүүр толгой хэсгээс улаан хүрэн өнгийн цус мэт шингэн зүйл их хэмжээгээр гарч зам дагуу урссан байдалтай, дээгүүрээ бор өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, доогуураа хөх өнгийн даавуун өмдтэй, хар өнгийн үдээстэй гуталтай байв. Уг цогцосноос зүүн зүгт 5 метрийн зайд хажуу талаараа хэвтээ байрлалтай, баруун хажуу талаараа унасан ногоон өнгийн Даюун загварын мотоцикл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,
2. Ослын газарт хийсэн схем зураг, тээврийн хэрэгсэл, хувцас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-20 дахь тал/,
3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын өгсөн: нь миний төрсөн дүү байгаа юм. ...Амь хохирогч нь сургуулиа төгсөөд хөдөө мал маллаж байсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр амь хохирогчтой утсаар ярьсан. Тухайн үед ярихдаа эхнэр нь автомашин худалдаж аваад манай эхнэртэй цуг хүрээд ирээч гэж ярьж байсан. Миний хувьд гомдол саналын хувьд талийгаачийн буяны ажилд нийт 13.000.000 төгрөг зарцуулаад байгаа. Мөн буяны ажилд баримт бүрдүүлэх боломжгүй байсан зүйлс бүгд нийлээд 2.000.000 төгрөг болсон. Мөн талийгаачийн унаж явсан мотоциклын эвдрэл гэмтлийн үнэлгээг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 28 дахь тал/,
4. Гэрч Б.гийн өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Булган аймгийн сумын нутаг ** амралтын ойролцоо байх хөдөө гэрээсээ аймаг руу Приус-30 загварын автомашинтай хөдөлсөн. Яг тухайн цаг үед манай нөхөр нь Даюун загварын мотоциклтой ганцаараа Эрдэнэт рүү хөдөлсөн. Манай нөхөр гэрийн гаднаас надтай цуг хөдөлж яваад надаас түрүүлээд төв засмал зам руу орж Эрдэнэтийн чиглэлд буюу зүүн тийшээ явсан. Би араас нь автомашинтай явсан. Засмал зам руу ороод 2-3 км орчим явж байхад миний зүүн гар талаар Приус-30 загварын тээврийн хэрэгсэл хурдтай гүйцэж түрүүлсэн. Мөн дараа нь ахиад хоёр автомашин гүйцэж түрүүлсэн. Удаагүй миний явж байсан урсгалын урд зам дээр автомашинууд аваараа татаад зогсчихсон байсан. Тэгээд өөдөөс ирж байсан эсрэг урсгалын автомашинуудыг явуулаад урд зогсож байсан хоёр тээврийн хэрэгсэл зөрөөд явахаар нь араас нь явахад миний урд талд манай нөхрийн мотоцикл зам дээр хажуу талаараа унасан, нөхөр мотоциклынхоо баруун талд засмал зам дээр доошоогоо хараад хэвтэж байсан. ...Мөн хамгийн эхэнд намайг гүйцэж түрүүлсэн Приус-30 загварын тээврийн хэрэгсэл манай нөхрийн баруун талд засмал зам дээр аваараа татаад зогссон байсан ба жолооч нь гэх нэг эрэгтэй хүн гарч ирсэн зогсож байсан. Би тухайн хүн рүү та яаж байгаа юм бэ, манай нөхрийг алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн ах нь цагдаа дуудсан гэж хэлсэн. Тухайн приус-30 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил нь тэр чигтээ хагарсан, урд талын улсын дугаар нь унжсан, гупер нь салчихсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн. Талийгаачийн унаж явсан мотоциклын арын гэрэл ажиллаж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
5. Гэрч Н.гийн өгсөн: ...Тухайн өдөр орой 23 цагийн үед Булган аймаг өнгөрөөд нэлээн явж байтал гэнэт урдаас автомашины гэрэл гялбаад урдах зам сайн харагдахгүй болсон. Тухайн үед гэнэт урд нэг мотоциклтой хүн гараад ирсэн. Тэр үед ******* ах автомашиныг жолоодож явсан бөгөөд миний бие жолоочийн хойно охиноо тэврээд явж байсан. Тухайн үйл явдал түрхэн зуурт маш хурдан болж өнгөрсөн бөгөөд жолооч зогсож амжилгүй тухайн мотоциклтой хүнийг мөргөсөн. Мөргөх үед маш хүчтэй чимээ гарсан бөгөөд би яг яаж мөргөсөн эсэхийг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3232 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Б.******* гэж хаягласан хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
7. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай мөрдөгчийн: Жолооч ******* овогтой ******* /*******/ нь цагдаагийн гарын хайлт мэдээллийн санд жолооны ВС ангиллын жолоодох эрхтэй байна. Жолооч ******* овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн. Уг зам тээврийн осол нь жолооч ******* овогтой ******* нь Харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг согож яваагүй, жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас болж осол гарсан байна гэх магадлагаа /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
8. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №23/08/24 дугаартай шинжээчийн: “мотоциклын зах зээлийн үнэлгээ 688,905 төгрөг, эвдрэлийг 329,000 төгрөг гэж дүгнэлт /хавтаст хэргийн 69-74 дахь тал/,
9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай: Талийгаач Ш.ын цогцост дагз, баруун чамархай, суурийн баруун дунд хонхор, дагзны суурийн баруун, зүүн хонхор, чулуулаг яс, зүүн нүдний ухархайн дээд хана, суурийн зүүн дунд хонхор, турк эмээл ясанд хугарал, их тархины 2 хажуугийн ховдолд цусан хураа, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, суурь, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 1,2,3,4-р хавирганы хугарал, баруун, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн чамархайн булчин, уушгины уг, баруун, зүүн уушгинд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхинд шарх, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, эрүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаачийн цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь гавал, тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-83 дахь тал/,
10. Яллагдагч Б.*******ийн өгсөн: Булган аймгийн төвийг өнгөрөөд оройн 23 цагийн орчимд явж байсан бөгөөд би эхнэр Д.*******ын эзэмшлийн Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон арын суудалдаа охин , зээ охин Булган нарын хамтаар явж байсан. Тэгээд осол болох үед болхоор эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл гэрлээ асаачихсан зөрж өнгөрсөн бөгөөд би хэсэгхэн хугацаанд гэрлийн гялбаанд ороод урд талын зорчих хэсгээ хартал машины яг урд талд хоёр хөл нь асфалтан зам дээр гишгэчихсэн мотоцикл дээрээ мордож хөл дээрээ зогсчихсон байрлалтай хүн байхыг олж хараад тооромзоо гишгэтэл машин маань зогсож амжилгүй тухайн хүний араас очиж мөргөөд цааш жаахан яваад зогссон. Тэгээд машинаас буугаад хартал нөгөө мотоциклын жолооч зам дээр хэвтэж байсан бөгөөд ямар нэгэн ухаангүй байдалтай байсан. Улмаар би цагдаа болон түргэн тусламж дуудсан... Миний машинаас 2-3 метрийн зайд тулж ирсэн байхад нь харсан. Би зогсоох арга хэмжээ авсан боловч амжилгүй явсаар байгаад мөргөсөн. Би одоогийн байдлаар 4.000.000 төгрөгийг хохирогч талд өгөөд байгаа цаашид мөн зардлыг өгөх болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******, гэрч Б., Н. нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газарт хийсэн схем зураг, тээврийн хэрэгсэл, хувцас, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүд зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Б.******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг Оросын булаг гэх газарт аймгийн чиглэлийн асфалтан замд ******* улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас, түүний урд асфалтан зам дээр Даюун загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.ыг араас нь мөргөж, дайрсны улмаас Ш. нь гавал, тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэл нотлогдсон, түүний замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь Ш.ын амь нас хохирсон хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Тодруулбал тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.******* нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь хохирсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ш.ын амь хохирсон буюу хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас Ш.ын амь нас хохирчээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тус тус хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.*******ыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Хишигмөнхийн жолоодож явсан ******* улсын дугаартай Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Д.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нь талийгаачийг оршуулах, талийгаачийн хоног хураах буяны зан үйлтэй холбогдож гарсан болон бусад зардалд нийт 15.329.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж 13.261.160 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн нь хавтаст хэргийн 113-143 дахь талд авагджээ.
Шүүгдэгч Б.******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд 13.000.000 төгрөгийг, шинжилгээний төлбөрт 60.000 төгрөг нийт 13.060.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд түүний амь хохирсон өдрөөс хойш 7 хоногийн буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагаас 07 дугаар сарын 14-ний өдрийн болон 49 хоног буюу 2023 оны 08 дугаар сарын 20-24-ний өдрийн хугацаанд гарсан буяны зан үйлтэй холбоотой хэргийн 112-143 талд гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн он сартай “Аз хур баялаг” хүнсний дэлгүүрийн 218.000₮, мөн өдрийн “FULL MART” хүнсний дэлгүүрийн 9462₮, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн “НИК” шатахуун түгээх станцын 50.000₮, “Unitel” компанийн утасны дугаар цэнэглэсэн 15.000₮, худалдан авсан зүйлийн бичвэр буюу үнийн дүн нь харагдахгүй 20.000₮, 5250₮, 6.600₮, 14100₮ гэх нийт 338.412 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 15.329.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 13.060.000, хэрэгсэхгүй болгосон 338.412 төгрөгийг хасаж 1.930.588 төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаас 10 минутын завсарлага авч дээрх 1.930.588 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн 12 настай хүү Б.Сүхбатын сэтгэл санааны хохиролд хадгаламж нээлгэж 10.000.000 төгрөгийг хийлгэхээр шүүгдэгчтэй тохиролцсон гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 10.000.000 төгрөгийг бүтнээр нь аль эсвэл 5.000.000 төгрөгөөр хувааж хийх тал дээр тохиролцоогүй, 1.000.000 төгрөг эхний ээлжинд өгнө гэхээр нь би дургүйцсэн гэж мэдүүлсэн, мөн Б.Сүхбатын сэтгэцэд учирсан эмгэгийн зэргийг холбогдох байгууллагаар тогтоолгоогүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 3.3-т “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлээд хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зохицуулсан байх тул нотлох баримтгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн хүү Б.Сүхбатын сэтгэц учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэхээр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Хишигмөнхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Хишигмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Хишигмөнхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нь өөрийн гэм буруу дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцлоо.
Шүүгдэгч Б.Хишигмөнхийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 98-103 дахь талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ******* аймгийн ******* сумын нисэх багийн засаг даргын тодорхойлолт, жолооны үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Хишигмөнх нь ******* аймгийн Цагаан-Уул суманд 1969 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 13 дугаар багийн 26-24 тоотод оршин суудаг, Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн уурхайд жолооч ажилтай, 54 настай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Хишигмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Хишигмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан талийгаачийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, гэм хорын хохирлыг нотлох баримтын хүрээнд бүрэн төлж, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хэзээ ч нөхөгдөшгүй гэм хор учирсан гэдгийг ухамсарлаж, талийгаачийн хүүхдийн сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигмөнхөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Хишигмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Б.Хишигмөнхийн “В,С” ангиллын 227932 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Хишигмөнхөд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигмөнх нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хишигмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигмөнхөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Хишигмөнх нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Хишигмөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В, С ангиллын 227932 тоот үнэмлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн хүү Б.Сүхбатын сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ