| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/01180/и |
| Дугаар | 01478 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 01478
2020 05 11 102/ШШ2020/01478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ТАБ ХХК
2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дарьжав, түүний өмгөөлөгч Э.Уянга, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намшир, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дарьжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2367 дугаар шийдвэрээр “ТАБ ХХКомпаниас 41,290,000 төгрөг гаргуулж Ч.Ад олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 981 дугааргай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед төлбөр төлөгч “Ти Ай Би’' ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намшир нь төлбөр авагч Ч.А надад төлөх мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө хэмээн амлаж, зөвшилцлийн гэрээ гэх бичгийг үйлдээд гарын үсэг зурахыг гуйсан. Би уг бичгийн үр дагаврыг сайн мэдэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэгч н.Алтанзулаас асуухад мөнгийг тогтоосон хугацаандаа өгөхгүй бол манай байгууллагад эргээд хандаж болно гэсэн учраас уг бичигт гарын үсэг зурсан. Шийдвэр гүйцэтгэгч н.Алтанзулын зөвлөсний дагуу “Зөвшилцлийн гэрээ" гэх бичигт гарын үсэг зурахдаа ТАБХХК-иас надад мөнгө өгөх цаад талын хугацаа 2015 оны 10 дугаар сард гэснийг сайн харсан ба энэ хугацаа өнгөрөхөд мөнгийг маань өгөхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн газарт буцаж хандаж болно гэж ойлгосон. Миний бие Ч.Намшираар дамжуулан “ТАБ ХХК-аас мөнгөө нэхсээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүрсэн ба түүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн газарт хандах гэхээр хоног хугацаа сунгаж өгнө гэж найдлага төрүүлэн явсаар 3-4 жилийн нүүр үзсэн тул шийдвэр гүйцэтгэгч н.Алтанзулын хэлсэний дагуу 2018 оны 5 сараас эхлэн НШШГГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хяналт шалгалтын газар зэрэгт хандахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон байна гэж хариу өгч байгааг ойлгохгүй байна.
Ч.Намшир нь надад хувьцаа шилжүүлж өгөөгүй байхад шийдвэр гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч нар “Ч.Ад 19,000,000 төгрөгийн хувьцаа шилжүүлсэн байна” гэсэн хийсвэр дүгнэлт хийж, Ч.Намшираас шийдвэр гүйцэтгэлийн газарт төлөх мөнгийг багасгасан, “ТАБ ХХК мөнгөө өгөхгүй бол буцаад манай байгууллагад хандаж болно гэж зөвлөн “Зөвшилцлийн гэрээ” гэх бичигт гарын үсэг зуруулсан атлаа одоо өргөдөл гаргахаар талууд зөвшилцсөн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх боломжгүй гэж хариу өгөөд байгаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага миний хууль, эрхийн мэдлэггүйг ашиглан “ТАБ ХХК-ийн эрх ашигт үйлчилж намайг хохироох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Ч.Намширыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон “ТАБ ХХК-ийн “Итгэмжлэл” нь НШШГГт хандаагүй, Ч.Намшир төлбөр төлөгчийг бус хариуцагчийг төлөөлөхөөр заасан зэргээр хуульд заасан шаардлага хангаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Ч.Намширыг оролцуулсан нь хуульд нийцээгүйг харуулна. Түүнчлэн итгэмжлэлд Ч.Намшир нь ямар ажиллагаанд ямар эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохыг тодорхой тусгаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагчтай эвлэрэх, зөвшилцөх зэргээр шийдвэр гаргах түвшинд Ч.Намширыг оролцуулсан нь анхнаасаа хууль бус байжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдсэн төлбөр төлөгч “ТАБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ч.Намшир болон төлбөр авагч Ч.А нар гарын үсэг зурсан төлбөр барагдуулах тухай Зөвшилцлийн гэрээ гэх тохиролцооны бичигт төлбөрийн эх үүсвэр нь Ч.Намширын ВЭЭ э АХХКомпанийн хөрөнгө эсвэл өөр эх сурвалжаас гаргах мөнгө байхаар зааснаас үзвэл Ч.Ад өгөх төлбөрийг “ТАБ ХХК-иас бус өөр эх үүсвэрээс барагдуулах агуулгатай байгаа нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2367 аар шийдвэрээр “ТАБ ХХКомпаниас 41,290,000 төгрөг гаргуулж Ч.Ад өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийн хүрээнд хамаарах тохиролцоо, зөвшилцөл гэж үзэхээргүй байна. Төлбөр авагч Ч.А тус байгууллагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 онд хүсэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрт “Ти Ай Би ХХКомпаниас 41,290,000 төгрөгийн төлбөрийг авах талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох талаар хүсэлт гаргаагүй, төлбөрт нэг ч төгрөг аваагүй байхад тус дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Дашдаваа болон шийдвэр гүйцэтгэгч н.Алтанзул нар гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой зөрчигдөөд байна. Үүнд:
Төлбөр төлөгч “ТАБ ХХК-ийн итгэмжлэлд төлбөр авагчтай эвлэрч зөвшилцөх эрх олгогдоогүй итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ч.Намширын шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Төлбөр авагч гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгох тухай хүсэлт гаргаагүй байхад ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон талаар шийдвэр гүйцэтгэгч нь талуудад ялангуяа төлбөр авагчид энэ шийдвэрийнхээ талаар мэдэгдэж хүргүүлж дээд шатанд гомдол гаргах эрхийг нь хангаагүй.
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчид эрх үүргийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд үүдэн гарах үр дагаврыг үнэн зөв тайлбарлан тэмдэглэл үйлдэх ажиллагаа хийгээгүй, эсрэгээр буруу ойлголт өгч эрх зүйн байдлыг дордуулсан.
Тухайн үед ажиллаж байсан ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтаа хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн хуульд үл нийцсэн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, мэргэжлийн удирдлагаар хангаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийг тухайн цаг үед таслан зогсоогоогүйгээс өнөөдрийг хүртэл төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4/23 тоот тогтоолд төлбөр төлөгч “ТАБ ХХКомпани, төлбөр авагч Ч.А нар харилцан тохиролцсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна" гэж ташаа дүгнэсэн бөгөөд дээд шатны байгууллага албан тушаалтнуудад гомдол гаргаж засаж залруулаагүй болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 9 дүгээр 23-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 576 тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч талыг төлөөлөх итгэмжлэлийг Ч.Намширт олгосон байдаг Энэ итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 25.6, 64.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.5-д заасан шаардлагыг хангаагүй тул төлбөр төлөгчийг бүрэн төлөөлөх бүрэн боломжтой этгээд биш гэж үзэж байна. Энийг 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын 17 дугаар зүйлд зааснаар “төлбөр авагч нь хуулийн этгээд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан итгэмжлэлд итгэмжлэгдсэн этгээд гарын үсэг зурахаас гадна, иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу “тухайн хуулийн этгээдийн эрх баригчаас гадна, нягтлан бодогч болон ахлах болон Ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурснаар уг итгэмжлэл хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна. Төлбөр төлөгч нь зөвшилцлийн гэрээ, төлбөр барагдсан эсэх дээр эргэлзээ бүхий байдал үүсч байна.
Ч.Намшир гэх хүн “ТАБ ХХК-ийн өрийг өөр дээрээ шилжүүлээд өөрийнхөө эзэмшлийн компанийн тодорхой хувьцааг 44,000,000 төгрөгөнд буюу өрөндөө суутгасан гэж ярьж байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байна. Энэ нь гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөс гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлүүлэн гүйцэтгэхийг хориглоно гэж заасан. Тэгэхээр шүүхийн шийдвэрт Ч.Намшир нь энэ үүргийг гүйцэтгэж байгаа нь хориотой үйлдэл юм.
Талууд зөвшилцсөн, зөвшилцсөний үндсэн дээр талууд хувьцаагаа шилжүүлсэн нь төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Хавтаст хэргийн 115 дугаар талд нотариатын бүртгэлийн хуулбар, итгэмжлэлийн талаархи баримтууд гарч ирээгүй байгаа нь Ч.А тухайн итгэмжлэлийг хийсэн гэдэг нь эргэлзээ бүхий байдал үүсч байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүх хуралдааны явцад Ч.Намшир нь би төлбөр төлөх байсан, хийсвэр байдлаар төлбөр төлсөн гэж тохиролцсон гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримт болон Ч.А аль аль компанид нь хувьцаа эзэмшдэггүй байдлаараа шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэдэг нь тогтоогдож байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2367 дугаар шийдвэрээр “ТАБ ХХК-иас 41,653,950 төгрөгийг гаргуулж Ч.Ад олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Ч.А нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч төлбөр авагч Ч.Агийн тус газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгох тухай тодорхойлолтыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намшир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Нэхэмжлэгч өөрийнхөө гарын үсгийг үгүйсгэж, түүнийгээ нотлуулахыг хүссэн. Ч.А, түүний хүү н.Зоригоо нар та нарыг энэ асуудалд оролцуулахгүй боллоо гэсний үндсэн дээр зөвшилцлийн гэрээг байгуулсан. Ингэчхээд олон зүйл ярьж байгаад гайхаж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын утгаа 5 зүйл дээр тодорхойлж байна. Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Ч.А зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон. Зөвшилцлийн гэрээнд төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үсэг зурсан. Нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан гэдгээ зөвшөөрч байгаа. Зөвшилцлийн гэрээний утга санаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. ВЭЭ э АХХК-д Ч.Агийн хүү н.Зориг болон гуравдагч этгээд Ч.Намшир нар хувьцаа эзэмшдэг. Энэ хувьцаагаа шилжүүлж өгч байгаатай холбогдуулан нийтдээ 160,000,000 төгрөгийг авах ёстой. Энэ мөнгөнөөс Ч.Намшир авахгүйгээр “ТАБ ХХК-ийн хувьцааг Ч.Ад төлөх төлбөрт тооцон шилжүүлэхийг зөвшөөрсөн. Хавтаст хэргийн 42 дугаар талд байгаа Ч.Агаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тодорхойлолт гаргаж өгсөн. Тодорхойлолтоор “ТАБ ХХК-тай харилцан тохиролцсон гэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.3-т зааснаар Талуудын тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эвлэрсэн гэж үзэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Хавтаст хэрэгт сүүлд гаргаж өгсөн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Агаас гаргаж өгсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалтай холбоотой хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргаж байгаа асуудал бол Ч.А тодорхойлолтонд гарын үсэг зураагүй гэх тайлбарыг удаа дараа хэлж байна. Гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар батлуулсан байгаа. Нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шийдвэр байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр Ч.Агийн гарын үсэг нь загвартай тохирч байна гэсэн дүгнэлт гарсан. Ч.А шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн гэдэгт маргаан байхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр болон 2018 оны 11 дүгээр сарын 28-ны албан бичгийг үндэслээд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь Ч.А өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан нөхцөл байдлаас үзэхэд Ч.А нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдгийг мэдэх боломжтой байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь 2015 оны 10 дугаар сар хүртэл мөнгөө нэхэмжилж байсан. Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж өгнө гэж явсаар байгаад бүтэн 2018 оны 5 дугаар сараас эхэлж өргөдлөө гаргаж байна гэж бичсэн байна. Өөрөө мэдэж байсан боловч гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэгч тал итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. “ТАБ ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Түшигсайханаас 2014 оны шийдвэрийг заагаад энэ шийдвэрээр тухайн компанийг Ч.Намшир төлөөлнө гэдгээ илэрхийлж тамгаа дарсан. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой Ч.Намширыг төлөөлүүлж байгаа юмаа гэдгийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг зааж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нягтлан гарын үсэг зурах ёстой байсан гэж байна. Нягтлан бол тухайн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх ажиллагаанд гарын үсэг зурахаас биш, итгэмжлэл дээр гарын үсэг зурах шаардлагагүй. Итгэмжлэл бол хүчин төгөлдөр байна. Зөвшилцлийн гэрээний дагуу Ч.Агийн хувьд шаардлага гаргах эрх нь байгаа. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох үндэслэлийг зааж өгсөн байгаа. Талууд эвлэрсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж болно. Ч.А өнөөдөр насанд хүрсэн эрх зүйн чадвартай хүн, өнөөдөр хуулийн мэдлэггүй байсан гэдэг нь үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч “НШШГГ”-т холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2367 дугаартай шийдвэрээр хариуцагч “ТАБ ХХК-аас 41,290,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ад олгож шийдвэрлэжээ./хх-38-39 тал/.
Улмаар тус шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10717/Б дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 981 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж эхэлжээ./хх-40-41 тал/.
Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2014 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна./хх-42-43 тал/.
Нэхэмжлэгч Ч.А шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт өгөөгүй, ...хэрэгт авагдсан хүсэлтэд гарын үсэг зурснаа санахгүй байна, ...төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй, ...зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсны үр дагаврыг болон тус тогтоолд гомдол гаргах эрхийг тайлбарлаж, тэмдэглэл үйлдээгүй, ...шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, ...төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээр олгогдоогүй эрхийг эдэлж, төлбөр төлөгчийн үүргийг гүйцэтгэж зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн” зэрэг үндэслэл заан, тайлбарлаж байна.
2002 онд батлагдсан 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган гүйцэтгэх баримт бичгийг хаана гэжээ.
Хариуцагч байгууллага нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо төлбөр авагч Ч.Агийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгахыг хүссэн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлтийг үндэслэсэн гэж тайлбарлаж байна.
Хэргийн 42 дугаар талд авагдсан төлбөр авагч Ч.Агийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан гэх хүсэлтэд “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2367 дугаартай шийдвэрээр “ТАБ ХХК-тай харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хаалгаж архивт шилжүүлэхийн зөвшөөрч байна. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж бичгээд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.
Нэхэмжлэгч Ч.А нь дээрх бичгийн баримтад гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1670 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус баримтад зурсан гарын үсэг нь Ч.Агийн гарын үсгийн загваруудтай тохирч байна гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ./хх-180-182 тал/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана гэжээ.
Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Ч.Агийн ...гүйцэтгэх баримт бичгийг хаалгах тухай хүсэлт, талуудын хооронд байгуулагдсан зөвшилцлийн гэрээ, талууд тохиролцсон гэх үндэслэлээр урамшууллын гэрээнд өөрчлөлт оруулахыг хүссэн төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын хүсэлт, “... төлбөр төлөгч нь хугацаа сунгаж, өгнө гэсэн найдлага төрүүлж явсаар 3-4 жилийн нүүр үзсэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Ч.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон гэдгийг мэдэж байсан гэж үзэхээр байна./хх-42, 105, 21,175 тал/.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч байсан бол тухайн тогтоолыг гарснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг эс зөвшөөрч, 2018 оны 05 дугаар сараас эхлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус гомдол гаргасан байна./хх-24-25тал/
Иймд нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай тогтоолд гомдол гаргах хуульд заасан хугацааг өнгөрөөсөн гэж үзэхээр байх ба уг хугацааг өнгөрөөсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Агийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны / 16 дугаар зүйлийн 16.1.3, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Агийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 576 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА