Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

2023         04          27                                        2023/ШЦТ/607

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Хохирогч Ч.Оюунтуул,

Шүүгдэгч Э.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Энхбатад холбогдох 2206 00000 0717 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1979 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхны 1581 тоотод оршин суух хаягтай,

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 256 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, 126 дүгээр зүйлийн 126.2.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт 9 жил 4 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж байсан, Онжоо овогт Энхсаруулын Энхбат /РД:СЧ79050973/.

 

Хэргийн товч агуулга:

Э.Энхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Ч.Оюунтуултай “10 сая төгрөг олж өг” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар цээж, толгой хэсэгт нь цохих, толгой хэсэгт нь мөргөх зэргээр биед нь халдаж баруун нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун сарвууны 3 дугаар хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбат өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Ч.Оюунтуул өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол, санал бол байхгүй. Шинийн 1-ний өдөр 4, 5 айлаар золголт хийгээд явж байсан чинь манай нөхөр архи их угаад байхаар нь би уурласан юм. Чи одоо болиоч согтлоо гэсэн чинь би зүгээр байна гээд байсан. Чи бид хоёр өр, төлбөртэй машинтай гэсэн чинь чи тэр төлбөрийг төлөхгүй юу гэсэн. Тэгэхээр нь би юу гэж төлөх юм гэсэн. Ингээд 10.000.000 төгрөгөөс болж маргалдсан. Тэгээд миний нүүр лүү гараараа 2 удаа алгадсан...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Оюунтуулын өгсөн: “... Дундаасаа 11 настай эмэгтэй Э.Аззаяа гэх 1 хүүхэдтэй албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэр бүлийн гишүүд юм. 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Энхбат ууртай байсан... Араас Энхбат машинаа барьж ирээд намайг өөрийнхөө машиндаа суулгаад “чи надад 10 сая төгрөг олж өгч чадах юм уу?” гээд миний цээж рүү гараараа 2 удаа, гэдэс хэсэгт хоёр удаа, толгой руу 4-5 удаа цохисон. Миний хувцаснаас татаж байгаад толгой руу 2 удаа мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан...”,

“... Тухайн үед ууртаа их хэтрүүлж мэдүүлэг өгсөн байна. 2018 онд хоёр удаа намайг түлхэж алгадаж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэлээ гэж хориглосноос болж хэрүүл маргаан хийж миний нүүрэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Би тэр талаар өөр хэн нэгэнд хэлж байгаагүй. Хамгийн сүүлд болсон асуудлыг хамаатны Намуун мэдсэн. Би урд өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Э.Энхбат бид хоёр ганц охинтой бөгөөд охиндоо маш их хайртай. Би одоо нөхөр Э.Энхбат, охин Э.Аззаяа нарын хамт Баянзүрх дүүрэг Ногоон төгөл хотхонд амьдарч байгаа. Би тухайн үед маш их уурласан тул хамгийн хүнд хариуцлага юу байдгийг нь хүлээлгэмээр санагдаад тэгж мэдүүлэг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.25-26, 130-132/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.16/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Энхбатын яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 02 сарын 02-ний өдөр би эхнэр Оюунтуул болон охин 10 настай Аззаяа нарын хамт ах дүү нарынхаараа орж золголт хийж явж байгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байдаг Ууганбаяр гэх айлд орсон. Тэгээд тэр айлд архи ууж, юм ярьж сууж байгаад охин Аззаяаг үлдээгээд эхнэр Оюунтуул бид хоёр явсан. Би замдаа эхнэр Оюунтуултай маргалдсан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгээд маргалдаж явж байгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо хар хошууны тэр хавьд Оюунтуул машины хаалга онгойлгох гэхээр нь би “машины хаалга онгойлгох гэлээ” гэж хэлээд уурлаад гарынхаа ар хэсгээр Оюунтуулын нүүр лүү 2 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх.07-08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Намуунаагийн өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнж 1-3 тоотод гэртээ байсан, манай нагац эгч Оюунтуул нөхөр Энхбат охин Аззаяа /10 настай/ нарын хамт манай гэрт ирсэн. Энхбат ах согтуу байсан, тэгээд цай хоол идэж уугаад байж байгаад 17:00 орчим цагийн үед Аззаяаг гэрт үлдээгээд Энхбат Оюунтуул хоёр гараад явсан. Тэгээд 10-20 минутынд дараа манай дүү Тэмүүлэн 17 настай гэрээсээ гараад доошоо алхаж байсан чинь машин дотроо Энхбат ах манай эгчийг зодож байсан гэсэн, цонхыг тогшсон чинь машинаа асаагаад яваад өгсөн гэсэн. Тэгээд Тэмүүлэн гэрт буцаж ирээд надад хэлээд бид хоёр араас нь хайсан чинь манай гэрээс доошоо уруудаад зам дагуу машинтайгаа зогсож байхаар нь яваад очсон чинь манай эгч Оюунтуул нүүрээ дарсан хажуу талын суудал дээр нь сууж байсан. Энхбат ах уурлаад машиныхаа урд талын шилийг гараараа цохиод дараа нь Оюунтуулын нүүрний хацар хэсэгт нь байхаа гараараа цохиод байсан хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Долгормаагийн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2535 дугаартай:

“1. Ч.Оюунтуулын биед баруун нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун сарвууны 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.39-40/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.01-03/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.06/,

Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /74-75/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хохирогч Ч.Оюунтуулын хүсэлт /хх.77-78, 91/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхсаруулын өгсөн: “... надтай амьдарч байх хугацаандаа хоорондоо хэрүүл маргаан хийж, нэгнийгээ зодож цохиж байсан удаагүй. Энэ асуудлыг нь би бүр сүүлд мэдсэн.” гэх мэдүүлэг /хх.138/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Энхбатын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.43/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.44-46/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.47/,

Урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.50-53, 58-63/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Э.Энхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох, эхнэр Ч.Оюунтуултай “10 сая төгрөг олж өг” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээж, толгой хэсэгт нь цохих, толгой хэсэгт нь мөргөх зэргээр биед нь халдаж баруун нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун сарвууны 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.12/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Оюунтуулын өгсөн: “... Энхбат машинаа барьж ирээд намайг өөрийнхөө машиндаа суулгаад “чи надад 10 сая төгрөг олж өгч чадах юм уу?” гээд миний цээж рүү гараараа 2 удаа, гэдэс хэсэгт хоёр удаа, толгой руу 4-5 удаа цохисон. Миний хувцаснаас татаж байгаад толгой руу 2 удаа мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Энхбатын яллагдагчаар өгсөн: “... би “машины хаалга онгойлгох гэлээ” гэж хэлээд уурлаад гарынхаа ар хэсгээр Оюунтуулын нүүр лүү 2 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх.07-08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Намуунаагийн өгсөн: “... манай эгч Оюунтуул нүүрээ дарсан хажуу талын суудал дээр нь сууж байсан. Энхбат ах уурлаад машиныхаа урд талын шилийг гараараа цохиод дараа нь Оюунтуулын нүүрний хацар хэсэгт нь байхаа гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Долгормаагийн 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2535 дугаартай:

“1. Ч.Оюунтуулын биед баруун нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун сарвууны 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.39-40/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбатын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Энхбатыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “”энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Ч.Оюунтуулын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед баруун нүдний ухархайн доод хана, дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун сарвууны 3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Э.Энхбат нь эхнэр Ч.Оюунтуулын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Э.Энхбат нь гэр бүлийн хамааралтай хүн болох Ч.Оюунтуулын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Энхбатыг гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Оюунтуулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Э.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Ч.Оюунтуул “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх тул шүүгдэгч Э.Энхбатыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Э.Энхбат гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Э.Энхбатын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Энхбатад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Энхбатад оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Э.Энхбатад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онжоо овогт Энхсаруулын Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр хүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбатад 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Энхбатад сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Энхбатад   урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР