| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/1222/и |
| Дугаар | 1921 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 1921
| 2020 05 26 | 101/ШШ2020/01921 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ын гаргасан,
Хариуцагч: Б
Хариуцагч: Т нарт холбогдох,
1,570,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр автомашины угаалгын газар түрээслэхээр хариуцагч нартай тохирч, түрээсийн төлбөрт 3,500,000.00 төгрөг, барьцаа 1,500,000.00 төгрөгийг төлсөн. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн зүйлийг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлээд 15 хоногийн дараа ямар ч ашиггүй болохыг мэдээд хариуцагч нарт энэ тухай хэлсэн.
Үүнээс хойш хариуцагч нар 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан бөгөөд барьцаа 1,500,000.00 төгрөгийг дараа өгнө гэсэн боловч өгөхгүй алга болсон. Миний бие хариуцагч нарыг утсаа авахгүй, холбоо барихгүй байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гарагсан хэдий ч гэрээний маргаан гээд хэрэгсэхгүй болгосон.
Мөн хариуцагч нарын оршин суух газар олдохгүй байсан тул шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, одоогийн оршин суух хаягийг олж тогтоосон. Иймд, хариуцагч нараас барьцаа 1,500,000.00 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200.00 төгрөг, нийт 1,570,200.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид нар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр уулзаагүй. Гэхдээ энэ өдрөөс түрээслэхээр тохирч, 10-ны өдөр өмнөх түрээслэгч нь түрээсийн зүйлийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч А нь автомашины угаалгын газрыг ашиглаж эхэлсэн. Ер нь эхнэр бид хоёр түрээслүүлэх талаар зар тавиагүй байхад нэхэмжлэгч нь гуйсаар байгаад үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингээд сарын түрээсийн төлбөрийг 3,500,000.00 төгрөгөөр тохирч, 2 жилийн хугацаатай амаар гэрээ байгуулсан.
Гэхдээ хугацаанаас нь өмнө гарсан тохиолдолд барьцаа мөнгийг буцаан өгөхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарласан. Нэхэмжлэгч нь автомашины угаалгын газрыг хүлээлцэхэд өөрөө ирээгүй, дүүгээ явуулсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000.00 төгрөг төлсөн. Үүнээс хойш гэрээгээ бичгээр байгуулах гэхэд нэхэмжлэгч нь хөдөө явсан гээд ирэхгүй байсан.
Гэтэл нэхэмжлэгч тал 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээж ав гэж хэлээд цэвэрлэгээ ч хийлгүй орхиод явсан. Тухайн үед баярын өдрүүд таарсан тул түрээслэх хүн олдоогүй. Бид, дараагийн түрээслэгчдээ хүлээлгэж өгөхдөө цэвэрлэх, эвдэрсэн зүйлийг засварлах зэрэгт их хэмжээний зардал гаргаснаас гадна түрээслэгч нь цахилгаан болон цэвэр, бохир усны төлбөрийг төлөөгүй байсан.
Мөн бид хоёр нэхэмжлэгчид оршин суугаа газраа худал зааж өгөөгүй, анхнаасаа бичгээр гэрээ байгуулж, энэ талаар тодорхой дурдаагүй учраас эрэн сурвалжлах шаардлага гарах ёсгүй байсан.
Иймээс түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болон холбогдох зардлыг төлөөгүй тул 1,570,200.00 төгрөгийг төлөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ааас хариуцагч Б, Т нарт холбогдуулан 1,570,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б, Т нарт 5,000,000.00 төгрөгийг тэдгээрийн дансанд шилжүүлжээ.
Тодруулбал, зохигчид хариуцагч Б, Т нарын өмчлөлийн ... хаягт байрлах 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг автомашин угаах зориулалтаар түрээслэхээр тохирч, уг 5,000,000.00 төгрөгөөс эхний сарын түрээсийн төлбөр 3,500,000.00 төгрөгийг суутгаж, үлдэх 1,500,000.00 төгрөгийг хожим гэрээ цуцлагдсан тохиолдолд төлөгдөөгүй төлбөр болон ашиглалтын зардлыг төлүүлэхээр тийнхүү хариуцагч нар барьцаалжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг автомашин угаах буюу аж ахуйн зориулалтаар ашиглаж, уг үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг хүртэхээр түрээслэхээр тохирсон байна. Гэвч тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, мөн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, зохигчид түрээсийн гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол гагцхүү бичгээр байгуулах ёстой бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тохиолдолд бичгээр байгуулсан гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба бүртгэхтэй холбоотой журмыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд тодорхой зохицуулсан байдаг.
Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талуудын түрээсийн гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нь бичгийн хэлбэрээр баталгаажсан тохиолдолд хүчинтэй болно.
Гэтэл зохигчид дээр дурдсан 312 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр харилцан тохиролцохдоо гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
Энэ тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар түрээсийн болон барьцааны гэрээний буюу үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч А нь хариуцагч Б, Т нараас 1,500,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.
Гэвч хүчин төгөлдөр бус гэрээгээр тодорхой төрлийн эд хөрөнгө шилжүүлсэн талуудад түүнийгээ харилцан буцааж өгөх үүрэг үүсдэг. Энэ талаар дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан.
Тодруулбал, хүчин төгөлдөр бус хэлцэл нь талуудад шаардах эрх, гүйцэтгэх үүргийг үүсгэхгүй бөгөөд үүнийг мэдэхгүйгээр эд хөрөнгө шилжүүлсэн бол нөгөө тал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй учраас буцаан өгөх үүргийг хүлээдэг байна. Үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заажээ.
Иймд, зохигчид бие биедээ шилжүүлсэн эд зүйлээ харилцан буцаан шаардах эрхтэй болно. Гэвч нэхэмжлэгч А нь хариуцагч Б, Т нарын өмчлөлийн эд хөрөнгийг хүчин төгөлдөр бус гэрээгээр ашиглаж, орлого олсон тул ийнхүү ашиглахтай холбоотой зардлыг хариуцах нь шударга ёсонд нийцнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 191,843.00 төгрөг, цэвэр, бохир усны төлбөр 96,945.52 төгрөг, 32,924.73 төгрөгийн зардлыг төлөөгүй байх тул түүний хариуцагч нарт өгсөн 1,500,000.00 төгрөгөөс хасч тооцвол 1,178,286.75 төгрөг болж байна.
Харин хариуцагч нарыг эрэн сурвалжлахтай холбоотой зардлын хувьд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тэрээр анхнаасаа хариуцагчдын оршин суугаа хаягийг асууж, тодруулаагүй байх тул хариуцагчдаас шалтгаалсан болоод нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан зардал гэж үзэх боломжгүй юм.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч “Ааас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр автомашины угаалгын газрыг хүлээн авахдаа 295,000.00 төгрөгөөр хог цэвэрлүүлж, 380,000.00 төгрөгөөр эвдэрсэн эд зүйлийг засварлуулсан” гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар дээр дурдсан тайлбараа үндэслэл бүхий баримт, тайлбараар нотлоогүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч нараас 1,178,286.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 391,913.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР