Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

 2023         05          08                                       2023/ШЦТ/657

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.*******д  холбогдох 2306 00000 1440 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-уул суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төмөр замын депо-2 шуурхай албаны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар районы шүүхийн 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар,

Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэгдэж байсан, Сартуул овогт Лувсандагвын ******* /РД:ВГ69020514/.

Хэргийн товч агуулга:     

Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Л.Мянганбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж улмаар зүүн нүдний гадна булан, дээд доод зовхи хамарч зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Л.Мянганбаатартай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж улмаар зүүн нүдний гадна булан, дээд доод зовхи хамарч зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Мянганбаатарын өгсөн: “... манай ах Лувсандагвын *******тай нэг хашаанд амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ гадаа хонины толгой, шийр хуйхлаад байж байсан. Тэгтэл манай төрсөн ах Л.******* согтуу гарч ирээд над руу чулуу шидэж агсраад байсан. Ингээд “цагдаа дуудлаа шүү” гэсэн, гэр лүүгээ гүйгээд орсон. Удалгүй дахин гарч ирээд чулуу атгасан гараараа зүүн талын нүдний хэсэг рүү цохиод хөмсөгний дээд хэсэг болон доод хэсэг язалсан. Удалгүй 2 цагдаа болон яаралтай түргэн тусламжийн эмч ирээд миний нүдэнд 6 оёдол хийсэн. Миний зүүн нүд хөхөрч хавдсан язарсан байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Анхтуяагийн өгсөн: “... би тухайн үед гэртээ байхгүй, өөрийн ажил дээрээ байсан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ иртэл Л.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Л.Мянганбаатарыг цохисон байна, тэгээд цагдаа сэргийлэх болсон гэх зүйлийг ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.*******ы яллагдагчаар өгсөн: “... Л.Мянганбаатар гадаа хашаандаа хонины толгой хуйхлаад сууж байсан үед нь үл ялих зүйлээс маргалдаж нүүр хэсэгт нэг удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх.28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4219 дугаартай:

1. Л.Мянганбаатарын биед зүүн нүдний гадна булан, дээд доод зовхи хамарч зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь хурц ир ирмэгтэй, зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх.19-20/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.01-02/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.28/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.61/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.62/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.63/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Л.Мянганбаатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Л.*******ы хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Лувсандагвын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Л.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР